Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол  даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1966 оны  07 дугаар сарын 29-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, 2 хүүхэд, зээгийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 212 дугаар точикт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, /РД: МБ:66072902/

 

Шавай овогт Мишкагийн Дариймаагийн хүсэлттэй, төрсөн он зөвтгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч                     М.Дариймаа

                                Нарийн бичгийн дарга        Ц.Цагаанцоож  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч М.Дариймаа шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ... Миний бие нь 1966 онд Увс аймгийн Тариалан суманд Хэрмэн гэх газар төрсөн. Би эхээс 3-лаа дээрээ нэг эгч, нэг ахтай айлын бага. Аав маань намайг 3 настай байхад нас барсан учраас би сайн мэддэггүй. Би 1-8 нас хүртлээ эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 1974 онд Увс аймгийн Тариалан суманд 1 дүгээр ангид орж 8 дугаар ангиа төгсөөд, 1984 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр 10-н жилийн сургуульд 10 дугаар ангиа төгссөн. 1976 онд Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйд ээж, ахын хамт илгээлтээр ирснээс хойш өнөөг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунхараад амьдарч байна. 1980 онд хүн амын бүртгэлийн үнэмлэх улаан паспортоор солигдоход 1 нас дарагдаж буруу бичигдсэн байна. Одоо надад байгаа иргэний үнэмлэх дээр намайг 1967 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн гэж буруу бичсэн байгаа юм. Уг нь би 1966 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүн юм. Үүнийг би өнгөрсөн жил Увс аймгийн 90 жилийн ой болоод нутагтаа очиход авга ах, эгч нар намайг төрсөн газар чинь энэ гэж заагаад намайг 1966 онд төрсөн гэж хэлсэн. Миний төрсөн эгч Билгээ чи яагаад 1967 онд төрсөн гэж явдаг юм бэ. 1966 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн гэж хэлсэн. Иргэний бүртгэлээс шүүлгэхэд мөн 1966 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн гэх лавлагаа гарч ирсэн. Дээрх төрсөн он буруу бичигдсэнээс болоод тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч төрсөн он буруу бичигдсэн учраас миний эрх, ашиг минь хөндөгдөж хохирох болчихоод байна.

Иймд намайг 1966 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн болохыг холбогдох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх М.Дариймаагийн нэхэмжлэлийн /хүсэлтийн/ шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Дариймаа 1966 онд Увс аймгийн Тариалан суманд Хэрмэн гэх газар Мишкагийн 3 дахь охин болж төрсөн болох нь хүсэлт гаргагчийн болон гэрч З.Нинчин, З.Оюунцэцэг, Х.Билгээ  нарын тайлбар, мэдүүлэг, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар-Улсын бүртгэлийн хэлтэс-төрсөний бүртгэлийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №45/008779 дугаартай лавлагаа болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг хангаж, М.Дариймааг 1966 онд төрсөн болохыг  тогтоох  нь зүйтэй байна гэж үзлээ.

           

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийг удирдлага  болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Шавай овогт Мишкагийн Дариймааг 1966 онд төрсөн, 50 настай болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.