Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,         

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даагандээл овогт Д-н Бд холбогдох эрүүгийн 1809056620195 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Санкомфорт” ХХК-нд ариутгах татуургын засварчнаар ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37 дугаар гудамжны 1943 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ВИ 67082211 / Даагандэл овогт Д-н Б нь:

 

-  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лазер” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Байгалмааг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “өөртэй нь бүжиглэхгүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар шар айрагны аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Байгалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Лазер” төвийн бүжгийн зааланд өөрийн 2 танилаа тэнд бүжгэнд оруулах гээд суулгасан. Тэгээд манай 2 танил бүжиглээд байж байх хойгуур үл таних эрэгтэй хүн ирээд намайг бүжгэнд урьсан. Тэгээд би бүжиглэхгүй гэж хэлсэн чинь тэр танихгүй хүн янхан минь гэж доромжлоод миний өөдөөс салаавч гаргасан.Тэгээд манай ширээн дээр байсан пивоны бакалаар миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон гэжээ. / хх 4  /

 

Яллагдагч Д.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” бааранд хуучин ажиллаж байсан Бат-Эрдэнийн хамтаар орсон юм. “Лазер” бааранд орж ширээ авч “Боргио” нэрийн нэг шил пиво авчихаад уугаад сууж байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ би гэртээ харилаа гээд яваад өгсөн. “Лазер” бааранд ганцаараа ширээний хажууд сууж байсан юм. Тэгээд би ширээнээсээ босоод бүжгийн талбай ороод нэг үл таних эмэгтэй хүнийг бүжгэнд урьсан чинь надтай бүжиглэхгүй гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод баруун хуруугаараа салаавч өгсөн. Тэгээд миний уур хүрээд ширээн дээр байсан пивоны шил аваад үл таних эмэгтэйн нүүрэн тус газар руу нэг удаа цохиод авчихсан юм. Тэгээд тэр үл таних эмэгтэй хүн нь шууд гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн чинь удалгүй цагдаа нар ирээд намайг бариад эрүүлжүүлэхэд оруулаад хонуулсан юм. Бааранд орохоос өмнө нь Бат-Эрдэнэтэй нэг шил архи уучихсан байсан. Бааранд ороод нэг шил пиво уусан байсан. Нилээд согтолттой байсан. Би Б.Байгалмаагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 5 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 155 дугаар  дүгнэлтэнд:

1. Б.Байгалмаагийн биед уруул няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 16 /

 

Шүүгдэгч Д.Бг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-6 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд 150.000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлоо төлнө. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лазер” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Байгалмааг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “өөртэй нь бүжиглэхгүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар шар айрагны аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Үл таних эрэгтэй хүн ирээд намайг бүжгэнд урьсан. Тэгээд би бүжиглэхгүй гэж хэлсэн чинь тэр танихгүй хүн янхан минь гэж доромжлоод миний өөдөөс салаавч гаргасан.Тэгээд манай ширээн дээр байсан пивоны бакалаар миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Байгалмаагийн мэдүүлэг / хх 4  /, ...эмэгтэй хүнийг бүжгэнд урьсан чинь надтай бүжиглэхгүй гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод баруун хуруугаараа салаавч өгсөн. Тэгээд миний уур хүрээд ширээн дээр байсан пивоны шил аваад үл таних эмэгтэйн нүүрэн тус газар руу нэг удаа цохиод авчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Бы мэдүүлэг / хх 5 /, …Б.Байгалмаагийн биед уруул няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 155 дугаар  дүгнэлт  / хх 16 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Байгалмаа нь хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Д.Б түүнд 150.000 төгрөг өгсөн хохирогч Б.Байгалмаа нь санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн / хх 22 / тул түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Даагандэл овогт Д-н Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ