Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/127

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Хохирогч Н.Г-,

Шүүгдэгч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-ид холбогдох эрүүгийн 1838007400350 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Л.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр иргэн Н.Г-ыг зодож, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-гийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Бурхан багш нэртэй гуулин бурхан 1 ширхэг, Жадамба нэртэй төвд судар 1 ширхэг, 20.000 төгрөг, аяны хөнжил 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн гэрийн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хурган дотортой үстэй дээл 1 ширхэг, шляпан малгай 1 ширхэг, хувцас хийдэг цүнх 1 ширхэг, бөөрний эмчилгээний даруулга 1 ширхэг, бууз 3 килограмм, сүү 1.5 литр, борц 2 килограмм, хутга 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч, 599.250 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Л- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр иргэн Н.Г-ыг зодож, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-гийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд түлхүүр тааруулан нэвтэрч Бурхан багш нэртэй гуулин бурхан 1 ширхэг, Жадамба нэртэй төвд судар 1 ширхэг, 20.000 төгрөг, аяны хөнжил 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цүүг хөшин нэвтэрч хурган дотортой үстэй дээл 1 ширхэг, шляпан малгай 1 ширхэг, хувцас хийдэг цүнх 1 ширхэг, бөөрний эмчилгээний даруулга 1 ширхэг, бууз 3 килограмм, сүү 1.5 литр, борц 2 килограмм, хутга 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 599.250 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

          1.1. Шүүгдэгч Г.Л- нь согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр танхайн сэдэлтээр иргэн Н.Г-ыг зодож, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч Н.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд ...Ц, Ү нарын хамт архи уусан. Тэгээд би согтоод унтаад өгсөн юм. Тэгээд өглөө сэрээд босох гэсэн чинь миний зүүн талын хавирга өвдөөд хөдөлж болохгүй байсан. Тэгээд ханан цехэд ажилладаг хүмүүсээс асуусан чинь Л гэдэг залуу согтуу орж ирээд намайг өшиглөж байгаад буусан байсан. Намайг архи уугаад тасраад унтаад өгсөн байхад орж ирээд өшиглөсөн гэж ханан цехэд ажилладаг хүмүүс хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт: “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
  • Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэртээ ороод ирэхэд Л-, Г- ахыг зодож байсан. Тухайн үед бөөн дуу чимээ болчихсон Л- чанга чанга дуугараад дайраад байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,
  • Гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...орой гэртээ ирэхэд манай нөхөр Б- охин Буянцэцэг хоёр энд Г-, Л- ах нар архи уугаад Л- согтуу Г- ахыг зодсон гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Г- ирээд өчигдөр юу болсон талаар асуухаар нь болсон асуудлыг хэлсэн. Тухайн үед Г- хавирга өвдөөд амьсгаа авч болохгүй байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нарыг архи уугаад сууж байхад гаднаас Л- гэдэг залуу орж ирсэн. Тэгээд Г- ахтай маргалдах янзтай болоод ирэхээр нь боль гэж болиулаад ...харин маргааш нь Г- ахыг Л- зодоод хавирга хугалсан гэж Г- ахаас сонссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 296 дугаартай: “...Г-ы биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий гэмтэл тогтоогдлоо. Г-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...маргааш өглөө нь Г- ахыг зодоод хавирга руу нь өшиглөөд хугалсан гэж тэнд байсан эхнэрийн төрсөн ах Б-аас дуулсан. ...би архи уугаад тасарчихсан байсан болохоор санахгүй байгаа” /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Г- ахыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэргээр,

1.2. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-гийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд түлхүүр тааруулан нэвтэрч Бурхан багш нэртэй гуулин бурхан 1 ширхэг, Жадамба нэртэй төвд судар 1 ширхэг, 20.000 төгрөг, аяны хөнжил 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цүүг хөшин нэвтэрч хурган дотортой үстэй дээл 1 ширхэг, шляпан малгай 1 ширхэг, хувцас хийдэг цүнх 1 ширхэг, бөөрний эмчилгээний даруулга 1 ширхэг, бууз 3 килограмм, сүү 1.5 литр, борц 2 килограмм, хутга 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 599.250 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: 

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-12, 17, 65-68, 87 дугаар хуудас/,
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20, 72-73 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод байдаг бөгөөд ганцаараа амьдардаг байсан. ...би өөрөө 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу явж ...гэрээ захиад үлдээсэн юм. ...09 дүгээр сарын 20-дын үеэр манай хашаанд буусан Ц- гэдэг хүн утсаар яриад хөдөө яваад ирсэн чинь манай гэрт хулгай орсон байна. Танай байшингийн түлхүүрийг бурханыхаа доод талын шургуулганд хийсэн чинь алга болсон байна. Танайд бодвол түлхүүрээр чинь онгойлгоод орсон байх. Гэхдээ хаалга нь цоожтой хэвээр байна гэсэн. ...маргааш нь манай хүү Амарсанаа автобуснаас түлхүүрийг нь аваад цагдаа дагуулж гэрт очсон бөгөөд гэрт ороод над руу утсаар аав аа танай гэрийг онгичоод хаясан байна гэсэн. Би юу алга болсныг бүртгээдэх гээд утсаар юмнуудаа зааж өгсөн. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд жижиг өрөөний авдар дээр бурханы дорхонд байсан Бурхан багш нэртэй гуулин бурхан, Жадамба нэртэй төвд судар байсан хоёулаа алга байсан гэсэн. Мөн манай хөгшний жаазанд байсан 20.000 төгрөг, хувцасны шкафанд байсан жижиг ууттай хар өнгийн мишок ...алга болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойно 15 цагийн үед хөдөө явахаар мотоцикльтойгоо гарсан. ...тэгээд өнөө өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга түгжээтэй байсан бөгөөд хашаандаа орж ирээд гэрийнхээ монгол цоожийг түлхүүрдэж онгойлгох гэтэл даруулга цүү нь хөшигдсөн байхаар нь орж үзтэл хоймрын хоёр авдарны тагийг нээж доторх эд зүйлүүдийг нь гаргаж газраар тарааж хаяад онгичсон байсан. ...бор шаргал өнгийн торгон гадартай эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ногоон өнгөтэй шляпан малгай, бөөрний ууцавч, хөлдөөгчинд байсан жигнүүр бууз, хөлдөөсөн сүү, борц зэрэг зүйлүүд алдагдсан. ...манай гэрт байсан Д-гийн байшингийн түлхүүр алга болсон байсан. ...нэг түлхүүрийг нь хотоос авчруулаад хүүхэд нь ирж Д-гийн гэр рүү орсон чинь гэрт нь хулгай орсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-82 дугаар хуудас/,
  • Гэрч М.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Миний барагцаалж байгаагаар 21-ний өдөр байсан байх. Л- над руу залгаад мэнд мэдээд, юу хийж байна вэ гэж асуугаад “чи Болдоо ахаасаа бурхан, том судар авах уу гэж асуугаад өгөөч, хөгшин нь гайгүй хямдхан зарчихна” гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л- нь манай гэрт цагаан өнгийн торонд хийчихсэн хурган дотортой үстэй дээл авчраад манай хашаанд байдаг блокны хажуу тал руу шидчихсэн. ...үүнээс хойш бараг хоёр хоногийн дараа мөрдөгч Мөнхбаатар надтай уулзаад Л- танай хашаанд хурган дотортой үстэй дээл үлдээсэн гэхээр нь тэгвэл энд байгаа гэж хэлээд Л-ийн шидсэн газрыг нь зааж өгсөн чинь байж байсан. Тэгээд Мөнхбаатар цагдаа аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлсэн шинжээчийн тайлан /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед би 13 дугаар баг орж өөрийн ээж Сарантуяагийн төрсөн ах болох Д- гуайн гэрт нь очсон. ...монгол гэрийн цоожны даруулгыг хөшиж орсон. Гэрт нь ороод би хоймрын авдрыг онгойлгож доторх юмнуудыг нь гаргаж байгаад хурган дотортой дээлийг нь авсан мөн хөлдөөгчнөөс бууз авсан. Тэгсэн чинь байшингийн бололтой нэг түлхүүр гараад ирсэн. Би гэрээс авсан юмнуудыг гаргаж гадаа тавиад гэрийн зүүн талд байсан Д- ахын байшинг түлхүүрдэж онгойлгон дотогш орсон. Тэгээд цаад талын өрөө рүү нь орж авдрыг нь уудалж үзсэн чинь мөнгө юм уу зэсэн аяганууд байсан. Тэдгээр аягануудыг аваагүй орхисон. Авдар дээрх гуунд байсан шармал бурхан, судрыг уутанд хийгээд зурагны жаазанд байсан 20.000 төгрөг, мишок зэргийг аваад гарсан. ...би хурган дотортой дээлийг нь угаалгын Чука ахын хашаанд тавьсан. Бурхан, судар хоёрыг Бүрэнхаан цэцэрлэгийн баруун хашаанд машины кабины сэгэнд нуусан бөгөөд зарах санаатай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргүүдээ бүрэн хүлээж байна” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урианхад Г.Л-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 128 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 130, 131-133 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн зарим гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Г.Л- ганцаараа үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Л- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр иргэн Н.Г-ыг зодож, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 дугаар хуудас/, гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/, гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 163 дугаар хуудас/, гэрч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 165 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 296 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 115 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Надаас өөр тэнд хэрэлдэж маргалдсан хүн байхгүй болохоор энэ хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-гийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд түлхүүр тааруулан нэвтэрч Бурхан багш нэртэй гуулин бурхан 1 ширхэг, Жадамба нэртэй төвд судар 1 ширхэг, 20.000 төгрөг, аяны хөнжил 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цүүг хөшин нэвтэрч хурган дотортой үстэй дээл 1 ширхэг, шляпан малгай 1 ширхэг, хувцас хийдэг цүнх 1 ширхэг, бөөрний эмчилгээний даруулга 1 ширхэг, бууз 3 килограмм, сүү 1.5 литр, борц 2 килограмм, хутга 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 599.250 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-12, 17, 65-68, 87 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20, 72-73 дугаар хуудас/, хохирогч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирогч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-82 дугаар хуудас/, гэрч М.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн шинжээчийн тайлан /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Таныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах гэж байна. Эдгээр зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна уу?” гэх асуултад “Зөвшөөрч байгаа”, “Д-, Ц- гэх хоёр айлаас хулгай хийхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу?” гэх асуултад “жаахан уусан байсан”, “ингэж хулгай хийхдээ ганцаараа байсан юм уу?” гэх асуултад “тийм” гэж хариулж байсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Л- нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Л- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Г.Л-ийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу гэр, байшинд багаж хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Г.Д-гийн гэрийн цүүг төмрөөр хөшиж, хохирогч Д.Ц-гийн байшингийн түлхүүрийг нь хулгайлан авснаар нэвтрэн орж дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, хохирогч гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 1.049.250 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Г- 100.000 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “Ганхуяг овогтой Л- нь иргэн Г.Д-, Д.Амарсанаа нарт учруулсан хохирлоо барагдуулж 50.000 төгрөг өгсөн нь үнэн болно. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх Төлбөр авсан тухай нотариатаар баталгаажуулсан гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Ц-д шүүгдэгч Г.Л-оос 200.000 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан тухай ХААН банкны орлогын мэдүүлэг зэргийг гарган өгч байх тул шүүгдэгч Г.Л-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Л-ийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр иргэн Н.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цуурал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэнд, 

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-гийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд түлхүүр тааруулан нэвтэрч Бурхан багш нэртэй гуулин бурхан 1 ширхэг, Жадамба нэртэй төвд судар 1 ширхэг, 20.000 төгрөг, аяны хөнжил 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цүүг хөшин нэвтэрч хурган дотортой үстэй дээл 1 ширхэг, шляпан малгай 1 ширхэг, хувцас хийдэг цүнх 1 ширхэг, бөөрний эмчилгээний даруулга 1 ширхэг, бууз 3 килограмм, сүү 1.5 литр, борц 2 килограмм, хутга 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 599.250 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр ...нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Л-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 249.250 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Л-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялаар сольж нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч Г.Л- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх боловч уг ялыг эдлээгүй болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 131-133 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн “Ялтан Л-ийн нийтэд тустай ажил хийлгэх 480 цагийн ялын гүйцэтгэх баримт бичгийг бүртгэлээс шүүж үзсэн боловч байхгүй, шүүхээс гүйцэтгэх баримт бичгийг ирүүлээгүй байна” гэх албан тоот /1-р хх-ийн 168 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Л-ийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд гүйцэтгэх хуудас бичигдсэн ба Г.Л-ийг шүүхээс удаа дараа дуудахад ирээгүй, оршин суух хаягтаа байхгүй шалтгаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт хүлээж авах шаардлага тавьдаг болно” гэх албан тоот /1-р хх-ийн 169 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ...ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэх заалтуудыг баримтлан шүүгдэгч Г.Л-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Л-ид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарын саналыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Л- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 201 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Г.Л-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 201 хоногийг хорих ялын 201 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэхийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Л-ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Л-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар сольж, 60 /жар/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ид оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 201 /хоёр зуун нэг/ хоногийг хорих ялын 201 /хоёр зуун нэг/ хоногоор тооцож, шүүгдэгч Г.Л-ийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ