Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/00846

 

2016 оны 08 сарын 22 өдөр

   Дугаар 151/ШШ2016/00846

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 8-17 тоотод оршин суух Д.Батчимэг, А.Зоригоо нарт холбогдох,

зээл, хүү 6 782 940 төгрөг гаргуулах тухай

“Түмэн мод” банк бус санхүүгий н байгууллагын гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08 өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Даваа овогтой Батчимэг нь  2014 оны 12 сарын 05 өдөр “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагатай харилцан тохиролцон гэрээ хийж 12 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй 2015 оны 12 сарын 04 өдрийг хүртэл 3 500 000 төгрөгийг зээл авсан болно.

2014 оны 12 сарын 22 өдрөөс хойш 563 хоног графикийн дагуу ямар ч зээл хүүгийн төлөлт хийхгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж тус байгууллагыг үндсэн зээл 3 499 367 төгрөг, 5%-ийн хүү 3 283 573 төгрөгөөр хохироогоод байна.

Нийт манай байгууллагад 6 782 940 төгрөгийн хохирол учруулсан. Иймд иргэн Даваа овогтой Батчимэгээр хохирлоо төлүүлэхээр шүүхийфн байгууллагад хандаж байгаа манай байгууллагын хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэж учирсан хохирлыг нэн даруй барагдуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Батчимэг, А.Зоригоо  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“... 2014 оны 12 сарын 05 өдөр “Түмэн мод” ББСБ-с 12 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй 3 500 000 төгрөгийн зээл авсан юм. Уг зээлээ цаг хугацаанд нь  гэрээний дагуу төлж барагдуулаагүй бусдын ажилд хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.

2015 онд нөхөр минь ажилгүй, би өөрөө төрийн архивын тасагт гэрээт архивч, операторчинаар ажиллаж байсан. Миний сарын цалин 413 000 төгрөг, үүнээс 2014 онд Хаан банкнаас авсан өрхийн зээлийн төлбөрт 200 000 төгрөгийг, үлдсэн 213 000 төгрөгийг өрхийн хэрэгцээндээ зарцуулаад уг ББСБ-аас авсан зээл төлж чадалгүй өдийг хүргэсэн юм.

Гэрээт архивчаар ажилладаг байсан учраас Хаан банк болон бусад банкууд цалингийн зээл олгох боломжгүй гэдэг байсан. 2016 оны 02 сарын 10 өдөр нөхөр минь хүний оронд ажилд орсон байсан бөгөөд 03 сарын 10 өдөр ажил мэргэжлийн шалгалт өгч тэнцэн, уг ажилдаа цаашид үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Иймд 09 сарын 10 өдөр уг байгааллагадаа 6 сар ажиллаж цалингийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа учир 09 сарын 15 өдрийн дотор зээл, зээлийн хүү болох 6 782 000 төгрөгийг бүрэн барагдуулах болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Батчимэг, А.Зоригоо нараас зээл, хүү 6 782 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Батчимэг, А.Зоригоо нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 21/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилж буй зээл, хүү 6 782 940 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 Хариуцагч Д.Батчимэг, А.Зоригоо нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. “Түмэн мод” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага зээл, хүү 6 782 940 төгрөгийг хариуцагч Д.Батчимэг, А.Зоригоо нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 447 төгрөгийн 50 хувь болох 61 723.5 төгрөгийг улсын төсвөөс, 61 723.5 төгрөгийг хариуцагч Д.Батчимэг, А.Зоригоо нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түмэн мод” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар  зохигч  давж заалдах,  хяналтын  журмаар  хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Э.АРИУНАА