Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

Ц.Мөнхтуул, Ц.Мөнхцэцэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Батбаяр,

ялтан Ц.Мөнхтуул /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

ялтан Ц.Мөнхцэцэг /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

хохирогч Б.Уранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Мөнхтуул, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, ялтан Ц.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарт холбогдох 2015 2501 1780 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Халзан овогт Цогтбаатарын Мөнхцэцэг, 1978 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13а байрны 26 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 59 дүгээр байрны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХБ78012385/,

2. Халзан овогт Цогтбаатарын Мөнхтуул, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 1-3 насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13а байрны 26 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо 59 дүгээр байрны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХБ87101581/;

Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Б.Уранчимэгээс 141.194.000 төгрөгийг итгэл эвдэн хуурч мэхлэн залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Халзан овогт Цогтбаатарын Мөнхцэцэг, Халзан овогт Цогтбаатарын Мөнхтуул нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Ц.Мөнхцэцэгээс 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг хурааж 10 /арван/ жил 5 таван сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Мөнхтуулаас 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 /арван/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Мөнхцэцэгт оногдуулсан 10 /арван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих, Ц.Мөнхтуулд оногдуулсан 10 /арван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялуудыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулга бүхий дэвтэр 1 ширхэг зэргийг Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарт буцаан олгож, 3 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Мөнхцэцэгээс 99.950.000-3.800.000-8.000.000=88.150.000 /наян найман сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг, Ц.Мөнхтуулаас 41.244.000 /дөчин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Бадамжавын Уранчимэгт /РД:УУ72060608/ олгохоор, Ц.Мөнхтуулын өмчлөлд байх Ү-22005001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 26 тоот, мөн Ц.Мөнхцэцэгийн өмчлөлд байх Ү-2205032473 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамжны 59 дүгээр байрны 6 тоот орон сууцуудыг тус тус хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуулд урьд бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 2-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Мөнхтуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэн дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

Хохирогч Б.Уранчимэг нь шүүхэд мэдүүлэхдээ Ц.Мөнхцэцэг эгчийн наймаа эрхэлж байсан лангуунд ганц нэг удаа ирж байсан тухай байдаг. Тэрээр лангууны үйл ажиллагаа, худалдагч нарын талаар ямар ч мэдээлэл байхгүй байж намайг эгчтэйгээ наймаа хийж байсан, мөн миний дансаар Уранчимэг, Мөнхцэцэг нарын зээлийн мөнгө орж гарч байсан учраас Уранчимэг нь намайг залилсан, мөнгө зээлж байсан мэтээр ярьж, гүтгэсээр байгаа юм. Намайг эгч Мөнхцэцэгт туслаж худалдагчаар нь ажиллаж байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг хэрэгт хангалттай байгаа. Миний бие бодит болсон байдал тэдний хоорондох зээлийн харилцааны талаар мэдэх бүх зүйлээ мөрдөн байцаалтад үнэн зөвөөр нь хэлсэн.

Анхан шатны шүүхээс нотлох баримттай бодит хохирлын тооцоо, 2 талын аль алийг бэлэн мөнгөний дүнг тооцохгүй гэсэн байр суурьтай байсан. Бодит байдалд Уранчимэг эгч манай эгчээс надаар дамжуулан авч байсан бэлэн мөнгөө аваагүй гэж гүрийж, 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөес хойш нэг ч төгрөг төлөөгүй гэж гүтгэж байгаа. Гэтэл энэ хугацаанд Мөнхцэцэг эгч болон миний нэрээр Уранчимэгийн данс руу мөнгө орж байсан баримт буюу Уранчимэгийн дансны хуулга байгаа. Ийм баримт байхад Уранчимэг нэг ч төгрөг төлөөгүй гэж шүүх хуралдаанд гүрийгээд зогсож байсан. Тэрээр зээл болон төлөлтийн талаар тэмдэглэдэг хар дэвтэртэй байсан бөгөөд дэвтэртээ бэлнээр хүлээж авсан мөнгөө он, cap, цаг хугацаатай нь тэмдэглэдэг. Энэ дэвтэрээ одоог хүртэл хэрэгт гаргаж өгөхгүй. Энэ байдлаас харвал түүний хэр шударга хүн бэ гэдэг нь харагдана. Хохирогч Б.Уранчимэгийн хэрэгт хавсаргасан байсан 248.000.000 төгрөг зээлсэн гэх тооцооны хуудсыг үнэн зөв мэт тооцсонд маш их харамсаж байна. Хэрэгт байгаа баримтаар тулгаж үзэхэд 180.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс Уранчимэгийн данс руу орсон 118.000.000 төгрөгийг хасвал 60.000.000 төгрөг үлдэнэ. Гэтэл хохирогч 2013 оны 3 дугаар сарын 7-ноос 2015 оны 2 дугаар сарын 7-ны хооронд гэж хугацаа заагаад байгаа. Гэтэл яг энэ хугацаанд нь 108.000.000 төгрөгийг би болон эгч Мөнцэцэгээс түүний дансанд орлого хийсэн байдаг. Баримт ийм байхад прокурор Батбаяр нь 2016 оны 7 дугаар сард 96.000.000 төгрөгийн хохирол байгаа талаар шийдвэр гаргасан. Мөн 2016 оны 2 дугаар сард мөрдөн байцаагч Батмягмарын гаргасан тооцоогоор яллах дүгнэлтээ 141.000.000 төгрөгөөр гаргасан нь хохирогчийн гаргасан тооцоо хоорондоо уялдаа холбоогүй, бодит бус, үндэслэлгүй гэдгийг харуулж байгаа юм. Мөн яллах дүгнэлтэд хохирлын тооцоог нарийн тооцож гаргаагүй зөвхөн хохирогч Б.Уранчимэгийн мэдүүлэг тэр чигээрээ үг үсгийн зөрүүгүй байгаа юм. Яллах дүгнэлтийн тооцоонууд ч гэсэн 141.000.000 төгрөг хүрэхгүй байгааг шалгаж нягтлаагүй, дутуу хийсэн нь мөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Яагаад цагдаа, прокурор, шүүх зөвхөн нягтлан шалгахгүйгээр хохирогч гэгдэх Уранчимэгийн гаргасан тооцоог баримтлаад байгааг ойлгохгүй байна.

4. Ц.Мөнхтуул би дансаараа эдгээр 2 хүний мөнгийг авч шилжүүлж уг хэрэгт холбогдсон ч зээлж авч байсан Ц.Мөнхцэцэг нь өөрөө авч, наймаа арилжаандаа захиран зарцуулдаг байснаа мэдүүлдэг. Мөн миний дансаар мөнгө орсон ч дансаар яг хэдэн төгрөг орсон, би өөрийн нэрээр бас хэдэн төгрөг шилжүүлсэн талаар ямар ч үнэн бодитой тооцоо  гаргаагүй байж намайг шууд 141.000.000 гэх мөнгөний 41.000.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэх нь үндэслэлгүй байгаа юм. Би энэ талаар мөрдөн байцаагч, прокурорт өнгөрсөн хугацаанд удаа дараа хүсэлт тавьсан боловч нэг ч удаа миний хүсэлтийг хүлээж аваагүйд маш их гомдолтой байна. Энэ хоёр хүн нь хоорондоо утсаар ярьж, уулзаж зээлийн харилцаагаа хэлэлцэн, эргэн төлөх, дахин зээл авах талаараа ярилцдаг байсан нь ч хавтаст хэрэгт авагдсан нотлох, баримт, мэдүүлэг, анхан шатны шүүхийн мэдүүлгүүдээс харагдаж нотлогдож байгаа юм.

5.Миний амьдрал, эрх зүйн байдал зөвхөн Уранчимэг Мөнхцэцэг эгчээс нараас болж дордож, сүйрч орвонгоороо эргээд байна. Цагтаа хуурай эгч дүүс шиг л байсан Уранчимэг, Мөнхцэцэг эгчид хоёуланд нь маш их гомдож байна. Яагаад миний амьдралыг ийм байдалд оруулж байгаа юм бэ? Нас биед хүрсэн адилхан эх хүн байна, эмэгтэй хүн байна гээд та хоёр тохироод, зөвшилцөлд хүрээч гэж гуйж байхад намайг Уранчимэг нь өмгөөлөгчтэйгөө нийлээд тас загнаад бас “чи мөнгө авсан биз дээ” үнэнээ хэлээ ч гээд “Үгүй та юу яриад байгаа юм бэ?” гээд ярьж байсныг маань бас л бичлэг хийж бичиж ашиглах санаатай байсанд маш их харамсаж байна.

Хэрвээ намайг дансаараа мөнгө хүлээн авснаараа залилсан гэж үзэж байгаа юм бол би өөрийн нэрээр Б.Уранчимэг рүү шилжүүлэг хийсэн мөнгө нь миний өгсөн мөнгөн дүн болох нь шударга гэж үзэж байна. Гэтэл ямар ч бодит, үнэн зөв тооцоо гаргаагүй байж анхан шатны шүүхээс шууд ял шийтгэл оноосонд харамсаж, гомдолтой байна. Энэ шийдвэрээс болж миний 0-3 насны 3 хүүхэд эхгүй өсөх асар их гарз, хохирол миний амьдралд учраад байгааг нийслэлийн давж заалдах шатны шүүх нягтлан шалгаж, үнэн зөвөөр шүүн тунгаан шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

6. Анхан шатны шүүхээс миний хувийн байдал, хэрэгт Уранчимэг Мөнхцэцэг нарын хоорондын зээлийн асуудалд оролцсон оролцооны шинж байдлыг огт сонсоогүй, ярих боломжоор бүрэн хангаагүй. Миний бие 2004 онд 10 жилээ онц дүнтэй төгсөж түүнээс хойш хувийн болон улсын гурван дээд сургуулийг тэтгэлгээр төгсөж, шагнал урамшуулал авч үеийнхэн, багш, профессор, сургууль хамт олондоо нэр хүндтэй үлгэр жишээ залуу байсан. Үеийн залуучуудаасаа шалгарч Монгол улсаа төлөөлж Солонгос улсад илтгэл тавьж итгэл хүлээж явсан. Надад болон манай гэр бүлд бусдыг залилан мэхлэх, хуурах хүмүүжил байхгүй. 2004 оноос эхлэн хичээлийнхээ хажуугаар ажил эрхэлж Англи, Солонгос хэлний орчуулга хийж багшилж ирсэн. 0-3 настай 3 хүүхэдтэй, бага хүүхэд маань хөхүүл байгаа талаар /1хх-186-190 хуудсанд байгаа/ миний бие болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласаар байтал шүүх шудрага үнэнийг тогтоох ёстой атлаа яагаад надад ийм хатуу хандаж байгаа юм бэ? Би өөрийн санаачилгаар Б.Уранчимэгээс мөнгө шилжүүлж аваагүй шүү дээ. Миний хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдлыг анхаарч авч үзээгүй, надад Б.Уранчимэгийг залилан, хуурч мэхэлсэн ямар ч арга, үйлдэл тогтоогдоогүй байхад миний амьдрал хувийн байдлыг ч харгалзан авч үзээгүйд маш их гомдолтой байна.

Энэ хэрэг хохирогч Б.Уранчимэг болон эгч Ц.Мөнхцэцэг нарын хайхрамжгүй, тооцоо нийлж чадаагүйгээс болсон явдал нь шүүх хуралдаан дээр илэрхий тод байсан. Би … хүн хуурч мэхлээгүй байж онц хүнд гэмт хэрэгтэн болоод байна.

Эцэст нь зээл өгсөн, авсан хоёр хүний хоорондын тооцоо нийлэхгүй, тооцоон дээр маргасан бол зээл авсан хүний буруу болоод залилан мэхлэгч гэмт хэрэгтэн болж байгаа нь мөн зээл авсан хүний мөнгийг дансаараа авч өгсөн, зээлдүүлэгчийн данс руу нь зээлдэгчийн даалгавраар мөнгө хийж байсан би хамтран залилагч болж байгаа нь дэндүү шударга бус.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс иргэн миний дээрх гомдлыг хянан шалгаж, үнэн зөвөөр шүүн тунгаан, шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

Ялтан Ц.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүтэйгээ бүлэглэн иргэн Б.Уранчимэгээс 141.194.000 төгрөгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцсонд дараах нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

1.Миний бие бусадтай бүлэглэн залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдээгүй. Хувиараа бизнес эрхэлж байгаагийн хувьд Б.Уранчимэгээс олон удаа мөнгө зээлж байсан. Ажил төрлийн болон бусад шалтгаанаар түүнээс авах мөнгийг өөрийн болон дүү Мөнхтуулын дансаар авч байсан. Энэ авсан бүх мөнгийг би дангаараа захиран зарцуулж байсан. Дүү Мөнхтуул нь жирэмсний амралттай байсан учир өөртөө туслуулах гэж цалинжуулан ажиллуулсан. Мөн дүү Ц.Мөнхтуул нь хүүхдээ төрүүлсэний дараа ч гэсэн миний ажилд тус дэм болж байсан. Өөрийн холбогдоод байгаа асуудлын талаар бид мөрдөн байцаалт эхлэхэд ч, шүүх хуралдаанд ч тодорхой мэдүүлсэн.

2. Мөнхтуул маань надад тусалж ажиллаж байсан болох нь дүү Мөнхтуулын хүүхэд төрүүлсэн, нялх биетэй байх хугацаанд түүний дансаар Уранчимэгээс мөнгө шилжиж орж байгаагүй. Энэ хугацаанд дүү Мөнхтуулаас Уранчимэгийн данс руу мөнгө шилжүүлээгүй нөхцөл байдлаас тодорхой харагдана. Гэтэл яллах дүгнэлтэд дурдсан хугацаанд миний дүү Мөнхтуул цаг ямагт надтай цуг байсан юм шиг ойлгогдохоор яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд бичсэн байна. Би Мөнхтуултай бүлэглэн хэдэн төгрөг залилсан болж байгаа юм бэ? Ямар үйлдэл холбогдол дээр бид хоёр нийлж Б.Уранчимэгийг яаж хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэж залилсан болоод байна вэ? Тодорхой мөнгө төлөгдсөн баримт байгааг юу гэж үзэх вэ? Энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа миний дүүг гэмт хэргийн хань хамсаатан болгож 1-3 насны 3 хүүхэдтэй /бага хүүхэд нь хөхүүл/ дүүг минь гэм буруутайд тооцож 10 жилийн ял өгсөнд гомдолтой байна.

3.Яллах дүгнэлтэд иргэн Б.Уранчимэгийг залилан мэхэлсэн гэх хугацааг тодорхой зааж өгсөн. Гэтэл бид хоёрын хооронд бүр 2012 оноос хойш зээлийн харилцаа үүссэн байгаа. Миний бие Уранчимэгээс зээлээр авсан бүх мөнгө тооцоолж үзэхэд нийт 181.000.000 төгрөг авсан байдаг. Харин түүний дансанд надаас эргүүлэн төлөгдсөн мөнгө бол 119.000.000 гаран төгрөг. Энэ тооцоонд миний өөрөө болон дүүгээрээ Б.Уранчимэгт бэлнээр өгсөн мөнгө тооцогдоогүй болно. Миний тооцоогоор бэлнээр өгсөн 80.000.000 гаруй сая төгрөгөө оруулан бодох юм бол бид хоёрын хооронд ямар ч тооцоо байхгүй юм. Гэвч бэлнээр өгсөн мөнгийг Уранчимэг нь огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уранчимэг нь бэлнээр авсан мөнгөө шударгаар хүлээн зөвшөөрөхгүй байгаад би үнэхээр их гомдолтой байна. Түүнчлэн Уранчимэг бид хоёрын аль аль нь бэлнээр мөнгө өгч авалцахдаа 2 талд хар дэвтэр дээр мөнгөний тооцоогоо хөтөлдөг байсан. Энэ тухай Уранчимэг ч мэдүүлэгтээ хэлсэн. Би анх цагдаад дуудагдахдаа л тэр дэвтэрүүдээ өгсөн. Харин Уранчимэгийн тэмдэглэдэг дэвтэр одоог хүртэл хэрэгт байхгүй, мөрдөн байцаагч прокурорт дэвтрийг хэрэгт авч өгөөч гэж хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Хэрэв Уранчимэгийн зээлийг бэлнээр авсан талаар тэмдэглээтэй дэвтэр гарч ирвэл бүх үнэн бодитоор тогтоогдоно. Түүний дэвтэрээ гаргаж өгөхгүй байгаа санаа нь бэлнээр авсан мөнгийг өгөөгүй болгож, нүүрэн дээрээ хүү тооцоогүй гэх боловч авсан мөнгөө дахиж гаргуулах гэсэн санаа байж болзошгүй гэж үзэж байна. Би энэ хугацаанд бэлнээр болон дансаар огт мөнгө төлөөгүй юм бол Уранчимэг яагаад өмнөх мөнгөө аваагүй байж дахин дахин мөнгө шилжүүлээд байсан юм бэ?

4.Миний хувьд иргэн Уранчимэгийг залилах ямар ч санаа бодол байгаагүй гэдгийг дахин илэрхийлье. Б.Уранчимэг бид хоёр зээлийн хүүгийн асуудал, эцсийн тооцооноос болж маргасан. Б.Уранчимэг нь эхлээд 170.000.000, дараа нь 150.000.000 гаруй, сүүлд нь 148.000.000 төгрөгийн авлагатай гэсэн баримтыг баталгаажуулахыг надад тулгасан бөгөөд би түүний нэхсэн мөнгөний дүнг хэтэрхий өндөр байна гэж үзсэн, мөн үндэслэлгүй тооцоо байсан тул бид хоёрын хооронд маргаан үүссэн юм. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл даамжирсан. Миний дүүг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан оролцуулсны дараа би мөнгөний дүнг бодитоор тохирох, өгөх мөнгийг тодорхой болгож тооцоо нийлэх санал, хүсэлтээ дахин тавихад тэрээр өөрийнхөөрөө зүтгэж зөвшөөрөөгүй. Шүүх яллах дүгнэлтэд дурдсан хугацаанд буюу 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны хооронд намайг Уранчимэгт ямарч мөнгө төлөөгүй мэтээр дүгнээд хэдэн төгрөг төлсөнөө баримтаар нотлоогүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 1-хх-109-119 дахь хуудсанд байгаа “Хас Банк”-д Уранчимэгийн эзэмшдэг дансны хуулганаас Мөнхцэцэгээс, Мөнхтуулаас гэсэн орлогын гүйлгээг хугацаагаар нь нягтлан үзвэл хэдэн төгрөг хэзээ хийсэн нь тодорхой болох юм. Хэрэв яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Уранчимэгийн аваагүй гэх төлбөрийг 141.000.000 төгрөг гэх боловч бодож үзэхэд 129.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс зөвхөн баримтаар дансны хуулгаар нотлогдож байгаа тухайн хугацаанд төлөгдсөн гүйлгээний дүн 108.000.000 төгрөгийг хасвал 20.000.000 төгрөг, 141.000.000 тооцсон ч 30.000.000 төгрөг гэтэл шүүх яагаад 141.000.000 төгрөгийг огт төлөөгүй гэж үзээд байгаагаа тайлбарлаагүй байна.

Энэ талаар шүүх хуралдаанд өмгөөлөгч болон миний зүгээс тайлбарлаж байсан боловч шүүхээс ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж миний хэлсэн зүйлийг анхааран үзээгүйд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нягтлан үнэн зөвийг тогтоож,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Ялтан Ц.Мөнхтуулын өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Мөнхтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтуудыг бодитойгоор үнэлж дүгнэж чадаагүйгээс 85 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй.

НЭГ. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй тухай.

Анхан шатны шүүх Б.Уранчимэг, Ц.Мөнхтуул нарын хооронд үүссэн зээлийн харилцааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан журмын дагуу шалгах, үнэлэх ажиллагааг хийгээгүйгээс миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх талаар бодит дүгнэлт хийж чадсангүй.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр миний үйлчлүүлэгч Ц.Мөнхтуул нь “...эгч Ц.Мөнхцэцэгийн лангуунд худалдагчаар ажиллаж, наймаа арилжаанд нь тусалж байсан, хохирогч Б.Уранчимэгтэй зээлийн харилцаа үүсгэж байгаагүй, эгч Ц.Мөнхцэцэгийн Ц.Уранчимэгээс зээлсэн мөнгийг өөрийн дансаараа авч түүнд өгдөг, мөн зээлийн төлбөрийг Ц.Мөнхцэцэгийн даалгаврын дагуу хохирогчийн дансанд тушаадаг байсан...” тухай бодит нөхцөл байдлууд баримтаар нотлогдож тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6-д заасан асуудлуудыг хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтад тулгуурлан нотлох ёстой атал “...Ц.Мөнхтуулын ... өмчлөлд шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн тухай гүйлгээний баримтуудаар нотлогдож байна.”, “...шүүгдэгч Ц.Мөнхтуул ... эдгээр мөнгөнүүдээ эргүүлэн төлсөн талаар бичгийн баримтаар нотлож няцааж чадахгүй байна.” гэхээс өөр ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр илтэд яллах талыг баримталж шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарыг 7-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогчоос авсан зээлээс эргүүлэн төлсөнөө баримтаар нотлож чадаагүй гэж тэднийг буруутгасан дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дахь заалтыг зөрчлөө.

Ц.Мөнхтуул нь хохирогчтой зээлийн харилцаа үүсгэж байгаагүй, мөн өөрийнх нь дансаар орж байсан мөнгөнүүд нь Б.Уранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын тохиролцооны дагуу тэдний зээлийн мөнгөнүүд түүгээр дамждаг байсан, Б.Уранчимэгийн дансанд Ц.Мөнхтуулын нэрээр тушаагдсан төлбөрүүд өөрт нь хамааралгүй тухай мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн цагаас тодорхой мэдүүлж ирсэн байдаг. Хэрэв дээрх этгээдүүдийн хооронд үүссэн зээлийн харилцаатай холбоотой асуудлаар Ц.Мөнхтуулыг буруутгаж байгаа бол /1хх 109-119/ талд авагдсан хохирогчийн дансны хуулганд Ц.Мөнхтуулын нэрээр 25 удаагийн гүйлгээгээр, нийт 63.125.550 төгрөг хохирогчийн дансанд төлөгдсөн баримт байгаа. Ийм баримт байсаар байхад энэ талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарыг 7-ны хүртэлх хугацаанд миний үйлчлүүлэгчийг 41.122.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Хохирогчийн хохирсон гэх тооцоо нь, мэдүүлгүүд нь илтэд зөрүүтэй, ойлгомжгүй байгааг шүүх анхаарч нягтлаагүй бөгөөд Ц.Мөнхтуулыг эгч Ц.Мөнхцэцэгийн хамт хохирогчийг бүлэглэн залилсан гэх боловч хэрхэн яаж бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Дээрх үндэслэлүүдийн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно.

ХОЁР. Ц.Мөнхтуулын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд хариу төлбөргүйгээр авах, ийнхүү олж авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1.-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.” гэж заасан.

Шийтгэх тогтоолоор Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарыг гэм буруутайд тооцох үндэслэлээ болгосон нотлох баримтуудын аль нь ч залилан мэхлэх гэмт хэргийн субьектив шинжийг нотлоогүй бөгөөд шүүгдэгчдийн зүгээс хохирогчийн дансанд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тасралтгүй зээлийн төлбөрөө төлж байсан тухай хэргийн /1хх-119/ доороосоо 11 дахь гүйлгээг нягтлан үзэхэд залилан мэхлэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн үгүйсгэгдэнэ. Энэ баримтаар хохирогчийн мэдүүлэг няцаагдахаар байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Байцаан шийтгэх ажиллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримтууд нь иргэн Ц.Мөнхтуул, Ц.Мөнхцэцэг нарыг яллах бус цагаатгах хангалттай баримтууд байхад шүүх хэргийн байдалд үндэслэлгүй дүгнэлт өгч түүнийг гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дүгээр сарын 2-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Мөнхтуулыг цагаатгаж өгнө үү гэв.

Ялтан Ц.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхцэцэгийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж буй өмгөөлөгчийн хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 2-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2-д заасны дагуу хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь, Шүүх хэргийг таслан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс, үнэн бодит байдлаар судлан үзээгүй, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, мөнгөний тооцоо зөрүүтэй, шүүгдэгчдийн гэм буруу нотлогдоогүй байхад шийтгэх тогтоол гаргасан нь учир дутагдалтай байна.

Хохирогч Уранчимэг, шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нарын хэн аль нь 2012 оноос зээлийн харилцаа үүсгэсэн талаараа мэдүүлдэг. Харин тэдний хоорондох маргаан нь зээлийн дүн, эргэн төлөлтийн тооцооноос үүссэн болох нь тодорхой байдаг. Хохирогч Б.Уранчимэг нь анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, анхны тайлбар мэдүүлэгтээ “145 сая төгрөгөөр хохирсон” гэж /1-хх-5-12, 52-55/ мэдүүлж байсан бол мөрдөн байцаалтад 130.000.000 төгрөгөөр хохирсон /3-хх-128-129/ гэж мэдүүлсэн, мөн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт 141.000.000 төгрөгөөр хохирсон гэж 3 өөр дүнгээр хохирлоо тодорхойлон мэдүүлдэг. Яллах дүгнэлтэд түүний сүүлийн тооцоогоор буюу 141.194.000 төгрөгөөр хохирлыг тооцсон боловч яллах дүгнэлтэд заасан хугацаа, үнийн дүн бүхий тооцооллыг тооцож үзэхэд 141.194.000 төгрөгт хүрэхгүй.

Мөн хохирогч 2012 оноос шүүгдэгчид зээлсэн гэх мөнгөний нийт үнийн дүнгээ 232.000.000 төгрөг, 248.000.000 төгрөг гэж 2 өөр дүнгээр, бэлнээр өгсөн гэх мөнгөний дүнгээ 1-хх-126-128 хуудсанд байгаа мэдүүлэгтээ 34.000.000 төгрөг гэж мэдүүлж байсан атлаа 3-хх-128-129 хуудсанд 51.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж бас 2 өөр үнийн дүнгээр зөрүүтэй мэдүүлдэг. Үүнээс харахад хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй ойлгомжгүй байгаа нь хохирогч, шүүгдэгч нар тооцоогоо нийлээгүй тооцооны хувьд маргаантай байгааг анхан шатны шүүх үнэн зөв, бодит дүгнэлт өгч чадсангүй.

Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7 өдөр хүртэл хугацаанд Уранчимэгийг залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд байгаа.

Дээр дурдагдсан хугацаа болон хохирогч Б.Уранчимэгээс мөнгө зээлж эхэлсэн хугацаанд хийгдсэн гүйлгээг нэгтгэж үзвэл Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарын дансанд орсон мөнгө тодорхой болно. Яллах дүгнэлтэд дурдсан хугацаанаас өмнө хэргийн холбогдогчийн дансанд 20.000.000 гаруй төгрөг л шилжиж орж ирсэн байгаа. Хохирогч яллах дүгнэлтэд дурдагдсан хугацаанд шүүгдэгчийг нэг ч төгрөг төлж байгаагүй гэж мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Гэтэл яг энэ хугацаанд нь хохирогчийн дансаар шүүгдэгч нарын нэрээр 108.000.000 төгрөг төлөгдсөн байгааг шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Б.Уранчимэгээс шүүгдэгч нарын данс руу шилжүүлсэн бүх дансны баримтуудын үнийн дүнг судлан үзвэл нийт 181.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс яллах дүгнэлтэд хамаарах хугацаанд 167.000.000 орчим төгрөгийг Уранчимэг нь шүүгдэгч нарын дансанд шилжүүлсэн тооцоо гарч байгаа юм. Мөн яллах дүгнэлтэд заасан хугацаанд шүүгдэгч нарын нэрээр хохирогчийн дансанд 106.000.000 төгрөг тушаагдсан /1хх-109-119/ байдаг. Зөвхөн хэрэгт байгаа баримтуудаар тооцоо хийж үзэхэд яллах дүгнэлтэд дурдсанаас, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас гаргуулахаар зааснаас өөр мөнгөний дүн, тооцоо гарч ирж байгаа юм.

Хохирогчийн гаргасан тооцоог хэргийн бусад баримт, мэдүүлэгтэй тулгаж нягтлан үзвэл 4 өөр тооцоо гарч байгаа бөгөөд эдгээрийн аль нь ч яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан дүнтэй нийцэхгүй байгаа. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно. Анхан шатны шүүх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хохирлыг нарийвчлан тооцох ёстой атал шүүгдэгчдийн мэдүүлэг тооцоо болон тэдний өмгөөлөгчдийн тайлбар тооцоог анхаарч үзээгүйгээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь заалтад нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлож тогтоох” учиртай боловч миний үйлчлүүлэгч Ц.Мөнхцэцэгийн сэдэлт санаа зорилго субьектив шинжийн талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

Ц.Мөнхцэцэг нь хохирогч Уранчимэгээс зээл аваагүй гэж маргаагүй, яллах дүгнэлтэд дурдсан хугацааны туршид өөрийн нэрээр болон дүүгийнхээ дансаар болон бэлнээр тодорхой төлөлтүүдийг хийж байсан тухай баримтууд хэрэгт авагдсан. Энэ талаар шүүгдэгч нар мөрдөн байцаалт, болон шүүхийн хэлэлцүүлэгт ч тодорхой мэдүүлсэн.

Хохирогч Цагдаагийн байгууллагад 2015 оны 8 дугаар сард гомдол гаргасан байдаг бөгөөд тэрээр 2013 оны 3 дугаар сарын 7-оос 2015 оны 2 дугаар сарын 7 хүртэл миний үйлчлүүлэгчийг огт төлөлт хийгээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Энэ үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг буруутгадаг. 1хх-119 дүгээр хуудсанд авагдсан дансны хуулганы доороосоо 11 дахь гүйлгээнд миний үйлчлүүлэгч Ц.Мөнхцэцэгээс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Уранчимэгт төлөлт хийсэн сүүлийн гүйлгээ байна. 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс дээрх өдрийг хүртэл нийт 28 гүйлгээгээр төлөлт хийсэн байдаг. Ийнхүү буцаан төлөлт хийж байгаа үйлдэл нь Залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах субьектив талын шинжийг бүрэн үгүйсгэсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Түүнчлэн миний үйлчлүүлэгч Ц.Мөнхцэцэгийг өөрийн дүү Ц.Мөнхтуултай бүлэглэж залилсан гэж гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарын мэдүүлгийг давж заалдах шатны шүүх анхааралдаа авахыг хүсье. Учир нь Ц.Мөнхцэцэг нь лангууны бизнес эрхэлж өөрийн эзгүй, завгүй үедээ дүүгээрээ туслуулах зорилгоор түүнийг жирэмсэн байх хугацаанд худалдагчаар авч ажилуулсан тухай мэдүүлдэг. Энэ талаар түүний дүү  Мөнхтуул болон бусад хүмүүс тодорхой мэдүүлдэг. Ц.Мөнхтуул нь эгч Ц.Мөнхцэцэгийн даалгаснаар өөрийн дансаараа Уранчимэгийн шилжүүлсэн мөнгийг авч, мөн эгчийнхээ даалгаснаар Уранчимэгт дансаар, бэлнээр төлөлт хийдэг байсан гэж мэдүүлдэг. Ц.Мөнхтуул нь хохирогч Б.Уранчимэг болон Ц.Мөнхцэцэг нарын хооронд үүссэн зээлийн харилцаанд хамааралгүй болох нь Ц.Мөнхтуулын хүүхэд төрүүлж амаржсан хугацаанд өөрийн болон Уранчимэгийн дансанд гүйлгээ хийгдэж байгаагүй нөхцөл байдлуудаас тодорхой байгаа юм. Энэ талаар шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг /1хх-182-190 тал/ байгаа Ц.Мөнхтуулын хувийн байдлыг тогтоосон баримтуудын хугацааг дансны гүйлгээний хугацаатай харьцуулан үзэхэд бүлэглэсэн гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд хуульд заасан журмын дагуу бодит үнэлэлт, дүгнэлт өгсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх...” хууль зүйн боломж байсан гэж хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь 71 удаагийн үйлдлээр 248.885.000 төгрөгийг зээлсэн. Энэ нь 2хх-226, 4хх-21 дүгээр талд байгаа хохирлын тооцоо хийсэн баримт, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогддог. Өөр бусад хүний дансыг ашиглаж 16.100.000 төгрөгийг авсан 1хх-135, 138, 149-д байгаа баримт, 2 хх-155,162 дугаар талуудад байгаа гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч нар Уранчимэгээс 80.000.000 төгрөг авч буцаагаад 140.000.000 төгрөг болгож төлсөн гэж мэдүүлдэг. Хохирол болох 248.000.000 төгрөгөөс өөр бусад хүмүүсийн дансаар авсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ц.Мөнхтуул болон түүний нөхөр Батболд нь нар Японоос машин оруулж ирэх гээд гааль дээр татвар төлөх мөнгө хэрэгтэй байна гээд 16.000.000 төгрөгийг Батболдод “Хас Банк”-аас бэлнээр авч өгсөн. Үүийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Гэхдээ энэ нь Батболдын өгсөн мэдүүлгээр нотлогддог. Ц.Мөнхтуулын гэр бүлийг хүнд хэцүү амьдрал туулсан гэж Мөнхбаяр пастораас сонссон учраас итгэж мөнгө зээлүүлсэн. Шүүгдэгч нараас 118.598.140 төгрөгийг буцааж авсан. 51.500.000 төгрөгийг бэлнээр зээлүүлсэн. 3хх-85 дугаар талд бэлнээр авсан мөнгийг тэмдэглэсэн баримт байна. Надад дэвтэр байдаггүй. Банкны баримт, өгсөн, авсан талаар календар дээр тэмдэглэдэг гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар 2012-2015 он хүртэл хугацаанд миний үйлчлүүлэгчээс 248.885.000 төгрөгийг авсан. Хаан банкны дансаар 171.429.000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банкаар 56.500.000 төгрөгийг, Хадгаламж банкнаар 3.800.000 төгрөгийг, Төрийн банкаар 3.556.000 төгрөгийг, өөр бусад хүмүүсийн дансаар 16.100.000 төгрөгийг авсан. Нийт дансаар 197.385.000 авсан. Бэлнээр 51.500.000 төгрөгийг авсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 51.500.000 төгрөгөөс 16.000.000 төгрөгийг гэрч Батболд авсан гэдгээ мэдүүлдэг. Шүүгдэгч нар хар дэвтэр хөтлөж байсан талаар хэлдэг. Уг дэвтэрт бэлнээр авсан талаар бичсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог 6 удаагийн үйлдэл байдаг. Миний үйлчлүүлэгч тухайн үед шүүгдэгч нарт 248.858.000 төгрөгийг итгэж зээлдүүлсэн. Өөрөө сүмийн итгэгч хүн одоо элэгний 31 хувь нь ажиллаж байгаа, элэг солиулах заалттай. Мөнгөө хүлээгээд эмчилгээнд орж чадахгүй байгаа. Ганц бие 10 настай хүүтэйгээ амьдардаг. Шүүгдэгч нар миний үйлчлүүлэгчийг юу гэж хэлж залилсан бэ гэхээр “Би одоо байрны зээл авах гэж байна. Тэгээд таны мөнгийг өгнө. Дахиад лангуугаа зараад таны мөнгийг өгнө” гэдэг. Тэгээд лангуугаа 100.000.000 төгрөгөөр зарсан боловч хохирогчийн мөнгийг төлөөгүй байдаг. Мөн байрны зээл авсан боловч Б.Уранчимэгийн мөнгийг өгөөгүй. Хамгийн сүүлд тооцоо тулгаад 170.000.000 төгрөгийг өгөхөөр болоод тохиролцсон байдаг. Тэгснээ данс руу мөнгө шилжүүлсэн гэж утсаар худал хэлсэн байдаг. 2-3 хонгийн дараа буруу данс руу шилжүүлсэн байна гэж дахин худал хэлдэг. Ингээд дахиад асуухад ар гэрээсээ асууж байгаад өгнө гэх мэт аргаар залилан мэхэлсэн. Эдгээр үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Дахин хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт байцаалт хийх шаардлага байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих асуудлууд нотлогдон тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч Япон улсад олон жил ажиллаж байсан, эмч мэргэжилтэй хүн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна гэв.

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэргийн хохирлын тооцоог тал бүрээс нь харж гаргасан учраас хохирлын тооцоог дахин давтаж ярих хэрэггүй байх гэж үзэж байна. Уг гэмт хэргийг яагаад залилан мэхлэх гэмт хэрэг гэж зүйлчилсэн талаар тайлбар хийе. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн аргаараа буюу шүүгдэгч нар мөнгө зээлж аваад дахин зээлэх үед хохирогч “урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа шүү дээ” гэхээр “би банкнаас зээл авах гээд байна тэгээд өгнө” гэдэг. Энэ байдлаар 71 удаа үйлдлээр итгэл эвдэх аргаар мөнгө авсан асуудал яригддаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол гаргуулахаар заасан мөнгөн дүнг тодорхой заасан. Уг төлбөрийг прокурорын зүгээс хохирогчийн банкны лавлагаануудад үндэслэж хохирлын тооцоог гаргасан. Тухайн гүйлгээ хийгдсэн баримтуудад тулгуурлаж банкууд руу албан тоот хүргүүлж лавлагаа авсан. Иймд ялтан Ц.Мөнхтуул, Ц.Мөнхцэцэг нар нь бусдын итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул ялтан болон ялтан нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шитйгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Тухайн хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ бодитой тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хохирлын мөнгөний тооцоо, зээл олголт, төлөлтийн талаар талууд хүлээн зөвшөөрсөн хэмжээ нь харилцан зөрүүтэй тооцоо нийлүүлээгүй, ялангуяа бэлэн мөнгөөр зээлдүүлсэн болон мөн бэлэн мөнгөөр зээлд төлсөн гэх мөнгөн дүнгийн талаар хохирогч /зээлдүүлэгч тал/, шүүгдэгч /зээлдэгч тал/ нар маргаантай, тэдний мэдүүлэг илтэд зөрүүтэй, буюу мөрдөн байцаалтыг гүйцэд явуулаагүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр гаргасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “… шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг мөр бодитой шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч, зээлдүүлэгч Б.Уранчимэг, шүүгдэгч, зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарын дансаар болон бэлэн мөнгөөр зээлдүүлсэн, мөн тэдний дансаар болон бэлэн мөнгөөр зээлд төлсөн гэх мөнгөн дүн, энэ талаарх тэдний мэдүүлэг илтэд зөрүүтэй. Ялангуяа бэлэн мөнгөөр зээлдүүлсэн болон  зээлд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаан бүхий байхад талуудын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд /дансаар зээлдүүлсэн болон зээлд төлсөн мөнгө/ мөрдөн байцаагчийн оролцоотойгоор харилцан тооцоо нийлүүлж, акт үйлдүүлж, баталгаажуулаагүй, бэлэн мөнгөөр зээлсэн, зээлд төлсөн гэх мөнгөн дүнгийн талаарх тэдний мэдүүлгийн зөрүү, энэ талаар гаргасан хүсэлтийг гүйцэд шалгаагүй атлаа Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн шаардлагад нийцээгүй байна. 

Хохирогч Б.Уранчимэгээс шүүгдэгч Ц.Мөнхцэцэг нь 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2.100.000, 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 7.000.000, 2014 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.600.000, нийт 16.700.000 төгрөгийг бэлэн мөнгөөр зээлж авсныг хохирлын мөнгөнд дүнд оруулсан үндэслэл нь ямар нотлох баримтуудаар нотлогдож байгааг прокурор яллах дүгнэлтдээ нарийвчлан заагаагүй байна.

Нөгөөтэйгүүр, хавтаст хэргийн /4хх 28, 29-30/-д авагдсан Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарын Б.Уранчимэгээс зээлсэн мөнгөн дүнгийн тооцоонд түүний бэлэн мөнгөөр зээлдүүлсэн гэх 51.500.000 төгрөгийн 8 удаагийн олголт бүхий мөнгөн дүнг оруулсан атлаа  /4 хх-40/-д авагдсан “Бэлнээр буцааж төлсөн 82.915.000 төгрөгөөс Б.Уранчимэгийн дансны хуулгад орлоготой таарч байгаа мөнгөн дүн” гэх 48.659.200 төгрөгийн 20 удаагийн төлөлт бүхий мөнгөн дүнгийн талаар нарийвчилж шалгаагүй. Хохирлын мөнгөн дүнгийн тооцоонд оруулах эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “…хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Хавтаст хэргийн /4-хх-28, 29-30/ хуудсанд авагдсан мөнгөн дүнгийн тооцооны хүснэгтээс үзэхэд зээлдүүлэгч Б.Уранчимэг нь зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул, бусад хүмүүсийн банкин дахь дансаар 63 удаа 197.385.000+16.100.000 төгрөг бүгд 213.485.000 төгрөг зээлдүүлсэн байх ба хавтаст хэргийн /4-хх-31-33/ хуудсанд авагдсан “Эргэн төлөлтийн задаргаа”-аар зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул /бусад хүмүүс/ Ц.Мөнхцэцэгийн нэрээр 60 удаа, Ц.Мөнхтуулын нэрээр 40 удаа нийт 100 удаагийн эргэн төлөлтөөр 118.590.290 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс үзэхэд 94.894.710 төгрөгийн зөрүү гарч байгаа яллах дүгнэлт дэх 141.194.000 төгрөгийн хохирлын дүнгээс эрс зөрүүтэй байх ба хохирлын энэхүү мөнгөн дүн өөрчлөгдөх эсэх нь тэдний бэлэн мөнгөөр зээлсэн, эргэн төлсөн үйлдлийг нарийвчлан шалгасны эцэст тогтоогдохоор байгааг анхаарч мөрдөн байцаалт явуулах нь чухал болно.

 2.Ц.Мөнхцэцэгийн Б.Уранчимэгээс мөнгө зээлж авсан гэх олон удаагийн үйлдлүүдийн чухам аль үйлдлийг “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, итгэл эвдэх аргаар авсан”, зээлдүүлэгч Б.Уранчимэг нь зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул, бусад хүмүүсийн банкин дахь дансаар 63 удаа /4-хх-28, 29-30/ мөнгө шилжүүлэхдээ чухам хэдэн удаагийн ямар гүйлгээг Ц.Мөнхцэцэгтэй, хэдэн удаагийн аль гүйлгээг Ц.Мөнхтуултай урьдчилан тохиролцож шилжүүлснийг тус тус ялгамжтай шалгаж тогтоогоогүй ба зээлдэгч Ц.Мөнхтуулын дансаар дамжуулан мөнгө зээлсэн үйлдлийн чухам аль үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тэднийг бүлэглэн оролцсон гэх үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр, зөвхөн тэдний мөнгө зээлсэн аргыг залилан мэхэлсэн гэж үзсэн үү, зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй асуудлыг нь залилан мэхэлсэн гэж үзсэн үү гэдэг нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойгүй байна.

Иймд юуны өмнө хохирогч, зээлдүүлэгч Б.Уранчимэг, шүүгдэгч, зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарын дансаар болон бэлэн мөнгөөр зээлдүүлсэн, мөн тэдний дансаар болон бэлэн мөнгөөр зээлд төлсөн гэх мөнгөн дүнг талуудын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд /ялангуяа, дансаар зээлдүүлсэн болон зээлд төлсөн мөнгө/ мөрдөн байцаагчийн оролцоотойгоор харилцан тооцоо нийлсэн акт үйлдүүлж, баталгаажуулах, шаардлагатай /хэт маргаантай/ гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан арга журмын дагуу нотлох баримтуудад тулгуурлан мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Мөн бэлэн мөнгөөр зээлсэн, зээлд төлсөн гэх мөнгөн дүнгийн талаарх тэдний мэдүүлгийн зөрүү, энэ талаар гаргасан хүсэлтүүдийг үндэслэн мөрдөн байцаалт явуулж, хохирлын хэмжээг бичгийн болон бусад нотлох баримтад үндэслэн бодитой тогтоох нь чухал байна.

Нөгөөтэйгүүр, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.Уранчимэг “...Миний данс руу орлого гэж орсон гүйлгээнүүд нь миний өөрийн тушаасан мөнгө бөгөөд миний хувийн бизнесээс олсон орлогууд юм. Би “Хасу Цамхаг” ХХК, “Монгол Скай” ХХК, “Хүрэл Интернэшнл”, “Макс Групп”, “Жигүүр Гранд” зэрэг компаниудад барилгын материал нийлүүлсэний төлбөрийг бэлнээр болон дансаар авдаг байсан. Бэлнээр авсан мөнгөний баримтууд ч надад байгаа. ... Шаардлагатай бол би орлогын баримтуудаа үзүүлэх болно. Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар надад бэлнээр мөнгө өгч байгаагүй. ... надад өгөөгүй мөнгөө өгсөн гэж яриад байгааг шалгаж өгнө үү гэж хүсч байна. Мөн би өөрийн хувийн тооцооны дэвтрийг ухаж үзэж байгаад урьд байцаалт, тооцоонд оруулаагүй Ц.Мөнхцэцэг нарт бэлнээр өгсөн мөнгөнүүдийн талаар тэмдэглэлээ олсон юм. ... Эдгээр мөнгөн дүн нийлээд 25.720.000 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгөө Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нараас нэхэмжилж байна...” /3хх-85/ гэснийг анхаарч шалгаагүй ба ялтан Ц.Мөнхцэцэгийн: “Уранчимэг нь бэлнээр авсан мөнгөө шударгаар хүлээн зөвшөөрөхгүй байгаад би үнэхээр их гомдолтой байна. Түүнчлэн Уранчимэг бид хоёрын аль аль нь бэлнээр мөнгө өгч авалцахдаа 2 талд хар дэвтэр дээр мөнгөний тооцоогоо хөтөлдөг байсан. Энэ тухай Уранчимэг ч мэдүүлэгтээ хэлсэн. Би анх цагдаад дуудагдахдаа л тэр дэвтэрүүдээ өгсөн. Харин Уранчимэгийн тэмдэглэдэг дэвтэр одоог хүртэл хэрэгт байхгүй, мөрдөн байцаагч прокурорт дэвтрийг хэрэгт авч өгөөч гэж хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Хэрэв Уранчимэгийн зээлийг бэлнээр авсан талаар тэмдэглээтэй дэвтэр гарч ирвэл бүх үнэн бодитоор тогтоогдоно...”

Ялтан Ц.Мөнхтуулын: “Тэрээр зээл болон төлөлтийн талаар тэмдэглэдэг хар дэвтэртэй байсан бөгөөд дэвтэртээ бэлнээр хүлээж авсан мөнгөө он, cap, цаг хугацаатай нь тэмдэглэдэг. Энэ дэвтэрээ одоог хүртэл хэрэгт гаргаж өгөөгүй.” гэж давж заалдсан гомдлуудын дагуу мөрдөн байцаалт явуулах шаардлагатай ба энэ талаар мөрдөн байцаалтад гаргасан тэдний хүсэлт /2хх-236/-ийг хангахаас татгалзсан /2хх-234-235/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх хэсэгт зааснаар “хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, …түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй  нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт … явуулахдаа  нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн” гэх үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзнэ.

3.Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь Б.Уранчимэгээс авсан мөнгийг анхнаасаа буцааж өгөхгүй гэсэн субъектив санаа зорилгоор авсан эсэх, тэд зээлийг төлөх боломжгүй нөхцөлд авсан эсэх  зэрэг гэмт хэргийн субъектив талын шинж болох гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг мөрдөн байцаалтын шатанд гүйцэд тогтоож, нотлох баримтуудыг харьцуулан дүгнээгүй. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.3 дахь хэсгийн заалт шаардлагад нийцээгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, тэдний дээрх үйлдэл нь анхнаасаа бусдын мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай, шууд идэвхитэй үйлдлээр хийгдсэн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалган тогтоож, хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай.

Ц.Мөнхтуул нь “...2013 онд … жирэмсэн байх хугацаандаа ажиллаж байсныг, эгчийгээ бараа татахаар хилээр гарах үед лангуун дээр нь ирж зогсдог байсныг, наймаа арилжаа бие дааж эрхэлдэггүй,  эгчдээ туслаж байсныг нотлох гэрч нараас гэрчийн мэдүүлэг авч өгөөч” гэсэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гаргасан /3хх-92/ байхад Ц.Мөнхтуулын данс руу мөнгө шилжин орсон он, сар, өдрийг Ц.Мөнхцэцэгийн хилээр орсон, гарсан, он, сар өдөртэй харьцуулан бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-79/ үйлдсэн төдийгөөр хязгаарлаж, бусад ажиллагааг хийгээгүй, дээрх хүсэлтүүдийг хэрхэн хангасан талаар мөрдөн байцаагч, прокурор үндэслэл бүхий тогтоол үйлдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтээр Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нар нь бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Б.Уранчимэгээс 141.194.000 төгрөгийг итгэл эвдэн хуурч мэхлэн залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх боловч зөвхөн банкны гүйлгээ хийсэн баримтууд /1хх-110-119/-аар тооцоолоход 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх гэмт хэрэг үйлдсэн гэх дээрх цаг хугацаанд Ц.Мөнхцэцэг нь 94.380.000 төгрөг Б.Уранчимэгээс зээлж, мөн хугацаанд 42.103.290 төгрөг төлж, 52.276.710 төгрөгийн үлдэгдэлтэй, Ц.Мөнхтуул нь мөн хугацаанд 65.975.000 төгрөг дансаараа авч мөн хугацаанд 66.442.450 төгрөг буцаан шилжүүлж, - 467.450 төгрөг болж үлдэгдэлгүй гарч байна. Гэтэл Яллах дүгнэлтийн хавсралт /4хх-88/-д “…Яллагдагч Ц.Мөнхтуул 41.244.000 төгрөг, Ц.Мөнхцэцэг 99.950.000 төгрөг тус тус хохирогч Б.Уранчимэгт төлөх төлбөртэй.” гэсэн нь хэргийн энэхүү үйл баримттай тохирохгүй байна гэж үзэв. Яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.Уранчимэгийн бэлэн мөнгөөр зээлдүүлсэн гэх 51.500.000 төгрөгийн хохирлын үнийн дүн нь яллагдагч Ц.Мөнхцэцэгт хамаарахаас биш, яллагдагч Ц.Мөнхтуулд холбогдолгүй байгааг анхаарч шалгах шаардлагатай.

4.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Б.Уранчимэг нь Ц.Мөнхцэцэгт бэлнээр 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 3.800.000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 8.000.000 төгрөгийг өгсөн ... шүүх эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй гэж үзэж бэлнээр өгсөн гэх мөнгийг шүүгдэгч Ц.Мөнхцэцэгээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй...” гэж хохирлоос хасч шийдвэрлэсэн атлаа дээрх 11.800.000 төгрөгийг залилан мэхлэх аргаар авсан гэх үйлдэл холбогдлыг хэрхэхийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн заалт, шаардлагад нийцээгүйг тэмдэглэж байна.

Иймд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.Мөнхтуул, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үүнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.