Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

            улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007560306 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Их мянган овогт Б.Т, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Свердловск хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 4 дүгээр байр 11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .....................................................

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр такси үйлчилгээнд явахдаа үйлчлүүлэгч Д.Жаргалсайханы Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгуулийн ерөнхий хорооны байрны гадна буухдаа мартаж буусан Самсунг эс-7 эдж загварын гар утсыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тагнуулын ерөнхий газрын урд байх замаас такси бариад Тоёота Приус-30 маркийн цайвар өнгийн автомашин зогсоод Сонгуулийн ерөнхий хороо орохоор явсан. Явж байх үед жолооч болох 25 орчим насны эрэгтэй “ах утсаа өгөөч нэг дугаар луу ярих гэсэн юм гэж хэлээд миний утсыг авсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны урд ирээд буух үедээ би гар утсаа асуухаа мартаад буух үед тэр эрэгтэй аваад явчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-13-15х/,

Яллагдагч Б.Т мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хувийн 0665 УБА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Тагнуулын ерөнхий газрын урд талд байрлах Монгол банкны харалдаа хувиараа таксинд явж байсан чинь 50 орчим насны 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь суулгаад “хаашаа явах вэ” гэж асуухад “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” гэхээр нь явж байх замдаа ахаа “гар утсаараа нэг яриулаач” гэж гуйсан чинь нэг ах нь саарал өнгийн Эс-7 эдж маркийн гар утас гаргаж өгсөн. Тэгээд би нөгөө утсаар нь өмнөх өдөр нь таксидаад мөнгөө өгөөгүй нэг эгчийн 9910 тай нэг дугаар руу залгаж ярьчихаад машин барьж явсан тул утсыг нь өгөхөө мартаад хажуугийнхаа сандал дээр тавьсан байсан. Тэгээд нөгөө 2 ах ч буухдаа утсаа мартсан байсан ...Би ч гэсэн тухайн үедээ мартсан байсан тэгээд нөгөө гар утасны дуудлагыг авч ярилгүй цааш явж байгаад гар утсыг нь унтраасан. Баянхошуу орчихоод эргээд Драгон төв рүү явж байх замдаа нөгөө нөгөө гар утсыг нь асаагаад үзтэл /hi ah ni utsaa avya/ гэсэн мессэж ирсэн байхаар нь “би өөр газар явж байна хотын төв рүү ороод гар утсыг чинь өгье” гэсэн хариу мессэж бичсэн. Тэгээд нөгөө гар утсыг нь дахин унтраагаад сим картыг нь хогийн саванд хаячихаад гар утсыг нь Теди худалдааны төвийн гадна явж байсан явуулын хүнд 280.000 төгрөгөөр зарж борлуулсан ...гар утас зарсан 280.000 төгрөгөө 2 хоног хадгалж байгаад 3 дахь хоногоос нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд үрж дуусгасан ...Би утсаар ярьж дуусаад өгөх гэсэн чинь хойд талд сууж явсан 2 ах хоорондоо юм яриад анзаарахгүй байхаар нь би ч бас жолоо барьж явсан учраас анзааралгүй хажуугийн сандал дээр тавьсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,

“...Комиссын үнэлгээний дүн 500.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-20х/,

          Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8-9х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр такси үйлчилгээнд явахдаа үйлчлүүлэгч Д.Жаргалсайханы Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгуулийн ерөнхий хорооны байрны гадна буухдаа мартаж буусан Самсунг эс-7 эдж загварын гар утсыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Тг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.