Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01178

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01082 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ХХК-д холбогдох, Хан-Уул дүүрэг, **-р хороо, С /17012/, З-гийн гудамж, **-р байрны ** тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2012 оны 04 сарын 20-ны өдөр Ө ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийж, О хотхоны **-р байрны ** тоот 102 м.кв, 4 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт худалдан авч, 2013 оны 10 сарын 03-ны өдөр төлбөрөө 100 хувь төлсөн. Тухайн үед 2012 оны 04 сарын 20-ны өдрийн гэрээнд ** тоот авто зогсоол гэж дурдсан боловч одоогийн байгаа авто зогсоолын схем зурагт **-р байрны ** тоот зогсоол болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ** тоот авто зогсоолын төлбөрийг төлөөгүй учраас хариуцагч нь өмчлөх эрх шилжүүлэхээс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь 2012 оны 04 сарын 20-ны өдрийн OST12D15 "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу 12,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх гараашийн өмчлөгчөөр тогтоолгохоор 2021 оны 11 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр даруй тухайн иргэний төлбөр төлөгдсөн талаар баримтыг санхүүгийн бүртгэлээс шүүж үзэхэд авто зогсоолын төлбөр 18,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагадаа авто зогсоолыг 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, үнийг төлсөн гэх боловч энэ талаар баримт авагдаагүй. Мөн авто зогсоолын үнийн дүнгийн зөрүү гарч байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөөгүй атлаа 10 гаруй жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан даруйд эсхүл гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн бол хариуцагчаас өмчлөх эрхээ шилжүүлэхээр шаардах байсан. Ийнхүү шаардаж байгаагүй бөгөөд хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Дээрхээс гадна, нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол бид тухайн гараашийн үнийн зөрүү, төлбөрийг хэнд хэрхэн төлсөн эсэхийг дотооддоо тодруулах арга хэмжээг авах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Б.Э-ийн нэхэмжлэлтэй Ө ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн **-р хороо, С /17012/, З-гийн гудамж, **-р байрны ** тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие 2013 оны 10 сарын 03-ны өдөр өөрийн байр, авто зогсоолын төлбөрт 212,066,000 төгрөгийг Ө ХХК-д 100 хувь төлж, худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, тамга дарагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Байр ашиглалтанд орсноор байрны гэрчилгээг компаниас гаргаж өгсөн, авто зогсоолын гэрчилгээг ...түр хүлээнэ үү, компани дотоод асуудалтай... гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулж, өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд компаниас нэг ч хүн ирж уулзаж байгаагүй, би авто зогсоолд машинаа тавьсаар, СӨХ-ны төлбөрөө төлсөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч төлбөрөө төлсөн эсэхийг шалгахад 18,000,000 төгрөг төлөгдөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд манай байгууллагад хандсан зүйл байхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, С /17012/, З-гийн гудамж, **-р байрны ** тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч авто зогсоолын үнийг төлөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2012 оны 04 сарын 20-ны өдөр OST12D15 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Ө ХХК нь Хан-Уул дүүргийн **-р хороо, О таун хотхоны D блок, *-р орцны **-р давхрын * тоот 102.14 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ** тоот авто зогсоолыг өмчлөлд нь шилжүүлж өгөх, Б.Э нь гэрээний үнэ 212,066,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

4. Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 102.14 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, мөн ** тоот авто зогсоолын дугаар ** тоот болж өөрчлөгдсөн үйл баримтын тухайд маргаагүй.

5. Хариуцагч талын гаргасан тайлбар, татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

5.1.  Гэрээний 4.1-д Энэхүү гэрээг батлагдмагц орон сууц, гаражын нийт төлбөр болох

212,066,000 төгрөгийг 100 хувь төлнө гэж тусгасан, мөн гэрээнд 2013 оны 10 сарын 03-ны өдөр 212,066,000 төгрөгийг бэлэн бусаар төлсөн гэсэн тэмдэглэгээ-г хийж, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, мөн хариуцагч тал 2022 оны 03 сарын 22-ны өдөр шүүхэд анх гаргасан хариу тайлбартаа ...Б.Э нь уг авто зогсоолын төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан бөгөөд барилга ашиглалтад орсон цагаас ашиглаж байгаа болно... гэж дурдсан, мөн хариуцагч талын үйлдсэн тамга, гарын үсэг бүхий Хан-Уул дүүргийн **-р хороо, О хотхоны О гараж-ийн захиалагчдын нэрсийн жагсаалт гэсэн баримтад ...** тоот авто зогсоолын захиалагч нь Б.Э бөгөөд төлбөрийг 100 хувь төлсөн... гэсэн агуулга бичигдсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Э нь авто зогсоолын үнийг бүрэн төлсөн гэж үзэхээр байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.

5.2. Нэхэмжлэгч Б.Э нь маргаан бүхий авто зогсоолыг 2013 оноос хойш одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон буюу хариуцагч Ө ХХК нь ийнхүү авто зогсоолыг Б.Э-д эзэмшүүлж, ашиглуулж байгаа бодит үйлдлээрээ авто зогсоолыг өмчлөх эрхтэй этгээд Б.Э болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч авто зогсоолын үнийг төлөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх тайлбар, татгалзал үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01082 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн **-р хороо, С  /17012/, З-гийн гудамж, **-р байрны ** тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Э-ийг тогтоож, уг авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Б.Э-д гаргаж өгөхийг хариуцагч Ө ХХК-д даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР