Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2020/04450/И |
Дугаар | 210/ма2024/01290 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/ма2024/01290
2024 06 24 210/МА2024/01290
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02241 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч П ХХК холбогдох,
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 191,200,586 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,
2019 оны 03 сарын 29-ний өдрийн А19-09 дугаар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд бартераар төлөхөөр тохиролцсон орон сууцны үнэ 169,551,250 төгрөг, бэлэн төлбөрийн үлдэгдэл 44,717,186 төгрөг, алданги 44,121,411 төгрөг, нийт 258,389,847 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани П ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А19-09 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь хавсралт №1-д заасан нийт 912,889,520 төгрөгийн үнэ бүхий зохих чанарын нэр төрлийн цонх, хаалга, татуурга зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг нэхэмжлэгчид худалдан борлуулж, 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 05-ны өдрийн хооронд гэрээнд заасан ажлаа бүрэн дуусган хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.
1.1. Хариуцагч гэрээт ажлаас 145,330,450 төгрөгийн ажил гүйцэтгээгүй. Бид 2019 оны 10 сарын 28-ны өдөр 456 тоот албан бичгээр хариуцагчийг ажил үүргээ 2019 оны 10 сарын 31-ний өдөр гэхэд бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхгүй бол мөн өдрөөр гэрээний 16.1.1-д заасны дагуу гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн. Энэ хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хүлээлгэн өгөөгүй тул мэдэгдэлд заасан хугацааны дагуу гэрээг цуцалсан.
1.2. Гэрээ цуцалсантай холбоотойгоор П ХХК-аас гүйцэтгээгүй үүргийн 145,330,450 төгрөгөөс гэрээний 12.2-т заасны дагуу 0,2 хувийн алданги тооцоход 290,660 төгрөг ба үүнийг 2019 оны 05 сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 179 хоногийн хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилд тооцож алданги 52,028,140 төгрөг, гэрээний 16.1.3-д заасны дагуу алдаатай болон детал дутуу бүрдэлийн ажлыг бусдаар нөхөн гүйцэтгүүлэхэд гарсан зардал 49,994,500 төгрөг, гэрээт ажлаас огт хийгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан үнийн дүнгийн зөрүүнээс учирсан хохирол 16,900,641 төгрөг, өмгөөллийн төлбөр 9,000,000 төгрөг, мөн хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг бусдаар нөхөн гүйцэтгүүлэхэд гарсан зардал буюу “Х” ХХК-аар цонхны тохиргоо хийх, резин солих дутуу ажлыг хийлгэж гүйцэтгүүлсний зардал 25,927,305 төгрөг, нийт 191,200,586 төгрөгийг хариуцагч П ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2018 оны 07 сарын 01-ний өдөр 2018/М/06 тоот гэрээг байгуулсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 03 сарын 29-ний өдрийн А19-09 дугаар бараа материал худалдах, худалдан авах гэрээ дахин байгуулсан. Уг гэрээний 6.1 болон гэрээний хавсралт №1-д заасан 912,889,520 төгрөгийн үнэ бүхий нэр төрлийн цонх, хаалга, татуурга зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлж угсрах, Н ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
2.1. Гэрээний дагуу нийт 776,713,660 төгрөгийн бараа угсарсан. Учир нь С апартмент үйлчилгээ бүхий орон сууцны барилгын урьдчилсан төлөвлөгөөт ажлаар хийгдэх хаалга, цонхны нүхний хэмжээ нь ажил дуусахад гүйцэтгэлээр бүх онгорхой хаалга, цонхонд хийгдсэн ажлын хэмжээнээс их буюу зөрүүтэй байсан. Гэтэл нэхэмжлэгчээс 552,577,904 төгрөгийн төлөлт хийж, гэрээний хугацаанд бэлэн 37,577,904 төгрөг, шинэчилсэн гэрээний дагуу 50,000,000 төгрөг төлсөн.
2.2. Манай зүгээс шинэчилсэн гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 01 сарын 28-ны өдрийн нэхэмжлэгч талын гаргасан тооцоо нийлсэн актаар 544,937,304 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2018 онд багтаан нийлүүлж угсарсан. Нэхэмжлэгч тал 2019 оны 10 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, өөр төлбөр төлөөгүй учир өгсөн мөнгөнд таарсан ажил хийж, үлдэгдэл ажлыг санхүүжилт шийдвэрлээгүй тохиолдолд хийх боломжгүйг хэлж санхүүжилтгүйн улмаас ажлыг орхисон.
Нэхэмжлэгч нь төлөвлөгөөт буюу хаалга цонх хийгдэх боломжгүй онгорхой нүхгүй, битүү ханатай газарт хаалга, цонх гаргасангүй хэмээн хийсвэр дүнгээр төлбөр нэхэж, түүнээс алданги тооцсон нь үндэслэлгүй. Бидний буруугаас болж барилга тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүйгээс Н ХХК -д 37,350,000 төгрөгийн хохирол учирсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийт хийсэн ажил, нийлүүлсэн барааны дүн 776,713,660 төгрөгөөс нэхэмжлэгч бэлэн төлөлтөөр 305,577,904 төгрөг, бартераар 247,000,000 төгрөг, нийт 552,577,904 төгрөгийг төлсөн. Манай компани санхүүжилтээс давсан 224,135,756 төгрөгийн илүү ажил хийсэн.
2.3. Нэхэмжлэлд дурдсан хууль зүйн туслалцаа авсан 9,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийн зөрчил гаргасан компани нь Н ХХК өөрөө байхад өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо арилгуулахаар өмгөөлөгч хөлслөн авсан нь манай компанид хамааралгүй тул нэхэмжсэн нь үндэслэлгүй гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Гэрээ дүгнэсэн актаар нийт хийсэн ажил буюу хавсралт 1-6 дахь хэсэгт заагдсан ажлын гүйцэтгэлээр нийлүүлж угсарсан барааны дүн 767,559,070 төгрөг болсон. Гэрээний хавсралт №2-т заасны дагуу Н ХХК-аас нийт бэлэн төлөлтөөр 496,284,270 төгрөг төлөх ёстойгоос 305,577,904 төгрөгийг хугацаа алдагдуулж төлсөн. Бартераар 247,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Ингээд нийт бэлнээр болон бартерын журмаар 552,577,904 төгрөгийн төлөлт хийсэн байна. Хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн болох 767,559,070 төгрөгийн дүнг 2020 оны 09 сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ ажлын хөлсний үлдэгдэл 214,981,136 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд уг гэрээ дүгнэсэн актад тусгагдсан бартераар төлөхөөр тохиролцсон байсан орон сууцны үнэ 169,551,250 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 45,429,886 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй алдангид нийт 44,121,411 төгрөг, нийт 258,389,847 төгрөгийг Н ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Орон сууцыг шилжүүлж өгөх харилцааг гэрээгээр тохиролцсон. Гэрээний хавсралтаар тохирсон хийх ёстой ажил дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй, гэрээ дүгнэгдээгүй учраас бид хариу үүрэг буюу төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгтт заасны дагуу татгалзах эрхтэй. Хариуцагч үүргээ биелүүлээгүй байж орон сууцны үнэ шаардсан нь үндэслэлгүй. Бүрэн гүйцэт хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг бид төлнө. Эхлээд урьдчилгаа төлсөн. Үүнээс хойш ажлын гүйцэтгэлээр дүгнээд хөлс олгогдох ёстой. Хариуцагч хэзээ бидэнд ажлыг хүлээлгэж өгнө, тэр үед төлбөрийг төлж байсан. Өөрсдөө хугацаа хэтрүүлж өгчихөөд одоо төлбөрийг хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2019 оны 10 сарын 31-ний өдрөөр цуцлагдсан тул гэрээний үндсэн үүрэг, алдангийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 124,422,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК -д олгож, нэхэмжлэлээс 66,777,946 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК -аас 258,389,847 төгрөг гаргуулан хариуцагч П ХХК олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,272,316 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,385,967 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 780,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,449,899 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх алдангийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээний хавсралт №2-т зааснаар 2019 оны 04 сарын 15, 2019 оны 04 сарын 30, 2019 оны 05 сарын 05-ны өдрүүдэд санхүүжилтийг олгохдоо ажлын явц дахь гүйцэтгэл дээр үндэслэн олгохоор харилцан тохиролцсон. Хариуцагч компанийн гүйцэтгэх үүргийн хугацаатай уялдуулан санхүүжилтийн графикийг тогтоосон ба гэрээний хавсралт 3-т зааснаар ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй хугацаа хожимдсон бол гүйцэтгэлийн дагуу олгогдох дундын санхүүжилтийн хугацаа гэрээний хавсралтад заасан хугацаанаас хэд, хэдэн хоногоор хойшилсон. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар болон талуудын хооронд зөвхөн нэг удаа дундын санхүүжилтийн тайлан үйлдэгдсэн байдаг ба уг баримтаар ажил гүйцэтгэсэн сүүлийн хугацаа нь 2019 оны 10 сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдөр гэж тусгасан нөхцөл байдлаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд хариуцагч талд санхүүжилтийг хавсралтад заасан хуваарийн дагуу олгоогүй үндэслэлээр нэхэмжлэгчээс алданги 44,121,411 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Ажлын явц, гүйцэтгэлд талууд маргаагүй. Харин гүйцэтгэлээр тохирсон хугацаанд ажлаа гүйцэтгэсэн байхад төлбөрөө төлөөгүй гэж үзсэнд маргасан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт гэрээг цуцалсанд талуудын хэн аль нь буруутай байна гэж үзсэн. Хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан баримтаар 2019 оны 04 сарын 09-ний өдөр Н ХХК -аас 2019 оны 04 сарын 15-ны өдөр П ХХК төлбөрийг бүтэн олгоно гэж дурдсан бөгөөд уг баримт байгаа учраас манай хийсэн ажлыг хүлээн зөвшөөрсөн, гүйцэтгэгч өөрсдөө дутуу байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд энэ хугацаанаас хойш буюу 2019 оны 05 сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 01-ний өдөр 88,000,000 төгрөгийг хугацаандаа олгоно гэж заасан нь гэрээний хугацаа болон нэхэмжлэгчийн өгсөн мэдэгдлээс хойш төлбөрийг төлсөн учраас гэрээний заалтыг үндэслэн алданги шаардсан нь үндэслэлтэй. Мөн 2019 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч тал өөрсдөө хүлээн зөвшөөрөөд 10,000,000 төгрөг төлсөн. Гэрээнээс хойш төлсөн 10,000,000 төгрөгийн төлбөрт тааруулаад мөнгө төлсөн. 2019 оны 04 сарын 30-ны өдрийн албан тоотод нэхэмжлэгч компани цонхны амалгаа хийхэд шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэх талаар мэдэгдээд уг ажлыг хийсний дараа хариуцагч талаас ажлаа гүйцэтгэнэ гэх албан тоотыг хүргүүлсэн. Хариуцагч талаас 767,559,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал уг ажилд 552,577,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба төлбөрийг бэлэн мөнгө болон бартераар төлсөн. Өөрөөр хэлбэл, П ХХК-ийн хийсэн ажилд 767,558,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн атлаа үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл 214,981,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Анхан шатны шүүх алданги тооцож гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг дэмжиж байна гэжээ.
8. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Гэрээний дагуу хийх төлөвлөлтийн дүн буюу С апартмент үйлчилгээ бүхий орон сууцны барилгын урьдчилсан төлөвлөгөөт ажлаар хийгдэх бүхий л онгорхой хаалга, цонхны нүхний хэмжээнд хаалга цонх суулгаж ажлаа дуусгасан. Гэтэл урьдчилсан төлөвлөгөөт ажлын дүн болон гүйцэтгэж дууссан ажлын дүнгийн хоорондоо зөрүүтэй болно. Гэрээт ажлыг гүйцэтгэлээр бүгдийг хийж дууссан байхад төлөвлөгөөт буюу хаалга, цонх хийгдэх боломжгүй онгорхой нүхгүй битүү ханатай газарт хаалга цонх гаргасангүй хэмээн хийсвэр дүнгээр буюу 145,330,450 төгрөгөөс алданги тооцсон нь үндэслэлгүй.
8.1. Хэрэгт цонх, хаалга дутуу хийж гүйцэтгэсэн гэх баримт авагдаагүй, хариуцагч нь баримтаар нотолж чадаагүй. Иймд гүйцэтгээгүй үүрэг гэх 145,330,450 төгрөгөөс алданги тооцож байгаа атлаа уг үлдсэн гэх ажил нь яг ямар ажил болох, ямар цонх, хаалгыг шинээр хийлгэх шаардлагатай байгаа, ямар нэгэн компаниар гүйцэтгүүлж хийлгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Гэрээний хавсралтад дурдагдсан 7, 8, 9 дэх хэсэгт заагдсан ажил металл хаалга татуурга нийлүүлж угсрах 68,300,000 төгрөгийн ажлыг харилцан тохиролцож хасалт хийсэн нь гэрээний талуудаас 2019 оны 03 сарын 21-ний өдрийн тооцоонд металл хаалга, хана, техникийн давхар ороогүй тооцоо гэж хүлээн зөвшөөрсөн акт үйлдэгдсэн болно. Гэтэл зөрүү 77,030,450 төгрөгт бус 145,330,450 төгрөгийн ажилд хамааруулан үзэж алданги тооцож байгаагаас дүгнэхэд үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэлд гүйцэтгээгүй үүрэг 145,330,450 төгрөг түүний алданги 52,028,140 төгрөг, алдаатай болон металл дутуу бүрдэл бусдаар нөхөн гүйцэтгүүлэхэд гарсан зардал 49,994,500 төгрөг, гэрээт ажлаас хийгээгүй ажлыг бусдаар нөхөн гүйцэтгүүлэхэд гарсан зардал 16,900,641 төгрөг, дутуу хийгдсэн ажлыг дахин өөр компаниар хийлгэсэн зардал 25,927,305 төгрөг гэж нэхэмжилсэн. Дээрх агуулгаас үзэхэд гүйцэтгээгүй үүрэг гэх нэр томъёог 4 өөр байдлаар илэрхийлэн давхацуулсан нь шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх явцад асуултад хариулж буй байдлаас тодорхой дүгнэгддэг. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн улмаас гэх 145,330,450 төгрөгт 52,028,140 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь ямар ажил орж байгааг тодорхойлоогүй. Иймд дээрх үндэслэлүүдээр алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
8.2. Ж.О 4,000,000 төгрөг, Ш.Н 3,000,000 төгрөг, Ч.С 1,000,000 төгрег, А.Ц 5,400,000 төгрөг, нийт 13,400,000 төгрөг болж байхад 22,400,000 төгрөг гэж нийлбэрийг буруу бодсон. Мөн хариуцагч талаас болж барилга ашиглалтад хугацаандаа ороогүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй. Учир нь 2019 оны 04 сарын 30-ны өдрийн баримтаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий орон сууцны ажлыг хийхэд асуудал тулгарч байгааг тодорхойлсон баримт байна. Нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийн санхүүжилт хийсэн учир уг санхүүжилтэд таарсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал санхүүжилтээ хугацаандаа өгөөгүй атлаа үнэгүй ажил хийлгэх гэж үзсэн нь хууль бус болно.
Маргаан бүхий барилгын ажилд туслан гүйцэтгэгч 47 компани оролцсон нь улсын комиссын дүгнэлтээр тогтоогддог. Мартаан бүхий орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн нь дээрх байгууллагуудтай холбоогүй гэдгийг нэхэмжлэгч нь нотлоогүй. Бусдын буруутай үйл ажиллагааг зөвхөн хариуцагч талаас болсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангид төлсөн 52,028,140 төгрөг, 22,400,000 төгрөгүүдийг тус тус хүчингүй болгож давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гомдолд дурдсан 145,571,000 төгрөг нь 912,889,520 төгрөгийн ажлаас хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 767,559,070 төгрөгийн ажлыг хасаад 145,571,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гарсан. Гэрээнд зааснаар алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн ажлын үнийн дүнгээс тооцно гэж тодорхой заасан учраас энэ заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн. Иймд алданги нэхэмжилсэн нь гэрээ болон иргэний хуульд нийцсэн. 2019 оны 09, 10 сард 3 удаагийн мэдэгдлээр тодорхой албан бичгүүдийг хүргүүлсэн. Дулаан аваагүйгээс шалтгаалаад өвөл хийгдэх байсан дотор заслын бүх ажлууд хойшлогдсон ба 2019 оны 04 улиралд багтааж улсын комисст хүлээлгэж өгснөөр захиалагчдад хүлээлгэж өгөх байсан боловч хугацаа алдаж захиалагч нарт алданги төлсөн. Иймд гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн, гэрээнд буруутай үйл ажиллагааны улмаас хохирол төлнө гэдгийг тодорхой тусгасан ба гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа хэтэрсний алдангийг захиалагчид төлсөн бол уг алдангийг төлөх талаар талууд тохиролцсон. ҮүнийгП ХХК мэдсэн атлаа ийм үр дагаварт хүргэсэн учраас П ХХК-ийн буруутай үйл ажиллагааны хохирол гэж үзэж баримтаар нотлогдсон хэмжээнд 50,000,000 төгрөгийн алданги төлсөн бөгөөд баримтаар нотлогдсон хэмжээнд анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч П ХХК холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 191,200,586 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 49,994,500 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бартераар арилжсан орон сууцны үнэ 169,551,250 төгрөг, бэлэн төлбөрийн үлдэгдэл 44,717,186 төгрөг, алданги 44,121,411 төгрөг, нийт 258,389,847 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Талууд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А19/09 дугаар бараа материал худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр П ХХК нь нийт 912,889,520 төгрөгийн бараа материалыг нийлүүлж, мөн барилгын ажил гүйцэтгэж буй С апартмент хотхоны 2, 3 дугаар ээлжийн барилгад цонх, хаалгыг угсрах ажлыг 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс мөн оны 5 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, Н ХХК нь бартерт 451,451,250 төгрөгийн 3 ширхэг орон сууц, 1 ширхэг авто зогсоол, бэлэн 450,693,794 төгрөгийг 2018 оноос 2019 оны 05 сарын 05-ны өдрийн хооронд төлж, үлдэх 10,744,476 төгрөгийг баталгаат хугацааны дараа төлөхөөр харилцан тохиролцсон.
Дээрх гэрээний харилцааг анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний холимог шинжтэй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Ажил гүйцэтгэгч Н ХХК өөрийн бараа, материалаар П ХХК-ийн гүйцэтгэж байгаа “Санто смарт” хотхоны барилгын зураг төсөлд нийцүүлэн вакум цонх, хаалгыг хийж, угсрах ажлыг гүйцэтгэх, захиалагч П ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлахад зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
4. Хариуцагч П ХХК нь гэрээний дагуу 767,559,070 төгрөгийн хаалга, цонхны ажил гүйцэтгэсэн, нэхэмжлэгч Н ХХК нь ажлын хөлсөнд бэлнээр 305,577,904 төгрөг, бартераар 2 орон сууцыг 247,000,000 төгрөг, нийт 552,577,904 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд нийлүүлж угсрах үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан талаар удаа дараа албан бичгээр шаардсан байх тул нэхэмжлэгч нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр мэдэгдлийг хүргүүлснээр талуудын байгуулсан барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна.
6. Шүүх талуудын хэн аль нь гэрээний үүрэг зөрчсөн гэм буруутай үйл баримтыг анхааралгүй зохигчдын хэн альнаас нь алданги болон хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
6.1. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг дутуу гүйцэтгэсэн, хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу ажлын хөлсийг төлөх үүргийг биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
6.2. Гэрээний нэг тал нь үүргийн зөрчил гаргасан тохиолдолд буруутай талаас анз, хохирол шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцнэ.
6.3. Талууд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг баримтад “гэрээний дутуу төлөлт 45,429,916 төгрөг, дутуу хийгдсэн суутган тооцох төлбөр 51,494,000 төгрөг” гэж дурдсан ба нэхэмжлэгч нь “...бусдаар нөхөн гүйцэтгүүлэхэд гарсан зардал 49,994,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч П ХХК-аас 49,994,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
6.4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хохирол 22,400,000 төгрөг, алданги 52,028,140 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс алданги 44,121,411 төгрөгт тооцогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02241 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-аас 49,994,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,206,086 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК -аас 214,268,436 төгрөг гаргуулан хариуцагч П ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,121,411 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “780,063” гэснийг “407,922” гэж, “1,449”899” гэснийг “1,229,292” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,560 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,090 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН