Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2024/01117/И |
Дугаар | 210/МА2024/01147 |
Огноо | 2024-05-31 |
Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/01147
Р.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П ХХК-д холбогдох, 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Бид Япон улс руу гэр бүлийн хамт аялах зорилгоор П ХХК-д 14,000,000 төгрөгийг төлсөн. Манай нөхөр өмнө нь Япон улсад хараар ажиллаж амьдарч байсан. Анх компанитай очиж уулзахад Л.Б-гийн ах гэх хүн виз гарахад ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн. Ингээд виз гараад бид нар 19-ний өдөр явсан бөгөөд манай нөхөр Япон руу зорчиж ороогүй тул би хүүхдүүдийн хамт 4-лээ аяллаа үргэлжлүүлсэн. Бид нар элчинд өөрийн биеэр орох сонирхолтой байснаа хэлэхэд компани элчинд орох шаардлагагүй, манай компани та нарын өмнөөс материалыг чинь бүрдүүлээд өгнө гээд материал авсан, виз гарсан. Миний бие Японд очсон шөнө П ХХК-ийн захирал А.У-той холбогдоод яагаад манай нөхөр Япон улс руу орсонгүй вэ гэж асуухад эгчээ ийм зүйл болно гэж бодоогүй, Япон улсын элчин сайдын яам руу ярьж байна гэж хэлсэн. Гэрээний 2.6-д тохирсон хугацаандаа очоод аяллаа үргэлжлүүлээгүй бол нэг хүний төлсөн төлбөрийн 10 хувийг суутгаад буцааж олгоно гэж заасан. Миний хувьд хариуцагчийг бодож хямд зардлаар өөрсдийнх нь хүслээр явж ирсэн. Төлсөн мөнгөний хэмжээнд дүйцэхээр хангалттай аялалд явж ирээгүй. Миний зүгээс хэл ам хийхгүй, аяллаар яваагүй нэг хүний төлбөрийг буцааж авах шаардлага гаргасан. Иймд гэрээний 2.6-д зааснаар төлбөрийг шаардаж байна. Манай нөхөр өөрийн цаг хугацаа, сэтгэл санаа, онгоцны зардал, иммигрейшнд очиж ганцхан хоногт 1,000,000 төгрөг төлсөн. Бид тооцоолоогүй их зардал гаргасан тул гэрээний 2.6-д заасны дагуу 3,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Гэрээ виз мэдүүлэхийн өмнө болон виз гарсны дараа гэх хоёр хэсгээс бүрддэг. Виз мэдүүлэхийн өмнө урьдчилгаа 10 хувийг Японы элчинд төлөх төлбөр хүртэл гардаг. Виз гарсны дараа явахаа больсон тохиолдолд 10 хувийг буцааж өгдөг. Харин аялал эхэлсний дараа буюу онгоцондоо сууж, ниссэний дараа хил дээрээс хувийн шалтгаанаар буцахыг аяллаар явсан, аяллаа үргэлжлүүлсэн гэж үздэг. Иймд компани гэрээнд заасан дүрэм, журмын дагуу аяллаа явуулсан гэж үзэж байна. Манай компани сүүлийн хоёр жилийн хугацаанд Япон улс руу аялал зохион байгуулж байгаа бөгөөд хил дээрээс хүн буцах асуудал гарч байгаагүй. Бид нэхэмжлэгчид хил дээрээс буцдаггүй гэж огт хэлээгүй. Р.Т-ийн хувьд Монголын хил дээр асуудалгүй гарсан боловч Япон улсын Хууль зүйн яамд асуудалтай байна гэх хариуг бидэнд элчингээс өгч өөр хариу өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Р.Т-ийг хил дээр саатуулагдах үед бид туслахын тулд хэд хэдэн газар руу ярьж хөөцөлдөж үзсэн боловч болоогүй. Нийт 14,000,000 төгрөгийн төлбөр авснаас 12,000,000 гаруй төгрөгийг Япон руу шилжүүлж, 1,550,000 төгрөг үлдэж, нэг хүнээс 310,000 төгрөгийн ашигтай ажилласан. Манай компани аль болох хүнээ бодоод нэхэмжлэгчийг олон хүүхдүүдтэйгээ хамт явж байгаа учраас зардал их гарсан байж магадгүй аяллын явцад нөхөр нь буцсан, өөрөө хүүхдүүдтэйгээ явсан, сэтгэл санаа сайнгүй байгаа гэж бодсоны үндсэн дээр аяллаа дуусгасны дараа ярилцая гээд машины төлбөрийг буцаах боломжгүй, үзвэрийн 370,000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч үзвэрийн мөнгө буцааж авахгүй гэж хэлсэн. Бид өөрсдийн ашгаасаа нэхэмжилж байгаа төлбөрийн 50 хувийг буцааж өгье гэхэд үгүй гэж хэлээд илт дээрэлхсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Компани Япон талын үзвэр үзээгүй буцааж өгөх мөнгийг өгөх боломжтой. Гэрээнд аялалд яваагүй бол 10 хувийг буцааж өгнө гэж заасан. Аялалд явсан тохиолдолд буцааж өгөхгүй. Гэтэл Р.Т онгоцондоо суугаад аяллаа эхлүүлээд явсан. Бид төлбөрөө гаальд тушаасан. Биднээс шалтгаалж хил гарч чадаагүй асуудал байхгүй тул аяллын зардлыг буцаан олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 370,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Т-д олгож, үлдсэн 2,630,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэсний улмаас хуулийг буруу хэрэглэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасны дагуу талуудын хооронд 2024 оны 01 сарын 05-ны өдөр байгуулагдсан Аяллын гэрээ гэрээгээр П ХХК-аас Токио-Фүжи чиглэлээр 4 хүний 5 өдөр, 4 шөнийн аялал зохион байгуулах, нэхэмжлэгч аяллын төлбөрт 14,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлсэн. Гэтэл Р.Т нь Япон улсын хилээр нэвтэрч чадаагүйн улмаас тус Токио-Фүжи чиглэлийн 5 өдөр, 4 шөнийн аялалд оролцох боломжгүй болсон. Аяллын гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээ цуцлагдсан. Ийнхүү жуулчин аялалдаа хамрагдаж чадаагүйн улмаас гэрээ цуцлагдсантай холбоотой үр дагаврын талаар Аяллын гэрээ-ний 2.6-д жуулчин нь ямар нэгэн шалтгаанаар аялалдаа хамрагдаж чадаагүй тохиолдолд П ХХК нь аяллын төлбөрийг 10 хувийг суутган авч, үлдэгдэл 90 хувийг жуулчинд буцаан олгохоор заасан.
Ийнхүү нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан Аяллын гэрээ-ний дагуу гэрээ цуцлагдсантай холбоотой үр дагаврыг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.3-т зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэлээ гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хохиролтой холбоотой гэж буруу дүгнэж, улмаар хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,630,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...биднээс шалтгаалж хил гарч чадаагүй асуудал байхгүй тул аяллын зардлыг буцаан олгох боломжгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2024 оны 01 сарын 17-ны өдөр Аялалын гэрээ байгуулж, П ХХК нь Япон улс руу 4 шөнө 5 өдрийн аялал зохион байгуулах, Р.Т нь хэлэлцэн тохирсон хөлс 14,000,000 /5 хүний/ төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь гэр бүлийн 5 гишүүний аялал жуулчлалын хөлс 14,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2024 оны 01 сарын 17-ны өдөр төлсөн;
4.2. Гэр бүлийн 5 гишүүний виз гарсан;
4.3. Япон улс нэхэмжлэгчийг хилээр нэвтрүүлээгүйн улмаас нэхэмжлэгч аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болсон;
4.4. Гэр бүлийн үлдэх 4 гишүүн аялалаа үргэлжлүүлсэн.
5. Аялалын гэрээ-ний 2.6-д зааснаар аялал жуулчлалын хөлсний 90 хувийг буцаан авах эрхтэй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч Р.Т нь Япон улсын хилээр нэвтэрч ороогүй үйл баримтад хариуцагчийг буруутгах боломжгүй буюу аливаа этгээдийг улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудал нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал юм.
Аялалын гэрээ-ний 2.6-д заасан ...Хэрэв жуулчин нь тухайн аялалын хөтөлбөрөөс ямар нэгэн шалтгааны улмаас аялалдаа хамрагдаж чадаагүй тохиолдолд аялалын нийт төлбөрийн 10 хувь буцаан олгогдох боломжгүй... гэсэн зохицуулалт нь аялал эхлэхээс өмнөх цаг хугацаанд хамаарах зохицуулалт байна.
Нэхэмжлэгч нь Улаанбаатар /Монгол улс/ - Токио /Япон улс/ чиглэл рүү агаарын хөлгөөр ниссэнээр аялал жуулчлал эхэлсэн гэж үзнэ.
6. Анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн буюу 370,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Р.Т-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР