Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2024/01288

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 210/МА2024/01288

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/01259 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч Б.Ө, Т.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 98,661,508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Б.Ө-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 20,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дараах өдрүүдэд өөрийн болон нөхрийн Хаан банкин дахь данснаас Б.Ө-ын Хаан банкин дахь 5030796666 тоот данс руу мөнгийг шилжүүлсэн. Үүнд: 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 600,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Харин 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 1,900,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

1.1. Зээлдэгч нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 5,500,000 төгрөгийг төлсөн. Энэ нь 2021оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү нийт 1,650,000 төгрөг болсон. Тухайн үед зээлийн хүү 1,650,000 төгрөг болсон бөгөөд 1,500,000 төгрөг төлж цаашид гэрээний дагуу төлбөр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн хүү нийт 2,449,400 төгрөг болсон бөгөөд 2,000,000 төгрөг төлж 449,400 төгрөгийн хүүгийн үлдэгдэл үлдсэн.

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх зээлийн хүү нийт 1,655,000 төгрөг болсон бөгөөд өмнөх хүүгийн үлдэгдэл 449,400 төгрөгийг нэмээд хамт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн.

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар 25-ны өдөр хүртэлх зээлийн хүү нийт 1,191,600 төгрөг болсон.

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх зээлийн хүү нийт 42,000,000 төгрөг болсон. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөгийг Б.Ө-аас төлсөн. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл алданги нийт 1,191,600+42,000,000=43,191,600 төгрөг, хүү хуримтлагдсан байсан тул сүүд төлсөн 6,500,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн хүүгийн төлбөрөөс буюу 43,191,600 төгрөгөөс хасаж тооцоод 43,191,600-6,500,000=36,691,600 төгрөг болж байна. 36,691,600x 0,5 : 100=183,458 х 26 хоног 4,769,908 төгрөг болсон.

Иймд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, гэрээний дагуу төлөх хүү 36,691,600 төгрөг, алданги 4,769,908 төгрөг, нийт 61,461,508 төгрөгийг хариуцагч Б.Ө-аас гаргуулж өгнө үү.

1.2. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 18,000,000 төгрөгийг, 29 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дээрх 2 гэрээ байгуулагдсанаас хойш дараах 2 төлбөрийг төлснөөс өөрөөр ямар ч төлбөр 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 21 сар 10 хоног болж байгаа бөгөөд 18,000,000х5:100-900,000 төгрөг 1 сарын хүү х 21 сар=18,900,000 төгрөг, 10 хоног нь 900,000:3010=300,000 төгрөг, нийт 19,200,000 төгрөг болж байгаа. Иймд үндсэн зээл 18,000,000 төгрөг, хүү 19,200,000 төгрөг, нийт 37,200,000 төгрөг болсон.

1.3. Иймд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 61,461,508 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 37,200,000 төгрөг, нийт 98,661,508 төгрөг төлөгдөөгүй байх тул хариуцагч Б.Ө-аас 49,330,754 төгрөг, хариуцагч Т.Б-гаас 49,330,754 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Д нэхэмжлэл гаргасан.Т.Б, Б.Ө, бид 2 Б.Д-аас мөнгө зээлж аваагүй. Харин Т.С-гээс тодорхой хэмжээний мөнгө аваад буцаагаад төлж барагдуулсан. Иймд иргэний энэхүү шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө, Т.Б нараас 53,234,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, үлдэх 45,427,208 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө, Т.Б нараас 424,121 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 45,427,208 төгрөгт холбогдох хэсэгт гомдол гаргаж байна.

4.1. Б.Д, Б.Ө нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18,000,000 төгрөгийг тус зээлсэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийг зээлдэгч Б.Ө-ын хүсэлтээр түүний ээж Т.Б-гийн Хаан банкин дахь 5034155030 тоот данс руу шилжүүлж, тодорхой хувийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

4.2. Хариуцагчийн зүгээс дээрх гэрээг нөхөж хийсэн тул хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг боловч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нийт 5,500,000 төгрөгийг хүүнд төлсөн. Мөн хэргийн 17, 23, 24, 56 дугаар талд авагдсан дансны депозит хуулгаас харахад хариуцагч зээлийн гэрээний дагуу хүү төлөх ёстой гэдгээ мэдэж байсан, хүү төлж байсан болох нь нотлогдоно.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт Б.Д болон Б.Ө нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийг нэхэмжлэгч Б.Д бус өөр этгээд болох Г.С шилжүүлжээ. Иймд нэхэмжлэгч Б.Д-г тус гэрээний дагуу шилжүүлэг хийгээгүй гэж үзэх ба талууд тус гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзсэнд гомдолтой байна. Хэргийн 8 дугаар талд Б.Д, Г.С нарын гэрлэлтийн гэрчилгээ авагдсан бөгөөд хариуцагч нар Б.Д, Г.С нарыг гэр бүл болохыг мэдэж байсан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.С нь хариуцагчийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч руу шилжүүлсэн мөнгө нь Б.Д, Г.С нарын дундын мөнгө бөгөөд тэд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хариуцагч нарт мөнгө зээлсэн. Зээлийн гэрээг заавал хамт байгуулах шаардлагагүй тул Б.Д гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Б.Д шүүхэд хандсаныг Г.С мэдэж байсан учир холбогдох дансны депозит хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлсэн, зээлдэгч нар нь зээлийн хүүг төлж байсан болох нь нотлогдож байгаа тул 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй. Анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 20,000,000 төгрөгийн гэрээний дагуу биш, 18,100,000 төгрөгийн хэмжээнд зээл, зээлийн хүү, алдангийг тооцож 53,234,300 төгрөгт холбогдох хэсгийг хангасан буюу эхний гэрээнээс 8,227,208 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж 37,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлэхгүй удаашруулж 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтийг шийдвэрлэсэн нь цаг хугацаа их алдаж, хариуцагч талд давуу байдал олгосоор ирсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 45,427,208 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлье. Давж заалдах гомдолд Б.Ө-ын гуйлтаар Т.Б д мөнгө шилжүүлсэн гэж дурдсан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн 5,500,000 төгрөгийн хүү төлсөн нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэх агуулгыг дурдсан боловч гүйлгээний утгаас харахад өөр байдаг. Гэрлэлтийн гэрчилгээгээр Б.Д нь нөхөр Н.С-г төлөөлөх эрх байхгүй. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Г.С нь хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх боловч энэ гэрээг нөхөж хийсэн, Г.С энэ талаар шаардлага гаргаагүй, Т.Б нь Б.Д-гийн хувьд хариуцагчаар оролцох этгээд биш юм. Нэхэмжлэгч талын гомдолд энэ хэрэг маргаанд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахгүйгээр 7 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаасан гэх агуулгыг дурдсан. Үүнд нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон бол хэрэг маргаан удаж, сунжрахгүй байсан. Гэтэл Н.С-г Б.Д төлөөлөөд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээс үзвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэжээ.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Н.С-гийн данснаас Т.Б-гийн данс руу 15,187,000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд байгаа атлаа нэхэмжлэлд нийт 37,200,000 төгрөгийг шаардсан. Т.Б-гаас 49,330,754 төгрөгийг шаардаж буй нь тодорхойгүй, нэхэмжилбэл зохих этгээд Б.Д биш. Нэхэмжлэгч Б.Д нь өөрийн данснаас Б.Ө-ын данс руу 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тухайн үнийн дүнтэй холбоотой зээлийн гэрээ хийгдээгүй. Энэ талаараа шаардлага гаргадаггүй.

Зээлийн гэрээнүүд 2021 оны 03 дугаар сарын 25, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд байгуулсан гэх боловч хэрэгт авагдсан дансны хуулгуудаар гэрээ байгуулахаас өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 13, 2021 оны 03 дугаар сарын 14, 2021 оны 03 дугаар сарын 19, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд Н.С-гийн данснаас 15,100,000 төгрөг шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагадаа шилжүүлж байсан мөнгө тус бүрдээ хүү тооцсон тооцоог гаргасан нь тухай бүр зээлийн гэрээ хийж байгаагүйг, нөхөж гэрээ хийсэн нь нотлогддог.

Б.Ө нь Б.Д-аас нийт 15,000,000 төгрөг авснаас дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулахаас өмнө буюу дараа нь Н.С-гийн 5030840404 тоот дансанд 1,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 300,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөг шилжүүлснээс Т.Б-гийн дансаар Г.С рүү 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Т.Б нь Н.С-гээс авсан 15,187,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлсөн. Н.С-г таньдаг учир мөнгө аваад буцааж төлдөг байсан болохоос гэрээ байгуулаагүй.

Нэхэмжлэгч Б.Д нь 16,000,000 төгрөг авснаа нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрдөг. Энэ тал дээр маргадаггүй.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Б г хариуцагчаар татсаныг хасаж, Б.Ө т холбогдуулан шаардсан. Мөн нэхэмжлэгчийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан тул миний бие 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин гомдол гаргасан. Гэтэл шүүх 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 05052 дугаартай захирамж гаргаж захирамжлах хэсэгтээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/Ш32024/003300 дугаартай захирамжийн нэр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай гэснийг Хүсэлт шийдвэрлэх тухай гэж өөрчлөөд ...Т.Б г хамтран хариуцагчаар татсугай гэж нэмж өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн үед өмнө нь Т.Б г хариуцагчаар татсаныг хүчингүй болгож иргэний хэрэг үүсгэсэн захирамжинд өөрчлөлт оруулсан байсан тул Б.Ө т холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсан гэж ойлгоод захирамжийг авахаар очиход хоёуланд нь дахин арга хэмжээ авсан байсан тул гомдол гаргахад хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн аваагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хуралдаан эхлэхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00330 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

6.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь дүгнэлт үндэслэлгүй бөгөөд цаг хугацааны хувьд Б.Д нь иргэн Б.Ө-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг тухайн өдөр биш, дараа нь 2023 оны 02 дугаар сард нөхөж байгуулсан, гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Б.Д нь 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгтэй холбоотой маргаан үүсгээгүй боловч буцаан 16,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн, шүүх Б.Д болон Б.Ө нарын хоорондын 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 15,187,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д бус өөр этгээд болох Г.С шилжүүлжээ. ИймдБ.Д-г тус гэрээний дагуу шилжүүлэг хийгээгүй гэж үзэх ба талууд тус гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж зөв дүгнэлт өгсөн атлаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гэрээний үндсэн төлбөр 18,100,000 төгрөг, зээлийн хүү 29,010,00 төгрөг, алданги 6,1245,300 төгрөг, нийт 53,234,300 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол энэхүү гэрээг хэн хэнтэй байгуулсанд ач холбогдол өгөөгүй. Энэ гэрээ бол Б.Д болон Б.Ө-ын хооронд байгуулагдсан. Хамтран хариуцагчаар Т.Б г татсан захирамж нь хууль бус, үндэслэлгүй байтал түүний дансны хөдөлгөөнийг зогсоож хохироогоод зогсохгүй, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж байгуулсныг хүлээн зөвшөөрсөн атлаа хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан гэрээг үндэслэж хүү, алданги тооцох нь учир дутагдалтай. Б.Д нь Б.Ө руу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн асуудал дээр төлбөр төлөх эсэх асуудал яригдах ёстой байтал энэ тал дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан Б.Ө-ын төлсөн гэх 5,500,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг 3,500,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгт дүгнэлт хийгээгүй.

6.4. Б.Д нь 2021 оны 03 дугаар сарын 25, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдийн зээлийн гэрээг хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан болохыг гэрч н.Хонгорзулын мэдүүлгээр нотолсон байхад шүүх Өрнөхбаярын дэргэд байгаагүй гэсэн үндэслэлээр тухайн гэрээнүүдийг хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэрч Э.Хонгорзул тухайн өдрийн бүх мэдэх зүйлээ гэрчилсэн. Үүнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй.

Иймд Т.Б , Б.Д нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад түүний дансны хөдөлгөөнийг зогсоож, түүнээс төлбөр гаргаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүгчийн захирамжийн талаар давж заалдах гомдолд дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан захирамж нь хариуцагч Б.Ө, Т.Б нарт холбогдуулан гарсан. Нэхэмжлэл гаргахдаа 2 хариуцагчийг оролцуулах талаар дурдсан. Гэвч шүүхээс иргэний хэрэг үүсгэх захирамж гаргахдаа тухайн 2 хариуцагчийн нэгийг нь дурдсан бөгөөд уг нөхцөл байдлыг залруулах үүднээс дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хамтран хариуцагчаар татаад, нэхэмжлэгчээс өгсөн хүсэлтийг шийдвэрлэсэн. Үүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гарсан шүүчгийн захирамжийг өөрчлөөд, 2 хүсэлт шийдвэрлэж байсан учраас хүсэлт шийдвэрлэх гэдэг байдлаар толгой нь өөрчлөгдсөн, энэ талаар шүүхээс удаа тайлбарласан. Дангаар шийдвэрлэхдээ тухайн хүсэлтийг агуулгыг бичээд хоёр хүсэлт буюу хамтран хариуцагч татсан учраас ийм байдлаар шийдвэрлэсэн. Манай талын гомдолд энэ талаар мөн дурдсан. Мөн хариуцагчийн гомдолд тухайн 2 гэрээг нөхөж байгуулсан хүч хэрэглэсэн нь нотлогдсон гэж дурдсан боловч гэрээг нөхөж байгуулсан, хүч хэрэглэсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй. Гэрч мэдүүлэг өгсөн боловч тухайн гэрч үзсэн харснаа бус зөвхөн сонссоноо хэлсэн. Гэвч тухайн үзсэн харсан зүйлд мөнгөө өгөхгүй байгаа учраас мөнгөө нэхэж очсоныг нөхөж гэрээ байгуулсан мэтээр тайлбарласан, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрч асуух үед нэхэмжлэгч талаас асуусан та яг харсан уу, ямар гэрээ байсан бэ, энэ гэрээ мөн үү гэхэд би сайн мэдэхгүй байна, автомашин дотор суугаад ярилцаж байсан гэж хариулсан. Иймд зодож цохьсон, дарамт үзүүлж гэрээг нөхөж хийсэн болох нь нотлогдоогүй. Харин шүүхийн шийдвэрт гэрээг нөхөж хийсэн байсан ч хууль зөрчөөгүй гэх талаар тайлбарласан гэж ойлгож байна. Түүнээс гэрээг нөхөж хийсэн байна гэх агуулгаар хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Гэрчийг асуух үед шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн хүний хэн аль нь байгаагүй. Иймд гэрчийн мэдүүлэгт дурдсан хүн мөн эсэхийг тодорхойдох боломжгүй учраас эх сурвалжаа зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг ач холбогдолгүй байна гэж үзсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлуудын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Ө, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,661,508 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Б.Д нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б.Ө-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх ба уг гэрээнд ...Б.Ө нь өмнө авсан 5,000,000 төгрөг дээр нэмж 15,000,000 төгрөгийн хамт нийт 20,000,000 төгрөгийг авсан нь үнэн гэсэн баримт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх9-10/

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000 төгрөг шилжүүлсэн ба уг зээлийн зарим мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн нөхөр Г.С-гийн данснаас 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 600,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Т.Б-гийн дансанд шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймээс Т.Б , Г.С нарын хооронд тусдаа зээлийн харилцаа үүссэн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг бусдад буюу Г.С-д даалгаж, хариуцагч Т.Б-гийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.2. Хэдийгээр талуудын хооронд 20,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар 18,100,000 төгрөг шилжүүлсэн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

4. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймээс зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээ цуцлах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээгээр хүлээх үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 24 сарын хугацаатай буюу 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зээл 20,000,000 төгрөг, хүү 36,691,600 төгрөг, алданги 4,769,908 төгрөг, нийт 61,461,508 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүгийн хэмжээний талаар маргасан.

Хэргийн баримтаар эхний зээлийн гэрээний хүүг тооцвол 43,191,600 төгрөг болж байх ба энэ хүрээнд нэхэмжлэгчийн шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгө болон хүүгийн хэмжээнд харьцуулж үзвэл зээлийн хүүгийн хэмжээг хэт их гэж үзнэ.

Иймд шүүх эхний гэрээний хүү болох 43,191,600 төгрөгийн 10 хувиар тооцсоныг үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр шаардаж буй зээлийн хүүг 50 хувиар бууруулж 21,595,800 төгрөгийг шаардах эрхтэй.

Мөн хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Д нь алданги 4,769,908 төгрөгийг шаардах эрхтэй. Учир нь талууд гэрээний 2.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх тооцоог нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нар нь эхний буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,100,000 төгрөг, зээлийн хүүд 21,595,800 төгрөг, алданги 4,769,908, нийт 44,465,708 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

5. Мөн Б.Д, Б.Ө нар нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 18,000,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 29 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан байна./хх20-21/

Анхан шатны шүүх дээрх гэрээний харилцааг нэхэмжлэгч Б.Д нь мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийгээгүй тул гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх гэрээний мөнгөн хөрөнгө болох 15,187,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр Г.С-гийн дансаар хариуцагч Т.Б д шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Д нь нөхөр Г.С-гийн дансаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Г.С нь Т.Б д өөрөө мэдэж мөнгө шилжүүлээгүй, харин Б.Ө-ын хэлсэн этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн учраас Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Б.Ө гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 15,187,000 төгрөг, хүү 19,200,000 төгрөг, нийт 34,387,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,287,000 төгрөг, зээлийн хүү 40,795,800 төгрөг, алданги 4,769,908 төгрөг, нийт 78,852,708 төгрөг төлөх үүрэгтэй байна. Энэ үүргээс хариуцагчийн төлсөн 16,000,000 төгрөгийг хасч тоовцол 62,852,708 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,808,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс Б.Д, Б.Ө нар хоорондоо зээлийн гэрээ байгуулж тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх тул хариуцагч Т.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

6. Хариуцагчийн ...шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүхийн шийдвэрийг баталгаажуулахтай холбоотой асуудал нь давж заалдах шатны шүүхийн хянах эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй. Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх учиртай. Шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зохигчдын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/01259 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө-аас 62,852,708 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,808,800 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсэг болон хариуцагч Т.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 424,121 гэснийг 472,214 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,090 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,121 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН