| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2023/05450/И |
| Дугаар | 210/ма2024/01293 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/ма2024/01293
2024 06 24 210/МА2024/01293
А.Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02147 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Г-гийн хариуцагч Г-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,054,055 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0112 дугаар шийдвэрээр А.Г-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 324 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
1.2. Гэтэл хариуцагч Г нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хуулийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гаалийн ерөнхий газрын шинээр томилогдсон удирлага А.Г намайг ажилд эгүүлэн томилж, ийнхүү Гаалийн Ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дугаар тушаал гарч, нэхэмжлэгч надад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан. Харин ажилд эгүүлэн тогтоохдоо шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх хэсгийг биелүүлэлгүй орхигдуулсан. Г нь ...өмнөх Гаалийн ерөнхий газрын даргын буруутай үйл ажиллагаа учраас одоогийн удирдлага таны цалинг нөхөн олгох боломжгүй... гэх агуулгаар тайлбарладаг.
1.3. Иймд Гаалийн ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 432 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 41,340,475 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18,286,419 төгрөгөөр багасгаж, 23,054,055 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. А.Г-г тус газрын дарнын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар Гашуунсухайт дахь гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон өдрөөс хойш 90 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд гомдлоо гаргах байтал гаргаагүй 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гомдлоо гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болон уг хугацаа тасалдсан, нэхэмжлэлд хавсаргасан баримтад хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн хүсэлт авагдаагүй байна.
2.2. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж өөрийнх нь хүсэлтээр А.Г-г 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар Гашуунсухайт дахь гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилж улмаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/454 дүгээр тушаалаар ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны 29,187,723 төгрөгийн цалинг олгож, 3,648,465 төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн.
2.3. Иймд А.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 23,054,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-гийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Г-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олггуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 болон Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн цалин хөлсийн талаар зохицуулсан. Гэтэл А.Г нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй байхад цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.2. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан. Гаалийн ерөнхий газрын одоогийн дарга ажлаас халаагүй, нэхэмжлэлд заасан хугацаа, үйл явцад хамааралгүй, шинээр томилогдсон удирдлага бөгөөд дээрх хуульд заасан буруутай албан тушаалтан биш бөгөөд буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасныг зөрчиж шүүхийн шийдвэр гаргахдаа буруу хууль хэрэглэсэн.
4.3. Анхан шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл Г-т улсын тэмдэгтийн хураамжид төлөх төсөв гэж батлагддаггүй бөгөөд ийм хэмжээний мөнгө байхгүй. Иймд А.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гаалийн ерөнхий газрын одоогийн дарга ажлаас халаагүй, өмнөх даргын шийдвэрийн дагуу халагдсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдэд цалин олговрыг нөхөн олгоод буцаагаад буруутай албан тушаалтнаас авах тухай зохицуулсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хариуцагч дурдсан байна. Тус зохицуулалтаар мөн буруутай албан тушаалтнаас хохирлыг гаргуулахаар заасан. Хариуцагч Гаалийн ерөнхий газраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь хууль зүйн уялдаа холбоо, логикгүй, үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Г-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 41,340,475 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18,286,419 төгрөгөөр багасгаж, 23,054,055 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар магадлалаар А.Г-г өмнө эрхэлж байсан албан тушаал болох Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.
Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилогдсон хэдий ч Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 дугаар тушаалаар түүний албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байна.
Улмаар нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0112 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаар магадлалаар Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тоот тушаалыг хүчингүй болгож, А.Г-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Г д даалгаж шийдвэрлэжээ./хх98-108/
Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.
4. Хариуцагч Гаалийн ерөнхий газар нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0112 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг тооцож олгоогүй, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийсэн эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.
4.1. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б401 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Г-г Гашуун сухайт дахь гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албанд хяналт, шалтгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон боловч түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгосон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. /хх-4, 61/
4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан талаар тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаартай хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагджээ. Тэрээр дээрх тэмдэглэл гарснаас хойш 10 хоногийн дотор буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан байх тул гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. /хх-37-39, 40-42/
5. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч А.Г нь ажлаас чөлөөлсөнөөс хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны олговрыг хариуцагч Гаалийн ерөнхий газраас шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 15 сар 17 хоног гэж тодорхойлон, нэг сарын дундаж цалин олговрыг 1,515,787 төгрөгөөр тооцож, нийт 23,935,322 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 23,054,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх зарчимтай.
Нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй үндэслэлийг зааж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад А.Г нь ажил, албан үүргээ гүйцэтгээгүй тул цалин хөлс олгох үндэслэлгүй, ажилтныг хууль бусаар чөлөөлсний улмаас учруулсан хохирлыг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр хуульд заасан тул анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хуулийн дээрх зарчимд нийцэхгүй бөгөөд хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийнг 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ЦОГТСАЙХАН