Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

А.Билгүүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Прокурор М.Гансувд,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор А.Билгүүнд холбогдох 2016 0100 0225 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Амаржаргалын Билгүүн, 1994 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, Тээврийн дээд сургуулийн вагон үзэгч, засварын ангийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 3-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 0-8 тоотод оршин суух,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хуурахгүйгээр, 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ТХ94052918/,

А.Билгүүн нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.6657 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Сэлэнгэ аймгийн Мандал сумын Партизаны 58 тоотод, дараа нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 0-8 тоотод тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: А.Билгүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Билгүүнийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн А.Билгүүний биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сарын хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Каннабис /дельта 9 тетрагидроканнабинол/ бодисын агууламж бүхий цайвар ногоон өнгийн каннабис өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, А.Билгүүн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан А.Билгүүн давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэн ар гэрийн байдлаар давж заалдах шүүхэд өргөдөл гаргаж байна. Би УБТЗ-ын МСҮТ-ийн вагон үзэгч, засварчны 1 жилийн хугацаатай ангид 90 хувь А голч үнэлгээтэй суралцдаг ба ирэх хавар төгсөх гэж байсан. Мөн хичээлийнхээ хажуугаар ар гэрээ тэжээх зорилгоор “Дархан Уухай” ХХК “Trust servive” /80800101/ дуудлагын жолоочийн ажил хийдэг. Манай ээж Ж.Буянхүү нь УБТЗ, МТЗ-д нийтдээ 17 жил ажилласан хэдий ч эрүүл мэндээр тэнцээгүй тул ажлаас нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр халсан. Мөн ирэх намар сургуульд орох 6 настай дүү А.Буянбаатар, ээж хоёр минь подвал түрээслэж байсан боловч умагар жижиг өрөөнөөсөө түрээсийн төлбөр төлөөгүй гээд хөөгдөж, улмаар нагац өвөө Нарсайханыд Баянхошууны эцэст 2017 оны 1 дүгээр сарын 28-нд нүүж очсон. Настай хүнийд хэр удаан байж болохыг хэлэхэд хэцүү байна. Ээжийн минь толгой үе үе маш хүчтэй хатгаж өвдөж 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ухаан алдаж унасан. Эмнэлэгээр явсан ч мөнгө, санхүү муутайгаас оношлуулж чадаагүй. Манай аав Н.Амаржаргал 2012 онд ослоор нас барж, дүү бид 2 хагас өнчирсөн. Би энэ гайтай өвсийг мэддэггүйгээсээ болж татсанаас хэрэгт орсондоо маш их харамсаж, гэмшиж, ухаарч байна. Ээж, дүү хоёртоо үнэхээр их санаа зовж байхаас гадна эрхэм шүүгч та орох оронгүй яваа ээж, дүү хоёрыг минь өрөвдөж, бидний амьдрал аж байдлыг харгалзан үзэж энэрэнгүй нинжин сэтгэл гаргаж ялыг минь хөнгөвчилж өгөөч гэж таниасаа чин сэтгэлийнхээ угаас гуйж байна. Энд бичигдсэн бүх зүйл үнэн. Мөн ахиж ийм увайгүй зүйлээс хол явна гэдгээ ээж, дүүгийнхээ нэрээр эрхэм шүүгч таньдаа, төрийнхөө цагаан сүлдэнд амлаж байна. Хүсэлтийг минь нягталж тунгаан хүлээн авна уу ...” гэжээ.

Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол үндэслэлтэй зөв гарсан. А.Билгүүн нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд А.Билгүүн нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1,6657 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, өөрийн суух гэртээ хадгалсан, мөн уг бодисыг өөрөө татаж хэрэглэсэн үйл баримт тогтоогджээ.

          А.Билгүүнд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Анхан шатны шүүх А.Билгүүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 58 дугаар зүйлийн 58.2, 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг тус тус зөрчиж ял оногдуулж, түүнд ял завшуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Тухайлбал, А.Билгүүн нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдсэн байхад дээрх 2 /хоёр/ жилийн хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шударга ёсны зарчим болон ял оногдуулах нийтлэг зарчмыг зөрчжээ.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Билгүүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч А.Билгүүний давж заалдсан гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол А.Билгүүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол бичихгүй, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,                                     

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН                   

                                   

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ