| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00665/и |
| Дугаар | 151/ШШ2016/00841 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2016/00841
| 2016 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00841 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун түрүү, Товчооны зам 1-8 тоотод байрлах “Агротрак” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулах “Өгөөж Сүмбэр” ХХК-д холбогдох, 20 475 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Агротрак” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд, хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргал, нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Ч.Энхболд нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Эвлэрэх саналтай байна. Алдангийг тодорхой хэмжээгээр багасгаад эвлэрэх саналтай байна.” гэв.
Хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Эвлэрэх хүсэлттэй байна. Үндсэн төлбөрөө эхний ээлжинд төлнө. Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учраас намар будаагаа хурааж аваад төлбөрөө төлнө. Манай компани Засгийн газрын тариалангийн зээлийн хөтөлбөрийн банкны шалгуурт тэнцээд, сонгуулийн өмнө гэрээ хийчихсэн байгаа. Энэ зээлийн санхүүжилт орж ирэхгүй байна. Манай байгууллага “Агротрак” ХХК-тай байнгын харилцаатай байдаг бөгөөд ганцхан удаа үүгээ биелүүлээгүй ийм асуудал үүсэж байна. Тиймээс алдангийг хөнгөлж өгөх байх, нийт алдангийн 20 хувь буюу 1,095,000 төгрөгийг төлнө гэж үзэж байна. Үндсэн төлбөр 15 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15 өдрийн дотор, алданги 1 095 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 25-ны тодор төлнө” гэв.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“Нэг талаас yэхэмжлэгч “Агротрак” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд, нөгөө талаас “Өгөөж сүмбэр” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргал нар доорхи байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Агротрак” ХХК нь хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-иас нэхэмжилсэн 20 475 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 475 000 төгрөгийг 4 380 000 төгрөгөөр багасгаж, нийт 16 095 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2016 оны 12 сарын 25 өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч “Агротрак” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд нь компанийг төлөөлөн хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх /хх 5/ эрхтэй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч“Агротрак” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-иас 16 0950 000 төгрөгийн нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 238 425 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч “Агротрак” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид төлбөр 15 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 15 өдрийн дотор, алданги 1 095 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 25 өдрийн дотор, бүгд 16 095 000 /арван зургаан сая ерэн таван мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар тус тус тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-иас 238 425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Агротрак” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА