Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч Э.Халиун,

          насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонтуул /Хүүхэд эрхийн зөрчлөө урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/,       

          шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909001460126 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Гадаад худалдаа, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, “МТ Маркет” ХХК-д шатахуун түгээгчээр ажилладаг, ам бүл-2, охины хамтаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 651 тоотод оршин суудаг,

          2009 оны 01 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г.Ц /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Г.Ц нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 651 тоот гэртээ 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох өөрийн 7 настай төрсөн охин Ц.Оюунноминг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хичээлээ хийдэггүй, үгэнд ордоггүй” гэх шалтгааны улмаас гурилын элдүүрээр зодож улмаар түүний биед “дух, баруун хөмсөг, зовхи, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, хоёр гуя, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох өөрийн 7 настай төрсөн охин Ц.Оюунноминг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хичээлээ хийдэггүй, үгэнд ордоггүй” гэх шалтгааны улмаас гурилын элдүүрээр зодож улмаар түүний биед “дух, баруун хөмсөг, зовхи, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, хоёр гуя, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүх шүүгдэгч Г.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Цолмон нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн гишүүн болох өөрийн 7 настай төрсөн охин Ц.Оюунноминг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хичээлээ хийдэггүй, үгэнд ордоггүй” гэх шалтгааны улмаас гурилын элдүүрээр зодож улмаар түүний биед “дух, баруун хөмсөг, зовхи, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, хоёр гуя, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.Оюунномингийн “…ээж миний нуруу, гар, хөл рүү тэлээ, галын төмрөөр цохиж зодож байсан бөгөөд гупрээр олон удаа зодож байсан. Миний гар овойгоод хөхөрсөн байсан. Би аягатай халуун ус уух гэж байгаад алдаад түлэгдчихсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

             гэрч Ч.Одгиймаагийн “...Сэтгэл зүйч, ангийн багш бид 3 Оюунномингийн гэрт нь 2018-12-17-ны өдөр очиж уулзахад Оюунномин ээжтэйгээ байсан. Хүүхдийн гар нь түлэгдсэн, хоёр гарын булчин, бугалга  хэсгээр хөхөрч няцарсан байсан. 2018-12-18-ны оройн 16 цаг өнгөрч байхад гэрт нь ирэхэд Оюунномин гэртээ ганцаараа гаднаасаа түгжигдсэн байсан ба 21:30 цаг хүртэл ээж нь ирээгүй тул 108 тусгай дугаарт мэдэгдэж хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх60/,

          гэрч Д.Болормаагийн “... 2018-12-10-ны өдрөөс хойш хоёр өдөр хичээлдээ ирэхгүй болохоор нь гэрт нь очиж үзтэл гар нь түлэгдсэн мөн баруун, зүүн гар нь зодуулсан шинжтэй байсан. Тэгээд Оюунномингоос тодруулж асуухад ээж намайг зодсон гэж хэлсэн. Цолмонгоос асуухад үгэнд орохгүй болохоор нь гурилын элдүүрээр зодсон гэж байсан. Түлэгдсэн хэсгийн нь буцалсан ус татсан гэж байсан. 2018-12-05-ны үед хацар руугаа алгадуулсан байдалтай ирж байсан. Ер нь аймхаа цочимхой байдаг байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 62/,

             Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹359 тоот актын “…Ц.Оюунномингийн биед дух, баруун хөмсөг, зовхи, хоёр бугалга, шуу, зүүн сарвуу, хоёр гуя, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цээж, баруун шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт,

                шүүгдэгч Г.Цы мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

             Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Ц зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

             Иймд шүүх шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Цг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Цг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР