Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                 

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ожных овогт Ш-н Ст холбогдох эрүүгийн 1809001230190 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Идэр дээд сургуулийн 3 дугаар дамжааны  оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр баг, Шар тохойтод газар оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:БЕ 97032516 / Ожых овогт Ш-н С нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр хүнсний дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Б.Берикболтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар гаараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Берикбол мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Орой 20 цагийн үед Сапарбек над руу залгаж  “Хаана байна. Би 64-ийн буудал дээр ирчихлээ. Гараад ир” гэсэн. Би гараад очиход Сапарбек үл таних залуутай хамт байсан. Сапарбек намайг “Чи яасан том болчихсон юм бэ?" гээд миний хамар руу гараараа цохьсон. Миний хамраас цус гараад байж байтал 3-4 удаа шанаа тус газар цохьсон. Тэгээд маргалдаж байтал бусад залуучууд түүнийг салгасан гэжээ. / хх 7, 8, 9 /

 

Яллагдагч Ш.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Б.Берикбол бид хоёр өмнө маргалдаж байсан. Гудамжинд танихгүй юм шиг мөрлөөд явсан. Би түүний биед учруулсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн гэмтлийг би баруун гараараа цохиж учруулсан гэжээ. / хх 26-27 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 877 дугаар дүгнэлтэнд:  

1. Б.Берикболын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 13 /

Шүүгдэгч Ш.Сийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  26-27 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 20 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Өш хонзон байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэв.  

 

Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр хүнсний дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Б.Берикболтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Ш.С намайг “Чи яасан том болчихсон юм бэ?" гээд миний хамар руу гараараа цохьсон. Миний хамраас цус гараад байж байтал 3-4 удаа шанаан тус газар цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Берикболын мэдүүлэг / хх 7, 8, 9 /, ...Би Б.Берикболын биед учруулсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн гэмтлийг би баруун гараараа цохиж учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.Сийн мэдүүлэг / хх 26-27 /, ...Б.Берикболын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 877 дугаар дүгнэлт / хх 13 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.С  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ш.Сийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Ожых овогт Ш-н Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ш-н Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.С нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ш.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                    

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ