Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01052

 

Ш

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00647 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1020 дугаар магадлалтай,

Ш нэхэмжлэлтэй,

Я.Ч, Н.Э нарт холбогдох,                                   

 Үндсэн нэхэмжлэл: 19 675 546 төгрөг гаргуулах

  Сөрөг нэхэмжлэл: Механик тээврийн сургуулийн тооцооны нягтлан бодогчийн ажилд Я.Чийг эгүүлэн тогтоолгох, А/81 тоот тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах,  олговорт нийт 2 700 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжинням, Г.Ганбилэг, хариуцагч Я.Ч, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэмөнх, хариуцагч Н.Э түүний өмгөөлөгч С.Гарьд, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Механик, тээврийн сургуулийн 2012 оноос 2015 оны сургалтын төлбөрийн бэлнээр төлсөн орлогын баримтыг санхүүгийн програмын өгөгдөлтэй болон оюутны хичээл сонголтын хуудастай тулган баталгаажуулах замаар бэлэн мөнгөний бүртгэл санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг шалгасан. Мөн төлбөр тооцоо хариуцсан тооцооны нягтлан бодогч, кассын нярав, сургалтын албаны ажилтнуудтай ярилцлага хийж, тооцоо нийлж, зөрчлийг танилцуулах замаар тодруулга хийж, төлбөр тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийг шалгасан байдаг. Зөрчил үүссэн бэлэн мөнгөн орлогын баримтуудыг харилцах данс болон бусад бүртгэл, анхан шатны бүртгэлүүдтэй тулгаснаар 2012 оноос 2015 онуудад нийт 60 867 336 төгрөг кассын бүртгэлд оруулалгүй завшсан болохыг тогтоосон. Дутагдал гарах шалтгаан нь олон жилийн туршид сургуулийн удирдлагад байсан хүмүүс санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг суларсан, санхүүгийн тайлан тооцоо бодитой бус байсан гэж үзсэн.  Хариуцагч нараас аудитын дүгнэлтийг үндэслэж 23 367 336 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Н.Эын төлсөн төлбөрийн баримтуудыг тулгаж үзэхэд 39 716 220 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нараас 19 675 546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Я.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би 2006-09-01-ний өдөр Механик тээврийн сургуульд тооцооны нягтлан бодогчоор ажилд орсноос хойш 10 жил ажилласан. Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн. ШУТИС-ийн захиргаа, мониторингийн газрын дотоод аудитор нар Механик тээврийн сургуулийн 2011-2015 оны кассын мөнгөн гүйлгээний үйл ажиллагаанд 2016-03-11 -ний өдрөөс 2016-04-15-ны өдрийг хүртэл шалгалт явуулж, кассын нярав Н.Эаас 59,4 сая төгрөгийн дутагдал гарсан гэж  дүгнэсэн. Аудитын дүгнэлтийг тус сургуулийн удирдлага, санхүүгийн ажилтнууд хүлээн зөвшөөрөөгүй, аудитын тайланд гарын үсгээ зураагүй. Аудитын тайланд дутагдал болсон 59,4 сая төгрөгийг  Н.Э болон бусад холбогдогч тооцооны нягтлан бодогч, сургалтын албаны ажилтнуудаас нэхэмжилж төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж алдаа зөрчлийг нэг бүрчлэн хүн тус бүр дээр заагаагүй нийт дунд нь бүрхэгдүүлж бичсэнийг би зөвшөөрөхгүй. Аудитын тайланг бодит үнэнд тооцон, онц их хэмжээний хохиролтой хэрэгт хамруулан ажлаас халж хохироосон. Ажлын байрны тодорхойлолтоор миний бие кассын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, тооцоог нь боддоггүй. Мөн дүгнэлтэд 2011- 2016 онуудад ахлах нягтлан бодогч өөрийн гарын үсэг, тэмдэгтэй кассын баримтыг урьдчилан бөөнөөр нь олгодог, эргээд дор бүр нь хяналт тавьж ажилладаггүй байсан нь мөнгөн хөрөнгө шамшигдуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж  тодорхойлсон атлаа, тооцооны нягтлан бодогч намайг  буруутгаж байгаа тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Механик тээврийн сургуульд 2007 оноос кассын няраваар 9 жил ажилласан. Ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. ШУТИС-ийн дотоод хяналт шалгалт явуулсан 2016-04-15 -ны өдрийн дүгнэлтэд кассын нярав Н.Э намайг 2011-2015 онуудад нийт 59 389 766 төгрөг  кассын бүртгэлд оруулалгүй завшсан гэж дурдсан. Сангийн сайдын 2010 оны 39 тоот тушаалаар баталсан төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журмын 6.1-н  заалт биелэгдээгүй. Энэ заалтын дагуу ажлын комисс байгуулагдаж, ажлаа хийсэн бол дутагдал гарахгүй байсан. Мөн кассын анхан шатны баримтыг нэгдсэн журмаар салбар сургуулиудад дугаартай өгдөггүй, салбар сургуулиуд санхүүгийн ажилчид өөрсдөө дугаарладаг, гараар дугаарлахад дугаар давхцах эсвэл дугаар алдах зэргээс дутагдал гарах үндсэн шалтгаан болдог. Чинцэцэг бид нар ажил үүргийн хувьд ч гэсэн харилцан хамааралтай хүмүүс биш. Би 37 000 000 төгрөгийг хүнээс зээлж төлсөн. Аудитын дүгнэлт танилцуулахад хуралтай байсан учир би “танилцсан” гээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Я.Ч шүүхэд гаргасан  сөрөг нэхэмжлэлдээ: ШУТИС-ийн ректорын А/81 дугаар тушаалын нэг л заалтаар сургуулийн мөнгөн хөрөнгийг дутааж, завшсан, санхүүгийн тайлан мэдээг санаатайгаар буруу гарган будлиантуулсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн 2016-06-08 -ны өдрөөс ажлаас халсан. Механик тээврийн сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Балжинням 2015-04-01-с 2015-06-01 -ний өдөр хүртэл 2 сарын чөлөө авсан. Энэ хугацаанд миний бие түүний ажил үүргийг 2 сар гаруй хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд цалинг нь Г.Балжиням  авсан энэ талаар  тушаал гаргаж өгөөгүй. Иймд ШУТИС-ийн ректорын 2016-06-07-ны өдрийн А/81 дугаар тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгож ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажлыг гүйцэтгэсэн 2 сарын цалин /1 250 000 төгрөгийн үндсэн цалинтай/ -н  40 хувь буюу 1 сая  төгрөг, 2016 оны 2 дугаар улирлын балансын илүү цаг 500 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1 200 000 төгрөг, бүгд 2 700 000 төгрөг гаргуулж өгнө үү. ШУТИС-ийн мөнгөн кассын журмын 2.2 дахь хэсэгт ахлах нягтлан бодогчийн шууд удирдлага дор ректорын тушаалаар кассын нярав томилогдон ажиллана гэсэн байна. Мөн ШУТИС-ийн ректорын 2003 оны тушаал дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тооцооны нягтлан бодогчтой хийх байтал надтай хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ректорын 2016-06-07 -ны өдрийн А/81 тоот тушаал хуульд нийцсэн. Я.Ч ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ  чанартай биелүүлж байсан бол сургуульд хохирол учрахгүй байсан. Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын 2.14-т зааснаар үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил албан тушаал хавсран ажиллах, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Ректорын тушаалаар шийдвэрлэдэг. Я.Чийг ахлах нягтлан бодогчийн албан тушаал хавсран ажиллуулах тухай тушаал шийдвэр архивт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 31-т зааснаар ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй учраас бид Я.Чийг өөр ажил гүйцэтгэхийг шаардаж байгаагүй. Г.Балжинням нь 2015-04-24 –с 2015-05-24-ний өдөр хүртэл цалинтай чөлөө авсан хэдий ч ажлаа хийж  байсан.  Иймд  нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй. Механик тээврийн сургууль 2016 оны 02 дугаар улирлын тайлан балансаа 2016-07-29-ний өдөр Санхүү, эдийн засгийн албанд гаргаж өгсөн ба энэ үед Я.Чтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон  тул түүнд илүү цагийн нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй юм. Иймд  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00647 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Ч, Н.Э нараас нийт 19 673 546 төгрөг гаргуулах тухай  ШУТИС-ийн  нэхэмжлэл болон ШУТИС-ийн ректорын 2016 оны А/81 тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай Я.Чийн сөрөг нэхэмжлэлийг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан  ШУТИС-иас 2 700 000 төгрөг гаргуулах тухай  Я.Чийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Чээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Хариуцагч Я.Ч нь   маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлж, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр  сарын 26-ны өдрийн 1020 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг, хариуцагч Я.Чийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Э, Я.Ч нар нь ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд ажиллаж байхдаа сургуулийн кассанд бэлнээр тушаасан оюутнуудын сургуулийн төлбөрийн орлогоос 59.389.766 төгрөг дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь нотлогдддог.  Тухайлбал: 2012/2013 оны хичээлийн жилийн намрын улирал буюу 2012 оны 7-12 сарын оюутнуудын сургалтын төлбөрийн кассанд бэлэн төлсөн баримтаас 7.110.854 төгрөг дутсан /хх 5-7/, 2013 оны 1-12 сарын оюутнуудын сургалтын төлбөрийн кассанд бэлэн төлсөн баримтаас 18 044.452 төгрөг дутсан /хх 8-10/, 2014 оны 1-12 сарын оюутнуудын сургалтын төлбөрийн кассанд бэлэн төлсөн баримтаас 30.540.670 төгрөг дутсан /хх 11-17/, Хариуцагч Я.Чийн мэдэгдэл /хх 20/, хариуцагч Н.Эын мэдэгдэл /хх 21/, Хариуцагч Н.Эын сургуульд төлбөр төлсөн дансны хуулга, хариуцагч Н.Эын хүсэлт /хх 25, 28/ Хариуцагч Я.Ч, Н.Э нарын төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримт. /хх 26/ Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлнэ" гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй нэг талыг барьж шийдвэрлэснээс нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байна. Иймд  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ш Я.Ч, Н.Э нараас нийт 19.675.546 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа “...дотоод аудитын шалгалтаар дутагдал илэрсэн ...” гэсэн үндэслэл заасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. 

         Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... дотоод аудит  дүгнэлтэд”... хэн ямар хэмжээний хохирлыг сургуульд учруулсанг заагаагүй  төлбөрийг ... буруутай этгээд буюу кассын нярав болон бусад холбогдогч тооцооны нягтлан бодогч, сургалтын албаны ажилтнуудаас нэхэмжлэх, төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулахыг  даалгасан байхад  хариуцагч нараас шаардаж байгаа нь ойлгомжгүй... 37 сая төгрөгийг юуны төлбөрт төлөгдсөн нь тодорхойгүй... өөр бусад этгээдүүдийн төлсөн төлбөрийг хохиролд буюу нэхэмжлэлийн шаардлагад тооцон хассан нь ойлгомжгүй. ... аудитын дүгнэлтийг хэлэлцээгүй буюу баталгаажуулаагүй... эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй...” байна гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

      Нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь  зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Ш шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас нийт 19.675.546 төгрөг гаргуулахыг шаардсан боловч, Я.Ч, Н.Э нар тус бүрээс гаргуулах мөнгөний хэмжээг тодорхойлоогүй байхад шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу байна.

         Түүнчлэн, нэхэмжлэгч үндэслэлдээ “Шинжлэх ухааны техникийн их сургуулийн бүрэлдэхүүн Механик, тээврийн сургуулийн 2011-2015 оны кассын мөнгөний гүйлгээний үйл ажиллагаанд дотоод шалгалт хийсэн тухай ажлын тайлан”-г /хх 2-н 274-282/ үндэслэсэн уг тайланг хариуцагч нар үгүйсгэх баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь баримтад үндэслэгдээгүй гэж үзлээ.  

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг 135 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав           

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 274.787 төгрөгийг Шд захирамжаар буцааж олгосугай. 

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ