Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00114

 

Д.Моломжамцын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 503 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Моломжамцын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох

Илүү цагийн хөлс, ажил албан тушаал хавсарган гүйцэтгэсэн цалин, ээлжийн амралт болон тэтгэмжийн мөнгө буюу цалин хөлсний хохирол 16.673.753 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч М.Ууганболорын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Моломжамц

Хариуцагчийн төлөөлөгч М.Ууганболор

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Моломжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “Эмийн цэцэглэн” өрхийн эмнэлэгт галч, манаачийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан юм. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл ээлжгүй ганцаараа ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сард 192 000 төгрөгөөр цалинжиж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн цалин 10 хувиар нэмэгдэхэд миний цалин 211 200 төгрөг болсон. Би 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ганцаараа ажилласан. Би улсад 32 жил хөдөлмөрлөсөн, ээлжийн амралтыг 15 хоногоор бодож олгосон. 2015 онд ээлжийн амралт олгоогүй. Тус эмнэлэг нь галч, манаач гэсэн 2 орон тоотой байж жилийн ихэнх хугацаанд намайг ганцааранг минь ажиллуулан баяр ёслолын өдрийн нэмэгдэл хөлсийг олгож байсан ч илүү цаг болон давхар ажил гүйцэтгэж байсан цалинг олгоогүй, Энэ талаар мэргэжлийн хяналтын газарт өргөдөл бичихэд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн хууль зөрчигдөж байгааг илрүүлж зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгсөн боловч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй. Харин ч намайг ажлаас халсан. Би 1 жил 5 сар ажиллахдаа 8 сарыг нь ганцаараа, 9 сарыг нь 2 ээлжээр 48 цагаар ажилласан. Энэ хугацааны илүү цагийн дутуу олгогдсоны хөлс 3.357.064 төгрөг, ганцаараа давхар ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 11.822.286 төгрег, 2015 оны ээлжийн амралтын мөнгө, 2014 оны ээлжийн амралтын зөрүү нийт 835.200 төгрөг, тэтгэмж 211. 200 төгрөг нийт 16.673.753 төгрөгийг “Эмийн цэцэглэн" өрхийн эмнэлэгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Моломжамц нь 2013 оны 9-р сарын 02-ны өдөр манай байгууллагт батлагдсан манаачийн нэг орон тоон дээр , цалингийн фондын дагуу сарын цалингаа 192 000 төгрөгөөр, илүү цагийн хөлс авахгүйгээр тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Ажил ороход нь цалин бага төсөв хүрэлцээгүй гэж удаа дараа сануулж хэлж байхад ах нь тэтгэвэрийн хүн цалин багадаа хамаагүй гэдэг байсан. 2014 оны 5 сарын 01-нээс өдөртөө хийх ажил байхгүй, шилжүүлж, шөнөдөө 8 цагаар ажиллуулахаар боллоо, та зундаа амарч бай намар халаалт эхлэхээр орж болно гээд чөлөөлөх гэтэл манай хүүхдүүд цалингийн зээлтэй байж байгаад ажилгүй болсон, ах нь зээлийг нь төлмөөр байна гэж гэр орноор очиж гуйсаар байгаад үлдсэн Д.Моломжамцад 2014 оны 5-р сарын 01-нээс 2014 оны 09-р сарын 09-ны өдөр хүртэл шөнө ажиллсан 8 цагийн ажлын цалинг хөдөлмөрийн гэрээний дагуу олгож ирсэн. 2014 оны 09-р сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа 15 хоногоор авч амарсан. 2014 оны 10-р сарын 01-нээс 2015 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл ажилаж байгаад ажлаас хөдөлмөрийн хуулийн дагуу чөлөөлөгдсөн.

Д.Моломжамц нь хамт ажиллаж байсан хүнтэйгээ таарамж муутай, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй тухайн ажлаа хангалтгүй гүйцэтгэж байсан. 2013 онд ажилд ороход нь эмнэлгийн бие засах газрыг зөөж байрлуул гэхэд хийж өгөөгүй, ажил хийх чадваргүй хүн байсан. “Эмийн цэцэглэн” ӨЭМТөв нь манаачийн 2 орон тоо баталж, нэг орон тоон дээр нь Д.Моломжамц өөрийн хүсэлтээр 2013 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2014 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 2015 оны 1,2 дугаар саруудад ажилласан. Моломжамцад 2014 оны 10,11 саруудад нөгөө ээлжийн хүний ажлыг давхар гүйцэтгэсэн цалингийн 40 хувийг олгож байсан. Наранцогтыг ажилдаа орох болоогүй гэж өөрөө хэлж явуулсан байсан. Энэ хугацаа болох 2014 оны 10 дугаар сард амарч орж ирээд 10,11 сард 2 ээлжээр ажиллуулах талаар мэдэгдэн нөгөө ээлжний хүнийг ирээгүй болохоор нь давхар ажиллуулан 11 сарын хавсран гүйцэтгэсэн манаачийн цалингийнхаа 40 хувийн цалинг тухайн үед нь өгсөн. Харин 10 сарын цалинг болон 2015 оны амралтыг бодох асуудлыг Моломжамцын хариуцлаггүйн улмаас эвдэлсэн худгын эвдрэлийг засаж өгсөний дараа олгох боломжтой.

Д.Моломжамц нь ажилд орохдоо ажилласан жилээ тодорхойлсон ямарч бичиг баримт авчирч өгөөгүй тэтгэвэрт байдаг гээд нийгмийн даатгалын хэлтэсээс дэвтэрээ авчирч бичүүлж байсан учир 2014 оны ээлжийн амралтыг 15 хоногоор авч байсан цалингаас нь бодож олгосон.

Манай эмнэлгийн зүгээс Моломжамцыг 24 цаг үргэлжлүүлэн ажиллуулсан асуудал огт байхгүй, Харин эмнэлгийн .өргөтгөлийн 12 901 106 төгрөгийн үнэ бүхий гүний худгийг Моломжамц нь өөрийн буруутай үйлдлын улмаас эвдэж бидэнд хохирол учруулсан үүнийгээ ажпуулж хүлээлгэж өгсөний дараа 2015 оны 02-р сарын 27-ны өдрөөр тасалбар болгосон ээлжийн амралтыг тооцож олгох боломжтой. Мөн тэтгэмжийг олгох боломжтой юм. Түүнээс Моломжамцын нэхэмжлээд байгаа 16 673 753 төгрөгийг олгох боломж байхгүй. Моломжамцтай байгуулсан гэрээнийхээ дагуу цалин хөлсийг нь олгож ээлжийн амралтыг нь тооцож өгч байсан. Энэ талаар манай байгууллагад хамт ажиллаж байсан бүх хүн гэрчлэнэ гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.1, 52 дугаар зуйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан хариуцагч Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төвөөс 3.682.370 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Моломжамцад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.991.383 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төвөөс 73 868 төгрөг гаргуулан Орхон аймгийн төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн төлөөлөгч М.Ууганболор давж заалдах гомдолдоо: Булган аймгийн Булган сумын “Эмийн цэцэглэн’’ өрхийн Эрүүл мэндийн төв нь үйлчлэх хүрээний хүн амд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ашгийн төлөө бус хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Өрхийн Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаа Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулна төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Өрхийн Эрүүл мэндийн төв нь Монгол Улсын хууль тогтоомжууд, "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагаа МЫЗ 5292:2011 стандарт, МУЗГ-ын 364 дугаар тогтоол өрхийн Эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг мөрдлөгө болгон ажиллана. Санхүүжилтээ ЭМСайд,Сангийн сайдын 2012 оны 6 сарын 5 ны өдрийн 193/136 тоот тушаалаар аймгийн хүн амын жилийн эцсийн статистик тоог үндэслэн авч ажилладаг.

          Төсөв хүрэлцээгүйн улмаас сувилагч 3, нийгмийн ажилтан 1, мэдээлэл дүн бүртгэлийн ажилтан 1 нийт 5 орон тоо дутуу баталсан ба  10 ажилтанд жилийн цалинд 58645,2 төгрөг НДШимтгэлд 6450,9 төгрөг бүгд 65096,1 төгрөгөөр баталсан.

           Д.Моломжамц нь 2013 оны 9-р сарын 02-ны өдөр манай байгууллагт батлагдсан галчийн нэг орон тоон дээр , цалингийн фондын дагуу сарын цалингаа 192000 төгрөгөөр илүү цагийн хөлс авахгүйгээр тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Ажил ороход нь цалин бага төсөв хүрэлцээгүй гэж удаа дараа сануулж хэлж байхад ах нь тэтгэвэрийн хүн цалин багадаа хамаагүй гэдэг байсан. Манайд ажилд орохдоо улсад ажилсан жилээ тооцуулж хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон байсан. 2014 оны 5 сарын 01 нээс өдөртөө хийх ажил байхгүй, галчаа зуны цагийн хуваарьт шилжүүлж, шөнөдөө 8 цагаар ажиллуулахаар боллоо, та зундаа амарч бай намар халаалт эхлэхээр орж болно гээд чөлөөлөх гэтэл манай хүүхдүүд цалингийн зээлтэй байж байгаад ажилгүй болсон, ах нь зээлийн төлмөөр байна гэж тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийсэн Э. Нэргүй даргын гэр орноор нь гүйж гуйсаар байгаад үлдсэн. Д. Моломжамцад 2014 оны 5-р сарын 01 нээс- 2014 оны 09-р сарын 09 ны өдөр хүртэл шөнө ажиллсан 8 цагийн ажлын цалинг хөдөлмөрийн гэрээний дагуу олгож ирсэн. 2014 оны 09-р сарын 10 ны өдрөөс ээлжийн амралт олгоход хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон ажилсан жилээ тодорхойлсон ямарч баримт манай байгууллагад авчраагүй учир 15 хоногоор ээлжийн амралтыг бодож олгосон. 2014 оны 10-р сарын 01 нээс -2015 оны 03-р сарын 01 хүртэл ажиллаж байгаад ажпаас хөдөлмөрийн хуулийн дагуу чөлөөлөгдсөн.

         Д.Моломжамц нь ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүйн улмаас “Эмийн цэцэглзн” өрхийн зрүүл мзндийн төвийн даргын 2015 оны 02 сарын 16-ний өдрийн 07 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ноогдуулан цалин бууруулах арга хэмжээ авагдаж байсан. Мөн хамт ажиллаж байсан хүнтзйгээ таарамж муутай, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй тухайн ажилаа хангалтгүй гүйцэтгэж байсан. 2013 онд ажилд ороход нь эмнэлгийн бие засах газрыг зөөж байрлуул гэхэд хийж өгөөгүй 2015 он гарсан ажил хийх чадваргүй хүн байсан.

        “Эмийн цэцэглэн” ӨЭМТөв нь Галчийн 2 орон тоо баталж нэг орон тоон дээр нь Д.Моломжамц өөрийн хүсэлтээр 2013 оны 9-12, 2014 оны 1-12 сар, 2015 оны 1,2 саруудад ажилласан. Моломжамц 2014 оны 10,11 саруудад нөгөө ээлжийн хүний ажилыг давхар гүйцэтгэн үүнийхээ цалингийн 40 хувийг олгож байсан. Наранцогтыг ажилдаа орох болоогүй гэж өөрөө хэлж явуулсан байсан. Энэ хугацаа болох 2014 оны 10-р сард амарч орж ирээд 10,11 сард 2 ээлжээр ажиллуулах талаар мэдэгдэн нөгөө ээлжний хүнийг ирээгүй болохоор нь давхар ажиллуулан 11 сарын хавсран гүйцэтгэсэн манаачийн цалингийнхаа 40 хувийн цалингаа тухайн үед нь өгсөн.

          Манай эмнэлгийн зүгээс Моломжамцыг 24 цаг үргэлжлүүлэн ажиллуулсан асуудал огт байхгүй. Харин эмнэлгийн өргөтгөлийн 12,901,106 төгрөгийн үнэ бүхий гүний худгийг Моломжамц нь өөрийн буруутай үйлдлын улмаас эвдэж бидэнд хохирол учруулсан манай зүгээс хөдөлмөрийн хууль зөрчиж цалин хөлсгүйгээр ажиллуулсан зүйл байхгүй.

         Манай байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу сарын цалинг 192000 төгрөгөөр бодож олгосон. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1 -т заасан нийтээр амрах баярын өдрийн нэмэгдэл хөлсийг олгож байсан. Энэ талаар манай байгууллагад хамт ажиллаж байсан бүх хүн гэрчлэнэ.

         Тиймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс манай “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвөөс Д. Моломжамцад 3682370 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг хүлээн зөвшөөрөч 53 дугаар зүйлийн 53.1, 55 дугаар зүйлийн 55.1 –д заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Моломжамц нь илүү цагийн хөлс, ажил хавсран гүйцэтгэсний цалин, ээлжийн амралт болон тэтгэмжийн зөрүү бүгд 16.673.753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ажилтантай харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид сарын цалинг 192.000 төгрөгөөр тооцож цалинжуулж байсан тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Моломжамц нь тус сумын Эмийн цэцэглэн өрхийн эрүүл мэндийн төвд 2013 оны 09 сарын 02-ний өдрөөс эхэлж галч, манаачийн ажилд орж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид сарын цалинг 192.000 төгрөг буюу хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр тооцож олгож байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2- т заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэгчийн ажилласан илүү цагийн хөлс 3.273.590 төгрөг, ээлжийн амралт болон зөрүү мөнгө 197.580 төгрөг, тэтгэлэг 211200 төгрөг нийт 3.682.370 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Учир нь Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “...ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Моломжамцтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түүнийг сар бүр 192.000 төгрөгөөр цалинжуулж байсан, илүү цагийн хөлс олгохгүйгээр харилцан тохиролцсон гэдгээ нотолж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ганцаараа давхар ажил гүйцэтгэсний хөлс 11.822.286 төгрөг, амралтын мөнгө болон зөрүү 835.200 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардлага гаргасан боловч шүүх дээрх шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, цагийн бүртгэл хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт хийж ээлжийн амралтын мөнгөнөөс 637.620 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсэний хөлс нийт 12.991.383 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “... тус өрхийн эрүүл мэндийн төвөөс Д.Моломжамцад 3.682.370 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг хүлээн зөвшөөрөч, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 55 дугаар зүйлийн 55.1–д заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээс гарсан шийдвэрийг хянаж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хэвэр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Ууганболорын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ   

 

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

 

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ