| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00143/И |
| Дугаар | 00182 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, ам бүл 4, эгч, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Хандгайтын 12-147Б тоотод оршин суух, Улаанбаатар хотын “Макс” хүнсний сүлжээ дэлгүүрт кассчин ажилтай байсан одоогоор жирэмсний амралттай байгаа, /РД:ХЗ:87083002/
Боржигин овогт Гомбобазарын Угийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гандангийн 41 тоотод оршин суух, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 413 дугаар ангид хянагч ажилтай, /РД: МЗ87100276/
Боржигон овогт Лхагвын Тд холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Л.Ттой анх 2010 онд танилцаж үерхэж эхэлсэн. Би тэр үед хотод Улаанбаатар хотод “Макс” хүнсний сүлжээ дэлгүүрт ажилладаг байсан. Бидний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Уянга төрсөн. Бид охиноо 01 сартай байхад нь Зүүнхараад ирж хамт амьдарсан. Тухайн үед Тгийн эгчтэй хамт амьдардаг байсан.Намайг жирэмсэн байхад Т нэг хүүхэнтэй явалддаг байсан. Тэр хүүхэн нь байнга утсаар ярьж Т руу утасддаг байсан. Охиноо 5 сартай байхад нэг удаа Т согтуу ирээд намайг зодсон. Маргааш нь би охиноо аваад явсан. Дараа нь Л.Т ирж уучлалт гуйн, тусдаа гарч амьдаръя гэхэд нь буцаж ирсэн. Энэ бүх хугацаанд Т байнга өөр хүүхэнтэй холбогддог байсан. Охин маань түнхний мултралтай, тэгээд Т “чамаас дандаа өвчтэй хүүхэд төрдөг” гэж доромжилдог байсан. Бид 2012 оны 05 дугаар сард тусдаа гарч хамт амьдарч эхэлсэн. Дараа нь Т хотод 01 сарын сургалтанд суух болоод бид гэр бүлээрээ хот руу явж манай эгчийнд амьдарсан. Т энэ үед бас л янз бүрийн хүүхэнтэй холбогдож, намайг доромжилно. Сургалтаа дуусгаад буцаж Зүүнхараад ирэхэд би жирэмсэн болсон байсан. Т гэртээ ирдэггүй. Намайг тонус өгөөд байна, ирж ав гэхээр наад хүүхдээ устгачих гэдэг. Би энэ бүхнийг тэвчдэг байсан. Хөгшин, залуу хамаагүй янз бүрийн хүүхэнтэй явалддаг. Энийгээ надад ч хэлдэг байсан. Би ардчилсан нийгэмд амьдарч байна. Чи ч гэсэн өөр залуутай уулз гэдэг. Тэгэхээр нь би охиноо аваад явсан. 2013 оны 02 дугаар сард битүүний өмнөх өдөр намайг гуйж ирсэн. Уучлаад л охиноо аваад гэртээ харьсан. Дараа нь бага охин маань төрөөд эмч нар түнхний мултралтай байж магадгүй. Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхэд Т бас л дандаа өвчтэй хүүхэд төрүүлдэг гэж доромжилсон. Бид гурвыг хотод байхад хэзээ ч зорьж ирж уулзаж байгаагүй. Хүүхдүүдээ огт тоодоггүй. Би хүүхдүүддээ гутал авъя гэх зэргээр хэлж утасдахад утсаа салгана. Эсвэл мөнгө өгөхгүй гэж хэлнэ. Чи шүүхээр яваад ч надаас мөнгө олж чадахгүй гэж хэлдэг. 2015 оны 09 дүгээр сараас хойш огт холбоогүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд шүүхэд хандан Л.Тгоос хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Утай 2010 оноос эхлэн үерхээд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр том охин Уянга төрсөн. Амьдарч байх хугацаандаа би архи дарс ууж байсан нь үнэн. 2013 оны 05 дугаар сард одоогийн ажиллаж байгаа газраа ажилд орохын тулд Улаанбаатар хот руу 45 хоногийн сургалтанд явсан. Хотод Угийн эгчтэй, Утай хамт амьдардаг байсан. Тухайн үед өглөө гараад орой ирдэг. Хууль сахиулахын сургууль дээр өглөө 07 цагт цуглараад орой 22 цаг өнгөрөөж харьдаг байсан. Надад өөр хүнтэй явсан зүйл байхгүй. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар Хорих 413 дугаар ангид ажилд орсон. Тухайн үед Утай Баян-Арцатын 39А-д амьдарч байсан. Тэгээд У жирэмсэн болчихсон том охиноо аваад хот руу ажилдаа орох гээд явсан. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бага охин Цэлмэг төрсөн. Би 2015 оны 09 дүгээр сар хүртэл хот руу ирэн очин байсан. Заримдаа ажлын шаардлагаар очино. Заримдаа амралтын өдрөөр очдог. Очих тоолондоо Угаас Зүүнхараад хамт амьдаръя гэж гуйдаг байсан. Тэгэхээр би Зүүнхараад очихгүй, ганцаардаад байна гэдэг. Миний бодлоор Уд Баясгалан, Оюунцэцэг гээд эгч нар нь нөлөөлөөд байна гэж ойлгогдог. Оюунцэцэг эгч нь намайг их загнадаг байсан. Би Уд өөрийн амьдралаа өөрөө шийд гэж хэлдэг. Манай хоёр эгч хүртэл очиж уулзаж байсан. Хүний тархи угаана гэдэг шиг эгч нь өмнөөс нь яриад халдаахгүй юм билээ. Манай эгч нар Уд их санаа тавьдаг байсан. Өнөөдөр бид хоёр хамт амьдрах боломжтой. Би ажлаа хийгээд л явж байна. 2015 оны сүүлээр манайх бүтээн байгуулалт явагдсан болохоор ажил ихтэй байсан. Тэр үедээ Угаас хүрээд ир, хашаа байшин авсан хамт амьдаръя гэж зөндөө гуйсан. 2016 он гарсаар охинтойгоо утсаар яръя гэхэд эхэндээ уурлаад утсаа тасалдаг болсон. Сүүлдээ утсаа авахаа больсон. Эсвэл эгч нь загнаад яриулдаггүй. Би өчигдөр хүртэл хоёр охиноо өнчрүүлэлгүй элэг бүтэн амьдаръя гэж гуйсан. Одоогийн байдлаар миний хувьд өөр хүнтэй явсан зүйлгүй. Учир нь хоёр хүүхдийн эрх ашиг, эцэггүй өсөх тухай байж болохгүй зүйл гэж бодож байгаа. Тэтгэлэгийн хувьд төлж болно. Гэхдээ би тэтгэлэг төлвөл хоёр хүүхдээ харахгүй, хоёр хүүхэд маань дахин намайг харахгүй шүү дээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Л.Тд холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Л.Т нар нь 2010 онд танилцаж, 2011 оноос эхлэн хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Уянга, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин Цэлмэг нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон №0000715223 Г-4054, №1107001337 дугааруудтай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Л.Т нь охин Уянга, Цэлмэг нарын эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх ба 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд Иргэний бүртгэлийн байгууллагаас олгосон №0000715223 Г-4054, №1107001337 дугааруудтай хүүхдүүдийн төрсөний гэрчилгээн дээр 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Уянга, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Цэлмэг нарын төрсөн эцэг Боржигон овогт Лхагвын Т /РД:МЗ:87100276/ мөн болохыг төрийн захиргааны эрх бүхий байгууллага тогтоосон байх тул эцэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Иймд охин Уянга, Цэлмэг нарыг эх Г.Угийн асрамжинд үлдээж, эцэг Л.Тгоос тэтгэлэг гаргуулж охин Уянга, Цэлмэг нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Уянга, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Цэлмэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар Т.Уянга, Т.Цэлмэг нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Тгоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Угийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тгоос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Уд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Тгоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.