Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

            улсын яллагч Г.Сундуй,

            хохирогч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Бямбадорж,

            гэрч Б.Гүн-Үйлс,

            шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                             

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Боржигон овогт Н.Уд холбогдох эрүүгийн 1809054991286 дугаартай 185/2019/0321/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 17 өдрийн 66 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буйгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдзгдэх хяналт тогтоосон, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Н.У

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Н.У согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны хойд талд иргэн Б.Анхбаярын толгойн тус газарт нь цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 12 цагийн үед би Э.Индэрттэй 0.5 литрийн архи хувааж уучихаад Багшийн дээд явж байтал замдаа Э.Аранзултай таарсан. Э.Аранзулд 200 грамм архи байсан тул бид түүнийг хувааж хэрэглээд цааш явсан. Бид Багшийн дээд рүү явж байтал Тусгаар тогтнолын ард Н.У гэх хүмүүстэй тааралдсан. Э.Индэртэд 3000 төгрөг байсан ба бусад хүмүүст 2000 төгрөг байна гээд бид уг мөнгөөр 0.33 литрийн Хараа архи авч хувааж уусан. Тусгаар тогтнолын ард архи уухад би согтсон байсан тул дахин архи уухгүй гэж хэлээд дахин уугаагүй. Энэ явдлаас хойш болсон үйлдэлээ би санахгүй байгаа. Би маш хүнд гэмтсэн. Би өөрийн эрүүл мэндэд хүнд гэмтэл авсан байгаа тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хөдөлмөрийн чадвар 69 хувиар алдагдсан байгаа. Эмч нарын хэлсэнээр одоогоор миний гэмтэл сайн мэдэгдэхгүй байгаа боловч 3-4 жилийн дараа намайг ухаан алдаж, татаж унадаг болно гэж хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардал болон эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Би 2 удаа тархины хагалгаанд орсон ба 5-6 сарын дараа дахин дагзны яс нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би хааяа зарим зүйлийг мартдаг болсон. Эхний хагалгааны дараа Уын ар гэрийн зүгээс нийт 1 827 150 төгрөгийг надад эмчилгээний мөнгө гэж өгсөн. Өөр хэлэх зүйлгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Гүн-Үйлс мэдүүлэхдээ: Би түргэн тусламжийн төвд  2018 оны 12 дугаар сараас эхлэн их эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Тухайн хэрэг гарах үед ажил үүргийн хувьд би дуудлагын их эмчээр ажиллаж байсан. Тухайн дуудлагыг хэзээ өгсөн эсэхийг би сайн санахгүй байна. Миний дэвтэр дээр энэ талаар тодорхой бичсэн байгаа. Дуудлагын дагуу хүрэлцэн очиход хохирогч зоогийн газрын хаалганы хажуу талын эхний ширээн дээр дээш харан хэвтэж, амнаас нь цус гарч хатсан байдалтай байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй. Би амин үзүүлэлтийг шалгаад, даралт, хүүхэн харааг шалгаад хариу урвал байгаа эсэхийг шалгахад хариу урвал үзүүлж байсан. Хохирогчийн амнаас архи үнэртсэн байдалтай хариу урвал үзүүлж байсан тул би хохирогчийн биед согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас согтсон байна, биеийн байдлыг хэвийн байна гэж дүгнээд энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Тухайн үед хохирогчийн биеийн байдлыг амь биед аюулгүй байна гэж дүгнээд тэмдэглэл үйлдэж байсан. Хохирогчийн биед үзлэг хийснээр хохирогчийг 2 дугаар зэргийн согтолттой байна хэмээн дүгнэсэн. 3-4 дүгээр зэргийн согтолт нь ухаангүй согтуу хүний хувьд тавигддаг онош юм. Хохирогч шалан дээр дээш харан хэвтсэн байдалтай байсан. Тухайн зоогийн газрын ажилчид болон үйлчлүүлж байсан хүмүүс байсан. Хохирогч 2 найзын хамт хоол идсэн ба хамт явж байсан 2 хүн нь орхиод явсан талаар зоогийн газрын ажилчид хэлж байсан. Өөр зүйл надад хэлээгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Би “Ач” их сургуулийг төгссөн. Цагдаагийн байгууллагын албан хаагчид хэргийн газар очоогүй байсан. Дуудлагын дагуу очиход надтай  хамт манай байгууллагын жолооч болон зоогийн газрын хүмүүс байсан. Хохирогч нь 2 хүнтэй хамт байсан, тэдгээр хүмүүс нь явсан талаар зоогийн газрын ажилтанаас сонссон. Хохирогч болох энэ хүн тухайн үед миний үйлчилсэн хүн мөн байна. Хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Дээрх оношийг тавьсан гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Анхбаяр /хх-ийн 12-13, 15/, гэрч О.Цэрэнчимэд /хх-ийн 16-18/, гэрч Б.Үүрцайх /хх-ийн 19/, гэрч Э.Бямбацэрэн /хх-ийн 33/, гэрч Б.Гүн-Үйлс /хх-ийн 34, 45/, гэрч Т.Баярсайхан /хх-ийн 35/, гэрч Б.Алтанхуяг /хх-ийн 36/, гэрч Э.Индэрт /хх-ийн 37, 41-42/, гэрч Э.Аранзул /хх-ийн 38-39, 40/, гэрч Б.Баярцэцэг /хх-ийн 47/, шинжээч Ж.Ганцэнгэл /хх-ийн 26/, яллагдагч Н.У /хх-ийн 52-53/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 21, 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 211 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/, шүүгдэгч Н.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, Баянзүрх дүүргинй шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 304дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай  Ерөнхий шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 87-88/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Н.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн У нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Соёлын төв өргөөний урд талд хэсэг хүмүүсийн хамт архидан согтуурч байхдаа хохирогч Батбаярын Анхбаярыг өөрийнх нь тухай “Саппоро орчмоор явдаг архичин гэж хүмүүст хэлсэн” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:     

 

Хохирогч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12
дугаар сарын 13-ны өдөр Багшийн дээд дээр хуурай дүү Индэртийн хамт очсон.
Багшийн дээд дээр явж байхад зүс таних У, Эрдэнээ хоёртой тааралдаад
дөрвүүлээ Тусгаар тогтнолын доод талд байдаг Оргил гэдэг нэртэй дэлгүүр орж
нэг шил архи аваад, дэлгүүрээс гараад чигээрээ хойшоо алхаж барилгын хашааны
булан очиж авсан ариа хувааж уусан. Тэгээд юу ч санахгүй байгаа бөгөөд
гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. …Өдөр 15-16 цагийн үед уулзсан шиг санаж
байна. ...Би сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дагзны яс нөхүүлэх хагалгаанд орох гэсэн боловч миний дагзанд шарх идээлсэн байдалтай байсан. ...Би Н.Уоос эмчилгээний мөнгө гэж 1.827.000 төгрөг авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15/,

 

Гэрч О.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед “Оргил зоог” цайны газарт гаднаас үл таних гурван залуу орж ирээд, 1 залуу нь ирээд 00-ынхоо түлхүүрийг өгөөч гэж хэлсэн. Тэр гурван залуу 00 онгойлгоод 1 нь үүдэн дээр нь зогсоод хоёр нь дотор нүүрээ угаагаад нэг хүнийхээ цусыг угаагаад байсан. Дараа нь орж ирээд үүдний ширээн дээр суучихсан байсан. Нэг хүн нь тэнцвэртэй сууж чадахгүй гулжигнаад байснаа ширээ дэрлээд хэвтсэн, хамарных нь цус нь гойжоод ширээний тавцан цус болсон. Цуг яваа хоёр хүн нь тухайн хүнийг сайн таньдаг хүн байх шиг байсан. “Босооч явъя пизда минь” гээд дуудаад, нөгөө залуу нь босохгүй байсан. Нэг залуу нь “эхнэр рүү нь залгаад ирээд ав гээд хэлчихмээр байна” гээд Нокиа цэнэглэж асаагаад тухайн ухаангүй байсан залуугийн эхнэр рүү залгаад “нөхөр чинь согтуу байна, Багшийн дээдийн оргил зоогт байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг нь надтай хүртэл яриулсан би Оргил зоогт согтуу байна. Үүдний ширээн дээр суучихсан, хамраас нь цус гойжоод байна” гэж хэлсэн. Тэгж байснаа уурлаад хаяад явах гээд байхаар нь би цагдаа дуудаж өгнө гээд тухайн залуугийн утсыг аваад 102 руу залгасан. Утсаар яриулчихаад уурлаад нөгөө ухаангүй байсан залуугаа манай цайны газарт орхиод явсан. …Хамт яваа хоёр залуугийнх нь биед гэмтэл учраагүй байсан. Хувцас нь цэвэрхэн байсан. Утсаар тухайн хүний эхнэртэй ярьсан залуу нь арай эрүүл, нэг залуу нь нилээн согтуу байсан. Үлдсэн залуу нь бол тасарчихсан хүн шиг байсан. …Манай цайны газар дотор хэрүүл маргаан зодоон болоогүй. …Явъя гээд л байсан. Эхнэрт нь хүлээлгээд өгчихмөөр байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,  

 

Гэрч Б.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...16 цагийн үед өөр нэг дугаараас Индэрт залгаад “Нөхөр чинь Оргил зоогийн газарт цус нөжтэйгөө холилдчихсон согтуу байна. Ирж ав” гэж хэлсэн. Цайны газрын эмэгтэй хүнийг надтай мөн ярилусан. Тэр эгч “танай нөхөр чинь манай цайны газарт согтуу орж ирээд цус нь гойжоод хэвтээд байна ирж ав” гэхээр нь би тоогүй орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Э.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байх үед оройны 18:59 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оргил зоог дотор ухаангүй хүн байна гэсэн дуудлага хүлээж авсан. Тэгээд дуудлаганд 19:03 цагт очиход Оргил зоогийн газрын дотор, үүдэнд нь дээшээгээ харсан байсан байдалтай 40 орчим настай, эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд тэр хүний биеийн байдлыг үзэхэд хамар, амнаас нь цус гараад хатчихсан байдалтай, дуудахад сэрэхгүй, ил харагдах шарх, сорвигүй хүн хэвтэж байсныг дамнуурган дээр өргөж автомашинд хийгээд хүчилтөрөгч гуурсаар өгч, даралт пульсийг үзсэн. Би автомашин дотор өвчтнийг урсгуурын байдалтай хэвтүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тухайн үед өвчтөний биеийн байдал муу байсан болохоор шуурхай удирдлагын төв рүүгээ мэдэгдэж автозамыг чөлөөлүүлж хүргэсэн. ...Намайг анх дуудлагаар очиход өвчтөн ямар ч ухаангүй байсан. Өвдөлтийн мэдрэлд хариу урвал үзүүлэхгүй, ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,                    

 

Гэрч Б.Гүн-Үйлсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байх үед оройны 17:15 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оргил зоог дотор ухаангүй хүн байна гэсэн дуудлага хүлээж авсан. Тэгээд жолооч Баянмөнхийн хамт дуудлаганд 17:20 цагт очсон. Намайг очиход Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн их сургуулийн урд талын явган хүний гарцны баруун талд байдаг Оргил зоогийн газрын дотор үүдэнд 30 гаруй насны ухаангүй согтуу хүн байсан. Тэгээд тэр хүнд үзлэг хийхэд даралт 130/90, пульс 101/102-той, хүүхэн хараа нь гэрлийн урвалд хоёр талд мэдэрч байсан. Өвтгөж үзэхэд /гарыг цээжин дээр дарахад/ гарыг буцааж шидээд, өөдөөс юм ярихгүй байдалтай байсан. Тэр залуугийн хамар амнаас нь цус гараад хатчихсан байдалтай байсан. Тухайн үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас цагдаагийн байгууллагад эрүүлжүүлж болно гэсэн бичиг үлдээгээд дараагийн дуудлагад явсан. Тухайн дуудлага өгсөн дугаар руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. ...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17:20 цагт очоод 17:30 цагт буусан байсан. Би тухайн үед Б.Анхбаяр ширээний хажууд газарт хэвтсэн байдалтай байсан. Даралтыг үзэхэд 130/90-тэй, пульс 100 удаа, SP02-95% тай байсан. ...Би Б.Анхбаярын хүүхэн харааг гэрлийн урвалд үзэхэд хоёр талд /+/, үг яриулах гээд өвтгөж үзэхэд ярихгүй мөртлөө өндийж ирээд миний гарыг цохиод байсан. Б.Анхбаярын биед ил харагдах шарх сорви байгагаүй. Б.Анхбаярын куртка, цамцийг нь тайж байгаад даралтыг үзсэн юм. Тэр үед ил харагдах шарх сорви байхгүй байсан. ...Би Б.Анхбаярын амин үзүүлэлт болон хүүхэн харааг шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 45/,

 

Гэрч Т.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 цагийн үед Алтанхуяг, У, Унагалдай гуравтай хамт Улаанбаатар зочид буудлын саадан дотор гурван залуутай тааралдсан. У тэр гурван залууг таниад байсан. Би бол танихгүй байсан. Тэр гурван залуу Уод 3000 төгрөг байна гэж хэлээд бид нар нийлүүлээд нэг шил архи аваад Тусгаар тогтнолын ордны ард хэсэгт архиа хувааж ууцгаасан. Тэгсэн чинь Анхбаяр нь Эндкагаар У чинь Сапорогийн залуу юм уу гэж асуулгаж ярилцаад байх шиг байсан. Тэгсэн чинь У уурлаад Анхбаярын цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиод, нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохьсон. Тэгээд Анхбаяр Уод цохиулаад арагшаа саваад дагзаараа унасан. /Довжоо шиг юмнаас доошоогоо унасан, өндөр 30 орчим см өндөр/ Тэгээд У подвалкоо тайлж өгөөд Анхбаярын хамарнаас гарсан цусыг арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

 

Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар зочид буудлын урд хэсэгт байрлах саадан дотор У, Унагалдай, Баярсайхан, тэгээд нэг танихгүй залуутай зогсож байхад Анхбаяр, Аранзул, Индэрт гурав ирсэн. Бид нарт мөнгө байхгүй байсан болохоор мөнгөө нийлүүлж байгаад 0.33 л архи Тусгаар тогтнолын ордны ард дэлгүүрээс авч Тусгаар тогтнолын ордны баруун хойд хэсэгт ууцгаасан. Архи уугаад дуусч байхад У, Анхбаяр хоёр маргалдаад эхэлсэн. Би архины шил хаячихаад эргээд харахад Утой маргалдаж байсан Анхбаяр газарт уначихсан байсан. …Намайг харахад Б.Анхбаярын газарт уначихсан дээшээгээ харчихсан хамарнаас нь цус гарчихсан байсан. У подвалкоо тайлаад Анхбаярын цусыг нь арчсан... Уоос өөр Анхбаярт гар хүрсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

 

Гэрч Э.Индэртийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Анхбаяр ах нэг найзтайгаа Хөдөө аж ахуйн хойно байдаг Гүнболор гээд зочид буудалд байна, хүрээд ир гээд өдөр дуудахаар нь би орой нь очсон. Намайг очиход Анхбаяр Оюутолгойд ажилладаг гээд найзтайгаа хоёр хоног ууж байна гэчихсэн сууцгааж байсан. Намайг очиход Анхбаяр ах найзтайгаа хэрэлдэж маргалдсан шинжгүй байсан. Намайг очсоны дараа ч гэсэн хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Тусгаар тогтнолын ордны ард Анхбаярыг Уод цохиулахыг бол хараагүй. …Намайг Унагалдайтай маргалдаж байхад төмөр хашаа дуугараад так гээд юм унах чимээ гарсан. Би Унагалдайтай маргалдаж байгаад Анхбаяр ах дээр очиход Анхбаяр ахын хамар амнаас нь цус гарчихсан, толгойгоо тонгойчихсон бөгсөөрөө газар сууж байсан. ...Бид нар архи уугаад сууж байхад У, Анхбаярыг Сапорогийн У гэсэн яриа гаргасан гэсэн сонин шалтгаанаар Анхбаяртай маргалдаад байсан. …Надад одоо гомдол санал байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Аранзул, Анхбаяр бид гурав Дарь-Эхэд тааралдаж 1 шил архи хувааж уусан байсан. Анхбаяр, Аранзул бид гурав Дарь-Эхээс Багшийн дээд дээр ирсэн. Тэгээд Улаанбаатар зочид буудлын урд явж байхад У болон гурван залуутай тааралдсан. Уыг Анхбаяр ах бид хоёр таньдаг байсан болохоор мэнд мэдэцгээгээд мөнгө босгож Тусгаар тогтнолын ордны ар талын дэлгүүрээс нэг шил архи авч У, Утой явсан гурван залуу, Анхбаяр, Аранзул бид долуулаа Тусгаар тогтнолын баруун талд уусан. …Тэгээд бага зэрэг хэрүүл маргаан болоод байж байтал У Анхбаярын нүүр хэсэгт нь цохиж унагаагаад шууд над руу дайрсан. Анхбаяр Уод цохиулаад арагшаагаа савж унасан. …Тэгээд Анхбаярыг харахад Аранзул Анхбаяр ахыг түшчихсэн, Анхбаяр ахын хамар амнаас нь цус гарчихсан, куртканы энгэр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд Аранзул бид хоёр Анхбаярыг хоёр талаас нь сугадаж яваад Оргил зоог орж нойлын өрөөнд нь нүүр гарыг нь угааж өгсөн. Тэгсэн чинь Анхбаяр ах сандал налаад суучихсан босч чадахгүй байсан. Би Аранзулын гар утсаар Анхбаяр ахын эхнэр рүү нь ярьсан чинь эхнэр нь цаанаа архи уучихсан шинжтэй, надад хамаагүй, наадахаа орой болтол хараад байж бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 41-42/,

 

Гэрч Э.Аранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагийн үед хүүхдээ Дарь-Эхийн ганцийн буудлын тэнд байдаг сургуульд нь хүргэж өгөх гээд Сансарын Колонкийн буудал дээр Индэртийн эхнэртэй тааралдсан. Тэгээд юм ярьж зогсож байгаад хүүгээ дагуулаад автобусанд суугаад хүүхдээ хүргэж өгсөн. 14:00 цагийн үед Дарь-Эхийн дунд буудлаас жаахан цаанаа явж байгаад Баасанбат гэж ажлын ахтай тааралдаж юм ярьж хэсэг алхсан. Баасанбат ах намайг бүрзгэр байгаа юм уу гээд 200 гр -тай Хараа архи авч өгсөн. Би тэр архийг энгэртээ хийчихээд алхаж явахад Анхбаяртай тааралдсан. Дөнгөж ард нь Энхтөр Анхбаяр ахаа гээд дагачихсан явж байсан. Тэгээд Энхтөртэй уулзчихаад Анхбаярыг дагаад гудамжинд орж миний 200 гр Хараа архийг уусан. Тэгээд Анхбаяр, Энхтөр бид гурав такси бариад багшийн дээдийн ард байдаг сургуулийн голд буусан. Тэгээд бид гурав Анхбаяр, Энхтөр бид гурав Улаанбаатар зочид буудлын урд сааданд 03:30 цагийн үед ирсэн. Сааданд ирээд Улсаа, Унгаа, Алтанхуяг, нэрийг нь мэдэхгүй сахалтай залуу дөрөвтэй тааралдсан. Энхтөр 3000 төгрөг, Унгаа 2000 төгрөг нийлүүлээд Тусгаар тогтнолын ард талын авто зогсоолын баруун хойд буланд нь авсан архиа тойруулж уусан. Тэгээд архиа уугаад дуусч байхад Улсаа гээд залуу нь ууж байсан архиныхаа шилийг хагалж цаашаагаа шидэнгүүтээ үсэрч очоод Анхбаярыг нүүр хэсэгт нь гараараа цохьсон. Анхбаяр Улсаад цохиулаад хойшоогоо савж унахдаа шатан дээр толгойгоороо эвгүй унасан. Тэгээд Анхбаяр ухаангүй юм шиг сонин болсон. …Тэгээд Энхтөр бид хоёр Анхбаярыг харахад хамар, амнаас нь цус гараад уруул нь хөхөрчихсөн ухаангүй шахуу газарт хэвтэж байсан. ...Анхбаярын өөрийнх нь малгайгаар нь хамар, амнаас гарсан цусыг нь арчихад Улсаа өөрийнхөө цамцыг тайлж цусыг арчуулсан. Тэгээд Анхбаярыг Энхтөр бид хоёр, хоёр талаас нь сугадаад Тусгаар тогтнолын урдуур гарч алхаад Улаанбаатар саадны урдуур яваад гарцаар гарч замын урд талд нь байсан Оргил зоогийн газар Анхбаярыг оруулсан. Тэгээд зоогийн газрын касснаас нь түлхүүрийг нь аваад нойлын өрөөнд Анхбаярын нүүр гарыг нь угаасан. Тэгээд Анхбаярын нүүрийг нь угаачихаад Анхбаярыг хамгийн хаалган талын сандал дээр нь суулгаад та явж чадах уу гэж асуухад Анхбаяр ярьж чадахгүй, өндийгөөд толгой дохиж байгаа юм шиг болоод л байсан. Энхтөр бид хоёр эхнэрт нь мэдэгдье гэж бодоод Энхтөр залгахад очиж авч чадахгүй гэсэн юм ярьсан гэсэн. ...Анхбаярыг Уоос өөр хүн цохиж зодоогүй. У л Анхбаярын нүүр хэсэгт нь гараараа цохиход Анхбаяр хойшоогоо нэг болоод нэг цохиход нь Анхбаяр хойшоогоо саваад унасан. …Анхбаярыг хоёр талаас нь түшээд явахад Анхбаяр зүгээр алхаад явж байсан. Түшихгүй бол налж унах гээд байсан. Тийм болохоор зүгээр алхаад гараад очсон. ... Анхбаяр, Индэрт нартай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дарь-Эхэд тааралдахад Анхбаяр, Индэрт хоёр бага зэрэг халамцуу байсан. Анхбаярын биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Анхбаяр бие өвдөөд байна гэж хэлж яриагүй. …Индэрт гээд залууг бид нар Энхтөр гэж дууддаг юм. Би Индэртийг 2018 оны 07 дугаар сард анх танилцаж байсан юм... Анхбаяр Уод цохиулаад газарт унахдаа улбар шар өнгийн хашааг толгойгоороо шүргээд дагзаараа унасан. Анхбаярыг дагзаараа газарт унахад так гээд эвгүй дуу гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

 

Гэрч Б.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Анхбаярыг гэмтлийн эмнэлэгт байхад нь очиж байсан. Б.Анхбаяр надтай юм яриагүй. Харин Б.Анхбаярын эхнэртэй нь холбогдож эмчилгээний мөнгө гэж өөрийнх нь данс руу нь цувуулж 1.569.150 төгрөг, бэлэн мөнгөөр анх очсон өдрөө 258.000 төгрөг нийт эмчилгээний зардалд 1.827.150 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анхбаярын биед учирсан дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн цусан хураа тархины эдийн няцрал гэмтэл нь дагзаараа толгойн ард хэсгээр газарт унах үед үүсэх боломжтой. …Анхбаярын биед үүссэн дагз ясны хугарал, тархины эдийн няцрал, бүрхүүлийн цусан хураа зэрэг гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байна... Б.Анхбаярын тархины гэмтэл нь тархины судас гэмтэж цус шүүрч, тархи дарагдаж ухаантай, хөдөлгөөн хийж явах боломжтой, хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Яллагдагч Н.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16:00 цагийн үед Баярсайхан, Хуягаа, Унагалдай гуравтай явж байгаад Улаанбаатар зочид буудлын урд хэсэгт байрлах саадан дотор Анхбаяр, Аранзул, Индэрт нартай тааралдсан. Бид хэд мөнгөө нийлүүлж байгаад Тусгаар тогтнолын ард хэсэгт байрлах дэлгүүрээс 1 шил архи аваад Тусгаар тогтнолын ард хэсэгт байрлах хашааны буланд архиа хувааж уусан. Архи хувааж байхад Анхбаяр намайг бусад хүмүүст Сапорогийн архичин Улсаа байна гэх мэтээр муугаад ярьсан болохоор эхлээд Анхбаярын цээж хэсэгт нь нэг удаа, шанаа хэсэгт нь хоёр удаа гараараа цохьсон. Намайг сүүлд нь хоёр удаа шанаа хэсэг рүү нь гараараа цохиход Анхбаяр хойшоогоо хашаа налаад унасан... Тэгээд Анхбаярыг харахад Анхбаяр хашааны хажууд хашаатай зэрэгцээд газарт уначихсан ухаангүй, хамарнаас нь цус гарчихсан байсан болохоор нь би очоод Анхбаярыг дээш нь босгоход Анхбаяр ухаан орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 211 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Анхбаярын биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Б.Анхбаярын биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шинжээч эмч Ж.Ганцэцэг гэсэн дүгнэлт /хх-ийн 25/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан  эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.  

    

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.У түүний өмгөөлөгчийн зүгээс  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс Н.Уод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 17 өдрийн 66 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 cap 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялыг тооцож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогчийн зүгээс цаашид хохирол төлбөрийн холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.      

 

Шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг 128 хоног  урьдчилан цагдан хоригдсон тул энэ хоногуудыг эдлэх ялд нь оруулан тооцов.                                                              

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.