Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2024/01291

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            24                                        210/МА2024/01291

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02221 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ц-ын Б ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б ХХК-д график дизайнерийн ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн.

1.1. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйл ажиллагаа хариуцсан захирал өөрийн багаа бүрдүүлж ажиллах тул чамайг хичээнгүйлэн ажилладаг учраас өөр албан тушаал буюу Зочин угтах албаны зохион байгуулагчаар ажиллуулах санал тавьсан. Ингээд ажил олгогчоос тулгасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Зочин угтах албаны зохион байгуулагчийн ажлыг гүйцэтгэсэн. Гэвч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.

1.2. Би ажлаас гарах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. Б.Ц-ийг график дизайнерийн албан тушаалаас чөлөөлсөн талаар ямар ч шийдвэр гаргаагүй, түүнд мэдэгдээгүй байж ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг зохион байгуулагчийн албан тушаалд харилцан тохиролцож томилсон гэх боловч нэхэмжлэгч нь тус албан тушаалд шилжүүлэн ажиллахыг зөвшөөргүй байхад ажил олгогч өөрөө шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Ц-д график дизайнерийн албан тушаал орон тоо хасагдсан гэж мэдэгдсэн атлаа нэхэмжлэгчийн оронд Э.Б гэж өөр хүн авч ажиллуулсан. График дизайнер нэрийг дижитал маркетар болгон өөрчилсөн байх тул энэхүү орон тоо нь тус компанид байгаа.

1.3. Дундаж цалин хөлс тодорхойлох журмад зааснаар сүүлийн 3 сарын цалингийн хэмжээг авч үзвэл 2023 оны 10 дугаар сард 800,000 төгрөг, 11 дүгээр сард 1,200,000 төгрөг, 12 дугаар сард 1,200,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг байх ба үүнээс нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг тооцвол 1,066,666 төгрөг болж байна. Иймээс сард ногдох ажлын өдрийг 21 өдрөөр тооцвол өдөрт 50,793 төгрөгийн цалин хөлс авч байсан байна. Иймд график дизайнерын албанд эгүүлэн томилогдохгүй. Харин ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,258,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б.Ц анх манай компанид график дизайнер орон тоонд ажилд орсон. Гэвч Маркетинг борлуулалтын албанд хэвлэлийн эх бэлтгэлийн ажил бараг хийгдэхгүй болж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар график дизайнер ажлын байрыг хассан. Үүнээс үүдэн нэхэмжлэгч Б.Ц-д өөр ажлын байрны саналыг амаар болон бичгээр өгч, ажилтан зөвшөөрсний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл З-нд зохион байгуулагч албан тушаалд нэг сарын хугацаанд ажилласан. Гэвч уг ажилд ажиллахгүй гэсэн тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Ц ыг ажлаас чөлөөлөхдөө манай компанийн Хүний нөөцийн ажилтан алдаа гаргасан тул энэхүү тушаалыг хүчингүй болгоод Зочин угтах албаны зохион байгуулагчийн ажлын байранд эгүүлэн томилох тушаалыг гаргасан.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаар нэхэмжлэгч нь энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.2-т зааснаар маргаан таслах комисст гомдол гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй тул шаардлага гаргах эрхээ алдсан байна. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын хувьд Зохион байгуулагчийн ажлаас чөлөөлсөн байдаг ч аль аль ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориггүй байсан гэж тайлбар гаргасныг харахад өөр албан тушаалд томилогдсон талаараа мэдэж байсан гэдгийг нотолж байна. Манай компани 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан цалин хөлсийг олгох боломжтой. Нэхэмжлэгчийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилох тушаал гарсан хэдий ч ирж ажиллаагүй тул энэ хугацаанаас хойш ажилгүй байсан цалин хөлсийг олгох боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг хариуцагч Б ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,258,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 239,240 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.1. Б ХХК-ийн бүтэц, орон тоо шинэчлэгдэж зарим ажлын байрыг хасагдсантай холбоотойгоор тус компанид график дизайнерийн ажлын байранд ажиллаж байсан Б.Ц-д мэдэгдэх хуудсаар өөр ажлын байранд шилжин ажиллах талаар санал гаргасан байгааг мэдэгдэж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл З-нд зохион байгуулагчаар ажиллах, ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэлтэй Б.Ц нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийнхүү, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирапын ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зочин угтах албаны зохион байгуулагч албан тушаалд шилжүүлэн томилж ажиллуулж 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгохоор тохиролцсон ч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ үйл баримт хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан баримтаар мөн нотлогддог.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан бөгөөд шаардлагад “2022 оны 12 дугаар сарын 01 -ны өдөр өөр ажилд шилжүүлэн томилсон тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан График дизайнерийн албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 13,053,968 төгрөгийг гаргуулах” шаардлага гаргасан. Дээрх шаардлагыг харвал, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаал нь З-нд зохион байгуулагчаар ажлаас чөлөөлөх тушаал байсан. Ийнхүү уг тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан нь уг ажлын байранд ажиллахаа хүлээн зөвшөөрсөн агуулга харагдаж байгаа. Гэтэл график дизайнерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

4.3. Б.Ц нь өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссд хандах эрх нээлттэй байсан. Ийнхүү, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул, график дизайны албан тушаалд эгүүлэн томилуулахаар шаардлага гаргах эрхээ алдаж, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дээрх хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй гэж заасан байхад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Б.Ц ыг цалингийн хэмжээ бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилсон. Гэтэл анхан шатны шүүхээс “Шилжүүлэн томилохдоо, хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгох боломжтой байсан ч өөрийх нь ажлын хичээл зүтгэл чармайлтыг үндэслэн харилцан тохиролцож, ажиллуулахаар болж, өөр албан тушаалд ажиллуулсан тул “өөрөөр шилжүүлэн томилох бус, харин түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, улмаар адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй билээ. Талуудын хооронд хийгдсэн мэдэгдэх хуудсаар Б.Ц ажлаас чөлөөлөгдөх талаар мэдсэн, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атал шүүхийн шийдвэрээр шаардах эрхээ алдсан график дизайны ажил албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацааны хөлс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч мөн нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах гэж гаргасан атлаа шүүх хуралдааны явцад уг шаардлагаасаа татгалзсан тул мөн ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулах шаардлага хангагдах ёсгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага ажлын байранд нь эгүүлэн тогтоож, ажилтан нь ажилласан нөхцөлд энэ хуулийн шаардлага биелэгдэх учиртай. Мөн хариуцагчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаазаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан хэмээн үзэж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №23/025 дугаар үндсэн ажилтнаар эгүүлэн томилох тухай тушаал гаргаж, Б.Ц ыг Зочин угтах албаны зохион байгуулагч албан тушаапд эгүүлэн томилсон. Гэвч, нэхэмжлэгчийн зүгээс ажил албан тушаалд ирж ажиллаагүй байхад анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

4.5. Хариуцагчийн зүгээс, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “2023 оны 02 дугаар сараас 2023 оны 10 дугаар cap хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэ баримт нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагатай хамаараптай, хариуцагчаас татгалзалын үндэслэлээ тайлбарлахад ач холбогдолтой баримт байсан.

4.6. Уг цалин хөлстэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанд шийдэгдээгүйгээс хамаарч их хэмжээний хохирол байгууллагад учирч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг товлуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь анх график дизайнерын албан тушаалд ажиллаж байгаад тухайн ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй, харилцан зөвшилцөөгүй байхад З-нд томилсон. Би уг ажлыг хийж чадахгүй гэдэг байдлаар зөвшөөрөөгүй байхад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, тушаал гаргахгүйгээр З-нд томилсон. Үүнд Б.Ц нь график дизайнерын ажлын байранд ажиллана гэж бодсон учраас өөр ажилд томилсон гэдгийг мэдээгүй байсан. Мөн орон тоо хасагдсан буюу тухайн этгээдийг ажлаас чөлөөлөхдөө гэрээт компаниар хийлгэхээр болсон гэж дурдсан. Гэрээт компаниар хийлгэхээр дурдсан орон тоо хасагдаагүй байхад өөр ажилд шилжүүлсэн бөгөөд Б.Ц-ын оронд өнөөдрийн байдлаар график дизайнерын ажлын байрны тодорхойлолтыг дижитал маркет болгоод н.Баярсайханыг ажиллуулж байна. Түүнчлэн, Зочин угтах албаны албан тушаалд томилсон хэдий Б.Ц нь өдөр бүр график дизайнерын ажлаа хийж гүйцэтгэсээр ирсэн ба график дизайнерын албан тушаалаас чөлөөлсөн тушаал байхгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Зохион байгуулагчийн албан тушаалд шилжүүлэн ажилласныг хүлээн зөвшөөрөөгүй байхад тушаал гаргаад харилцан тохиролцсоны үндсэнд ажилд шилжүүлсэн гэх боловч харилцан тохиролцсон зүйл байхгүй. Мөн Б.Ц нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн буюу өргөдлөө өгсөн гэх боловч өргөдөл өгөөгүй, ажил олгогчийн шахалт шаардлагын дагуу ажлаас чөлөөлөгдсөн болохоос өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б ХХК нь ажилтан Б.Ц тай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар Маркетинг борлуулалтын албанд график дизайнерын албан тушаалд томилогдсон./хх4-9, 11/

3.1. Б.Ц ажиллаж байх хугацаанд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар түүнтэй харилцан тохиролцсон гэж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зочин угтах албаны зохион байгуулагчийн албан тушаалд шилжүүлэн томилсон./хх-46/

3.2. Улмаар Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын 1 дэх заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 22.8 дахь заалтад тус тус зааснаар “Тус компанийн З-нд зохион байгуулагч албан тушаалтай Б.Ц ийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-12/

3.3. Б.Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 24 тоот хуралдааны тэмдэглэлээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх, харилцан тохиролцох боломжгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-ийг Б ХХК-ийн Маркетинг борлуулалтын албаны график дизайнерын албан тушаалаас чөлөөлж, Зочин угтах албаны зохион байгуулагч албан тушаалд шилжүүлэн томилсон тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Учир нь ажилтан өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг анхааралгүй Б.Ц-ийг өөр ажилд шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Тодруулбал, Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалд ажилтан Б.Ц гомдол гаргаагүй тул уг тушаал хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

5. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар Б.Ц ыг Зочин угтах албаны зохион байгуулагчийн албан тушаалаас ажилтны өөрийн хүсэлтийг үндэслэн гаргасан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хариуцагч Б ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.Ц ыг тус компанийн З-нд зохион байгуулагч албан тушаалд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан болно.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч Б ХХК-аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс Зочин угтах албаны зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож олгох байхад шүүхийн шийдвэр гарах өдрөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц ийн ажилгүй байсан дээрх хугацаагаар тооцоход 48 өдрийн олговор нийт 2,438,112 төгрөг /50,794 төгрөг х 48 хоног/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02221 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,438,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,819,888 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж

2 дахь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталсугай.” гэсэн заалт нэмж,

3 дахь заалтын “...239,240” гэснийг “53,960” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 239,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД                             Т.БАДРАХ

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН