Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 183/2022/03686/И |
Дугаар | 210/ма2024/01292 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/ма2024/01292
2024 06 24 210/МА2024/01292
Д ХХК, Б.Б нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01761 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК, Б.Б нарын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын * тоот, * давхарын *, *, *, ** тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 8,678,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэх спорт цогцолборын баруун талд “Т” хотхоны А, Б, С блок нийт 42 давхарын угсралтын ажлыг 1,111,320,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, өмнөх гэрээний ажлын хөлсийн 40 хувь болох 444,528,000 төгрөгт Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдах “Төгс орчин” хотхоны орон сууцны А блокийн * давхарын * тоот, * давхарын *, *, *, ** тоот орон сууцнуудыг бартерт тооцох, үлдэх 60 хувийн төлбөрийг бэлнээр давхар бүрийн гүйцэтгэлээр өгөхөөр тохиролцсон юм. Дээрх 5 орон сууц нь нийт 379 м.кв талбай болж байх бөгөөд 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцвол 435,850,000 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү 8,678,000 төгрөгийг 60 хувийн төлбөр дээр нэмж бэлнээр өгөхөөр тохиролцсон болно.
1.1. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэн ажлаа захиалагч Т ХХК-д хүлээлгэн өгч, тооцоо нийлж 60 хувийн төлбөрөө авсан. Харин бартерт тооцож авсан орон сууцны м.кв-ын зөрүү 8,678,000 төгрөгийг авч чадаагүй. Т ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, дээрх бартерын орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлж өгөхгүй, захиалагчийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Иймд намайг Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдсан “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын * тоот, * давхарын *, *, *, ** тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, 8,678,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдсан “Т” хотхоны А блокийн * давхарын * тоот, * давхарын * тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/03, 08/05 дугаар албан хүсэлтийг үндэслэн Б.Ц-ийн нэр дээр орон сууц захиалгын 08/12-1 дүгээр 2 ширхэг гэрээ байгуулсан. Орон сууц захиалан бариулах №08/12-1 дүгээр гэрээний 1.1-д “...’Д ХХК-тай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №002 тоот орон сууц захиалгын гэрээ, Д ХХК -аас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/03, 08/05 тоот албан бичгүүд зэргийг үндэслэн ШБ78082813 регистрийн дугаартай Б.Ц нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.” гэж дурдаад нэхэмжпэгч Б.Б-ын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан 2 ширхэг 3 өрөө орон сууцнуудыг нэхэмжпэгчийн хүсэлтээр Б.Ц-ийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж шилжүүлсэн болно.
2.1. Б.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай компанид хүсэлт ирүүлж өөрийн нэр дээр авсан 1 ширхэг 3 өрөө орон сууцаа Б.Д-гийн нэр дээр шилжүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Д-гийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ хийгдсэн.
2.2. Нэхэмжпэгч Б.Б Д ХХК-ийн захирал Д.Д-ийн эхнэр бөгөөд Д ХХК нь нэхэмжлэгчийн гэр бүлийн компани болно. Ажил гүйцэтгэгч Д ХХК нь манай компанид барилгын угсралт, цутгалтын алдаанаас үүссэн 153,309,833 төгрөгийн суутгалтай байгаа бөгөөд бид өөрсдийн хүч хөрөнгөөр алдаатай ажлыг засаж сайжруулж барилгыг байнгын ашиглалтад оруулсан болно. Д ХХК нь бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн суутгал төлөгдөөгүй байгаа. Нэхэмжпэгч Б.Б-ын гаргасан хүсэлт нь үндэслэлгүй ба 1-д манай компани үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргадаг байгууллага биш, 2-т нэхэмжпэгчийн хүсэлтээр 2 ширхэг орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 12, 26-ны өдрүүдэд гуравдагч этгээдэд шилжүүлсэн, 3-т компани хөрөнгө босгохын тулд И ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд “Төгс орчин” хотхоны А блок барилгыг бүхэлд нь барьцаалсан байгаа, 4-т орон сууцыг захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа зэргээс үзэхэд нэхэмжпэгчийн гаргасан хүсэлт нь хангагдах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.С-гийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдсан “Төгс орчин” орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээг анх 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/04/01 дугаартай гэрээг манай нөхөр Б.Л, Т ХХК -тай байгуулсан. Гэтэл 2021 онд ковид цар тахлын улмаас хил хаагдсантай холбоотой барилгын материалын үнэ өссөн учир гэрээг шинэчлэн байгуулах шаардлага гэхээр нь Б.Л хөдөө байсан учир, эхнэр болох З.С нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №09/21/01 дугаартай гэрээг шинэчлэн байгуулсан. Үүнээс хойш төлбөрийг цувуулан нийт 167,776,000 төгрөгийг бүрэн төлсөн. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нүүж орсон. Уг орон сууцыг худалдан авахаар захиалгын гэрээ хийхэд давхар гэрээ хийсэн эсэхийг мэдээгүй, шүүхэд маргаан үүссэний дараа мэдсэн. Иймд төлбөрөө бүрэн төлсөн учир миний өмчлөх эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ч-ний тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, “Төгс орчин” хотхоны 286-А байр, * давхарын * тоот орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Т ХХК -тай орон сууц захиалгын 07-07/01 тоот гэрээ байгуулж, орон сууцны төлбөр болох 130,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээ байгуулах үед өөр захиалагч байхгүй гээд гэрээг байгуулсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нүүж ороод одоог хүртэл амьдарч байна. Биднийг амьдарч байх хугацаанд орон сууцтай холбоотой ямар нэгэн асуудал болж байгаагүй. Иймд миний өмчлөх эрх ашиг хөндөгдөж байгаа тул миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Ковид цар тахлын улмаас орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй. 2022 оны 07 дугаар сард төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний өмчлөх, оршин суух эрх ашиг хөндөгдөж байна. Цаашид уг орон сууцандаа амьдрах бодолтойгоор засал болон тохижилт хийсэн бөгөөд тус орон сууцанд амьдрах боломж бололцоог хангаж өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-гийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн * дүгээр хороонд байрлалтай “Төгс-орчин” 1 хотхоны А блок * давхарт * тоот 3 өрөө 70.08 м.кв орон сууцыг Т ХХК болон “Б” ХХК нарын хооронд байгуулсан 2020/05/16/01 тоот гэрээг үндэслэн 1 м.кв-ын үнийг 2,100,000 төгрөгийн үнэлгээтэйгээр нийт 147,168,000 төгрөгөөр, хувь лизинг нөхцөлтэйгээр “Б” ХХК-аас 2020 оны 05 дугаар сард худалдан авсан. Бид төлбөрөө хугацаандаа төлж дуусгасан. Тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК -тай орон сууц захиалгын гэрээг Б ХХК-ийн хүсэлтийн дагуу байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үед Т ХХК болон Б ХХК-ийн зүгээс ямар нэгэн асуудалгүй, өөр худалдан авагч байхгүй гэж байсан. Уг шүүх хурлын асуудлыг хөрш айл болох 38 тоотын Д.Б-ээс мэдсэн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш А.А миний бие нь нөхөр, хүүхдүүдийн хамт одоог хүртэл байнгын эзэнтэй амьдарч байна. Тус маргаанаас болж төлбөр мөнгөө төлсөн, амьдарч байгаа орон сууцны өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж эрх ашгийг маань хамгаалж өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК -аас Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдсан “Төгс орчин” хотхоны A блокийн * давхарын *, *, * тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, 8,678,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч Д ХХК, Б.Б нарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжпэгчийн 2,380,590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК, Б.Б нарын хариуцагч Т ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдсан “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын * тоот, * давхарын * тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон.
8.1. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу бэлнээр авах төлбөрийн 60 хувь болох 666,792,000 төгрөг болон бартерийн орон сууцнаас 40 тоот, 21 тоот байрнуудыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т заасан ажлаа бүхэлд нь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөний үндсэн дээр төлбөрт бартерийн 2 орон сууцыг хүлээн авсан болохыг шүүх үндэслэл бүхий дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзсанаар бид ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй бол дээрх 2 байрыг хариуцагчаас төлбөрт тооцож өгөхгүй байх бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Харин байр ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээж авсан цаг хугацаанаас хойш *, *, * тоот орон сууцнуудыг бидэнд өгөхгүй, өөр этгээдүүдэд шилжүүлсэн учраас уг маргаан үүссэн. Иймд биднийг ажпаа бүрэн гүйцэтгээгүй орхиж явсан, доголдолтой байсан, түүнийг нь өөрийн зардлаар бусад этгээдүүдээр арилгуулсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж буйг харгалзаж үзээгүй.
8.2. Мөн төлбөрөө бүхэлд нь авсан болох нь хэргийн 18-19 дүгээр талд авагдсан Д ХХК-д A, В, С блокийн угсралт гэх баримтаар тогтоогдсоныг шүүх үнэлээгүй. Энэ нь бид ажлаа ямар нэгэн саадгүй хийж гүйцэтгэж байсныг, мөн гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгч байсныг хангалттай нотолж байхын зэрэгцээ хариуцагчийн зүгээс төлбөрийн хувьд маргаан үүсгээгүй байдлыг нотлох баримт юм. Хариуцагч нь анхнаасаа биднийг гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэсэн үйл баримтад маргаагүй, харин гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан талаар маргасан асуудлыг шүүхэд тайлбарласан талаар дүгнэлт хийгээгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үүрэг дуусгавар болсон талаар дүгнэх байсан. Түүнчлэн, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгож буй гол баримт болох бидний гүйцэтгэсэн ажлаас шалтгаалан 153,309,833 төгрөгийн зардал гаргаж, барилгыг ашиглалтад оруулсан гэж үзвэл энэ талаарх төлбөрийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зйлийн 42.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасны дагуу гаргаагүй. Гэрч Б.А аас “Хэрэв алдаатай юм бол Улсын комисс яагаад хүлээн авсан бэ, энэ алдааг ямар компаниар нөхөн сайжруулсан бэ” гэж асуухад тэрээр “Алдаа дутагдлаа засаад боломжгүй зүйлийг боломжтой болгоод зассаны дараа хамгийн сүүлд Улсын комисс хүлээн авна, В блок дээр Ж ХХК, А блок дээр “Б” ХХК болон бригадаар засан сайжруулсан” гэж хариулжээ. Гэрч Б.А болон хариуцагч талын тайлбарлаж буйгаар нэхэмжлэгч ажлаа дутагдалтай гүйцэтгэсэн, түүнийг нь бусад этгээдүүдээр засч залруулсан бол энэ талаарх баримт байх ёстой, мөн баримтаа гаргаж өгөх эрх нь хариуцагчид нээлттэй байсан талаар шүүх дүгнэх учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 349 дүгээр зүйлд заасны дагуу маргаан бүхий А, Б, С блокийн угсралтын ажилтай холбоотой ямар нэгэн доголдол байвал хариуцагчийн зүгээс энэ тухай гомдлын шаардлага гаргаж байсан эсэх, энэ талаарх баримт хэрэгт авагдсан эсэх талаар дүгнэлт хийгээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр талд Б блокийн 4-р давхар хүлээлцэх акт гэх баримт байх бөгөөд тус баримтаар нэг талаас нэхэмжпэгч ажлаа хүлээлгэн өгсөн, нөгөө талаас хариуцагч ажлыг хүлээн авсан болох нь хангалттай нотлогдож байхад ямар үндэслэлээр тухайн ажлыг хийгээгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Тухайн баримтад ямар нэгэн байдлаар алдаа гарч хэн нэгэн гарын үсэг зураагүй орхигдуулсан байх боломжтой энэхүү явдлыг шууд утгаар ажил огт хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь тухайн ажил хүлээлцэх акт гэх баримтыг ажил гүйцэтгэж дууссанаас хойш үйлдэж, ажил хүлээлцэх ажил явагддаг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөвхөн гарын үсэг зураагүйг ажлыг хийгээгүй гэж үзэхгүй.
Иймд шийдвэр үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй, хийсвэр дүгнэлт болжээ. Гэрч Б.А ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй. Гэрч тухайн актад чеклээгүй үлдээсэн асуудлыг ажил огт хийгээгүй гэж үзэх нь өрөөсгөл юм. Хавтаст хэргийн фото зургаар авагдсан “Төгс орчин” хотхоны А, Б, С блокийн ил, далд ажлын акт гэх баримтаар энэ барилгын угсралтын ажлыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн гэдгийг нотолдог. Тухайлбал, гэрээгээр тохирсон бүхий л давхар бүрийн угсралтын ажлын явцыг самбартай зургаар баталгаажуулсан. Энэхүү баримтаар ямар арматурчлалтай хийсэн гэдгийг шалгасны үндсэн дээр хүлээн авч улсын архивт хадгалдаг. Энэ талаар шүүх дүгнээгүй. Нотлох баримтыг буруу, хэт нэг талыг баримталж үнэлсэн.
8.3. Хэрэгт авагдсан албан бичгүүдийг шүүх хэт нэг талыг баримталж хариуцагчид ашигтай байдлаар тус баримтуудыг дүгнэж, үндэслэлгүй шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, дээрх мэдэгдэл шаардлагууд нь энэхүү иргэний хэргийн маргааны гол зүйлд хамаарахгүй байх бөгөөд барилгын ажил явагдах үйл явцтай холбоотой бусад асуудлын талаарх мэдэгдэл, шаардлага байгааг дурдах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр 1 дүгээр хавтаст хэргийн 42 талд авагдсан баримтаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 40, 2-17 тоот орон сууцнуудыг манай компанид хүлээлгэн өгсөн нь нотлогддог. Энэ үйл баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй дээрх шаардлага, албан бичгүүдийг үндэслэж, манай компанийг ажил гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй дүгнэснийг няцааж, тухайн цаг хугацаанаас хойш угсралтын ажлын хөлс болох бартерын орон сууцыг нэхэмжлэгчид өгсөн нь нотлогдоно.
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ТМ2024/02164 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл нь зохигчийн хооронд огт асуулт, хариулт явагдаагүй байдлаар буру бичсэн тул засвар хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар давж заалдах гомдол гаргах хугацаа дууссаныг дурдах нь зүйтэй байна. Дээрх байдлаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Тухайн 16 давхар барилга угсралтын ажил буюу арматур боох, цутгалт хийх асуудлыг Д ХХК -ийг гүйцэтгээгүй гэдэгт маргадаггүй. Харин хариуцагч нь 4 дүгээр давхарыг цутгаж дээшээ босгохдоо шавар нь гулзайгаад орж ирсний улмаас түүнийг янзлах ажил болон илүү гарсан алдааг засах талаар ярьсан. Уг ажлыг огт хийгээгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэхүү хана, таазны цутгалт нь нааш гулзайж гарч ирсний улмаас уналттай тааз хийх байдлаар зураг төслөөс нэмэлт зардал гарсныг удаа дараа шаардсан. Нэхэмжлэгчийн гомдолд албан бичгүүдийг ач холбогдолгүй гэж тайлбарладаг боловч уг албан бичгүүд нь ач холбогдолтой. Барилгаас А, В барилга эхэлж баригдсан ба С блок сүүлд баригдсан. А, В блокийн ажлыг хийхэд гарсан алдааг засах талаар удаа дараа шаардсан. Хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд А, В блокийн хэмжилтийг тулгаад гүйцэтгэх талын инженертэй хамт гарын үсэг зурсан. Үүнд 2,5 см-ээс илүү таазны алдаа гарсан учраас уналттай таазаар янзлах талаар талууд тохиролцсон боловч уг ажлыг огт хийгээгүй. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрт дурдсан албан бичгээр хоёр талын инженер техникийн ажилд хамтраад эдгээр ажлуудыг хийнэ гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч талыг хийхгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сард хэлэлцсэн асуудлыг 08 дугаар сард хийгээгүй болох дээрх албан бичгээр тогтоогдсон. Үүнд молдокны ажлыг хийгээгүй учраас хугацаа алдаж байгаа талаар мэдэгдсэн. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөн адил дээр албан бичгийг хүргүүлсний дараа 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин шаардлага хүргүүлсэн. Дээрх байдлаар удаа дараа шаардлага гаргасан боловч дээрх хугацаанд уг зөрчлийг арилгаагүй. Гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Тухайн гэрч худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар хуульд заасны дагуу мэдүүлэг өгсөн. Уг гэрчийн мэдүүлэгт ажил хүлээлцсэн актын талаар зөвлөсөн, зөвлөөгүй эсэх асуудлыг ярьдаг ба зөвлөөгүй бол тухайн ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд зөвлөөгүй, гүйцэтгэсэн ажлуудыг зөвлөсөн гэж тодорхой тайлбарласан. Мөн гарын үсэг зурсан асуудлууд яригддаг. Хэрэв захиалагч тал гарын үсэг зурахгүйгээр зөвхөн гүйцэтгэгч гарын үсэг зурснаар ажил хүлээлцсэн гэж үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн гол зүйл нь ажлын үр дүн ба ажил хүлээлгэж өгсөн гэж бичээд гарыг үсэг зураад түүнийг нь шүүхээс үнэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчинө, энэ талаар анхан шатын шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон. Тухайлбал, гарын үсэг зураагүй, хүлээж аваагүй, хүлээлцсэн актууд нь байхгүй учраас ажил хүлээлгэж өгөх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Үүнд С блокийн 12 давхараас дээш хүлээлгэж өгөөгүй, хүлээлцсэн гэж нэхэмжлэгчийн дурдсан асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хүлээлцсэн асуудал бөгөөд лифт угсраад үлдсэн нүх нь онгорхой байхад туузаар ороогоод битүүлсэн, шатны хаалт хийх зэрэг ажлыг хүлээлцсэн талаар акт болохоос угсралтын ажил тэр дундаа илүү гулзайсан хэгсийг молдокдоод, тэгшлэх ажлыг огт хийгээгүй. Эдгээр нөхцөл байдал нь ажил хүлээлцсэн гэх баримт биш бөгөөд үүнийг гуйвуулсан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Хэрэв ажлаа бүрэн гүйцэтгэсэн бол энэ талаар асуудлыг хөндөхгүй байсан. Хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл төлбөр тооцоог төлөхөд уг ажлыг маргаангүйгээр хийж гүйцэтгэсэн бол өнөөдрийг хүртэл энэ асуудлыг яриагүй, албан бичиг өгөөгүй гэж ярих зөв байх. Харин 2 орон сууц өгөөд сүүлийн төлбөрийг төлж төлбөр тооцоог дуусгасан байхад гэнэт шүүхэд хандсан. Бид төлбөр тооцоогоо дуусгаад, хүмүүст орон сууцыг хүлээлгэж өгөөд авсан хүмүүс нь нүүж орсны дараа уг асуудал яригдсан. Дээр дурдсан 2 орон сууцыг аль хэдийн төлбөрт тооцож аваад төлбөр тооцоогоо дуусгасан. Нийт * давхарын угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэх боловч гүйцэтгээгүй. Тухайлбал, С блокийн * давхраас дээш угсралтын ажлыг гүйцэтгээгүй. Өмнөх А болон Б блокийн ажлыг хийхдээ араам зангидаад бетон цутгасан болохоос тайг тастах, тэгшилгээ хийх зэрэг ажлууд хийгдээгүй. Фото зургаар бетон цутгах болон арматур зангидах ажлыг баталгаажуулсан болохоос гэрээнд зааснаар хүлээлгэж өгсөн асуудал биш юм. Барилгын норм стандартын дүрэмд зааснаар зөвхөн цутгаад арматур зангидаад орхидог бол нэхэмжлэгч талаар хийлгэх шаардлагагүй. Мөн давж заалдах гомдолд гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаар дурдсан. Тухайн гэрч нь хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.С-гийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Л, Д.Б нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д ХХК , Б.Б нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спортын цогцолборын хажууд баригдсан “Төгс орчин” хотхоны А блок барилгын 11 дүгээр давхарын *, *, * , * тоот, * давхарын * тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, 8,678,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төгс орчин хотхоны * дүгээр давхарын * тоот * давхарын * тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч Т ХХК нь “...Б.Б нь барилгын тусгай зөвшөөрөлгүй атлаа гэрээ хийсэн, гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй, бид дутуу ажлыг нь өөрийн хөрөнгөөр засаж гүйцэтгэсэн, барилгыг ашиглалтад оруулсан” гэсэн үндэслэлээр маргажээ.
3. Д ХХК , Т ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК , Б.Б нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар баригдах тухай гэрээгээр нэхэмжлэгч Д ХХК , Б.Б нар буюу гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх спорт цогцолборын баруун талд “Төгс орчин” хотхоны А блок барилгын 4-16 давхарын * давхар, Б блок барилгын 3-16 давхарын * давхар, С блок барилгын 2-16 давхарын 15 давхар, нийт ажлын хэмжээ 42 давхар /1 давхарын талбай 378 м.кв/ 15876 м.кв байх ба 1 м.кв талбайг 70,000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр, нийт 1,111,320,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хариуцагч Т ХХК буюу захиалагч нь 1,111,320,000 төгрөгийг төлөх үүргээс 444,528,000 төгрөгийг “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын *, *, * , 40 тоот * давхарын * тоот орон сууцнуудыг 435,850,000 төгрөгөөр тооцон зөрүү 8,678,000 төгрөгийн хамт хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон./1хх6-10, 11-16, 62-67/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
5. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар шүүх зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан Б блокийн * давхар, С блокийн * давхарыг хүлээлцэх актыг үнэлэн гүйцэтгэгчийг А блокийн * давхар, Б блокийн * давхар, С блокийн * давхаруудын ажлыг хийгээгүй, ажлын гүйцэтгэлийг доголдолтой хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Хариуцагч нь “...нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг доголдолтой байсны улмаас дутуу ажлыг өөрийн хөрөнгөөр засаж гүйцэтгэсэн” гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд хариуцагч байгууллагад нэхэмжлэгч Д ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгч байсан ба зохигч талуудын хооронд үйлдсэн ажил хүлээлгэн өгсөн актыг “...чагтлаагүй...” гэсэн шалтгаанаар тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.
Гэрч Б.А ын “...ажил дуусаагүй болохоор хүлээн авах боломжгүй, хийсэн ажил нь дутуу алдаатай” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагын “...гэрч Б.А ын мэдүүлгээр доголдолтой болох нь тогтоогдож байгаа” гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Иймд, нэхэмжлэгч нарыг гэрээгээр хүлээсэн ажлыг доголдолгүй гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй боловч хариуцагч Т ХХК нь “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын * тоот орон сууцыг иргэн Д.О-д, * тоот орон сууцыг иргэн Д.Б-д, * тоот орон сууцыг иргэн З.С-д орон сууц захиалах гэрээний дагуу тус тус эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч байгууллага нь гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсөнд оруулан тооцож авахаар тохирсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 8,678,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу байх тул хариуцагч байгууллагаас 8,678,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
7. Нэхэмжлэгч нарын “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын * тоот орон сууц, * тоот орон сууц, * тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй боловч гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийн мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч нар нь “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын * тоот орон сууц, * тоот орон сууц, ** тоот орон сууцны үнийг шаардаж нэхэмжлэл гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж орон сууцны үнийг гаргуулж шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй.
Нэхэмжлэгч нар нь гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэх хэсгээ хариуцагчаас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
8. Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК -аас 8,678,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК , Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд баригдсан “Төгс орчин” хотхоны А блокийн * давхарын *, *, * тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,380,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153,798 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д ХХК , Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,574,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН
.