Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00181

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би, З.М нэхэмжлэлтэй Б.Ө холбогдох гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгийг тогтоолгон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Би Б.Өэй 1994 онд гэр бүл болоод 2002 онд гэрлэлтээ хууль ёсоор батлуулсан юм. Бид хоёрын дундаас 1996 оны 03 сарын 10-нд охин М.Нямцэцэг төрсөн одоо 20 настай. МУИС-ийн 3 курсэд суралцдаг юм. Б.Ө бид хоёр 22 дах жилдээ хамтран амьдарч байгаа билээ. Бид хоёрын амьдралын эхний нэг хоёр жилүүдэд залуу насны хайр дурлал халуун дулаан уур амьсгалаар сайн сайхан эхэлсэн боловч харамсалтай нь даанч удаан үргэлжлээгүй юм. Үүний учир шалтгааныг хойно товч тодорхой өгүүлэх болно. Бид хоёр улс орон зах зээлийн харилцаанд шилжиж энэ нь айл өрх бүрийн амьдралд хүндээр тусч хэн авхаалж самбаа оюун ухаан хүч хөдөлмөрөө зөв дайчлан ажиллаж чадна тэр хүн амжилтанд хүрч ирээдүйд сайн сайхан амьдрах боломж бүрдэх нь ойлгомжтой болсныг ухааран мэдэрч амьдралынхаа эхний мөчөөс эхлээд худалдаа наймаа хамтран эрхэлж түүнийгээ улам өргөжүүлсээр өнөөг хүртэл ажиллаж багагүй хэмжээний өмч хөрөнгө хуримтлуулж яг өнөөдрийн байдлаар бараа бэлэн хувцасны Симба хэмээх 2 дэлгүүртэй нийслэл хотод болон Зүүнхараад орон сууцны барилгуудтай суудлын ба ачааны машинтай банкинд хадгаламжтай дэлгүүрүүдэд өдөр тутам худалдаалдаг бэлэн хувцас бусад бараа гэх мэт харицангуй их хэмжээний өмч хөрөнгөтэй болсон юм. Энэ өмч хөрөнгө бид хоёр хамтран өмчлөх дундын өмч учраас хэн нэг нь давуу эрх эдэлж аль нэгнийхээ эрх ашгийг хохироох үндэслэлгүй билээ. Гэтэл бид хоёрын амьдралын эхний үеэс буюу наймаа арилжаа хийж өмч хөрөнгө хуримтлуулж эхэлсэн тэр үеэс эхлээд бидний амьдралд хадам талын нөлөөлөл эрх мэдэл хүчтэй орж ирсэн. Тухайлбал хадам аав Бүрнээ, ээж Юмжирдулам нар охин Өэйгээ нийлээд бүх эрх мэдлийг гартаа авсан юм нийлээд намайг ганцаардуулж миний өмч хөрөнгөндөө эзэн байх өмч хөрөнгөө эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг хясан боогдуулж хязгаарлаж явсаар олон жил болсны эцэст өнөөдөр бид эд хөрөнгийн талаар ямар ч эрхгүй зөвхөн эхнэрийнхээ дохио зангаагаар хөдөлдөг зарц төдий боолын хөдөлмөр эрхлэгч амьтан болж хувирлаа. Надад найз нөхөр болон бусад хүмүүстэй уулзаж чөлөөтэй ярилцах утсаа чөлөөтэй хэрэглэх ийш тийшээ зорчих зэрэг өдөр тутмын үйл хөдлөл бүхэн эхнэрийн хатуу хяналтанд хязгаарлалтын дор байдаг хэн ч бодсон хүн ийм байдлаар амьдрахыг үл тэвчих нь ойлгомжтой. Гэхдээ би олон жил тэвчлээ. Одоо цаашид тэвчих цаг хугацааг дуусгавар болгохоос аргагүйд хүрэв. Ийнхүү олон жил хүлээцтэй эхнэр болон хадмуудынхаа дарамт доор амьдарсан  нь гэр бүлийн хүрээний болон эхнэрийнхээ нэр хүндийг боддог байлаа, нөгөө талаар төрүүлж өсгөсөн ганц охин маань бага байсан сүүлдээ оюутан болсон болохоор охиныхоо санаа сэтгэлийг үймүүлээд яахав гэж бодоод өнөөг хүртэл хүлээсэн билээ. Одоо бол охин маань нас биед хүрсэн бидний энэ асуудалд зөв дүгнэлт хийх чадвартай хэнийх нь зөв хэнийх нь бурууг ойлгож чадна гэдэгт итгэж байна. Би амьдарлынхаа энэхүү нөхцөл байдлыг урд нь хаана ч хэнд ч хэлж байсангүй одоо нэгэнт шүүхэд хандаж байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулах өмч хөрөнгөө хуваах болсон учир шалтгаанаа үнэн бодит байдлаар тайлбарлах нь миний үүрэг хэмээн ойлгож байна. Амьдралынхаа 20 гаруй жилд хөлс хөдөлмөрөө шавхаж байж бүтээж буй болгосон эд хөрөнгөө өмчлөх ямар ч эрх мэдэлгүй цаг мөч тутам хүний гэр харж байнгын шахалт дарамтанд дор амьдарна гэдэг бол байж болшгүй гудамшиг зовлон юм байна гэдгийг би амьдарлынхаа туршид яс махандаа тултал мэдэрч байна. Нөгөө талаар эхнэр бид хоёр хайр дурлал харилцааны халуун дулаан уур амьсгал аль хэдийнээ оргүй болсон. Гадна талаас нь харахад өмч хөрөнгөтэй чинээлэг амьдралтай мундаг сайхан гэр бүл юм байна гэж ихэнх хүмүүст ойлгогддог байж магадгүй. Гэтэл мөн чанар бодит байдал нь зүгээр л нэг дундын хөрөнгөд суурилсан салж ч чаддаггүй, байж ч чаддаггүй хэлбэрийн төдий гэр бүл гэж ойлгоход болно. Энэ үүднээсээ гэрлэлтийн баталгааг нь ямар ч утгагүй ач холбогдолгүй хоосон цаас болон хувирлаа. Үүний өмнө би шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандаж тухайн үедээ харилцан тохиролцож эвлэрч байсан боловч эхнэр маань шүүхийн хаалгаар гарсан цаг мөчөөс эхлээд харилцан ойлголцож эвлэрэх байтугай урьд нь надад ирдэг дарамт шахалт улам дордож би өнөөдөр хүнтэй харилцах утас ч байхгүй ганц ч төгрөгний эрх мэдэлгүй унаа машин байсан ч эзэмших ашиглах гэх мэт ер нь энгийнээр айлд толгой хорогдож өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм шиг л амьдарч байна. Ингээд олон зүйл үл нуршиж шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зүйл гэвэл

1. Б.Өээс гэрлэлтээ цуцлуулна

2. Б.Ө охин Нямцэцэг бид гурав хамтран өчлөх дундын өмч нийт үнийн дүнгээрээ миний тооцож байгаагаар 956.000.000 төгрөгийн зүйл байна. Үүнийг 3 хүнд хуваахад нэг хүнд ногдох нь 318.000.000 төгрөг болох юм.Үүний 636.000.000 төгрөгийн өмч хөрөнгийг эхнэр Б.Ө ээжтэйгээ хамт амьдарч байгаа охин Нямцэцэг нарт үлдээж өөрт оногдох 318.000.000 төгрөгийн эд хөрөнгийг авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: … М нэхэмжлэлтэй, Б.Ө надад холбогдох “гэр бүл цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт оногдох хувийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэлийг хариуцагч Ө би эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний нөхөр З.М бид хоёр 1994 оноос хамтран амьдарч, 1996 онд бидний дундаас ганц охин маань төрсөн, 2002 онд хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Миний хувьд нөхөр Маас гэр бүлээ цуцлуулах хүсэл сонирхол байхгүй, нөхрийгөө одоог хүртэл хүндэлж, архи дарснаас хол байлгах гэж хичээж явж байна. Нэхэмжлэлд дурдсан нөхрийгөө дарамталдаг асуудал огт байхгүй бөгөөд харин З.М нь архи ууж, охин биднийг байнга зодож дарамталж сэтгэл санааны дарамтанд байлгаж ирсэн. Бид хоёр анх хамтран амьдарч эхэлсэн эхний 2-3 жилдээ ажил амьдралаа босгох гэж хоёулаа зүтгэж байсан нь үнэн боловч удалгүй З.М байнга архи уудаг болж 20 гаруй жил архи ууж байна. Энэ хугацаанд би ажил, хувийн бизнесээ удирдан авч явж 20 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөж тодорхой хэмжээний хөрөнгүүдтэй болсон. Энэ хөрөнгүүдийг бий болгоход З.Маас илүү миний хичээл зүтгэл, хөдөлмөр орсон гэдгийг З.М хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Гэрлэлтээ цуцлууллаа гэж бодоход З.М архи уусаар өөрийн эд хөрөнгөө бусдад зарж, шилжүүлээд дуусч цаашид яаж амьдрах нь үнэхээр бүрхэг болох учраас санаа зовж байна. Миний нөхөр З.М олон жилийн турш архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэж, согтуурсан үедээ эд юмс авч шидэх, цохих, зодох зэргээр их муухай ааш гаргаж охин бид хоёрыг байнгын сэтгэл санааны дарамтанд байлгасан, мөн ажил амьдралаа авч явах гэж 20 гаруй жил зүтгэсний улмаас миний эрүүл мэндийн байдал эрс муудаж тархины цусан хамгамжийн дутагдал, савны хавдар, элэгний цериозын урьдчилсан шинж тэмдэг, бөөрний хавдарын шинж тэмдэг илэрсэн оноштой байнгын эмчилгээ хийлгэж байна. Мөн охин маань төрөлхийн зүрхний гажигтай төрсөн ба багаасаа сэтгэл санааны дарамттай орчинд өссөнөөс зүрхний хавхлаганы гажиг, зүрхний дутагдалд орох эрсдэлтэй болоод байна. Энэ бүх өвчнүүдийн учир шалтгаан нь байнгын дарамтанд байснаас болсон бөгөөд эмчилгээний зардал, төлбөрийг З.М хариуцах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй ба З.М дурдсан шиг 900 гаруй сая төгрөг хүрэхгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... З.М миний бие нь гэрлэлт цуцлуулж, дундын эзэмшлийн эд хөрөнгө хуваах нэхэмжлэл гаргасан. Одоо бид хоёр эвлэрсэн. Бидний дундын эзэмшлийн Симба нэртэй  барааны хоёр дэлгүүр байдаг. Энэ хоёр дэлгүүрийн урд талдаа байрладаг /Ачлал барааны дэлгүүрийн урд байрладаг/ 1-р дэлгүүрийн хоёр тасгийн хойд тасгийн эд юмс болон орлого зарлагыг захиран зарцуулах эрхийг миний бие дангаар эзэмшихийг эхнэр Б.Ө хүлээн зөвшөөрсөн. Иймд миний зүгээс эхнэрт үлдсэн гурван тасгийг захиран зарцуулах эрхийг мөн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч З.М, хариуцагч Б.Ө холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгийг тогтоолгон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тухайгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нь Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалттай нийцэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч З.М нэхэмжлэлтэй Б.Ө холбогдох гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгийг тогтоолгон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх тухай нэхэмжлэлд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг заасугай.

4. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 623 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

5. Энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.