Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Ц.Отгонням,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Г.Э, Ж.М, тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Ж.М нарт холбогдох эрүүгийн 1806 0144 60321 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Э, 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесерь мэргэжилтэй, “Дэнжийн 1000”-ын цагаан байрны түүхий эд түгээх цэгт манаач ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17-70 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, , 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж.М, 1980 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, төрсөн эх, охины хамтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгай тоотод оршин суух хаягтай, урьд 2001 оны 04 дүгээр 16-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг биечлэн эдлээгүй 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Г.Э нь Ж.М-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2б-100 тоот хашаанд байрлуулсан иргэн М.Амгалангийн эзэмшлийн 51-82 УНХ, 04-24 УБИ, 55-81 УБР улсын дугаартай том оврын ачааны 3 автомашины нийт 6 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.М нь Г.Э-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2б-100 тоот хашаанд байрлуулсан иргэн М.Амгалангийн эзэмшлийн 51-82 УНХ, 04-24 УБИ, 55-81 УБР улсын дугаартай том оврын ачааны 3 автомашины нийт 6 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хэргийг үйлдсэн нь үнэн, бид хоёр уулзаад юм ярьж сууж байгаад 6 ширхэг аккумулятор хулгайлж, тушаасан” гэв.

Шүүгдэгч Ж.Магнайбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Аккумулятор  авснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би том оврын чирэгч ачааны автомашинуудаар тээвэрт явдаг юм. Манай ачааны автомашинууд байдаг аж ахуйн хашаа нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2Б-н 100 тоот хашаанд байдаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирж шалгахад 3 ав томашины 6 ширхэг аккумлятор /нэг автомашин нь 2 аккумлятортой байдаг/  хулгайд алдагдсан байхаар нь камераа шүүж үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13-14 цагийн хооронд үл таних 2 хүн хашаа давж орж ирээд уг аккумляторуудыг хулгайлж гарахдаа мөн машины сэлбэг төмрүүдийг хашаа давуулан шидэж хулгайлж байгаа бичлэг хадгалагдсан байсан. Чухам яг ямар сэлбэг төмөр алдагдсан нь тодорхой харагдахгүй байгаа тул тэрийг нь хаяад аккумляторуудаа лож авмаар байна. 55-81 УБИ улсын дугаартай ХОВО маркийн автомашин нь миний нэр дээр, 04-24 УБИ улсын дугаартай автомашин нь манай компанийн нэр дээр, 51-82 УНХ улсын дугаартай машин нь Ч.Алтанхуяг гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдаж аваад 3 жил болж байна. Таньдаг хүн болохоор нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Тооцоо дууссан. Ч.Алтанхуяг гадаадад байгаа, яваад жил болж байна ...” гэх мэдүүлэг. /хх 31-33/,

Яллагдагч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Багануурт ах дүү нартайгаа золголт хийчихээд ирж яваад найз Ж.М-ын ажил дээр нь очоод золгоод жаахан буу халж сууж байгаад архи уухаар шийдсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын ар талд байрлах Зуурмагны үйлдвэрийн хашаанаас төмөр хулгайлах зорилготой очоод, эргэн тойрноо харж байгаад, хүн байхгүй болохоор нь М хашаа давж ороод нэг хэсэг төмрүүд шидэж байгаад жаахан удаж байгаад 6 ширхэг аккумлятор шидсэн чинь хажуу тал нь хагараад шингэн нь гоожоод байхаар нь бид 2 төмөр дээрээ тавиад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар цэцэрлэгийн баруун талын зам дагуу байрлах түүхийн эд авдаг цэг дээр очиж 42.000 төгрөгөөр зараад 2 шил архи, тамхи, ундаа аваад Магнайбаярын нүүрсний цэг дээр очиж архиа уучихаад би явсан...” гэх мэдүүлэг. /хх 46-47/,

Яллагдагч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 дугаар Боса худалдааны төвийн урд талын нүүрсэн дээр нүүрс савладаг ажил хийж байсан. Тэгсэн Э гэдэг найз ороод ирсэн. Тэгээд бид хоёр жаахан юм ярьж сууж байгаад би гараад нүүрс хийх гээд байж байтал Э надад түүхий эд авдаг цэг дээр очиж зэс өгчихөөд 1 шил архи авч уусан. Тэгээд уучихаад байж байсан чинь Э надад хойшоо Баянзүрх дүүргийн 10 хороо Төмөр замын ар талд байдаг хашааны хажууд очоод энэ айлыг би таньдаг юмаа энэ айлд би 2-3 удаа ирж архи ууж байсан гээд хашаа руу давж ороод 2 ширхэг аккумлятор хашаа давуулж шидсэн тэгээд чирээд түүхий эдийн цг дээр аваачиж өгчихөөд 2 шил 0.75 граммын Стандарт архи авч уучихаад дуусгаад дахин 1 шил 0.75 граммын Стандарт архи авч уусан. Тэгээд Э надад өнөөдөр мөнгөтэй болсон юм чинь ажил хийх шаардлагагүй гээд 30.000 төгрөг салаад явсан...” гэх мэдүүлэг. /хх 55-56/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-13/, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-22/, хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66,67/, ял шалгах хуудас /хх 67, 68/ шүүгдэгч Г.Э-лсан болно.

Шүүгдэгч Г.Э, Ж.М нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2б-100 тоот хашаанд байрлуулсан иргэн М.Амгалангийн эзэмшлийн 51-82 УНХ, 04-24 УБИ, 55-81 УБР улсын дугаартай том оврын ачааны 3 автомашины нийт 6 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Э, Ж.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Э, Ж.М нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э, Ж.М нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрт нийт 960.000 төгрөгийг төлж барагдуулаагүй бөгөөд шүүгдэгч тус бүрээс 480.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Амгаланд олгох нь зүйтэй гэж гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Э нь шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хуульд зааснаар 3 хоногийн завсарлага авсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр хохирогчид 480.000 төгрөгийг тус шүүхийн Төрийн сан 100900005406 тоот дансанд байршуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн болно. Иймд шүүгдэгч Г.Э-ыг хавтаст хэрэгт авагдсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Ж.М-аас нийт 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Амгаланд олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь сайн дураар хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.М-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ж.М-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв,

Мөн шүүгдэгч Ж.М нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтэн, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.Э-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Э, Ж.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Г.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ж.М-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ял дээр, энэ тогтоолоор Ж.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ын урьд цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-аас 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Амгаланд олгох,

Тус шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд Г.Э-ын тушаасан 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Амгаланд тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ж.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР