| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00167/И |
| Дугаар | 00186 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00186
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Б.Очбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ганхуягын Баярмөнхөд холбогдох 601800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Очбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим БЗД-ийн 13-р хороолол орчимд 63-28 УНЕ дугаартай өөрийн машинаар 1 дүгээр эгнээгээр явж байхад 29-82 СЭҮ дугаартай машины жолооч Г.Баярмөнх нь туслах замаас орж ирж мөргөсөн. Г.Баярмөнхий буруутай нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн 395/06 тоот актаар тогтоогдсон байгаа. Бид энэ талаар ярилцаж зөвшилцөх гэсэн боловч /веьтнам засвар 400000 төгрөг гэж байна дээр нь засварын 5-6 хоног авна гэж байна тэгхээр чи ахдаа 450000 төгрөг өгөөд болчих байна гэж/ шийдэлд хүрээгүй маргалдаад салсан. Үүнээс хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй байгаа. Би мшинаараа такси үйлчилгээнд явж гэр бүлээ тэжээдэг болно. Эхнэр бид хоёр ажилгүй 2 охин 52 дугаар сургуульд сурдаг. Манай гэрийн орлого өдөрт 30000-40000 төгрөг таксинд явж олдог. Иймд хариуцагч Ганхуягийн Баярмөнхөөс машинд учруулсан хохирол 298000 төгрөг, өнөөдөр Мандал суманд ирсэн биензиний үнэ 60000 төгрөг, нотариатын хөлс 3800 төгрөг, хотод 2 хоног ажлаа алдаж дуудсан газар нь очсон 2 хоног, засварт 5-6 хоног, өнөөдөр Зүүнхараад ирсэн гээд 8 хоногийн төлбөр /2 хоног Х 30000/төлбөр 240000 төгрөг, нийт 601800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч цаашид ажлаа алдаж Мандал сумруу ирж очих төвөгтэй байна. Хариуцагч Г.Баярмөнх нь миний дансанд 450000 төгрөг бэлнээр шилжүүлбэл 151800 төгрөгнөөсөө татгалзаж болох юм гэжээ.
Хариуцагч Г.Баярмөнх шүүхэд гаргасан тайлбартаа:...Би Очбаатараас нэхэмжилсэн 601800 төгрөгнөөс 450000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн бөгөөд Б.Очбаатар нь 450000 төгрөг шилжүүлбэл эвлэрч болох юм гэсний дагуу шилжүүлсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Очбаатар нь хариуцагч Г.Баярмөнхөөс 601800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус Б.Очбаатарт нь хариуцагч Г.Баярмөнхөөс нэхэмжилсэн 601800 төгрөгнөөс 151800 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж үлдэх 450000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Г.Баярмөнхтэй харилцан тохиролцсон ба хариуцагч Г.Баярмөнх нь 450000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, банкны гүйлгээний хуудас, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд харшлах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Очбаатар нь хариуцагч Г.Баярмөнхөөс 601800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч 151800 төгрөгнөөсөө татгалзаж, хариуцагч Г.Баярмөнх нь 450000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Очбаатарт төлсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч Б.Очбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 7075 төгрөгийг, хариуцагч Г.Баярмөнхөөс 7075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч Б.Очбаатарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ