| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0250/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ачитламынхан овогт Д-н Г-д холбогдох эрүүгийн 1809041030098 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 2 хүүхэд, хүргэний хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамж 819 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШЖ 79022203 / Ачитламынхан овогт Д-н Г нь:
- 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар тойргийн “Номин” худалдааны төвийн хажууд хохирогч Ц.Баянжаргалтай хувийн таарамжгүй харилцааны асуудлаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Баянжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Марка, Бөхөөнөө гэх 2 залуу 2 адууны мах хамт нийлээд авах уу гэхээр нь тэгье гээд бид хамтдаа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн Номин худалдааны төвийн үүдэнд очсон. Эрдэнэчимэг, Гүрсэдмаа нар Номингийн гадаа очсон байсан бөгөөд тэр 4 нийлээд тухайн махыг авахаар болсон. Явах гэхэд Д.Гүрсэдмаа над руу аймар муухай харахаар нь “Чи үхсэндээ муухай харсан юм” гэж хэлэхэд Д.Гүрсэдмаа шууд ирж миний үснээс зулгааж баруун талын хөмсөгний хэсэгт цохиж, зүүн нүдний доор маажиж урсан. Эрдэнэчимэг нь машины түлхүүр булааж авах гээд маргалдсан бөгөөд толгой руу цохьсон. Гүрсэдмаа дух руу болон хацар руу цохьсон. Шуунд цус хуралт гэснийг би тэр хоёроос салахдаа авсан байх гэж бодож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр хоёр эмэгтэйг цохиж зодоогүй гэжээ. / хх 26-27, 32-34, 35-36 /
Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … Д.Гүрсэдмаа Ц.Баянжаргал нар хоорондоо маргалдаад байсан. Яг юунаас болсон талаар би сайн мэдээгүй. Би больцгоо гээд яваад очтол Ц.Баянжаргал намайг “Бид хоёрын хэрүүл чамд хамаатай юм бэ” гээд “Чи цаашаа зайл” гэхээр нь би “Чи хүнийг элдэв янзаар доромжилдог ямар балиар заваан өмхий ханхалдаг хүүхэн бэ. Машины чинь түлхүүрийг авчихья” гэтэл түлхүүрээ өгөөгүй. Би тэр эмэгтэйтэй ноцолдож зодолдоогүй. Д.Гүрсэдмаа хэрэлдэж байсан гэжээ. / хх 29-31 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11065 дугаар дүгнэлтэнд:
1. Ц.Баянжаргалын биед дух, шуунд цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 50 /
Яллагдагч Д.Г-г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Ц.Баянжаргал өөрөө хүнийг хэл амаар доромжлоод эхэлсэн бөгөөд миний утсыг булааж авахаар нь би очоод утсыг нь шүүрээд авсан. Тэр үед Д.Эрдэнэчимэг эгч битгий маргалдаад бай гээд салцгаасан гэжээ. / хх 7-8 /
Шүүгдэгч Д.Г-г 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-8 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 54 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 32.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар тойргийн “Номин” худалдааны төвийн хажууд хохирогч Ц.Баянжаргалтай хувийн таарамжгүй харилцааны асуудлаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Эрдэнэчимэг, Гүрсэдмаа нар тэр 2 залуутай нийлээд тухайн махыг авахаар болсон. Явах гэхэд Д.Гүрсэдмаа над руу аймар муухай харахаар нь чи үхсэндээ муухай харсан юм гэж хэлэхэд Д.Гүрсэдмаа шууд ирж миний үснээс зулгааж баруун талын хөмсөгний хэсэгт цохиж, зүүн нүдний доор маажиж урсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Баянжаргалын мэдүүлэг / хх 26-27, 32-34, 35-36 /, … Д.Гүрсэдмаа Ц.Баянжаргал нар хоорондоо маргалдаад хэрэлдэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг / хх 29-31 /, ...Ц.Баянжаргалын биед дух, шуунд цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11065 дугаар дүгнэлт / хх 50 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Баянжаргал нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн / хх 64 / тул шүүгдэгч Д.Гүрсэдмаа нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Д.Г-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ачитламынхан овогт Д-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ