Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01177

 

 Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01349 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,389,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.М, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: А.Б нь Г банктай 2019 оны 06 сарын 04-ний өдөр 11,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ хийсэн. Мөн 2019 оны 07 сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийн эрхтэй кредит карт гээд нийт Г банкнаас 25,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас шүүхэд анх 2022 оны 09 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг оршин суугаа хаягтаа бүртгэлгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу эрэн сурвалжлан Сүхбаатар дүүргийн **-р хороо, Д-гийн ** тоот хаягийг тодорхойлсон боловч түүний хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. 2023 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар ЗГ5275**** тоот зээлийн гэрээнд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,962,077 төгрөг, ЗГ5275***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,806,898 төгрөг, ЗГ3635***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,489,885 төгрөг, ЗГ5278***** тоот кредит картын гэрээний үндсэн зээл, хүү, хугацаа хэтрүүлсэн төлбөрт 1,091,741 төгрөг, нийт 9,389,488 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч А.Б-гоос 2019 оны 06 сарын 04-ний өдрийн ЗГ5275110613 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ5275***** дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн ЗГ3635***** дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, 2018 оны 08 сарын 13-ны өдрийн ЗГ/5278**** дугаартай Кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,389,488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд.

 4.1.  Г ХК нь А.Б-д холбогдуулан анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миний бие Хан-Уул дүүрэгт амьдардаг, ажил тухайн дүүрэгт байрладаг талаар мэдэгдэж, Хан-Уул дүүргийн шүүх рүү хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн талаар надад огт мэдэгдээгүй, аливаа шийдвэр танилцуулаагүй. Сүүлд шийдвэрээ гардан авах үед очиж хэргийн материалтай танилцахад хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байсан. 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 181/Ш32024/04570 дугаартай захирамжийг 2024 оны 03 сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч-д гардуулсан атлаа хариуцагч талд огт танилцуулж, мэдэгдээгүй байна.

4.2. Уг хэргийг шийдвэрлэхээр томилогдсон Б.Г шүүгч хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй. А.Б-гийн хувьд түүнд холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжсэн талаар мэдээгүй байсан учраас энэ ажиллагаанд огт оролцож чадаагүй.

4.3.  Шүүх хуралдааны мэдэгдлийг 2024 оны 03 сарын 19-ний өдөр мэдэгдсэн талаарх Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай хуудас-т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч гарын үсэг зурсан атлаа хариуцагч А.Б-д За ойлголоо гэв гэх бичвэрийг шүүгчийн туслах тэмдэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 76 дугаар зүйлийн 76.1.2- т тус тус заасан журмыг ноцтой зөрчсөн. А.Б өөрийн оршин суугаа хаягийн талаарх баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд энэ хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар ирээгүйгээс шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрх ноцтой зөрчигдсөн.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан Шаардлагатай тохиолдол гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан ажиллагааг шүүх хийсэн боловч хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч чадаагүй, гарын үсэг зуруулах боломжгүй, мөн тухайн хаягтаа оршин суудаггүй болохыг тодорхойлсон Засаг даргын тодорхойлолт зэргээр хүлээлгэн өгч чадаагүй, мэдэгдээгүй тохиолдлыг ойлгоно гэж үзэж байна. Гэвч хариуцагч А.Б нь өөрийн оршин суугаа, амьдарч байгаа газрыг тодорхойлсон Хан-Уул дүүргийн **-р хорооны ***-р байр, ** тоотод эхнэрийн хамт амьдардаг тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг ноцтой зөрчсөн.

4.5. Шүүхийн шийдвэрийн 8-т дугаарлагдсан үндэслэл нь анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлт зоригт нийцүүлэн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсний улмаас хариуцагч А.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-д заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг шүүх хязгаарласан байна.

4.6. Анхан шатны шүүх хариуцагч А.Б-д хэргийн материал танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасныг ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

4.7. Миний бие шүүхэд хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжгүйгээс болж Г ХК-ийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн болон барьцааны /цалингийн/ гэрээнүүд болон бусад нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийн хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаарх тайлбараа гаргаж чадаагүй. Миний хувьд, тухайн зээлийн гэрээнүүдийн үүрэгт тодорхой графикийн дагуу төлөлтүүдийг цаг тухайд нь хийж байсан бөгөөд энэ талаарх баримтуудыг гаргаж мэтгэлцэх боломжтой байсан. Мөн 2019-2020 онд Ковид-19 цар тахал нүүрлэж, улмаар Монгол улс байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийг зохицуулахаар Монгол улсын Засгийн газраас банкны зээлийн эргэлтийн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаарх тогтоолууд гаргаж байсан.

4.8. төлөлтөөс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацааг хойшлуулах буюу түр зогсоох талаар удаа дараа бичгээр болон утсаар мэдэгдэж байсан. Энэ талаарх баримтуудыг шүүхийн журмаар нэхэмжлэгч талаас гаргуулах, түүнчлэн зээлийн гэрээний нийт үүргийн хэмжээний талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцох, улмаар эвлэрэх асуудал яригдах боломжтой байсан.

4.9.  Миний бие 2021 оны 07 дугаар сард Ковид-19 цар тахлын улмаас орон тооны цомхотголоор ажилгүй болсон бөгөөд энэ талаар тус банкинд мэдэгдэж, хүүгээ зогсоохыг гуйж байсан. Ингээд Ковидын нөхцөл байдал арилаагүй байж байтал 2023 оны 10 дугаар сард зүрхний шигдээс өвчний улмаас хагалгаанд орж, зүрхэндээ стент тавиулсан. Эдгээр нөхцөл байдал бүрийг банкинд мэдэгдэж байсан.

4.10. Миний бие Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд барилгын сантехник угсралт, цэвэр, бохир усны шугам сүлжээний холболтын ажил эрхэлдэг, одоогийн байдлаар барилгын ажлууд эхэлж, санхүүгийн байдал удахгүй дээрдэх гэж байна. Авсан зээлээ төлөх нь тодорхой, тухайн зээлийн гэрээний үүргийн хэмжээ болон өнгөрсөн хугацааны хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас нэхэмжлэлд дурдсан бүх дүнг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Шүүх хуралдааны товыг талуудын хэн алинд нь мэдэгдсэн. А.Б тухайн үед завтай гэж хэлж, шүүх хуралдааныг товлуулсан. Тиймээс хариуцагч А.Б-г шүүх хуралдааны товыг мэдээгүй гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Шүүх хурал болсон өдөр хариуцагч руу шүүхээс залгахад ...хөдөө явж байна, би шүүх хуралдаанд оролцож амжихгүй байх тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Ямар нэгэн шалтгаангүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна. Хариуцагч өнгөрсөн хугацаанд өөрөө банкинд цахимаар болон бичгээр ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулав.

2.   Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,389,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2024 оны 02 сарын 13-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

3. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд 2018 оны 08 сарын 13-ны өдөр Кредит картын гэрээ, 2019 оны 06 сарын 04-ний өдөр Зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 07 сарын 06-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 09 сарын 13-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд тус тус шилжүүлэн өгсөн, 2023 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгчийн хүлээсэн үүргийн үнийн дүн нийт 9,389,488 төгрөг байгаа зэрэг үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан өгсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг /зээлийн гэрээ тус бүрээр/ няцаасан, үгүйсгэсэн тооцооллыг хариуцагч тал шүүхэд гаргаагүй.

5. Иймд анхан шатны шүүх хариуцагч А.Б-гоос нийт 9,389,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчид 2024 оны 02 сарын 13-ны өдөр эрх, үүргийг нь тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчид дахин эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулах шаардлагагүй тул ...эрх, үүргийг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч А.Б-гийн хүсэлтээр хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн нөхцөл байдлыг мэдсэн, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн байх тул ...хэргийг шилжүүлсэн талаар мэдэгдээгүй, танилцуулаагүй..., ...шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах... нь хэргийн оролцогчийн эрхэд хамаарна.

Эрхээ хэрэгжүүлж, хэргийн материалтай танилцах эсэх нь хариуцагчаас өөрөөс нь хамаарах асуудал тул ...хэргийн материалтай танилцуулаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4-т ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй... гэж тус тус зохицуулсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын 3 дахь хэсэг үндэслэлгүй.

7. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн гэрээнүүдийн нэр, огноо, дугаарыг бичих шаардлагагүй, мөн нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэрээр бичигддэг тул шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01349 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Б-гоос зээлийн гэрээний үүрэгт 9,389,488 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Г ХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийг 2 дахь заалтад ...олгоно гэснийг ...олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.Б-гоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 165,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

    

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР