| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0198/э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 245
2019 03 15 2019/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Г.Ганбагана;
шүүгдэгч: Б.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Б.Ст холбогдох эрүүгийн 1909001740174 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ......................, ял шийтгэлгүй, ...........регистерийн дугаартай, Боржигон овогт Батчулууны Б.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 7 буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” хүнс барааны дэлгүүр дотор иргэн Х.Эыг “посс машинаараа карт уншуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Э /хх-ийн 5-6/, гэрч П.Оюунгэрэл /хх-ийн 16-18/ нарын мэдүүлэг, Б.Сийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 991 тоот дүгнэлт /хх-ийн 23/, хохиролын баримтууд /хх-ийн 37-40/, Б.Сийн хүсэлт /хх-ийн 43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 7 буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” хүнс барааны дэлгүүр дотор иргэн Х.Эыг “посс машинаараа карт уншуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Х.Эын /хх-ийн 12-13/: “...Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах 7-н буудлын “Хүсэл” нэртэй хүнс барааны захад гутлын 236 тоот лангууг түрээслэн ажилладаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим миний өөдөөс харсан гоо сайхны лангуу түрээслэдэг 22а лангууны түрээслэгч Б.С гэдэг эмэгтэй намайг “та посс машинаараа карт уншуулаад 200.000 төгрөг гаргаад өгөөч” гэхээр нь “манай посс” машин манай нөхөр Оюунбаатарын нэр дээр байдаг, Оюунбаатар өөрөө Хятад улс руу явсан учраас мөнгө авч өгөх боломжгүй тухайгаа хэлэхэд Б.С лангууныхаа араар орчихоод намайг “муу хөгшин тэнэг авгай, эргүү тэнэг” гээд хараагаад байхаар нь миний тэвчээр алдагдаж уур хүрээд түүний лангуу руу нь явж ороод “чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ, чи битгий хүн доромжлоод байгаарай” гэхэд Б.С намайг “гар зайл” гээд түлхэхээр нь би өөрийг нь түлхээд бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад коридорт гарахад нэг хүн бид хоёрыг салгаад зогсож байтал Б.С намайг түлхэж унагаагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөхөөр нь миний хажуугийн лангууны Оюунгэрэл гэдэг хүн Б.Сийг салгаад лангуу руу оруулаад намайг босгохоор нь би “Сараа чи намайг яагаад зодож байгаа юм бэ?” гэхэд намайг Б.С дахиж түлхээд би нуруугаараа өөрийнхөө лангууг мөргөсөн. Тэгээд би лангуун дотроо орж эд зүйлсээ янзалчихаад гэртээ харьсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч П.Оюунгэрэлийн /хх-ийн 16-18/: “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүсэл” төвийн 1 давхарт байрлах барааны зах дээр өөрийн эзэмшлийн лангуун дээрээ зогсож байхад Э эгч Сараагийн лангуун дээр очиход эмэгтэй хүмүүсийн чанга чанга гарах дуу чимээ хэрүүл хийгээд байгаа юм шиг болохоор нь Э Сараагийн үснээс гараараа зулгаасан харин Сараа болохоор Эын цамцнаас нь зулгаасан зогсоод хоорондоо хэрэлдээд байж байсан юм. Тэгэхээр нь би “одоо та хоёр больцгоо” гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Би Сараагийн цамцнаас нь татаад Э эгчээс холдуулсан чинь Э эгч газарт унахаар нь Э эгчийг газраас босгоод одоо та хоёр тайвшир гэж хэлсэн юм. Тэр хоёр дахин хоорондоо хэрүүл хийгээд зогсоод байсан. Тэр хоёр хоорондоо дахин барьцалдаж авах гээд оролдохоор нь би Э эгчийг бариад Сараагийн нэг эрэгтэй дүү нь Сарааг бариад тэр хоёрыг бие биенээс нь холдуулсан юм. Тэгээд тэр хоёр өөр зодоон гаргаагүй ...” гэх мэдүүлгээр,
Б.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-6/: “Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын “Хүсэл” төвийн гоо сайханы өөрийн ажиллуулдаг лангуун дээр зогсож байсан юм. Тэгээд өөрийн ХААН банкны картнаас мөнгө авах гээд хажуу талын лангууны Э эгч дээр очоод “таны ХААН банкны карт уншуулдаг посс машинаар карт уншуулмаар байна эгчээ” гэж хэлэхэд “Э эгч ХААН банкны карт уншихгүй” гэж хэлэхээр нь “өнөөдөр мөнгийг авахгүй маргааш мөнгийг авъя” гэж хэлсэн чинь Э эгч “маргааш бас мөнгө өгөхгүй гэсэн...”. Тэгэхээр нь би карт уншуулахгүй таныг бодоод посс машинаар чинь карт уншуулчья гэж бодсон юм гэж хэлсэн чинь “чи гичий биз дээ, шар үстэй янхан минь танайхан халтар юмнууд энэ хавиар явдаг биз дээ” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. ...Э эгч над дээр ирээд миний хувцаснаас зуураад бариад байхаар нь би “явмаар байна, миний хувцаснаас тавьчих” гэж хэлээд миний хувцаснаас бариад байсан гарыг нь тавиулсан чинь Э эгч нь миний үснээс зулгааж тонгойлгож дараад лангуунаас гаргаад өөрийнхөө лангуу хавьцаа үснээс зулгаасан байдалтай чирээд байсан. Би “тавиач” гэж орлоод байхад үснээс зулгаасан гараа тавихгүй байсан. Оюунгэрэл гэдэг нэртэй хүн ирээд Э эгчийг үснээс зулгаасан гарыг тавиулсан юм. Тэгэхээр нь “чи ямар балай авгай вэ”? гэж хэлээд Э нь эгчийг нэг удаа түлхсэн чинь газарт унасан тэгэхээр нь нүүрэн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд Э эгч нь миний нүүр лүү өшиглөсөн гээд уйлаад байсан....” гэх мэдүүлгээр,
“...Х.Эын биед уруулд шарх, баруун зүүн гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Сийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Х.Эын “ миний бие Б.Сээс хохирол 343.800 төгрөг авсан, эвлэрсэн тул гомдол саналгүй ” гэсэн баримт хэргийн 44, 45 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Сийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч .......Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ