Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 113/ШШ2017/0004

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Н.Даваахүү

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Н.Даваахүүг ажлаас чөлөөлөх тухай” Б/68 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Даваахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Магвансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мандахнаран, нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Даваахүү миний бие нь 2013 оны 7 дугаар сард өмнөх дарга нь өндөр насны тэтгэвэртээ гарч, орон тоо гарсан тул сул орон тоонд удтрдах ажилтны сонгон шалгаруулах журмын дагуу шалгалт өгч тэнцсэнээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдсон. Томилогдсоноосоо хойшхи хугацаанд ажлын хариуцлага алдсан, хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргаагүй. 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлд ээлжийн амралтаа авах хүсэлтээ илэрхийлэхэд “Тантай ярилцана, энэ удаа амралт ярих боломжгүй, таны ажлыг авах тухай яригдаж байгаа. Бид багаа бүрдүүлнэ” гэсэн. Харин би “Миний хувьд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажлыг 100 хувь гүйцэтгэдэг гэж хэлэхгүй, энэ маш том салбар. Ажил нь их хариуцлагатай, өргөн хүрээтэй. Гэхдээ миний ажлыг авах, намайг чөлөөлөх ямар үндэслэл байна вэ, ямар шалтгаан байна вэ” гэхэд “За энэ талаар дараа ярилцнаа” гээд гарсан. 2017 оны 7 дугаар сард манай аймгийн Сүмбэр сумын Муу хөөт, Малх орчмын нутагт Төв аймгийн Аргалант сумаас ирсэн айлын үхэр шүлхий өвчнөөр өвчилж 10 дугаар сар хүртэл хугацаанд ажил ихтэй завгүй байх үеэр аймгийн захиргаанд ажилладаг зарим хүүхнүүд “аймгийн шинэ удирдлагууд чамтай ажиллахыг хүсэхгүй байгаа” гэх зэрэг яриа гарсан гэхийг сонссон тул үнэн байж дээ гэж бодсон. Орон нутгийн сонгуулийн дараа аймгийн Засаг дарга Г.Батсуурь туслахаараа дуудуулан өрөөндөө дуудаж уулзахдаа мөн л “Мөн л ажлаас чинь чөлөөлнө, хамтран ажиллах боломжгүй” гэж хэлсэн. Миний хувьд яг ямар шалтгаанаар тэнцэхгүй, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байгаагаа лавлахад “Нөхөн сонгуулийн үеэр чи сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бид чамтай харилцахыг хүссэн. Харин та нар хамтарч ажиллаагүй. Бүгд утсаа хаагаад алга болсон. Нэг хүнээр яриулахад зөвшөөрөөгүй. Иймээс би чамд улс төрийн хариуцлага тооцож байна. Чамтай хамт ажилласан нэг хүнд бас хариуцлага тооцсон” гэсэн. “Миний санахад хэнч надтай хамтарч ажиллах санал ирүүлээгүй, сонгуулийн хороонд ажиллахдаа хэн нэгний талд ажиллаагүй, төрийн хуулийг баримталж ажилласан. Тэгээд ч төрийн албан хаагчдыг хүчээр хууль далайлгаж, сонгуулийн хороонд ажиллуулдаг байж дараа нь чи тэгээгүй гэж хариуцлага тооцоод байдаг нь утгагүй юм. Бид хуулиа л баримтлана шүү дээ” гэхэд Засаг дарга “Ер нь ямар нэгэн юманд хариуцлага байдаг. Тиймээс хариуцлага тооцох л ёстой. Хамтран ажиллах боломжгүй гэдгээ орлогчоороо дамжуулан өмнө нь хэлсэн” гэхээр нь би “Төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн албанд 20 жил ажилласан. Бас өрх толгойлсон эмэгтэй. Хэрэв миний эрхийг зөрчвөл би хуулийн байгууллагад хандана” гэхэд Засаг дарга зөв ч  бай буруу ч бай захирамж гаргаад ажлаас чөлөөлж болно. Би чиний 20 жил ажилласныг чинь бодолцоод хаана ажиллуулах вэ, хаана ажилламаар байна гэж асуух гэж дуудсан юм. Хэрэв чи ингээд байвал би шийдвэрээ гаргана. Заавал асуух шаардлагагүй. Чи яахав шүүхдэнэ л биз. Түүнд чинь хугацаа орно. Чи Мэргэжлийн хяналтруугаа эргээд ор. Бид Ганбаяртай ярилцсан. Тэнд орон тоо байгаа юм билээ” гэсэн. Та намайг өргөдлөө өг гэх гээд байгаа юм уу гэхэд тийм гэхээр нь би өргөдлөө өгөхгүй. Танд халах сэлгэх, шилжүүлэх эрх нь байгаа. Би лав өргөдлөө өгөхгүй гэсэн чинь байгууллага дотор бол шилжүүлж болох байх, харин өөр байгууллагад болдог юм уу гэж надаас асуухаар нь Төрийн албаны тухай хуульд байдаг шиг байлаа  гээд гарах гэхэд за тохирлоо шүү гэж араас хэлэхээр нь миний цалинг бууруулахгүй байхыг хүсээд гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-нд аймгийн Засаг даргын орлогч өрөөндөө дуудаад Засаг дарга тантай ярилцаж тохиролцсон гэсэн. Бид шийдвэрээ гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-нд ажлыг чинь хүлээлцүүлнэ гэсэн. Тэгээд ажлаа хүлээлгэж өгсөн. Уг захирамж намайг ажлаас чөлөөлөх гэж гарсан байтал утга нь шүлжүүлсэн ч юм шиг байсан. Энэ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг бариад ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх гэтэл нийгмийн даатгалын мэргэжилтэн таныг ажлаас чөлөөлөөгүй, шилжүүлсэн байна. Энэ шийдвэр чинь тэтгэмж авах үндэслэл болохгүй, шилжүүлсэн гээд очих гэхээр нь аль байгууллагад ямар албан тушаалд гэдэг нь тодорхойгүй байсан. Мэргэжлийн хяналтын газрын даргатай уулзахад би таньтай холбоотой захирамж гарсныг үзээгүй. Яг манайд шилжүүлнэ гээгүй, таны цалинг бууруулахгүйгээр цалинжуулж ажиллуулах боломжгүй. Тэгээд ч энэ захирамжаар таныг манайд шилжүүлэн томилох боломжгүй юм байна. Яг манайх руу ч шилжүүлчихээгүй л юм байна. Яахав таныг бодоод би сул орон тоон дээр нөөцөөс нөхөх замаар авч болно. Төрийн албаны зөвлөл ойрмогхон нэг хуралдах байх гэсэн. Тэгэхээр нь Хууль зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэнтэй утсаар яриад захирамжийн талаар хэлэхэд юутай ч таны урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авилгатай тэмцэх газар руу хүсэлт явуулья гэсэн. Уг захирамж гарсан өдөр нь би  Хууль зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэнтэй уулзах гэсэн боловч эзгүй байсан. 12 сарын эхээр Д.Магвансүрэн над руу утасдаад таны захирамжийг засья, таньтай уулзах хэрэгтэй байна гэсэн. Би төрийн албанд 20 жил ажиллачихаад ийм хууль бус шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөөд ажил ч үгүй, тэтгэмж ч үгүй байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлж, уцаарласан. Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамж нь миний эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн байдлыг дордуулсан, утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр байна гэж гомдоллож Д.Магвансүрэнтэй 3 удаа уулзсан. Д.Магвансүрэн “Шийдвэрийг засья, бид ойлгож байна, таныг 12 дугаар сарын 15-наас ажилд чинь томилуулна” гэсэн. 12 дугаар сарын 15-ны өдөр захирамжийг залруулсан, Мэргэжлийн хяналтын газарт оч, ажилдаа ор гэсэн. Мэргэжлийн хяналтын газарт очиход зөвхөн гарчгийг нь сольж, өмнөх захирамжийнхаа огноо дугаарыг тавьсан захирамжийг Б.Ганбаяр надад өгч, Авилгатай тэмцэх газраас мэдүүлэг чинь хянагдаж ирээгүй учир тушаал гаргах боломжгүй гээд буцаасан. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 30 хоногт гомдол гаргах эрхтэй тул би 12 дугаар сарын 16-нд Төрийн албаны салбар зөвлөлд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамж нь миний эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн байдлыг дордуулсан, утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр байна гэж гомдол гаргасан. Тухайн үед Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Дэлгэрмаа салбар зөвлөлд ирүүлсэн бүх хүсэлт, өргөдлийг өөрөө бүртгэдэг гээд авч бүртгэсэн. Төрийн албаны салбар зөвлөл миний өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй, тэр ч бүү хэл Хууль зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн 1 дүгээр сарын 10-нд Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан өргөдлөө ав гэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяраар өргөдлөө тат гэж хэлүүлсэн. Харин би албан ёсоор өргөдөл бичиж өгсөн, салбар зөвлөлийн нарийн бичиг чинь өргөдлийг хүлээн авч бүртгэсэн. Одоо яагаад надад албан ёсоор хариуг өгөхгүй байгаа юм бэ, би өргөдлөө авахгүй гээд гарсан. Мэргэжлийн хяналтын газраас 12 дугаар сарын 19-ний өдөр дуудаж түр тушаал гаргаж авлаа. Манай бүтэц он гараад өөрчлөгдөнө. Тэр хүртэл мал үржлийн байцаагчаар түр авч байна гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 18-нд Б.Ганбаяр өрөөндөө дуудаж дотоод ажилтан Т.Мөнгөнчимэг, хэлтсийн дарга Ж.Оюунчимэг нарын хамт байсан ба “Бүтцийн өөрчлөлтөөр таны ажлын байр байхгүй болсон. Тиймээс таныг чөлөөлөхөөс өөр аргагүй, бас түр тушаалтай байсан тул танд 3 сарын тэтгэмж олдохгүй. Тэгээд ч энэ тоог хасуулахаар урьд нь санал явуулсан байсан тул таныг түр томилсон тушаалаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт явуулаагүй. Мал үржлийн байцаагчийн эрх олгуулах хүсэлт явуулсан” гэж хэлсэн. Ингээд 1 дүгээр сарын 19-ний өдрөөс ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ингээд миний хувьд шилжүүлсэн нэрээр ажлаас чөлөөлөгдөөд шилжсэн ч ажилгүй, ажилгүйдлийн тэтгэмж ч үгүй, нөөцөөс нөхөөд ч байгаа юм шиг, шилжүүлсэн ч юм шиг байдалтай байсаар 1 сар гаруй ажилласан жил тасрав. Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Даваахүү 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Н.Даваахүү миний зүгээс “аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгсөн гэж, уг захирамжийг хууль бус гэж үзэж буй учир ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”  гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно.” Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “дараахь маргааныг шүүхээр шийвэрлэнэ.” гээд 128.1.2-т “ажил олгогчийн санаачлагаар ...өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” гэж заасны дагуу “аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжаар өөр ажилд буруу шилжүүлсэн гэж, уг захирамжийг хууль бус гэж үзэж буй учир ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан, бусад хугацааны цалин, цалингийн зөрүү, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, түүний зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” гэж өөрчилж байна.” гэжээ

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Даваахүүг түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар “Н.Даваахүүг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” тухай захирамжаар түүнийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Мал үржлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон. Засаг даргын Б/68 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн45 дугаар зүйлд заасны дагуу засч гаргасан болно. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/251 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд тус шийдвэрийн дагуу Н.Даваахүүг шилжүүлэн томилсон. Албан тушааалын орон тоо бүтцийн өөрчлөлтийн дагуу халагдсан. Иймээс түүнийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Архивын ажилтны албан тушаалд гэрээгээр ажиллуулж байгаа болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Даваахүү нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “тус аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, уг захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэл гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “тус аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжаар өөр ажилд буруу шилжүүлсэн, уг захирамжийг хууль бус гэж үзэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан, бусад хугацааны цалин, цалингийн зөрүү, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, түүний зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Даваахүү нь дээрх захирамжийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу тус зөвлөлийн дарга Д.Содном “Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд тус газраас Н.Даваахүүг улсын байцаагчаар томилон ажиллуулж байгаа тухай албан бичиг ирүүлсэн байна” гэсэн албан бичиг өгчээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Н.Даваахүүг ажлаас чөлөөлөх тухай” Б/68 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтыг тус тус үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Даваахүүг өөртэй нь тохиолцож төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байх бөгөөд Засаг даргын захирамж нь Н.Даваахүүг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар биш чөлөөлөхөөр гарсан байна. Хэрэв нэг байгууллагаас нөгөө байгууллагад, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгаа бол ямар байгууллагын ямар албан тушаалд шилжүүлж байгаа талаар болон шилжүүлсэн хугацаа, үндэслэл зэрэг нь тодорхой байх учиртай.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан нь уг маргаан бүхий актын хувьд “ажлаас чөлөөлөх”, “өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” гэж гарчигийг өөрчлөх нь утга, болон агуулгын хувьд бүрэн өөрчлөгдөхөөр байх тул эрхийн өөр акт гаргаж засварлах нь зүйтэй байжээ. 

Мөн эхлэн гаргасан “Н.Даваахүүг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн үйлчлэл нь хэвээр хадгалагдаж байх ба уг захирамжийн дараа гарсан “Н.Даваахүүг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” гэж захирамжийн гарчиг дахь утгыг өөрчлөхдөө өмнө гаргасан захирамжийг хүчингүй болгох эсвэл өөрчилсөн болох тухай огт дурдаагүй байгаа нь нэг он, сар, өдөр, дугаартай хоёр өөр захирамж байгаа гэж ойлгохоор байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч Н.Даваахүүтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэх тайлбарыг гаргах боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Тохиролцоно гэдэг нь ямар нэгэн шийдвэр гаргахыг харилцан зөвшөөрч талууд урьдчилан санал нийлсэн байхыг ойлгохоор байх бөгөөд тохиролцсон асуудлыг бичгэн хэлбэрээр баримтжуулах, тухайлбал тэмдэглэл үйлдэх, өөр бусад байдлаар нотлох нь захиргааны байгууллагын үүрэг атал уг үүргээ биелүүлээгүй байна. Хэргийн оролцогч нар уулзсан тухай нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа удаа дараа дурдсан, амаар тодорхой асуудлаар ярилцсан байхыг шүүх үгүйсгэхгүй, харин баримтжуулаагүйг нь буруу гэж үзсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Даваахүүг улсын байцаагчаар түр томилох тухай” Б/33 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээгээр ажил түр гүйцэтгүүлэх тухай” Б/05 дугаар тушаал,  2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Н.Даваахүүг улсын байцаагчаар томилох тухай” Б/20 дугаар тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахтай холбоогүй байна.

Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Н.Даваахүүг ажлаас чөлөөлөх тухай” болон “Н.Даваахүүг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/68 дугаар  захирамжуудыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан нийтлэг бүрэн эрхийн заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Даваахүүг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Н.Даваахүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлыг гүйцэтгээгүй ажлын 119 хоногийн олговор 5193993 төгрөгөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгосон нийт 2745884 төгрөгийг хасч 2448109 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу зөрүүг тооцон бичилт хийлгэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст  хэргийн мартериалд авагдсан Н.Даваахүүгийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 8-10 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Даваахүүг түүний өмнө эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Н.Даваахүүгийн ажилгүй байсан хугацааны цалин буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд авсан цалингийн зөрүү болох нийт 2448109 төгрөгийн цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалингаар тооцож зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Б.МӨНХЗУЛ