Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Төв аймгийн Баянчандмань суманд 1966 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сансарын 106-А тоотод оршин суух /РД:МЗ:66041801/ Харчин овогт Пүрэвжалын Баярмаагийн хүсэлттэй

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Баярмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие 1984 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр арван жилийг төгссөн. 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Зүүнхараагийн модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд зэрэглэгчээр, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус үйлдвэрийн боловсруулах цехийн хайрцагны бригадад хайрцагчнаар ажиллаж байгаад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн арван жилийн 13 дугаар сургуулийн хөдөлмөр зусланд гахайчнаар ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сард халагдсан. Халагдсан тушаал олдохгүй байгаа учраас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Модны үйлдвэрт ажиллаж байсан тушаалаа Сэлэнгэ аймгийн архиваас шүүлгэсэн боловч ажилд орсон тушаал нь олдсон. Гарсан тушаал нь олдохгүй байгаа юм. Модны үйлдвэрийн материал архивт ирээгүй гээд дагалдах хуудас өгсөн. Хөдөлмөр зусланд гахайчнаар ажиллаж байгаад халагдсан тушаал бас олдохгүй байгаа. Төв архиваас зөвхөн ажилд орсон тушаал л олдсон. Сургуулиасаа очиж асуухад тэр үеийн юм усанд автсан гэж хариу өгсөн.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх П.Баярмаагийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч П.Баярмаа нь Зүүнхараагийн модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд зэрэглэгчээр 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, Зүүнхараагийн модны үйлдвэрийн боловсруулах цехийн хайрцагны бригадад хайрцагчнаар1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн арван жилийн 13 дугаар сургуулийн хөдөлмөр зусланд гахайчнаар 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан нь 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/, Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа дахь Модны үйлдвэрийн захиргааны даргын тушаал /ХХ-ийн 5 дугаар хуудас/, 10 жилийн 13 дугаар дунд сургуулийн захиралын тушаал /ХХ-ийн 6 дугаар хуудас/, БГД-ийн 13 дугаар сургуулийн цалингийн жагшаалт /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/, болон хамт ажиллаж байсан М.Тунгалаг, Б.Гонгор, Л.Пүрэвсүрэн, нарын тодорхойлолт, гэрч Г.Цэрэнханд, М.Тунгалаг, Б.Гонгор, Л.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд П.Баярмааг 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч П.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчин овогт Пүрэвжалын Баярмааг 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл /зэрэглэгч, хайрцагчин, шил угаагч, гахайчин/-аар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ.