| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0362/Э |
| Дугаар | 395 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Д.Бд холбогдох эрүүгийн 1809036500040 дугаартай 185/2019/0362/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хадатын 3 дугаар гудамжинд хохирогч Н.Гантогтохын Айфоне-5 маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Би хохирогчийг цохьсон зүйл байхгүй. Намайг хохирогчийн гар утсыг авч байхад манай найз миний хажуугаар гараад хохирогчийг цохьсон байдаг. Тэр үйлдлийг намайг цохьсон хэмээн ойлгосон байсан. Хохирогчийн гар утас авсан үйлдлийн тухайд миний зүгээс маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Гантогтох /хх-ийн 9-13/, гэрч О.Эрдэнэболд /хх-ийн 16-17/, гэрч Б.Мөнхчулуун /хх-ийн 24-25/, гэрч Д.Батчулуун /хх-ийн 27-28/, Дамно ХХК-н үнэлгээ /хх-ийн 48/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/, шүүгдэгч Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Наранбатын Гантогтохын I Phone-5 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар заналхийлж довтлон дээрэмдэж 140 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Гантогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар Хадатын 3 дугаар гудамжинд гэр рүүгээ харих гээд ах Мөнхчулууны хамт явж байсан чинь гурван залуу надаас тамхи асуухаар нь би өгсөн чинь манай ах миний урд такси бариад явах гэсэн чинь такси зогсохгүй яваад өгсөн. Тэгсэн чинь намайг ахыгаа хараад яагаад байгаа юм бэ гээд хар цамцтай жижиг хар цүнх үүрсэн байсан залуу шууд цохисон. Тэгээд Мөнхчулуун ах зугтаасан чинь ардаас нь хар курткатай шорттой залуу хөөсөн бөгөөд миний халааснаас жижиг хар цүнх үүрсэн хар өнгийн цамцтай залуу утас аваад намайг хутгална шүү гээд цохиж байгаад авсан бөгөөд хажууд нь хар өмд өмссөн саарал цамцтай залуу намайг хараад зогсож байсан ба намайг нэг, хоёр удаа миний нүд хэсэгт цохисон. Тухайн үед үсээ будчихсан байсан шар царайтай залуу нь миний нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохиод хутгална шүү гар утсаа өг гэж хэлэхээр нь би өмднийхөө халааснаас Айфоне 5 маркийн гар утсыг гаргахад уг залуу нь миний утсыг аваад цаашаагаа яваад өгсөн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13/,
Гэрч О.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг залуугийн дүү нь үлдчихсэн байсан чинь Батболд очоод уг залууг та нар яах гээд байгаа юм бэ, бид гурвыг зодох гээд байгаа юм уу гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохихоор нь би очоод болиулсан чинь нөгөө залуутай хамт явж байсан гэх ах нь чулуу шидээд байхаар нь Бямба- Очир ах хойноос нь хөөгөөд гүйсэн ба Батболд нөгөө дүүг нь нүүр хэсэг рүү цохиод байсан. Би хажуугаар нь ороод уг залуугийн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Бямба-Очир ах ирээд бид хоёр Батболдыг аваад цаашаагаа явж байтал Батболд нь уг залуугийн гар утсыг авчихлаа гэж хэлээд гаргаад ирсэн. Тэгээд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Б.Мөнхчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үеэл дүү Гантогтохын хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах айлд бетонон хашаа угсарч өгчихөөд 23 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ харихаар ганцаараа такси бариад дөнгөж хөдлөөд явж байтал дүү Гантогтох миний утас руу залгаад хамт явъя, би Таван шар орох ажилтай болчихлоо гэж хэлэхээр нь такси дотроо хүлээгээд сууж байтал Гантогтох нь 5 орчим минутын дараа үл таних гурван залуугийн хамт машинд орж ирж суусан чинь таксины жолооч даац хэтрүүллээ, ийм олон хүнийг авч явахгүй гэж хэлээд бид нарыг буулгасан. ...үсээ будчихсан туранхай залуу чи хутгалуулмаар байна уу гэж хэлээд цүнхээ ухаад над руу дайрахаар нь би зугтаасан юм. Тэгээд би эргээд харахад намайг хутгална гэдэг залуу хөөхөө больчихсон. Өөр нэг бор царайтай махлагдуу залуу араас хөөж байсан юм. Тэгээд би зам гараад эргээд харахад Гантогтохыг нөгөө үсээ будуулсан туранхай залуу нь нөгөө махлагдуу залуутайгаа хамт цохиод байх шиг харагдсан. Тухайн үед хол байсан болохоор сайн анзаарч хараагүй, Гантогтох нь надад хэлэхдээ миний утсыг үсээ будуулсан туранхай залуу нь авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч Д.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гомдол гаргагчтай утсаар холбогдон хаана байгаа байршилыг тогтоон сэжигтэн этгээдүүдийн содон шинж тэмдгийг асуугаад явж байтал 00 цаг 40 минутад Хадатын МТ шатахуун өнгөрөөд явж байтал засмал зам дагуу 20-25 орчим насны гурван залуу явж байхаар нь очиж шалгахад хоёр залуу нь тал тал тийшээгээ зугтаагаад явсан ба үлдсэн 1 залуу болох Одхүү овогтой Эрдэнэболдыг саатуулан шалгахад гомдол гаргагчийн хэлсэн хүмүүстэй содон шинж тэмдэгээр тохирч байсан. Тэгээд О.Эрдэнэболдыг Бэлх 10-т хүлээлгэж өгөөд гомдол гаргагч Гантогтохтой уулзахад Гантогтох нь би хөдөөнөөс ирсэн юмаа, ахындаа юм хийгээд явж байтал уг гурван залуу манай ах болон намайг зодоод нэг залуу нь хүрч ирээд хутгална шүү гэж айлгаж миний Айфоне 5 маркийн гар утсыг аваад явчихсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг Айфоне-5 маркийн гар утас нь 140.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 47-48/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 14/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор бусдын эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж дээрэмдсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй нийгэмд аюултай санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь нийгмийн хор аюул өндөр, ноцтой гэмт хэрэг болно.
Иймд шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Н.Гантогтоход учирсан хохирлыг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.