Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01176

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/01796 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох,

урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,180,000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1,964,963 төгрөг, замын зардал 150,000 төгрөг, нийт 11,294,963 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

эд хөрөнгийн хохирол 80,748,018 төгрөг, томилолтын зардал 1,215,780 төгрөг, нийт 81,963,798 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: О.А миний бие АСБҮА-ны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Гэтэл намайг хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан гэж 2022 оны 09 сарын 09-ний өдрөөс ажлаас халсан. Компани хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон баллоныг актлахгүй байсаар манай салбарт хураагдсан байгаа. Мөн хөдөө сумдад тоног төхөөрөмж борлуулах, компанийн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчийг бий болгох зорилгоор явуулын худалдаа хийгээд зарим төрлийн төхөөрөмжийг зээлээр өгч улмаар компанид мэдэгдээд, компанийн дансанд барааны үнийг шилжүүлсэн, мал тушааж төлбөрийг хийдэг байгаа. Уг асуудал сар, улирлын тооллогоор тооцоо нийлж ирсэн. Борлуулалтын үндсэн дээр манай салбар 2022 онд шалгарч, шагнал авч байсан. Миний бие хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал 39,433,400 төгрөгийн баримттай танилцаагүй, тушаалын үндэслэх хэсэгт заагдсан 22/09-03 тоот зөрчлийн акттай танилцаагүй. Уг баримт материалтай танилцахаар гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй. Тушаалыг эс зөвшөөрч компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг тушаал хүчинтэй болохыг мэдэгдэж ******@gmail.com хаягаар хариу ирүүлсэн байна. Миний бие ажиллах хугацаандаа дутагдал бий болгоогүй, хариуцуулсан үүргийг гүйцэтгэж, ашигт ажиллагааг өсгөсөн гэж үзэж байгаа. Иймд Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,180,000 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 09 сар хүртэл ажилласан хугацааны цалин 1,964,963 төгрөг, замын зардал 150,000 төгрөг, нийт 11,294,963 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Манай компанид О.А нь 2017 оны 05 сарын 22-ны өдрөөс түгээгчээр, 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс борлуулагчаар, 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс АХЦС47-гийн /Автомашин хийгээр цэнэглэх станц/ даргаар тус тус ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээж байсан. Гэнэтийн тооллогоор О.А нь хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал нийт 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан, 3 сарын санхүүгийн тайлан өгөөгүй. Д ХХК-ийн ****-** салбарын дарга О.А нь салбарын мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажил үүрэгтэй бөгөөд түүний гаргасан удаа дараагийн зөрчлийг хэвээр нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тул манай компани 2022 оны 09 сарын 09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажлаас халах тухай тушаалыг О.А хүлээн авсны дараа манай компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Маргаан таслах комисс тухайн асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа оролдсон боловч О.А нь харилцах утасны дугаар авахгүй, ар гэрийн хүмүүс нь холбож өгөхгүй байсан тул өргөдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлж хариу албан бичгийг О.А-д хүргүүлсэн. О.А ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж, ****-** салбарын мөнгөн болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажлыг хангалтгүй гүйцэтгэж компанид их хэмжээний хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: О.А нь Д ХХК-ийн ****-** салбарын мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажил үүрэг буюу ****-** салбарын даргаар ажиллаж байхдаа удаа дараагийн зөрчил гаргаж, төлбөрийн акт тавиулж компанийн тоног төхөөрөмж, хийн түлш, орлогын мөнгийг дутагдуулж компанид их хэмжээний хохирол учруулсан тул 2022 оны 09 сарын 09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. О.А-ийн компанид учруулсан хохирлын тооцоог эцэслэн гаргахад нийт 86,470,890 төгрөгийн компанийн тоног төхөөрөмж, хийн түлш, орлогын мөнгийг дутагдуулсан бөгөөд үүнээс О.А-ийн цалин, халагдах үед тооцогдсон ээлжийн амралт, хуримтлалын санд хуримтлагдсан 500,000 төгрөг, нийт 5,722,872 төгрөгийг суутган тооцож 80,748,018 төгрөгийн өр төлбөртэй болсон. О.А ээс энэ дутагдлыг тодруулахад орон нутаг дахь байгууллагуудад зээлээр өгсөн гэх боловч ямар ч тооцоо нийлсэн акт байхгүй, байгууллагуудаас зээлээ татаж, санхүүд тушаах байсан боловч одоог хүртэл өгөөгүй. Энэ өр төлбөрийн асуудлаа яаралтай шийдвэрлэхийг О.А-д удаа дараа анхааруулсан боловч завгүй байна, ар гэрт гачигдал гарсан, одоо ажиллаж байгаа газраасаа ажлаас чөлөө авч чадахгүй байна гэх мэт шалтаг хэлсээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. О.А-ийн удаа дараагийн зөрчлийг гэнэтийн тооллогоор шалгахаар 2022 оны 09 сарын 09-ний өдөр манай компанийн 3 ажилтан томилолтоор ажиллаж 743,130 төгрөгийн, 2022 оны 11 сарын 08-ны өдөр 2 ажилтан томилолтоор ажиллаж 472,650 төгрөгийн, нийт 1,215,780 төгрөгийн томилолтын зардал гарч давхар хохирсон. Иймд О.А-тэй байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 80,748,018 төгрөг, томилолтын зардал 1,215,780 төгрөг, нийт 81,963,798 төгрөгийг гаргуулна гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Компанийн 2022 оны 22/09-09 дугаартай зөрчлийн актыг шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт ирсний дараа танилцсан. Уг асуудлаар маргасан тул хийн тоног төхөөрөмж, баллон дутагдлыг үндэслэлгүй болохыг тогтоолгоно. Байгууллагатай гэрээний үндсэн дээр харьцах асуудлыг хийн тоног төхөөрөмж баллоныг харилцагч байгууллага болон хувь хүмүүст зээлээр өгсөн. Нийт 52 ширхэг баллон актлуулахаар өгснөөс 19 ширхэг баллон акталсан, үлдсэн 33 ширхэг баллоныг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Эдгээр 55 ширхэг баллон нь Д ХХК-ийн станцад байгаа. ЗДТГ буюу талбайд 50 кг 1 ширхэг, 20 кг 2 ширхэг, Айл баян уурхайд 50 кг 2 ширхэг, Монголын төмөр замд 50 кг 1 ширхэг, 14 кг 5 ширхэг, Ү.Б 14 кг 2 ширхэг байгаа. Энэ баллонууд 2020 онд ирсэн бөгөөд зарим нь хугацаа нь дуусаж байсан хийн түлшний гэрээг бүсийн менежер болон АСБҮ алба хариуцан хийдэг. Тухайн үеийн хийсэн гэрээнүүд жил бүр сунгагдах зарчмаар явагддаг. Гэвч хийн түлшний гэрээ нь санхүүгийн албанд өдийг хүртэл очоогүй байсан. Гэрээний үндсэн дээр хийг олгосон тухайн гэрээг АСБҮА-ын дарга шийдвэрлэж улмаар гэрээг байгуулдаг, тэрхүү шийдвэрээр хий олгосон тул миний бие хариуцахгүй. Томилолтын зардал миний буруутай үйлдлээс шалтгаалж гараагүй, тухайн хүмүүс замд буюу Говьсүмбэрт авто замын осол гаргасны улмаас үүссэн төлбөр тооцоо тул хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,180,000 төгрөг гаргуулах, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны цалин хөлс 1,964,963 төгрөг гаргуулах, замын зардал 150,000 төгрөг, нийт 11,294,963 төгрөг гаргуулах тухай О.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ээс 29,510,528 төгрөгийг гаргуулан Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 52,453,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,080 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Д ХХК-д олгож, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 567,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.А-ээс 182,423 төгрөгийг гаргуулан хариуцагч Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6.  Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 22-672/07-50 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага, ажилласан болон авч чадаагүй цалин 1,964,963 төгрөгийг гаргуулах шаардлагад давж заалдах гомдлыг гаргаж байна. Сахилгын шийтгэл ногдуулсан, төлбөр тавьсан акт гэх хийн тоног төхөөрөмж, баллоны дутагдал нь бодит авлага учир буцаан төлөгдсөн, төлөгдөх тодорхой эзэнтэй авлага. Гэтэл дахин давтан гаргуулж байгаа шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй. 1 төлбөрийг 2 удаа төлж байхад шүүх дүгнэлт хийж чадахгүй байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 22-672/07-50 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилласан хугацааны авч чадаагүй цалин 1,964,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулав.

2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,180,000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1,964,963 төгрөг, замын зардал 150,000 төгрөг, нийт 11,294,963 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, эд хөрөнгийн хохирол 80,748,018 төгрөг, томилолтын зардал 1,215,780 төгрөг, нийт 81,963,798 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигч талууд маргажээ.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон ...Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах... гэх шаардлага нь бие даасан шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна.

3. Талууд 2019 оны 05 сарын 01-ний өдөр 19/255 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, О.А нь ****-** салбарын даргаар ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэх, Д ХХК нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, үндсэн цалин 320,000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл 80,000 төгрөг олгох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсоноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн байна.

Мөн өдөр талууд 19/255 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, эд хариуцагчийг ажиллах нөхцөл, ажлын байр, тоног төхөөрөмж, эд хогшил, хэмжих шалгах хэрэгсэл, лац, ломбо, бүртгэл тайлангийн маягт зэргээр хангах, эд хариуцагч нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эвдэж гэмтээсэн, үрэгдүүлсэн, хувьдаа ашигласан, мэдээ тайланг зориуд худал гарган дутагдал хохирлыг нуун дарагдуулсан тохиолдолд хохирлыг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

4. Улмаар, Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар О.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 09 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан байна.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Байгууллагын дотоод журмын 13.1.3, 7.2.5.8-д заасныг тус тус баримталсан байх ба ...О.А нь гэнэтийн тооллогоор хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал, нийт 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан... үндэслэлийг тусгажээ.

5. Дээрх тушаалыг ажилтан О.А-ээс зөвшөөрч, 2022 оны 10 сарын 05-ны өдөр компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж өргөдөл гаргасан, үүний дагуу Хүний нөөцийн албаны даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 22/367 дугаартай албан бичгээр ...холбоо барих утсаа авахгүй, уулзах, ярилцах боломж олгохгүй, оршин суугаа хаягаар очиход байхгүй, дуудуулаад ирж уулзахгүй байгаа тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна... гэсэн өргөдлийн хариуг өгсөн, уг өргөдлийн хариутай О.А нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр танилцаж, улмаар 2022 оны 11 сарын 15-ны өдөр шүүхэд хандсан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ.

6. Хэрэгт авагдсан 2022 оны 09 сарын 09-ний өдрийн хурлын протокол, тус хуралд О.А-ийн хэлсэн ...10,000,000 төгрөг байгууллагын төлөө оруулж ирнэ. 2022 оноос дутаад эхэлсэн. ...Ямар ч байсан би төлж компанийг хохиролгүй болгоно гэсэн тайлбар, мөн өдөр О.А-ээс компанийн Санхүү эдийн засгийн албанд гаргасан хүсэлт, уг хүсэлтэд түүний бичсэн ...О.А миний бие ... 2022 оны 09 сарын 09-ний өдрийн тооллогоор нийт 75,754,810 төгрөгийн дутагдал үүссэн тул ... 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор татан оруулж, хийн тоног төхөөрөмжийн дутагдлыг өөрөө төлөх, 3 сарын хугацаанд шахаж төлөх хүсэлтэй байна... гэсэн тайлбар, талуудын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, уг баталгаанд ...өгч авалцсан зүйлээ ... нэг бүрчлэн нийлж үзэхэд О.А нь 75,754,810 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав... гэсэн бичилт, 2022 оны 09 сарын 08-ны өдрийн төлбөр тавьсан акт, уг актад ...тоног төхөөрөмжийн дутагдал 20,078,400 төгрөг, баллоны дутагдал 19,355,000 төгрөг, нийт 39,433,400 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар зөвшөөрөв... гэсэн бичилт зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, ...О.А нь гэнэтийн тооллогоор хийн тоног төхөөрөмж, баллон дутагдал, нийт 39,433,400 төгрөгийн дутагдал гаргасан... гэсэн Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаал үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан хурлын протокол, хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр тавьсан акт зэрэг бичгийн нотлох баримтуудад нэхэмжлэгч О.А гарын үсэг зурсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч талын гаргасан ...сахилгын шийтгэл ногдуулсан, төлбөр тавьсан акт гэх хийн тоног төхөөрөмж, баллоны дутагдал нь бодит авлага учир буцаан төлөгдсөн, төлөгдөх тодорхой эзэнтэй авлага... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Байгууллагын дотоод журмын 7.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг дурдсан байх ба 7.2.5.8-д Байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан, хулгай хийсэн, энэ тухай мэдээллийг нуун дарагдуулсан, хамжиж тусалсан, данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эд хөрөнгө завшсан, ашиглан шамшигдуулсан, хувийн бизнесээ дэмжсэн, шатахууны карт, талоныг бэлэн мөнгө болгосон, эдгээр үйлдлийг гаргахаар завдсан бол ноцтой зөрчилд тооцохоор тусгажээ.

8. Иймд ажилтан О.А нь хөдөлмөрийн эрхийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн гэж үзнэ. Хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

9. Мөн анхан шатны шүүх 2022 оны 09 сарын 08-ны өдрийн төлбөр тавьсан акт болон Д ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 22-672/07-50 дугаартай Ажлаас халах тухай тушаалд тусгагдсан үнийн дүн, гэрч Б.А-гийн өгсөн мэдүүлэг, 2022 оны 11 сарын 30-ны өдрийн Д аймгийн С сумын ****-** салбараас ирсэн баллонд хийсэн үзлэг хийсэн комиссын шийдвэрт тусгагдсан хугацаа нь дуусаж, акталсан баллоны тоо ширхэг, цалин хөлс, хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөс суутган тооцсон байдал зэргийг харьцуулан үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,510,528 төгрөгийг хангаж, үлдэх 42,453,270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасантай тус тус нийцсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэрлэсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа ойлгомжгүй томъёолсон зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/01796 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,180,000 төгрөг, ажилласан хугацааны цалин 1,964,963 төгрөг, замын зардал 150,000 төгрөг, нийт 11,294,963 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.А-ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,400 төгрөг болон 76,680 төгрөг, нийт 123,080 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч О.А-д буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.А-ээс 182,423 төгрөгийг гаргуулан хариуцагч Д ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.НЯМБАЗАР