| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00121/И |
| Дугаар | 00166 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, “Том агт” ЗГБХНөхөрлөлийн захирал ажилтай, Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараагийн 1-р баг, 3-р байрны 3 тоотод оршин суух /РД:ЦЖ:83070110/
Боржигон овогт Лхагвасүрэнгийн Занданбатад холбогдох 31.515.159,26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч “Том-Агт” ЗГБХНөхөрлөлийн захирал Л.Занданбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарын захирал Н.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Том Агт” ЗГБХН нь тус банктай 2014 оны 02-р сарын 26-ны өдөр ЗГ4320006556 тоот Зээлийн гэрээ байгуулж, Чингис бондын төслийн зээл 50 000 000/Тавин сая/ төгрөгийг жилийн 8% /Найман/ хувийн хүүтэйгээр, 46/Дөчин зургаан/ сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээл, хүү төлөлтийн графикийн дагуу толох төлбөрийг 2015 оны 09-р сарын 26-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн.Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 30 399 844,49 зээлийн хүүнд 1097 206,44 , нэмэгдүүлсэн хүүнд 18 108,34 нийт 31515159,26 төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна.
Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ өнөөдрийн байдлаар “Том Агт” нөхөрлөлөөс зээлийг хаах дүн нь 29.715.176 төгрөг байна.
Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Том-Агт” ЗГБХ нөхөрлөлийн захирал Л.Занданбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Голомт банкнаас 50 сая төгрөгийн зээлийг Баянгол суманд сүү, цагаан идээний цех байгуулах зорилгоор авсан. Энэ зээлийнхээ 70 гаруй хувиар нь тоног төхөөрөмж авсан. Ингээд үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаанд зээлээ гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан. Манай цех тэр хавийнхаа айлуудын сүүг цуглуулан АПУ компанид бэлтгэн нийлүүлдэг. Өнгөрсөн зун ган гачигтай байснаас үүдээд Баянгол суманд сүү хомсдолтой байсан. Мөн өвөл сүүний гарц бага байдаг учраас зуны үйл ажиллагаанаас хуримтлал үүсгэн өвлийн зээлээ төлдөг байсан. Тэгээд зун нь сүү багатай, хуримтлал үүсгэж чадаагүй учраас зээлээ өвөл төлж чадаагүй. Хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 26-нд зээлээ төлсөн. Түүнээс хойш 11, 12, 1, 2, 3 дугаар сар гээд нийт 5 сарын зээлийн мөнгөө төлж чадаагүй байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 4 дүгээр сарын төлбөрөө төлсөн. Одоо сүү элбэгшиж байгаа учраас графикийн дагуу төлөөгүй байгаа саруудын төлбөрөө 06 дугаар сард багтаан төлж, цаашид гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлөх саналтай байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, талуудын гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч “Том-Агт” ЗГБХ нөхөрлөлд холбогдуулан 31.515.159,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны өмнө бичгээр ирүүлсэн тайлбартаа зээлийг хаах дүн нь өнөөдрийн байдлаар 29.715.176 төгрөг байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч “Том Агт” нөхөрлөлийн захирал Л.Занданбат нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Төлөөгүй сарын мөнгөө 2016 оны 06 дугаар сард багтаан төлж, графикийн дагуу үлдэгдэл мөнгөө төлөөд явах боломжоор хангаж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэхэд шүүх хуралдааныг нэхэмжлэгч талыг оролцуулалгүй хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн байна.
Иймд ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн хуулийн зохицуулалт байх тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар, мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбараас хариуцагч “Том-Агт” ЗГБХ нөхөрлөлд 50,000,000 төгрөг зээлүүлсэн тухай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримаар гаргаж өгчээ.
Зохигч хооронд зээлийн гэрээ байгуулсан харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, мөн хуульд зааснаар нэхэмжлэгч гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна. Талууд харилцан тохиролцож хүү тогтоож, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 29,715,176.19 төгрөгийг гэрээнд зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 315.326 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 315.326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Том-Агт” ЗГБХ нөхөрлөлөөс 29.715.176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 169 дүгээр зүлийн 169.1-д заасныг баримтлан Том Агт нөхөрлөл нь зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4320006556 тоот Ипотекийн гэрээгээр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн 1303000611 дугаар гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг Баянгол сум 1 баг 3 байрны 3 тоот орон сууц, 1303000189 дугаар гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг баянгол сум 1 баг 3 байрны 9 тоот орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 315326 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Том-Агт” ЗГБХ нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжинд 315.326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ