Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01019

 

А.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00719 дүгээр шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1133 дугаар магадлалтай,

           А.Огийн нэхэмжлэлтэй,

           Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,                           

      Өмчлөгчийн эрхийг зөрчсөн ажиллагаа явуулсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч А.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         А.О нэхэмжлэл болон тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3450 дугаар захирамжаар А.О, Б.Самдансүрэн нараас 14 552 769 төгрөг гаргуулж "Буман дусал" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хариуцагч нь миний өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон газар болон байшинг нийтэд нь 33 700 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг надад 2016-12-07 -ны өдөр мэдэгдсэн бөгөөд би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулаагүй, бодит үнэ тогтоогоогүй, үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, газрын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчлөө. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Дүгэрхорлоо, Д.Самдансүрэн нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учир эдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 55 дугаар гудамжны 0836 тоотод байрлах 140.72 м.кв талбай бүхий байшин, 408.42 м.кв хэмжээ бүхий газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

      Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-04-19-ний өдрийн 3450 дугаар захирамжаар Д.Самдансүрэн, А.О нараас 14 552 769 төгрөг гаргуулж "Буман дусал ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот 140.72 м.кв талбайтай өвлийн сууцыг, 408.42 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 122/38 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016-10-26-ны өдрийн 122/39 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Д.Самдансүрэн, А.О, хамтран өмчлөгч Н.Дүгэрхорол нарт 2016-10-26-ны өдөр Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнийн санал өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй. Иймд 2016-12-01-ний өдөр  шинжээч томилох 216 дугаар тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК нь эд хөрөнгийг  33 700 000 төгрөгөөр үнэлсэн. Тус албаны 2016-12-07-ны өдрийн 3/37813 дугаар мэдэгдлээр Д.Самдансүрэн, А.О, хамтран өмчлөгч Н.Дүгэрхорол нарт үнэлгээг баталгаат шуудангаар мэдэгдсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00719 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай А.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл  хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн 1133 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. 

         Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Дүгэрхоролын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар гомдолтой байгаа тухай шүүхэд хандан маргасан байхад  шүүх шийдвэртээ энэ талаар огт үнэлэлт өгөөгүй, хайхарч үзээгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өмчлөгч нарын эрх ашгийг зөрчиж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Өөрөөр хэлбэл, өмчлөгч нарт мэдэгдсэн талаар нэг ч баримт байхгүй, хариуцагч энэ талаар өмчлөгч нарт Албадан дуудлага худалдааг мэдэгдсэн нэг ч баримт гаргаж өгөөгүй байсныг анхаарч үзэхгүй байна. Үнэлгээний тал дээр гомдол гаргасан нь өнөөдрийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг тодорхой болгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж нэхэмжлэгч миний хуульд заасан эрхийг зөрчсөн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн байх боловч төлбөр төлөгч миний эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх, Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрх зөрчигдөж байгааг анхаарч үзээгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр А.Огийн  нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

           1. Шүүх А.Огийн  нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна.

        “...анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох...” нэхэмжлэлийг А.О  шүүхэд гаргасан /хх 1/ боловч анхны албадан дуудлага худалдаанд байшинг газрын хамт үнэлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн...” гэснээс үзвэл тэрээр  хүчин төгөлдөр захирамжийн дагуу явуулсан  албадан гүйцэтгэх ажиллагааг эс зөвшөөрчээ.

          Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19 -ны өдрийн 101/ШШ2016/03450 дугаар  захирамжийн дагуу явуулсан гүйцэтгэх ажиллагаатай холбоотой тайлбар, нотлох баримтыг хариуцагч гаргаж, зохигчид мэтгэлцсэн байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

     А.О нь  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжийн дагуу  явуулсан албадан гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна .

     2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 101/ШШ2016/03450 дугаар  захирамж гаргаж, “...Буман дусал ББСБ” ХХК нь А.О, Д.Самдансүрэн нарт холбогдуулан гаргасан 14.817.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 380.000 төгрөгийг хасч, үлдэх 14.437.700 төгрөгийг хариуцагч А.О, Д.Самдансүрэн нар нь 2016-08-05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн...” гэсэн үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.  /хх 19/

         Шүүгчийн 2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжид барьцааны гэрээтэй холбоотой заалт байхгүй буюу 14.437.700 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулах байтал хариуцагч төлбөрийг шууд маргааны зүйлээс гаргуулахаар болсон нь мөн хуулийн 4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2,  53-56, 34-50 дугаар зүйлийг зөрчжээ.   

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно.

           3. Шүүгчийн 2016оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжаас үзвэл А.О, Д.Самдансүрэн нар нь 14.437.700 төгрөгийг  2016 оны 08 дугаар сарын  05-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, уг хугацаа болоогүй байхад 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бичигдсэн /хх18/ “гүйцэтгэх хуудас”-р хариуцагч ажиллагаа хийсэн нь /хх 20/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

        Түүнчлэн, хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 122/38 дугаартай тогтоолоор маргаж буй эд хөрөнгийг битүүмжилж /хх22/ 2016 оны 10 дугаар сарын 26-ны дотор төлбөрийг төлж барагдуулах хугацааг нэхэмжлэгчид өгсөн /хх 22 ар тал/ атлаа хариуцагч нь уг хугацаа болоогүй байхад  буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 122/39 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан нь /хх 24/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-г зөрчжээ.

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 122/39 дугаартай тогтоол гаргаж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахдаа төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл биелүүлэх хугацаа өгсөн /хх 24 ар тал/, уг хугацаа болоогүй байхад  буюу хөрөнгө хураасан өдрөө  нэхэмжлэгч нараас үнийн санал авах тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/32323 дугаар албан бичгийг /хх 25/ үйлдсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 39 дугаар зүйлийн 39.1 дэх хэсэгт нйицээгүй гэж үзнэ.

         Хариуцагч нь төлбөр төлөгч нараас дуудлага худалдаа явуулах үнийн санал авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, үнийн санал авах тухай  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/32323 дугаар албан бичгийг /хх 25/ нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч энэ тухай баримт байхгүй, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор буюу 3/32323 дугаар албан бичиг үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөрт багтааж үнийн санал өгөхийг төлбөрт төлөгчид “мэдэгдсэн” нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөрчжээ.  

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хоёр  эд хөрөнгө хураасан атлаа, хөрөнгө тус бүрийн үнийг тогтоогоогүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байна.  

          4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн   2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхдээ хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх бөгөөд төлбөр төлөгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ. 

         Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохигчид эвлэрсэн заалт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны  101/ШШ2016/03450 дугаар захирамжид байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах үндэслэл юм.

       Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш явуулсан бүх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжид заасан төлбөрийг төлбөр төлөгч нараас  албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулахад энэ тогтоол саад болохгүй.              

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

          1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1133 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00719 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 53 дугаар зүйлд заасныг баримтлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш явуулсан бүх ажиллагааг хүчингүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

            2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 101/ШШ2016/03450 дугаар захирамжид заасан төлбөрийг А.О, Д.Самдансүрэн нар албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дараалалын дагуу явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдсугай. 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг А.Од захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ