Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 364

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч Ш.Оюунбилэг,

Хохирогч Д.Дагвадорж,  

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1809054051275 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap 12 хоног хорих ялаар, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар, 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ялаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ц.А

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын Өргөө багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэйнт Жон боско” төвөөс 1 ширхэг Асеr загварын зөөврийн компьютер, 1 ширхэг Lenovo I5 загварын зөөврийн компьютер, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газрын байрнаас 2 ширхэг Dell загварын зөөврийн компьютер, бэлэн 265.500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт байрлах Уурхайчин соёлын ордны дуу шуумны өрөөнөөс 3 ширхэг Hasee, Lenovo, Dell 5570 загварын зөөврийн копмьютер, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт Эрдэм” сургуулийн хичээлийн эрхлэгчийн өрөөнөөс 2 ширхэг Acer, Lenovo загварын зөөврийн компьютер, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос 3 дугаар сургуулийн 2, 3 давхарт байрлах 4 ангиас иргэн Т.О.Бальжинимаевагийн самсунг галакси жи-5 маркийн гар утас, иргэн И.Мөнхжаргал, З.Ю.Андреевна, Н.К.Владимировна нарын 3 ширхэг түрийвчтэй эд зүйлийг хулгайлж, нийт 10.690.392 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.          

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би бүх хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Дагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 02-ны 11 цагийн үед захирал над руу утасдаад “миний нөүтбүүкийг авч өөр юманд хийгээгүй биз” гэж асуусан. Захирал бид хоёр нэг өрөөнд хамт суудаг. Тэгээд захирал 20-30 минутын дараа дахиад залгаад “хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгтэл 2 нөүтбүүк, давтлаганд суудаг хүүхдүүдийн хоол цайны 62.000 төгрөг хураасан байсныг аваад явсан байсан.   Хоёр нөүтбүүкийг аваад явсан нь камерын бичлэгт байсан. Тэгээд 102 дугаарт холбогдоод цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуулахдаа камерын бичлэгийг флашин дээр хуулж өгсөн. Хэд хоногийн дараа  мэдүүлэг авсан. Ц.А нь камерын бичлэгт харсан хүн мөн байна. Нөүтбүүк дээр их чухал зүйл байсан бөгөөд олох гэж их хайсан. Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг гаргуулах хүсэлттэй байна. Мөн  60.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн 1809054051275 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Мөнхзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сэйнт Жон боско" төрийн бус байгууллагад сүүлийн 1 жил нягтлангийн ажил хийж байна. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагийн үед манай байгууллагын 2 давхарын багш нарын өрөө нээлттэй байх хугацаанд гаднаас өндөр нуруутай барзгар царайтай 30 орчим насны бага үстэй бараан хувцас өмссөн залуу орж ирээд манай багш нарын өрөөний ширээн дээр байсан саарал өнгийн Леново загварын нөүтбүүк дагалдах цүнхний хамт, Асер маркийн хар өнгийн хуучин зөөврийн компьютер зэрэг 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлан авч гарч байгаа бичлэг манай камерын бичлэгт үлдсэн байсан. Алдагдсан 2 нөүтбүүк манай байгууллагын хөрөнгөд бүртгэлтэй байгууллагын өмч байсан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 162 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: Үзлэгээр Дархан сум Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах "Сэйнт Жон боско" төвийн 2 тоот өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд тус хяналтын камерын бичлэгт 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 21 минут 50 секундэд "Сэйнт Жон боско" төвийн багш нарын өрөөний хаалгаар 30-35 орчим насны дээгүүрээ бараан куртик доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн орж ирэн өрөөний баруун дээд буланд байрлах ширээний тасалгаанаас хар өнгийн цүнхтэй эд зүйл аван 08 цаг 24 минут 39 секундэд тус өрөөнөөс гарч явж байгаа бичлэг хадгалагдсан байв. / 1хх-ийн 157 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: Асер маркийн зөөврийн компьютер-450,000 Леново Ай-5 загварын зөөврийн компьютер-700,000 нийт 1,150,000 төгрөг /1хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Хүрэлбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2018 оны 11-р сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байгаад ...өрөөгөө цоожлоогүй гарсан. Цайгаа уучихаад 14 цаг 20 минутанд ажлын өрөө рүү ороход ширээн дээр байсан хар өнгийн асер маркийн зөөврийн компьютер болон татварын байцаагч Мөнхцэцэгийн ширээн дээр байсан Делл маркийн зөөврийн компьютер мөн цүнхэнд байсан татварын орлого болох 265,500 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Уг алга болсон гэх зөөврийн компьютер Тэшиг сумын Засаг даргын тамгын газраас 2010 онд надад эд хариуцагчаар хүлээлгэж өгсөн Засаг даргын тамгын газрын өмч юм. ...би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авч хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 84-85 дугаар хуудас/,

Гэрч Г.Отгонбямба мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед үзлэг хийлгүй “та авсан мөнгөө гаргаад ир” гэхэд баруун талын халааснаас 264,650 төгрөг буюу 5 ширхэг 20,000 дэвсгэрт 15 ширхэг 10,000 дэвсгэрт 1 ширхэг 5000 дэвсгэрт 9 ширхэг 1000 дэвсгэрт, 6 ширхэг 100 дэвсгэрт 1 ширхэг 50 дэвсгэртийг тус тус гаргаж ирсэн. ...мөн авч явсан гэх чемоданаас нь 2 ширхэг нөүтбүүкийг гаргуулсан. ...уг эд зүйлийг Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарын өрөөний ширээн дээрээс хулгай хийж авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-94 дүгээр хуудас/,             

Эд зүйлийн үнэлгээ: Делл маркийн зөөврийн компьютер-968,438 төгрөг, Делл

маркийн зөөврийн  компьютер-1,624,938 төгрөг бую нийт 2,593,376 төгрөг /1хх-ийн

104-105 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Бямбадалай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 сарын 20-ны 16 цаг 30 минутад ажлынхаа өрөөнд ороход нөүтбүүкний цүнх, хулгана 2 газар уначихсан байсан. ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ ирээд компьютеруудаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд камер шүүгээд үзтэл хүн орж ирээд аваад гарч байсан...Байгууллагаас алдагдсан нөүтбүүкнүүдээ смарт-3 барьцаалан зээлдүүлэх газраас 450.000 төгрөгөөр буцааж авсан. Иймд 450.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 37-29 дугаар дугаар хуудас/,

 Эд зүйлийн үнэлгээ: hasee зөөврийн компьютер-350,000 төгрөг, Lenova зөөврийн компьютер-550,000 төгрөг, Dell 5570 зөөврийн компьютер-3,650,000 төгрөг буюу нийт 4,550,000 төгрөг /2хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Уурхайчин соёлын ордны хаалгаар 15 цаг 08 минут 48 секундэд сэжигтэй этгээд нь хар өнгийн куртик, саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, улаан өнгийн пүүзтэй орж ирж байх ба...15 цаг 09 минут 25 секундэд 2 давхарт гарч ирэн явж байх ба 15 цаг 09 минут 43 секундэд 2 давхарын заал руу орж байх ба 15 цаг 10 минут 03 секундэд буцаж гарч ирэн заалны зүүн талд байрлах өреө рүү орж байх ба 15 цаг 25 минут 27 секундэд жижүүрийн хажуугаар хар өнгийн цүнхтэй эд зүйл барьж аваад гараад явж байгаа бичлэг байв /2хх-ийн 40 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Дагвадорж мөрдөн байцаалтан шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэт зрдэм дунд сургуульд хулгай орсон байсныг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэж ямар эд зүйл алдагдсан талаар бүртгэж үзэхэд Самсунг леново маркийн хоёр ширхэг зөөврийн компьютер алдагдсан байхаар нь камерын бичлэг шүүж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16:55 минутанд улаан өнгийн пүүз бараан өнгийн куртик өмссөн том чихтэй бор залуу сургуульд орохдоо хоосон ороод гарахдаа цүнхэнд юм хийж үүрээд гарч байгаа камерын бичлэг байсан. /1хх-ийн 245-246 дугаар хуудас/,

 

 Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл: 2018 оны 12 дугаар сарын 01-ний 17 цаг 00 минут 09 секундэд бараан өнгийн богино куртик, бараан өнгийн өмд, улаан өнгийн цагаан ултай пүүзтэй, дэлдэндүү чихтэй 25 орчим насны эрэгтэй хүн Эрхэт Эрдэм сургуулийн хаалгаар гартаа ямар нэгэн эд зүйл барьсан үүрсэн зүйлгүй орж 17 цаг 23 минут 40 секундэд баруун мөрөндөө бараан өнгийн цүнх үүрсэн байдалтай гарч байгаа бичлэг байв. /1хх-ийн 249 дүгээр хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: Lenovo i5 16 маркийн зөөврийн компьютер-400,000 төгрөг, Acer i5 16 маркийн зөөврийн компьютер-520,000 төгрөг, нийт 920,000 төгрөг /2хх-ийн 1-3 дугаар хуудас/,

        Хохирогч И.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед ажилдаа ирсэн. ...ирцийн мэдээ өгөх гээд 2 дугаар давхар руу 2-3 удаа гарсан бөгөөд ирцийн мэдээ авах хүмүүжлийн эрхлэгч завгүй байсан. Тэгээд 11 цаг 35 минутаас эхлээд тэнд удаан хүлээсэн. Тэр үед ангиа онгорхой орхисон ба цүнх цонхны давцан дээр байсан. ...ангидаа ороод ажлаа хийж байгаад 14 цагийн үед цайндаа гарна гээд цүнхээ үзтэл цүнхэн дотор байсан улбар шар өнгийн улсын их дэлгүүрээс 400,000 төгрөгөөр 2014 онд худалдаж авч байсан матрын арьсан түрийвч байхгүй байсан. Тэгээд камер шүүж үзтэл өөр 3 ангиар ороод 3 багшийн эд зүйлийг авсан байсан. Албаны 48,200 төгрөг цаасанд боодолтой байсан. Мөн миний хувийн ойролцоогоор 20.000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны 3 карт, манай эгчийн алтан карт, миний ҮХОБанкны карт, 1, 2 5 дэвсгэртийн доллар зэрэг эд зүйл байсан. Иргэний үнэмлэх, хаан банкны 3 карт, эгчийнхээ алтан  карт, ҮХОБанкны  карт зэргийг захиалаад гарсан зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 6 дугаар хуудас/,

    Хохирогч Н.К.Владимировна мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сургуульд дээр 09 цаг 20 минутын үед ирсэн. Тэгээд цэвэрлэгээ хийж байх үедээ наашаа цаанаа олон гарсан... цайндаа гарах гээд цүнхээ онгойлготол түрийвч байгаагүй, гэртээ орхисон байна гэж бодоод гэр рүүгээ очиж үзтэл байгаагүй. Тэгээд хайж байгаад 38 дугаар анги руу орсон, тэндээс  гарч ирээд Юлиятай тааралдахад бас түрийвчээ алга болгосон гэж хэлсэн. Би 2014 оны 12 дугаар сард Герман улсаас 24 еврогоор худалдаж авсан бөгөөд цэнхэр өнгийн арьсан түрийвч байсан. Түрүүвчинд 3,4 мянган төгрөг болон ҮХОБанкны карт, Сбер банкны карт, оршин  суух   үнэмлэх,   гоо   сайхны   дэлгүүрийн   хямдралын   карт, 2 дэвсгэртийн доллар  байсан.  Дээрх эд зүйлийг захиалаад гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11 дүгээр хуудас/,

Хохирогч Т.О.Бальжинимаева мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед сургууль дээр ирээд 28 дугаар анги руу ороод дараа нь багш нарын өрөө рүү ороод буцаж анги руугаа ирээд 2 гар утсаа аваад 42 дугаар анги руу ороод гар утсаа янзлуулаад буцаж өрөө рүүгээ ороод цүнхэндээ гар утсаа хийчихээд багш нарын хурал руу явсан. Өрөөндөө ... 13 цагийн үед буцаж ирээд цайндаа гараад гэртээ очоод гар утсаа цүнхэн дотроо үзтэл байхгүй байсан. 2016 онд 320,000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг галакси жи-5 маркийн цагаан өнгийн гар утас байсан. 4000 төгрөг хулгайд алдсан...”гэх мэдүүлэг /1хх-ийн 14 дүгээр хуудас/,

 Хохирогч З.Ю.Андреевна мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед сургууль дээр ирээд ... 12 цагт ангиасаа гараад ирцийн мэдээ өгөх гээд багш нарын өрөөнд орсон... анги руугаа ирээд цүнхээ аваад аптек ороод эм авах гээд цүнхээ үзтэл түрийвч байхгүй байсан. 2017 оны 11 сард 15,000 төгрөгөөр худалдаж авсан, улаан өнгийн арьсан түрийвч байсан бөгөөд дотор нь сбер банкны карт, Росселхос банкны карт, ҮХОБанкны карт, орос барааны дэлгүүрийн хямдралын карт, 100 рубль, ойролцоогоор 40,000 төгрөг, 2 ширхэг сим карт, гар утасны түлхүүр зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: Матрын арьсан түрийвч-88,000 төгрөг, иргэний үнэмлэх-18,300 төгрөг, Хаан банкны карт-15,000 төгрөг, Алтан карт-10,000 төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны карт-30,000 төгрөг, арьсан түрийвч-34,000 төгрөг, сбер банкны карт-20,000 тегрөг, оршин суух үнэмлэх-41,000 төгрөг,  самсунг галакси жи-5 маркийн гар утас-354,000 төгрөг, арьсан түрийвч-10,800 төгрөг, росселхос банкны карт-10,000 төгрөг, орос барааны дэлгүүрийн хямдралын карт-3000 төгрөг, сим карт-6000 төгрөг, гар утасны түлхүүр-3000 төгрөг, нийт 643.100 төгрөг /1хх-ийн 39-40 дүгэзр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-26 дугаар хуудас/, /2хх-ийн 25-27 дугаар хуудас,

Ц.А-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 134-136, 224-226 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 236-237 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Хохирогч М.Бямбадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай байгууллагын эзэмшлийн нэг зөөврийн компьютер, бэлэн 265.500 төгрөг алдагдсан байсныг цагдаагийн байгууллагын шуурхай ажилласны үр дүнд манай ажилтан Т.Мөнхцэцэгт бэлэн 265.500 төгрөг болон зөөврийн компьютерийг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 81 дүгээр хуудас/,

Ц.А гэрчээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Драгон төвийн дэн буудлаас гараад алхаж явсаар Орос 3 дугаар сургууль руу ороод өрөөнүүдээр нь явсан. Тус сургууль руу хулгай хийх зорилготой орсон. Онгорхой байсан ангиас самсунг маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, түрийвч 2 ширхэгийг хулгайлсан. ...бичиг баримтуудыг Орос 3 дугаар сургуулийн хашаанаас гараад баруун хойд зүгт хаясан. Орос 3 дугаар сургууль руу орж гар утас, хэтэвч хулгайсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн 1809054051275 дугаартай хэргийн шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 109 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /1хх-ийн 110 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 192-193 дугаар хуудас/, засрал хүмүүжлийн тодорхойлолт /1хх-ийн 194-195, 204, 210, 213, 215 дугаар хуудас/, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 125 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 196-200 дугаар хуудас/, 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 89 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 202-203 дугаар хуудас/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 41 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 205-208 дугаар хуудас/, суллагдсан тухай тодорхойлолтын хуулбар /1хх-ийн 209 дүгээр хуудасны ар талд/, 2002 оны 01 дүгээр сарын 24-ний 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /211-212 дугаар хуудас/, 2001 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 214 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгч Ц.А нь:

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэйт Жон боско” төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэвтэрч 1 ширхэг Асеr зөөврийн компьютер, Lenova i5 зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Мөнхзаяагийн...”2018 оны 09 сарын 23-ны өглөө 08 цагийн үед манай байгууллагын 2 давхарын багш нарын өрөө нээлттэй байх хугацаанд гаднаас өндөр нуруутай барзгар царайтай 30 орчим насны бага үстэй бараан хувцас өмссөн калуу орж ирээд манай багш гарын өрөөний ширээн дээр байсан саарал өнгийн Lenova нөүтбоок дагалдах цүнхний хамт, Асеr маркийн хар өнгийн хуучин зөөврийн компьютер зэрэг 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлан авч гарч байгаа бичлэг манай камерын бичлэгт үлдсэн байна лээ” гэх мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна.

Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газрын байрнаас 2018 оны 11 сарын 13-ны өдөр нэвтэрч 2 ширхэг Dell зөөврийн компьютер, бэлэн 265500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван нийт 2.593.376 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч  Ж.Хүрэлбаатарын ...”2018 оны 11-р сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байгаад ...өрөөгөө цоожлоогүй гарсан. Цайгаа уучихаад 14 цаг 20 минутанд ажлын өрөө рүү ороход ширээн дээр байсан хар өнгийн асер маркийн зөөврийн компьютер болон татварын байцаагч Мөнхцэцэгийн ширээн дээр байсан Делл маркийн зөөврийн компьютер мөн цүнхэнд байсан татварын орлого болох 265,500 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Отгонбямбын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булагт багт байх Уурхайчин соёлын ордоны дуу шумны өрөөнд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэвтэрч  Hasee, Lenova, Dell маркийн 3 ширхэг зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Бямбадалайгийн...”Би 2018 оны 11 сарын 20-ны 16 цаг 30 минутад ажлынхаа өрөөнд ороход нөүтбүүкний цүнх, хулгана 2 газар уначихсан байсан. ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ ирээд компьютеруудаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд камер шүүгээд үзтэл хүн орж ирээд аваад гарч байсан” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Эрхэт эрдэм” сургуулийн хичээлийн эрхлэгчийн өрөөнд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэвтэрч Acer, Lenova зөөврийн компьютер 2 ширхэг, бэлэн 60000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 980000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч  Д.Дагвадоржийн...”2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэт зрдэм дунд сургуульд хулгай орсон байсныг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэж ямар эд зүйл алдагдсан талаар бүртгэж үзэхэд Самсунг леново маркийн хоёр ширхэг зөөврийн компьютер алдагдсан байхаар нь камерын бичлэг шүүж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16:55 минутанд улаан өнгийн пүүз бараан өнгийн куртик өмссөн том чихтэй бор залуу сургуульд орохдоо хоосон ороод гарахдаа цүнхэнд юм хийж үүрээд гарч байгаа камерын бичлэг байсан” гэх мэдүүлэг, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Сүхбаатар дүүргийн  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Орос 3 дугаар сургуульд нэвтэрч хохирогч Т.О.Балжинимаевагийн Самсунг галакси жи-5 маркийн гар утас, хохирогч И.Мөнхжаргалын матарын арьсан түрийвч, албаны 48200 төгрөг, хувийн 20000 төгрөг, иргэний үнэмлэх, Хаан банкны 3 карт, алтан карт, ҮХОбанкны зарт, 1. 2. 5 доллар, хохирогч З.Ю.Андреевнагийн арьсан түрийвч, сбер банкны карт, Росселхос банкны карт, ҮХОбанкны карт, хямдралын карт, 100 рубль, бэлэн 40000 төгрөг, 2 ширхэг сим карт, гар утасны түлхүүр зэргийг, хохирогч   Н.К.Владимировнагийн арьсан түрийвч, ҮХОбанкны карт, сбер банкны карт, оршин суух үнэмлэх, гоо сайханы хямдралын карт, 2 доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар аван 643100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.А нь үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг нууцаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нар эд хөрөнгөө алдсан, зарим эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийг хууль бусаар авсан дүрс бичлэг нь эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод гэмт хэргийг тодорхой хугацаанд тогтвортой үйлдэж, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлогыг амьдралынхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон байдлыг хамаарна.

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 сарын 23-ны өдөр, 2018 оны 11 сарын 13ны өдөр, 2018 оны 11 сарын 20-ны өдөр, 2018 оны 12 сарын 01-ний өдөр, 2018 оны 12 сарын 02-ны өдрүүдэд нийт 5 удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг байнга амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл хоорондын үргэлжлэл нь байнга үйлдсэн гэх давтамжийг илэрхийлж байх ба  хулгайн гэмт хэргийн эд зүйлийг бусдад зарж борлуулан амьдралын эх үүсвэр болгож байсан нь шүүгдэгчийн мэдүүлсэн “...хорих ангид хамт байсан хүмүүстэйгээ нийлж архи уудаг бөгөөд хулгайлсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газар тавиад мөнгөөр  нь найз нартайгаа ууж, идээ л байж байдаг байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.А-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Шүүгчийн захирамжаар цагдан хоригдсоноос хойш шүүх хуралдаан хүртэл нийт 125 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас нийт 10690392 төгрөгийн хохирол учирсанаас хохирогч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын тамгын газрын Dell маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, бэлэн 265500 төгрөг биет байдлаар төлөгдсөн, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин соёлын ордны хохирогч Э.Бямбадалай Hasee зөөврийн компьютер, Lenova зөөврийн компьютер, Dell 5570 зөөврийн компьютерийг барьцаалдан зээлдэх газраас үүргийн гүйцэтгэлд 450000 төгрөг төлж буцаан авсан байх тул хохирлоос 7.408.876 төгрөгийг төлөгдсөн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-с 3.281.516 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бямбадалайд 450.000 төгрөг, хохирогч Э.Мөнхзаяад 1.150.000 төгрөг, хохирогч Д.Дагвадоржид 980000 төгрөг, хохирогч Т.О.Балжинимаевад 358.000 төгрөг, хохирогч И.Мөнхжаргалд 142.516 төгрөг, хохирогч З.Ю.Андреевнад 96.746 төгрөг,  Н.К.Владимировнад 104.254 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ц.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-гийн цагдан хоригдсон 125 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-с 3.281.516 төгрөг гаргуулж хохирогч Э.Мөнхзаяад 1.150.000 төгрөг, хохирогч Э.Бямбадалайд 450.000 төгрөг, хохирогч Д.Дагвадоржид 980.000 төгрөг, хохирогч Т.О.Бальжинимаевад 358.000 төгрөг, хохирогч И.Мөнхжаргалд 142.516 төгрөг, хохирогч З.Ю.Андреевнад 96.746 төгрөг, хохирогч Н.К.Владимировнад 104.254 төгрөг тус тус олгосугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ

                                     ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                 Л.ОДОНЧИМЭГ