Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2024/01287

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            24                                        210/МА2024/01287

 

 

С.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01505 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э-ы хариуцагч Г ХХК болон тус компанийн Т д нарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай үндсэн, гэм хорын хохиролд 570,869,800 төгрөг гаргуулах тухай Г ХХК -ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Г ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/901 дугаартай албан тоотоор Г ХХК -д хүргүүлсэн удирдамжийн дагуу Г ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, Т д тай хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хоёр жилийн хугацаатай байгуулсан. Ажиллах хугацаандаа Засгийн газрын бодлого шийдвэр, Улсын онцгой комиссын /Ковид-19/ цар тахлын үед мөрдөх удирдамж журмыг мөрдлөгө болгон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж зөв менежмент хийж ажилласны үр дүнд өмнөх жилтэй харьцуулахад тухайн жилийн төсвийг хэмнэлттэй буюу хэмнэлт гаргаж ажилласан байсан.

1.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор “...компанийн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгт ажилд хариуцлага алдсан, компанийн 2021 оны төсөв хэтрүүлсэн, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан” гэх үндэслэл зааж ажлаас халсан. Уг тогтоолд намайг албан тушаалын ямар үүргийг хэзээ, хаана, яагаад биелүүлээгүй, төсвийг яаж хэдэн төгрөгөөр хэдийд хэтрүүлсэн талаар дурдаагүй. Би албан тушаалын үүрэгт ажилдаа хариуцлага алдаж компанид хохирол учруулаагүй. Хөлсөөр ажиллах гэрээний 5.6, 5.13-т заасныг зөрчөөгүй. Учир нь ямар эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хэрхэн яаж алдагдуулсан талаар тодорхой дурдаагүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн хүрээнд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласан.

1.2. 2011 оноос эхлэн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км тусгай зориулалтын авто зам дагуу 4 шалган нэвтрүүлэх цэг ажиллаж байгаа. Уг газарт төвийн эрчим хүч холбогдоогүй учраас зөвхөн генератор ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл генератор шаардлага хангахгүй болсон. Ингээд 4 ширхэг генератор худалдаж авах асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр байхгүй гээд 1 ширхэгийг нь шийдсэн бөгөөд үлдсэн 3 ширхэг генераторын асуудлыг шийдвэрлээгүй. Энэ хооронд компанийн үйл ажиллагааг зогсолтгүй, найдвартай хангах үүднээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд З ширхэг генератор худалдан авах гэрээг 2021 оны 8 дугаар сард байгуулсан. Гэрээ байгуулахдаа хөрөнгийн эс үүсвэрийг үндсэн үйл ажиллагаанаас бусад нэмэлт орлогыг захиран зарцуулах, тайлагнах, бүртгэлд тусгах журмын 1.2, 1.3-т заасан хүрээнд шийдэж ажилласан. Энэ нь хөлсөөр ажиллах гэрээний 5.8-д заасныг зөрчөөгүй. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан

1.3. Иймд гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С.Э-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 5.6, 5.8, 5.13-т заалтуудыг зөрчсөн.

2.1. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Нэхэмжлэгч 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой байсан. Тухайн үед Г ХХК -ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисс үйл ажиллагаа явуулж байсан боловч хандаагүй. Ийм байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын хорооноос С.Э-ы үйл ажиллагааг шалгаж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ “...гэрээ худапдан авалтын төлөвлөгөөнд батлагдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөлгүй бараа, ажил, үйлчилгээ болох Д ХХК-аас тус бүр 68,750,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг дизель генераторыг 206,250,000 төгрөг, Б ХХК-аас 58,300,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дизель генератор мөн 19,819,800 төгрөгөөр генераторын сэлбэг, З ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ОБК.21.02/042 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба акт үйлдэж 286,500,000 төгрөг, нийт 570,869,800 төгрөгийн үнэ бүхий бараа, ажил үйлчилгээг худалдан авч компанид хохирол учруулсан. Эдгээр техник хэрэгслүүдийг нь шаардлагад нийцэхгүй, зарим техник хэрэгслүүдийг хүлээж аваагүй. Иймд хариуцагч С.Э-аас гэм хорын хохиролд 570,869,800 төгрөгийг гаргуулж, Г ХХК -д олгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Эдгээр дизель генераторууд болон нэр бүхий 7 сэлбэг нь Г ХХК -д ашиглагдаж байгаа сэлбэгүүд бөгөөд үүнийг С.Э хувьдаа ашиглаагүй, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байхад түүнээс ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, С.Э-ыг Г ХХК -ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байх үед Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон, Төрийн аудитын тухай хуульд зааснаар хөндлөнгийн Пийк ом аудит болон Акпар аудит гэх хараат бус аудитын 2 байгууллагаас санхүүгийн үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн бөгөөд санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй байгааг тогтоосон.

4.1. 2011 оноос эхлэн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км авто зам дагуу 4 ширхэг шалган нэвтрүүлэх цэгүүд ажилладаг. Эдгээр цэг дээрх төвийн эрчим хүч болох цахилгааны эх үүсвэр байдаггүй тул дээр дурдагдсан дизель генераторууд ажиллаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Тухайн үед генератор шаардлага хангахгүй дүгнэлт гарсаны улмаас генератор худалдан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэр гарсан. Г ХХК -ийн худалдан авах ажиллагааны журамд 500,000,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий гэрээ хэлцлийг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах шаардлагагүйгээр хийх журамтай. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 448,500,000 төгрөгийн үнэ бүхий авто замын тэмдэг тэмдэглэгээ хийлгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ нь журамд заасан 500,000,000 төгрөгөөс дотогш үнийн дүнтэй гэрээ учраас Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж зөвшөөрөл авах шаардлагагүй. Үүнийг зайлшгүй хийх ёстой бөгөөд авто ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хийгдсэн гэрээ юм. Гэрээг байгуулсан өдрөө дүгнээгүй, энэ талаар баримт хэрэгтавагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.2. Г ХХК -ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн техникийн комиссын дүгнэлтэд тухайн нарны цахилгаан үүсгүүр болон дизель генераторууд нь ашиглалтын нормоос 3 дахин хэтэрсэн, хэрэглээгээ хангах боломжгүй болсон, засвар үйлчилгээ хийх болон шинэчлэх шаардлагатай байгааг нотолсон баримт юм. Мөн “М” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 067/20 дугаартай дүгнэлтэд дизель генераторуудад 45 нэр төрлийн 233 ширхэг сэлбэгийг солих шаардлагатай байгааг, үзлэг оношлогооны үеэр дизель генераторуудад завсар үйлчилгээ хийгдээгүйн улмаас гол гол эд ангиуд эвдэрсэн, маш их доголдол үүссэн нь цаашид дизель генераторуудыг ашиглах боломжгүй болсон. Дээрх дизель генераторууд бүгд эвдрэлтэй байсан нь компани хэвийн үйл ажиллагаагаа хангах боломжгүй байсныг буюу Эрдэнэс Монголын орлого, цаашлаад улсын төсөв бүрдүүлдэг нүүрс тээврийн үйл ажиллагаа, бүртгэл зогсох нөхцөл байдал үүсч болзошгүй байсныг нотлон харуулж байгаа юм. Иймээс дизель генератоуудыг актлах саналыг 2018 оноос хойш техникийн комиссууд гаргаж Г ХХК -ийн гүйцэтгэх захирлуудад тухай бүр танилцуулж байсныг нотлох баримтууд юм. Дээрх гэрээнүүд зайлшгүй хийх шаардлагатай байсан нь нотлогдох бөгөөд Г ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Э-ы хөдөлмөрийн эрх зүйн харилцаа болох гэрээнд нь заасан үүрэг, ажлын байрны тодорхойлолтод нь мөн адил компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах гэж тодорхойлсны дагуу үүрэгт ажлаа шударгаар хийж гүйцэтгэсэн байхад сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь түүний нэр төрд халдаж байна гэж үзэхээр байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрээ хэлцлүүд нь бүгд 500,000,000 төгрөгөөс дотогш үнийн дүнтэй гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд хийгдсэн гэрээ хэлцлүүд учраас С.Э-ыг хууль, дүрэм, худалдан авах ажиллагааны журмууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: С.Э-ы нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, албан тушаалаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гарсан. Компанийн үйл ажиллагаанд илтэд сөргөөр нөлөөлөөгүй, хохирол учруулаагүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 570,869,800 төгрөгийн үнэ бүхий генератор нь тухайн компанийн өмчөөр бүртгэгдэн, компани ашиглаж байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК -аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,809,858 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, түүний 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийхийг хариуцагч Г ХХК -д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г ХХК болон тус компанийн Т д д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 120,978,158 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Э-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 570,869,800 төгрөг гаргуулах тухай Г ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Г ХХК -ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК -аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,809,858 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, түүний 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Г ХХК -д даалгаж” гэсэн хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

7.1. Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах байх хугацаандаа худалдан авах төлөвлөгөөнд тусгаагүй бараа бүтээгдэхүүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй худалдан авсан нь дараах байдлаар тогтоогдсон. Г ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын хорооноос С.Э-ы үйл ажиллагааг шалгаж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр компанийн гэрээ, худалдан авалтын толовлөгөөнд тусгаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөc зөвшөөрөхгүй нийт 570,869,800 төгрөгийн үнэ бүхий бараа, ажил үйлчилгээг худалдан авсан. Гэтэл анхан шатны шүүх “... 2021 оны төсөв хэтрүүлсэн буюу гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй гэх байдлыг тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.2. Мөн нэхэмжлэгч С.Э-аас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Г ХХК -ийн Т д Ц.Ц гэж тодорхойлсон байдаг. Гэтэл иргэний хэрэг үүсгэх тухай захирамж Г ХХК -д холбогдуулан гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн сонгоогүй этгээдийг өөрийн санаачилгаар хариуцагчаар татсан нь илт үндэслэлгүй. Шүүх хууль зөрчин хариуцагчийг сольж, иргэний хэрэг үүсгэсэн нь илт үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг шүүх зөвтгөн тайлбарлаж, иргэний хэрэг үүгэсэн захирамжид өөрчлөлт оруулан хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан этгээдээр буцаан сольж, хүсэлтийг хангахгүй орхисон. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 17 дугаар тогтоолд “илт үндэслэл муутай” гэдгийг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг. үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно.” гэж тайлбарласан. “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар “хариуцагчийг үндэслэлгүй сольсон” нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3-т дахь хэсгийг зөрчсөн, илт үндэслэлгүй шийдвэр бөгөөд техникийн шинжтэй алдаанд хамаарахгүй.

7.3. Шүүхээс итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгалгүйгээр Ц.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцэхгүй байна” гэсэн тайлбарт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал байх тул компанийн нэрийн өмнөөс бусдад итгэмжлэл олгох эрх зөвхөн гүйцэтгэх захиралд хадгалагдана. Т д нь компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй. Гэтэл Ц.Ц итгэмжлэл олгохдоо Г ХХК -ийн хэвлэмэл хуудас, тамга тэмдгийг ашигласан байхад шүүхээс итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгалгүйгээр Ц.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцээгүй байхад хүсэлтийг хянасан шүүх “нэхэмжлэлд тодорхойлсон хариуцагчаар оролцвол зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 24 тоот тушаалаар ажлаас халсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгож, контрактын гэрээг цуцалсан бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ гэх нэртэй боловч контрактын гэрээний үндсэн шинжийг агуулдаг. Тухайн гэрээг цуцлахдаа Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 болон хөлсөөр ажиллах гэрээ, компанийн дүрэм зэргийг баримталсан. Тушаалын утга нь компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж компанийн 2021 оны төсвийг хэтрүүлсэн тул ажлаас чөлөөлсүгэй гэж дурдсан. Үүнд 2021 оны төсвийг хэдэн төгрөгөөр хэтрүүлсэн талаар асуудлыг дурдаагүй. Тухайлбал, дүгнэлт гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхлүүлсэн шалгалт нь ажлаас халсны дараа явагдсан ба ажлаас халсны дараа шалгасан нь процесс ажиллагаа зөрчсөн гэж үзнэ. Мөн генераторын асуудлыг ярьдаг боловч дүрэмд зааснаар жил бүр хөндлөнгийн аудит хийдэг бөгөөд тус аудитаар ямар нэгэн төсөв хэтрүүлсэн гэх дүгнэлт байхгүй. Өнөөдөр тухайн генератор хэвийн ажиллаж байгаагаас гадна энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хэвийн ажиллаж байгаа гэж тайлбарласан, талуудын хэн аль нь маргаагүй. Гэтэл яагаад гэм хорын асуудал ярьсан нь ойлгомжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Г ХХК -ийн Т д Ц.Ц гэж гаргасан. Учир нь Ц.Ц нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн учраас хариуцагчаар тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г ХХК -д холбогдох гэсэн ба Ц.Ц болон үүрэг гүйцэтгэгч Ж.Баянмөнхийн хэн алинаас нь итгэмжлэл ирүүлсэн. Хариуцагч тал анх нэхэмжлэл хүлээж авахдаа манайх хариуцагч биш байна, энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэх байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3669 дугаар шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Г ХХК -ийг татсан. Гэтэл 10 дугаар сарын 19-ний өдөр уг захирамжид гомдол гаргасан учраас шүүх захирамжаа зөвтгөж энэ талаар гомдлыг хүлээж аваагүй. Хариуцагч тал яагаад дахин энэ асуудлыг хөндсөн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатын шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г ХХК болон тус компанийн Т д нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г ХХК нь эс зөвшөөрч гэм хорын хохиролд 570,869,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Г ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор С.Э-ыг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж, түүнтэй 2 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулсан ба улмаар С.Э-ыг үүрэгт ажилдаа хариуцлага алдсан, компанийн 2021 оны төсөв хэтрүүлсэн, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр контрактын гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Тодруулбал, “Б” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн GSR21.02/014, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн GSR21.02/028, “Д” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн GSR21.02/039 дугаартай худалдах, худалдан авах гэрээг, З ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн GSR21.02/042 дугаартай авто замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан нийт 264,550,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дизель генератор, 19,819,800 төгрөгийн үнэ бүхий генераторын сэлбэг, 286,500,000 төгрөгийн үнэ бүхий ажил үйлчилгээг худалдан авч компанид хохирол учруулсан, мөн компанийн хөрөнгөөс бусдад дур мэдэн зээл олгох, хандвилах зэргээр албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэжээ.

4. Дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч С.Э гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэлтэй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд С.Э-тай Г ХХК -ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан контрактын гэрээний 2 жилийн хугацаа дуусгавар болсон, уг гэрээний хугацаа сунгагдаагүй байх бөгөөд хариуцагч тал гэрээг сунгах хүсэл зориггүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараар илэрхийлэгдсэн тул шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5. Түүнчлэн, контрактын гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны үр дагаврыг шүүх шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 294,527 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажлын 254 өдөр гэж тодорхойлж, нэг сарын дундаж цалин олговор 294,527 төгрөгөөр тооцож нийт 74,809,858 төгрөгийг хариуцагч Г ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Энд заасан тооцоололд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

Мөн хариуцагч Г ХХК -д С.Э-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх гэм хорын хохиролд 570,869,800 төгрөг гаргуулах тухай Г ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэхгүй.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгч С.Э нь компанийн үйл ажиллагаанд хохирол учруулаагүй тул ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд генераторууд нь тухайн компанийн өмчөөр бүртгэгдэн, компани ашиглаж байгаа тул үндэслэлгүй” гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

8. Хариуцагчийн өмгөөлөгч “...нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ хариуцагчийг Г ХХК -ийн Т д Ц.Ц гэж тодорхойлсон, шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Г ХХК -д холбогдуулан үүсгэсэн нь нэхэмжлэгчийн сонгоогүй этгээдийг өөрийн санаачилгаар хариуцагчаар татсан нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй гэж үзэхгүй. Учир нь иргэний хэрэг үүсгэх захирамжид хариуцагчийг буруу тодорхойлсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар залруулсан бөгөөд үүнтэй холбоотой гомдлыг тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШТ2024/00137 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг Г ХХК -ийн Т д д холбогдуулан гаргасан нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9-д заасанд нийцсэн гэж дүгнэсэн зөв. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч Г ХХК болон тус компанийн Т д нарт холбогдох байдлаар тусгагдсан байх тул хариуцагчийг сольсон гэж үзэхгүй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч “...шүүхээс итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгалгүйгээр Ц.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан” гэх агуулгаар гомджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г ХХК -ийн Т д Ц.Ц гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдүүдийг томилсон итгэмжлэл хэрэгт авагдсан боловч Г ХХК -ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Баянмөнхийн зүгээс Ө.Уранцэцэг, Х.Шинэцэцэг нарт итгэмжлэл олгож, өмгөөлөгч Ж.Д-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх ба компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар өөрт олгогдсон эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох эрхтэй. Дээр дурдсан этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул уг гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болго ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАНДАЛБАЯР

 

   ШҮҮГЧИД                              С.ЭНХБАЯР

 

                                                          Д.ЦОГТСАЙХАН