Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0487

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0487

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“С” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “С” ХХК-ийн захирал Б.Б 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн .......... дүгээр шийтгэлийн хуудсын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн /2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/ 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж, Э.Б нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ......... дүгээр шийтгэлийн хуудасны 5 /тав/ дахь заалтыг хүчингүй болгож, “С” ХХК-ийн төлөх нийт төлбөрөөс ....... төгрөгийн нөхөн татвар, .......... төгрөгийн торгууль, ........ төгрөгийн алданги зэргийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх зөрчлийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 6.6 дугаар зүйлийн 1.2-т “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-т “Зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашиглаж уг албан татварыг ногдуулаагүй бараа, ажил, үйлчилгээнд ногдсон мэтээр холбогдох бичилт хийж, худалдан авалтын хасалт хийсэн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй” гэж заасанд хамаарал тул татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх дээрх хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад хяналт шалгалт хийж шийтгэлийн хуудас үйлдсэнийг хууль бус гэж үзсэн атлаа зөрчил гаргасан аж, ахуйн нэгж борлуулалтын орлогоос төлөх нэмэгдсэн төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчлийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Энэ маргааны гол үйл баримт нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж албан татварын хасалт хийсэн, тэр нь тайлангаар нотлогдож байгаа үйлдэл юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 27 салбарын зөрчлийг нэгтгэн журмалсан нь салбарын онцлогоос хамааруулж “зөрчил үйлдсэн нь ил тодорхой” нөхцөл байдлыг ойлгож байна. Тухайлбал тээврийн хэрэгслийн жолооч улаан гэрлээр нэвтэрсэн нь хэнд ч ойлгомжтой зөрчил мөн бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн албан хаагч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ. Үүнтэй адил тавар төлөгч өөрийн төлөх татвараа тайландаа бууруулж тайлагнасан нь ил тодорхой зөрчил мөн.

Гомдол гаргагч хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй талуудын хэн аль нь ч маргаагүй. Гагцхүү бид хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг хяналт шалгалт хийгдэх үеэр болон шүүх хуралдаан дээр хэлсээр байхад шүүх энэ тайлбарыг анхаарч үзэхгүй зөрчлийн хэрэг нээгээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг дэмжиж дахин энэ төрлийн зөрчил гаргах “үүд хаалга”-ыг нээжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийсэн нь татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацаа нийт 58 хоног боловч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хугацаатай ойролцоо байгаа нь татвар төлөгчийн хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангалттай олгосон хугацаа гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулагч гэх компани бараа, ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж худалдан борлуулаагүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт цугларсан боловч шүүх түүнийг хэрхэн үнэлж няцаалт хийсэн нь тодорхойгүй нөхцөл байдал зэрэг нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Татварын алба, татварын улсын байцаагч татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, зөрчлийн хэрэг нээхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасантай нийцнэ гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 120/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Татварын улсын байцаагчийн актын 5 дахь заалтаар  нэхэмжлэгчийг “М” ХХК-иас ..... төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ........ төгрөгийн нөхөн татвар, ....... төгрөгийн торгууль, ......... төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр “М” ХХК-ийн захирал Р.Б холбогдуулж үүсгэсэн хэрэг бүртгэлтийг хэргийг хаасан ч, тус компанийг 2012, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр тайлагнасан, бараа импортоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан НӨАТ төлөхөөс зайлсхийсэн болохыг тус тус тогтоосон байна.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн ......... дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хандаж “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ........дүгээр болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн .......... дугаар дүгнэлтүүдэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд татвар тооцогдох зөрчлүүд нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэнээс гадна Татварын ерөнхий газраас Өмнөговь аймгийн татварын хэлтэст хандсан нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгүүлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн .......... дугаар албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч компани багатжээ.

Үндсэндээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон, “М” ХХК-ийн ........... тоот регистрын дугаартай, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх худалдан авалтын бичилт хуурамч болох нь дээрх байдлаар тогтоогдсоноос гадна нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлагыг хангасангүй.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан байдаг.

Гэтэл “М” ХХК-иас мотор, кроп, дугуй, дагалдах сэлбэгүүд болох .......... төгрөгийн худалдан авалттай холбоотой энэхүү НӨАТ-ын падаанаас өөр анхан шатны санхүүгийн баримт нэхэмжлэгчид байдаггүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, төлбөрийг харилцах дансаар бус бэлнээр хийсэн гэх зэргээс үзэхэд энэхүү худалдан авалт бодитой бус байна.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн” болохыг, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцах” болохыг тус тус тодорхойлсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоход гол нотлох баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнэн зөв эсэхийг худалдан авагч тал нягтлах шаардлагатай, өөрөөр хэлбэл их хэмжээний үнийн дүнтэй худалдан авалтыг хийхдээ санхүүгийн анхан шатны баримтыг хангалттай бүрдүүлэлгүйгээр, хэнээс худалдаж авч байгаагаа ч мэдэлгүй, зөвхөн “тамгатай падаан өгсөн” гэдэг үндэслэлээр худалдан авалтыг нотлох гэж байгаа нь үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “…аль хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ шийтгэлийн хуудсанд заагаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл үүссэгүй, прокурорын тогтоолыг үндэслэн шийтгэл ногдүүлсан нь хууль бус…” гэх зэргээр маргааны үндсэн үйл баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр шийтгэлийн хуудсын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь буруу. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь илэрхий, үүнийгээ ямар нэгэн хэлбэрээр үгүйсгээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу шийтгэлийн хуудсын 5 дахь заалтаар ногдуулсан ........ төгрөгийн торгууль, ........ төгрөгийн алданги төлөхөөс өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаан бүхий актын 1-4 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан буюу хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул татгалзлыг батлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 120/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга, 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “С” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ...... дүгээр шийтгэлийн хуудсын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Э.Ж гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Э.Ж нарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ....... дүгээр шийтгэлийн хуудсын 1-4 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг дурьдсугай.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудсын 5 дахь заалтаар ногдуулсан ....... төгрөгийн торгууль, ........ төгрөгийн алданги төлөхөөс “С” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг .......... төгрөгөөр багасган .......... төгрөг болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан “Э” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН