Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            Улсын яллагч З.Энхжаргал,

            Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт А.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809015340525 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй ам бүл-2,  дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхитын 37-533 тоотод оршин суух хаягтай,

2018 оны 5 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, А.Г /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Г нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-32-2 тоотод оршин суух хохирогч Д.Жогсмаагийн гэрт хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагт, орны бүтээлэг, бэлэн 250.000 төгрөг, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 610.000 төгрөгийн,

мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 80-10 тоотод оршин суух хохирогч Т.Мандахын сууцны гражид нэвтэрч гар тасдагч 3 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, автомашины акумлятор зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 356.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…Би өглөө 08 цагийн үед Бат-эрдэнэ гэх найзтайгаа архи уугаад гудамжинд тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд ухаан ороод босоод цагдаад баригдсан. Хулгайн гэмт хэрэг хийснээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-/,

 

Хохирогч Д.Жогсмаагийн “…Би охиныхоо хүүхдийг охиныхоо гэрт Буянт- Ухаа 2 хотхонд хардаг юм. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-32-2 тоотод манай хүү ганцаараа байдаг юм. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зээ охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-32-2 тоот гэртээ ирэхэд монгол гэрийн хаалганы цоожний цүүг эвдсэн байдалтай байсан.Тэгээд гэртээ яваад ортол зурагт байхгүй, шүүгээнд байсан хувцаснууд газраар тарсан байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандахад манай гэрт орсон хулгайчийг барьсан гэж байсан.Тэгээд ирээд хартал манай зурагт мөн байсан. Манай гэрт орсон хулгайчийг танихгүй юм байна лээ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92/,

 

Хохирогч Т.Мандахын “…Би Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 80 дугаар гудамжны 10 тоот хашаанд амьдардаг. Манай байшингийн гражид манай компанийн орон сууцны цахилгаан тоног төхөөрөмж, дэд станц угсардаг юм. Өнөө өглөө би 07.30 цагт охиныхоо хүүхдийг сургуульд хүргэж өгөхөөр яваад 10.30 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гражийн хаалганы зүүн талын цонхыг цохиж хагалаад хулгайч орсон байсан. Мөн хашаан дотор байрлуулсан байсан миний Естима маркийн 90-93 УНС улсын дугаартай автомашины жижиг аккумлятор /60 ам/цаг/ хулгайд алдагдсан байсан. Гар тасдагчууд болон дрилл нь Кен брендийнх байсан. Жижиг тасдагчийг нь ноднин90.000 төгрөгөөр авсан. Одоо 63.000 төгрөгөөр, дунд гарын тасдагчийг нэг бүрийг нь 105.000 төгрөгөөр, аккумляторыг 90.000 төгрөгөөр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Т.Батбуянгийн “…2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би найзынхаа гэрт хоночхоод 23-ны өглөө 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 8-32-2 тоот гэртээ иртэл ээж Жогсмаа урдаас гарч ирсэн. Ээж урдаас ирээд гэрт хулгай орчхож гэж хэлэхээр нь ороод хартал манай монгол гэрийн хаалганы цүүг эвдлээд хаалга онгорхой байсан, яваад ороход зурагт байхгүй болчихсон, ор болон шкафны доторх эд зүйлүүдийг гаргаад хаячихсан байсан. Намайг ирэхээс өмнө ээж маань цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэр өдөр манай гэрт орсон хулгайчийг эргүүлийн ажилтан барьчихсан байсан. Удахгүй манайд цагдаагаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд явсан. Тэрний маргааш нь манай ээж цагдаагийн газар дээр очиж мэдүүлэг өгөөд зурагтаа болон орны бүтээлгээ авсан. Гэтэл зурагтын маань дэлгэц нь хагарчихсан ямар ч ажиллах боломжгүй болчихсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97/,

 

Гэрч Л.Чимидбалжирын “…2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би 09 цагаас 12 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 1-24 дүгээр гудамжинд урамшуулалт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэх хугацаанд өглөөний 10 цагийн орчимд Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжны үзүүрт манай хорооны гудамжаар байнга архи уугаад явж байдаг Ганхүлэг гэгч залуу эрээн өнгийн орны бүтээлгэнд боочихсон зурагт тэврээд явж байсан. Энэ ямар учиртай зурагт аваад явж байгаа юм бэ гэтэл “миний өөрийн зурагт байгаа юм” гэж хэлэхээр нь сэжигтэй санагдаад би өөрийн 9676-2147 дугаарын утаснаас 102 руу залгаж “... гудамжинд сэжиг бүхий хүн том оврын эд зүйл аваад явж байнаа” гэж дуудлага өгсөн. Тэгээд 30-аад минутын дараа цагдаа ирж Ганхүлэгийг авч яваад шалгахад тухайн хорооны Дамбадаржаагийн 8-р гудамжны 38-2 тоотод суух иргэн Жогсмаагийн гэрээс алдагдсан зурагт байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99/,

 

              Гэрч Ц.Оюунчимэгийн “…2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би 09 цагаас 12 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 1-24 дүгээр гудамжинд урамшуулалт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэх хугацаанд өглөөний 10 цагийн орчимд Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжны үзүүрт Ганхүлэг /Бороо гэж дууддаг/ нь бүтээлгэнд ороочихсон зурагт тэвэрчихсэн явж таарсан, тэгэхээр нь араас нь Чимидбалжир бид хоёр очоод хэний юун зурагт аваад явж байгаа юм бэ гэхэд Ганхүлэг нэлээд их согтсон байдалтай явж байсан, тухайн үед бидэнд юу гэж хариулсныг санахгүй байна. Тэгээд Чимидбалжир 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн, удалгүй хороон цагдаа ирээд Ганхүлэгийг авч яваад шалгахад тэр зурагт нь айлын гэрээс алдагдсан зурагт байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/,

 

              Гэрч Э.Бат-Эрдэнийн “…2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр намайг Дамбадаржаагийн эцэс дээр байхад манай найз /Ганхүлэг/ Бороо саарал өнгөтэй куртикэндээ юм боочихсон ирсэн. Тэгээд онгойлгоод үзсэн чинь хоёр ширхэг төмөр тасдагч багаж, 1 ширхэг дрилл байсан. Тэгээд тэр хоёр төмөр тасдагч багажийг нь 7-н буудал дээр 20.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан. 1 ширхэг дриллийг нь /Ганхүлэг/ Бороо өөрөө авсан. Би тэгээд 7-н буудал дээр архи уудаг Өнөрөөтэй архи уусан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн /,  

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16, 86-87/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-10/, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-30/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-169-176/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-177-180/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-32-2 тоотод оршин суух хохирогч Д.Жогсмаагийн гэрт хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагт, орны бүтээлэг, бэлэн 250.000 төгрөг, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 610.000 төгрөгийн,

мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 80-10 тоотод оршин суух хохирогч Т.Мандахын сууцны гражид нэвтэрч гар тасдагч 3 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, автомашины аккумулятор зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 356.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Жогсмаа, Т.Мандах нарын мэдүүлэг, гэрч Т.Батбуян, Л.Чимидбалжир, Ц.Оюунчимэг, Э.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.Гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Гийг дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Мандахад 356.000 төгрөг, хохирогч Д.Жогсмаад 610.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч Д.Жогсмаад учруулсан хохирлоос 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч А.Гээс нийт 766.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мандахад 356.000 төгрөг, хохирогч Д.Жогсмаад 610.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч А.Г нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Шүүгдэгч А.Гийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-32-2 тоотод оршин суух хохирогч Д.Жогсмаагийн гэрт хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагт, орны бүтээлэг, бэлэн 250.000 төгрөг, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 80-10 тоотод оршин суух хохирогч Т.Мандахын сууцны гражид нэвтэрч гар тасдагч 3 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, автомашины аккумулятор зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 356.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоож шийдвэрлэв.  

 

Мөн шүүгдэгч А.Гийг энэ хэрэгтээ холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорьсон хэдий боловч ялын тооцоог 2019 оны 01 дүгээр 09-ний өдрөөр тасалбар болгож тодорхойлжээ.

Иймд түүнийг 2019 оны 01 дүгээр 09-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон гэж үзэх нь зүйтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Алтанцэцэгийн Ганхүлэгийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Гийн биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Гт оногдуулсан 2 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оногдуулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч А.Гээс нийт 766.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Мандах (РД:УС60012712)-д 356.000 төгрөг, хохирогч Д.Жогсмаа (РД:ТЛ61091968) 410.000 төгрөг тус тус олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч А.Гийн эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР