| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0249/Э |
| Дугаар | 248 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ж-н Ад холбогдох эрүүгийн 1903000590092 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, 52 дугаар байрны 64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РД:ЦГ 67080132 / Боржигон овогт Ж-н А нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг, Өлзий төвийн уулзвар замд Тоёота Приус маркийн 81-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Гүндэгмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд./ хх 6-10 /
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 12 /
Камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16 /
Их тойруу, Өлзий төвийн баруун хойд уулзварын гэрлэн дохионы горим / хх 17-18 /
Хохирогч Г.Гүндэгмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би гэрээсээ гараад тайлангийн хуралд суухаар ажил руугаа Өлзий төвийн урд уулзварт явган хүний гарцаар явж байтал нэг машин зүүн хөлний өсгий рүү мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд гишгэж болохгүй янгинаад доошоо суугаад энэ жолоочид “Чи намайг дайрчихлаа” гэж хэлсэн. Надтай хамт явсан хоёр “Чи хүн дайрчихлаа” гэж бас хэлсэн гэжээ. / хх 21 /
Гэрч Ж.Дэнсмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хоёр найзын хамт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн тайлангийн хуралд иргэнийг төлөөлж урлан бүтээх төвийн зааланд суухаар зам хөндлөн гарцаар гарч байтал хамт явж байсан. Г.Гүндэгмааг машин шүргэсэн. Гарцыг би хоёр найзын хамт өмнө түрүүлж нэвтэрсэн. Гүндэгмаа, Цэдэвсүрэн нар нь сугадалцаад миний хойд талд явж байсан. Тэгээд эргээд хартал Гүндэгмааг Тоёото Приус маркийн машин шүргээд зогссон байсан. Би буцаж очоод нөгөө жолоочийн цонхыг тогшоод “Ямар тэнэг хог вэ” гэж хэлсэн. Жолооч та нар улаан гэрлээр гарлаа гэж хэлсэн. Тэгээд Гүндэгмааг суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэжээ. / хх 24 /
Гэрч А.Цэдэвсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Зам хөндлөн гарцаар гарч байтал хамт сугадалцаад явж байсан манай найз Г.Гүндэгмааг машин шүргэсэн гэжээ. / хх 26 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1260 дугаар дүгнэлтэнд:
1. Г.Гүндэгмаагийн биед зүүн тахилзуур яс, шаант ясны дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шуүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 30 /
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2304 дугаар дүгнэлтэнд:
1. Уг автомашин нь ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байна гэжээ. / хх 34-38 /
Техникийн шинжээчийн 69 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Приус-20 маркийн 81-67 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж-н А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ / хх 40-41 /
Яллагдагч Ж.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би гэрээсээ гараад эхнэрээ ажил дээр нь 3 дугаар хороололд хүргэж өгөөд буцахдаа хорооллоос хүн аваад Хан-Уул дүүргийн нутагт буулгаж өгөхөөр явсан. Нөгөө хүнээ буулгачихаад Хан-Уулын дүүргийн нутгаар халтуур хийчих санаатай явсан боловч хүн олдоогүй учраас гэр рүүгээ харихаар явахдаа Энхтайваны гүүрээр хойшоо гараад 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвараар хойшоо Өлзий төвийн уулзварт гэрлэн дохион дээр зогсож байтал зам хөндлөн явган зогчигч нар мөн хориглосон улаан гэрлээр гарч явцгааж эхэлсэн. Хоёр хүн нь хөндлөн гараад гүйгээд явчихсан. Миний машины зүүн урд талд 3 эмэгтэй зүүнээс урагшаа эргэж байгаа машинуудыг хүлээгээд зогсож байсан. Энэ үед миний явах зүгийн ногоон гэрэл ассан. Тэр миний хажууд зогсож байсан 3 эмэгтэй зам хөндлөн гараад явчихсан болов уу гэж бодоод хөдөлтөл зүүн талд тас хийх чимээ гарсан. Гэтэл нөгөө эмэгтэйн хөлийг би дугуйгаараа мөргөсөн байсан гэжээ. / хх 51 /
Шүүгдэгч Ж.А-г 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 50-51 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 52 /
Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө хариуцлагагүйгээс ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг, Өлзий төвийн уулзвар замд Тоёота Приус маркийн 81-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Гүндэгмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд./ хх 6-10 /, ...Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 12 /, ...Камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16 /, ...Их тойруу, Өлзий төвийн баруун хойд уулзварын гэрлэн дохионы горим / хх 17-18 /, … 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би гэрээсээ гараад тайлангийн хуралд суухаар ажил руугаа явж байтал Өлзий төвийн урд уулзварт явган хүний гарцаар явж байтал нэг машин зүүн хөлний өсгий рүү мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Гүндэгмаагийн мэдүүлэг / хх 21 /, ... эргээд хартал Гүндэгмааг Тоёото Приус маркийн машин шүргээд зогссон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Дэнсмаагийн мэдүүлэг / хх 24 /, ...Зам хөндөн гарцаар гарч байтал хамт сугадалцаад явж байсан манай найз Г.Гүндэгмааг машин шүргэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Цэдэвсүрэнгийн мэдүүлэг / хх 26 /, ...Г.Гүндэгмаагийн биед зүүн тахилзуур яс, шаант ясны дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1260 дугаар дүгнэлт / хх 30 /, ...Уг автомашин нь ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байна гэсэн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2304 дугаар дүгнэлт / хх 34-38 /, ...Т.Приус-20 маркийн 81-67 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж-н А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн Техникийн шинжээчийн 69 дугаартай дүгнэлт / хх 40-41 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний болон бусад хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ж.А нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.Гүндэгмаа хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй / хх 95 / гэснийг дурьдав.
Шүүгдэгч Ж.А-г шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. Түүний үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах зохицуулалтанд хамаарахгүй тул 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж-н А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ