Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01155

 

“М” ХХК болон БНХАУ-ын “ML”  компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01161 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК болон БНХАУ-ын ML компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХК-д холбогдох,

нийт 10,980,850,915 төгрөг гаргуулж М ХХК-д олгуулах,

чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, нийт 965,421,518 төгрөг гаргуулж БНХАУ-ын ML компанид олгуулах тухай нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Э ХК нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Х, Э.У, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК (тухайн үеийн Э ХХК) нь 2019 оны 12 сарын 31-ний өдөр Э ХК-тай ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Хариуцагчаас дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төгрөгөөр төлөх боломжгүй болсон тул хөрс хуулалтын ажлын төлбөрийг ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 3.9-д заасны дагуу бүтээгдэхүүнээр буюу нүүрсээр төлөх саналыг тавьсан. Талууд 2021 оны 10 сарын 26-ны өдөр болон 2021 оны 12 сарын 07-ны өдөр "Төлбөр, тооцоо хийх тохиролцоо"-г байгуулан гүйцэтгэсэн ажлын төлбөрийн тодорхой хэсгийг барагдуулахаар тохиролцсон. Мөн ЕТТ-2019/863 дугаартай гэрээний төлбөрийг коксжих нүүрсээр барагдуулах зорилгоор 2022 оны 05 сарын 09-ний өдөр Э ХК худалдагч, М ХХК төлбөр хүлээн авагч, ML компани худалдан авагч гэсэн гурван талт ЕТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч нь чанарын шаардлага хангасан 105,000 тонн коксжих нүүрсийг (нүүрсний үнэ болон долларын ханшнаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой) хамтран нэхэмжлэгчид нийлүүлэх, нүүрсний нийлүүлэлт, чанарын асуудлыг хариуцах, төлбөр хүлээн авагч нь худалдагчийн ЭТТ-2018/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр хүлээн авагчид төлөх төлбөр 40,059,654,297 төгрөгөөс шилжүүлэн авсан нүүрсний үнийг суутган тооцох, худалдан авагч нь нүүрсний төлбөрийг гэрээнд заасан төлбөр хүлээн авагчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч ЕТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу хариуцагч талын нийлүүлсэн нүүрс нь тус гэрээний 4.1-д заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд хамтран нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангахгүй нүүрсийг цааш худалдах боломжгүй болсон тул манай компани одоог хүртэл хамтран нэхэмжлэгчээс нүүрсний төлбөрийг авч чадахгүй байна. Хариуцагчийн нийлүүлсэн нүүрс нь ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 4.1-д заасан шаардлагыг хангахгүй байгаа нь SGS IMME MONGOLIA LLC-ийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн *UC003261*, 2022 оны 07 сарын 19-ний өдрийн *UC003210*, 2022 оны 07 сарын 31-ний өдрийн *UC003253*, 2022 оны 9 сарын 02-ны өдрийн *UC003482*, *UC003483* дугаартай лабораторийн шинжилгээ, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторын 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 643 дугаартай сорилын үр дүнгээр тус тус тогтоогдсон. ЕТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу хариуцагчаас 38,019 тонн нүүрсийг хамтран нэхэмжлэгчид нийлүүлсэн бөгөөд хамтран нэхэмжлэгч үүнээс 22,449 тонн нүүрсийг экспортолсон. Нүүрс худалдан авагчдын зүгээс эхний татан авалтаас хойш дахин худалдан авалт хийгээгүй, авахгүй болохоо мэдэгдсэн. Тээвэрлэх явцад болон талбайд урт хугацаанд хадгалсантай холбоотой тодорхой хэмжээний хорогдол үүсч, одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Х сум, Ц, Р ХХК-ийн Гаалийн хяналтын бүсэд 15,570 тонн чанарын шаардлага хангаагүй нүүрс хадгалагдаж байна. Хамтран нэхэмжлэгч нь нүүрсний тээвэрлэлтийн зардалд 1,596,051,495 төгрөгийг гэрээт компаниудад шилжүүлсэн ба үүнээс талбайн үлдэгдэл 15,570.1 тонн нүүрстэй шууд хамааралтай тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалалтын хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийн хохирол учраад байна. Хадгалагдаж байгаа 15,570.1 тонн нүүрсний үнийг ЕТТ-2022/340 дугаартай гэрээний 8.1 дэх хэсэг, тус гэрээг дүгнэсэн актад заасны дагуу тонн тутам 139.58 ам.доллар байхаар, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 05 сарын 29-ний өдрийн Монголбанкны ханшаар 3,450.91 төгрөгөөр тооцоход 7,499,774,904 төгрөг болно. ETT-2022/340 дугаартай гэрээг дүгнэсэн актыг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгчээс гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн нүүрс ЕТТ-2022/340 гэрээнд заасан чанарын шаардлагыг хангахгүй байгаа талаар хариуцагчид 2022 оны 09 сарын 26-ны өдрийн АБ-22/257 дугаартай албан бичиг, 2022 оны 10 сарын 24-ний өдрийн АБ-22/276 дугаартай албан бичгүүдээр хүргүүлж, чанарын үзүүлэлтийг нэмэгдүүлэх талаар шаардлага, хамтран ажиллах саналыг тавьсан. Хамтран нэхэмжлэгч нь мөн адил шаардлага, саналыг 2022 оны 09 сарын 23-ны өдөр, 2022 оны 10 сарын 21-ний өдрүүдэд хариуцагчид хүргүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл нүүрсний чанарыг гэрээнд заасан хэмжээнд нийцүүлэх, сайжруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын зүгээс гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдон гарах үр дагаврыг нэхэмжлэхээс гадна нэхэмжлэгч М ХХК нь хариуцагчийг ЭТТ-2019/863 дугаартай гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас өөрт учирсан хохирол болон гэрээний алдангийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.11-д заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэвч захиалагч уг үүргээ биелүүлэлгүй төлбөр төлөх хугацааг хоцроосон тул ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 10.2-т заасны дагуу тооцон үзэхэд захиалагчийн 2021 оны 01 сараас 2023 оны 03 сарын хооронд хоцроосон төлбөрөөс төлөх ёстой алданги 874,855,741 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйл, ЭТТ-2019/863 дугаартай гэрээний 10.2-т заасны дагуу ЭТТ-2019/863 дугаартай гэрээний алдангид 874,855,741 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож өгнө үү. Захиалагч төлбөр төлөх хугацааг хоцроосонтой холбогдуулан гүйцэтгэгчид 2,606,220,270 төгрөгийн хүүгийн зардал бий болсон. Захиалагчаас төлбөрийг ЭТТ-2019/863 дугаартай гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн бол манай компанид тухайн хэмжээний хүүгийн зардал бий болохгүй байсан. Иймд хариуцагчаас 2,606,220,270 төгрөгийг гаргуулна. ETT-2022/340 дугаартай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцлуулах, хариуцагчийн нийлүүлсэн чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг татан авахыг хариуцагчид даалгах, ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алданги 874,855,741 төгрөг, хохирол 2,606,220,270 төгрөг, нийт 10,980,850,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн Э ХК, М ХХК, ML компаниудын хооронд байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах тухай ЕТТ-2022/340 дугаартай гэрээг цуцалж, Өмнөговь аймгийн Х сум, Ц, Р ХХК-ийн Гаалийн хяналтын бүсэд байгаа 15,570.1 тонн чанаргүй нүүрсийг өөрийн зардлаар татан авахыг хариуцагчид даалган, чанарын шаардлага хангаагүй нүүрсийг тээвэрлэх, хадгалахад ML компанийн гаргасан тээврийн зардал 762,774,388 төгрөг, гаалийн хяналтын бүсэд нүүрс хадгалуулсан хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хамтран нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Э ХК нь Э ХХК-тай (2021 оны 07 сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн нэрээ М ХХК болгож өөрчилсөн) 2019 оны 12 сарын 31-ний өдөр ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.9-д заасны дагуу М ХХК-тай 2021 оны 10 сарын 26-ны өдөр Төлбөр, тооцоо хийх тохиролцоо"-г байгуулж, үүний дагуу 2022 оны 05 сарын 09-ний өдөр "М ХХК, БНХАУ-ын ML компанитай ЭТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-нд худалдагчаар "Э" ХК, худалдан авагчаар ML компани, төлбөр хүлээн авагчаар "М" ХХК гэсэн 3 талт гэрээгээр 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 95,3 тэрбум төгрөгийн хийж гүйцэтгэсэн уулын ажлын төлбөрийн 40,05 тэрбум төгрөгийг 105,000 тонн коксжих нүүрсээр төлөх, нийлүүлэх цэг нь Уурхайн ам агуулах гэсэн нөхцлийг талууд хүлээн зөвшөөрч, байгуулсан. "Э ХК-ийн "Уурхайн ам" нөхцөлөөр байгуулсан гэрээ нь үүсгэсэн нүүрсний овоолгоос, гэрээнд заасан ачилтын хуваарийн дагуу худалдан авагчийн нүүрс тээврийн автомашинд ачиж өгөх үүрэг хүлээж, ачилтыг хийснээрээ нүүрсний өмчлөл тухайн компанид шилжиж, Иргэнийн хуулийн 248 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагч ML компани эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. "Э ХК нүүрсний овоолгыг үүсгэхдээ Уурхайн нүүрсний агуулахын менежментийн журам 5-ын 4.5-д зааснаар төрөлжүүлж, ангилан овоолгыг үүсгэн "Овоолго үүсгэсэн тухай акт"-ыг үйлддэг. Тус актын хавсралт 2-р үүссэн овоолго бүрийн нүүрсний чанарын дундаж үзүүлэлтийг баталгаажуулдаг болно. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 2022 оны 05 сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 сарын 24-ний өдрийн хооронд коксжих нүүрсний овоолгоос нийт 38,019 тонн коксжих нүүрсийг худалдан авагчийн тээврийн хэрэгсэлд ачсан байна. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 5,060,570.31 ам.долларын үнийн дүн бүхий 38,019.6 тонн коксжих (coking coal) нүүрс нийлүүлсэн болохыг харилцан баталж, 2022 оны 09 сарын 30-ны өдөр "Тооцоо нийлсэн акт"-ыг гэрээний талууд баталгаажуулсан. Тус гэрээний 4.1-д зааснаар Тавантолгой ордын III болон IV давхрагын коксжих нүүрсний дараах чанарын үзүүлэлт бүхий коксжих нүүрсний худалдахаар тохирсон. "Э ХК нь Салбарын захирлын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/188 дугаартай тушаалаар батлагдсан Нүүрсэнд дээжлэлт хийх зааврын дагуу дээрх дурдсан овоолгуудаас дээж авч, ачилтын үеийн нүүрсний шинжилгээг тухай бүр гэрээт "A" ХХК-ийн лабораторын шинжилгээнд өгч байсан. Дээрх шинжилгээний хариуг нэгтгэсэн нүүрсний ачилт, чанарын нэгдсэн хүснэгтээс харахад коксжих нүүрсний гол үзүүлэлт болох G индекс болон бусад үзүүлэлтүүд гэрээнд заасан хэмжээнд байсан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1-д заасан биет байдлыг доголдолгүй бүтээгдэхүүнийг Уурхайн амнаас худалдсан. Түүнчлэн, гэрээний дагуу худалдсан коксжих нүүрс нь Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал МNS6457:2022 Монгол Улсын Стандартын 2-р хүснэгтийн Чулуун нүүрс төрлийн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсний бүлэгт хамаарах бөгөөд тус стандартад заасан чанарын үзүүлэлтүүдийг хангаж байсан болно. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.3.4-т нүүрсний чанарын талаар маргаан үүсвэл 3 дахь дээжийг авч, талуудын сонгосон хөндлөнгийн лабораторид хийлгэж, маргааныг эцэслэнэ шийдвэрлэнэ гэж заасан. Гэвч "М" ХХК-аас нүүрсний чанарын тухай 2022 оны 09 сарын 26-ны өдөр болон 2022 оны 10 сарын 26-ны өдөр ирүүлсэн Э ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Ч-т гэж хаягласан албан бичиг нь ЭТТ-2022/340 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу хамгийн сүүлд ачилт хийсэн 2022 оны 07 сарын 24-ний өдрөөс хойш 2-3-н сарын дараа хандсан байх бөгөөд Э ХК нь журмын дагуу тухайн дээжийг 30 хоногийн турш хадгалах үүрэгтэй. ML компанийн ирүүлсэн шинжилгээний үр дүн нь уурхайн бүс дотор дээжлэлтийн Э ХК-тай хамтран гүйцэтгээгүй нь тухайн шинжилгээний хариуг манай талаас нийлүүлсэн нүүрс болохыг нотлох боломжгүй бөгөөд шинжилгээний үр дүнгээс харахад үнслэгийн үзүүлэлт өндөр, коксжих чанарын үзүүлэлт бага байгаа зэрэг нь тухайн нүүрс бохирдсон, дээжлэлтийн арга аргачлалд алдаа гарсан байх магадлалтай. Үүнээс гадна, ML компани нь 2022 оны 09 сарын 30-ны өдрийн "Тооцоо нийлсэн акт"-ыг хүлээн зөвшөөрөхгүй, тооцоо нийлэхгүй байж болох байсан, түүнчлэн нүүрсний чанарын маргаантай нөхцөл байдал илэрвэл 30 хоногийн дотор хөндлөнгийн лабораторид шинжлүүлж, шалгуулсны дараа нүүрсээ хүлээн авч болох бөгөөд нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд "Э ХК нь ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн доголдолгүй бүтээгдэхүүнийг Уурхайн ам нөхцөлөөр худалдсан бөгөөд тус гэрээний хэрэгжилтийн явцад цуцлах үндэслэл бүхий нөхцөл байдал үүсээгүй, гэрээний хүчинтэй хугацаа 2022 оны 11 сарын 09-ний өдөр дуусгавар болж, талууд 2022 оны 09 сарын 30-ны өдрийн Тооцоо нийлэх акт-ыг баталгаажуулсан тул гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлгүй, нэгэнт дуусгавар болсон гэрээний харилцаа юм. Уурхайн ам нөхцөлтэй гэрээ байгуулсан тохиолдолд бүх эрсдэлийг худалдан авагч хариуцна гэж ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2-т заасны дагуу тохиролцсон тул нүүрсийг татан авахыг даалгаж, учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нь худалдагч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, ачилтыг хийсэн байхад ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. ЭТТ-2019/863 дугаартай "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэг хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэсэн актыг үйлдэж, 215,6 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог дуусгавар болгож, гэрээний үүрэг дуусгавар болсныг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байхад, 2023 оны 08 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын хариуцагч Э ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ETT-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ-г цуцалж, хариуцагч Э ХК-ийн нийлүүлсэн 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг хариуцагч Э ХК-д даалган, хариуцагч Э ХК-аас 8,249,752,394 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч Э ХК-аас 892,587,063 төгрөг гаргуулж хамтран нэхэмжлэгч БНХАУ-ын ML компанид олгож, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлээс үлдэх 2,731,098,521 төгрөг, нэхэмжлэгч БНХАУ-ын ML компанийн нэхэмжлэлээс үлдэх 72,834,454 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,712,082 төгрөг, нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,563,330 төгрөг, нийт 60,275,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,441,812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д, 4,655,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын ML компанид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Манай компани 2023 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ зээлийн хүүгийн зардал, зээлийн дансны хуулга 10 хуудас нотлох баримтаар шүүхэд өгсөн, арилжааны банкны зээлийн дансны хуулгууд, алданги болон хохирлын тооцоололтой холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн бөгөөд 4-р хавтаст хэргийн 240-р талаас 5-р хавтаст хэргийн 34 дэх тал хүртэл нийт 43 хуудас М ХХК-ийн Г банк болон Х банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд, тэдгээрийн нэмэлт-өөрчлөлт, хугацаа сунгасан баримтууд, тухайн зээлийн дансны хуулга, банкуудын хүү нэмэлтээр төлсөн тухай албан бичгүүдийн хамт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотлохоор шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн бол манай компани арилжааны банкнаас авсан зээлийн гэрээнийхээ хугацааг сунгахгүй, зээлийн хүүгийн дарамт нэмж үүрэхгүй байсан. Бид зөвхөн тухайн төсөлтэй холбоотой хоёр арилжааны банкнаас ямар хэмжээний зээлийн хүүгийн нэмэлт зардал манай компаниас гарсныг албан бичгээр тодруулахад Г банкинд 5,562,970,584 төгрөгийн нэмэлт үндсэн хүү, Х банкинд 934,905.47 ам.доллар болон 1,352,941,535 төгрөгийн зээлийн хүүний нэмэлт зардлыг илүү төлсөн байна. Хэрвээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн бол дээрх бүх зардал, хохирол манай компанид үүсэхгүй байсан. Захиалагч нь төлбөр төлөх хугацааг хоцроосонтой холбогдуулан гүйцэтгэгчид 2,606,220,270 төгрөгийн зээлийн хүүгийн зардалд бий болсон. Иймд зээлийн хүүгийн хохиролд 2,606,220,270 төгрөгийг гаргуулах нь гэрээ болон холбогдох хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч Э ХК-аас нийт 10,980,850,915 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тэдгээрийн оролцоо, эрх үүрэг, шаардах эрхтэй холбоотой болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

5.1. Нүүрс худалдах, худалдан авах тухай ЭТТ-2022/340 дугаартай гэрээгээр Э ХК нь худалдагч, БНХАУ-ын МЛ компани нь худалдан авагчаар оролцсон үйл баримтын талаар нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл төлбөр хүлээн авагч М ХХК худалдагч, худалдан авагчийн хооронд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангахгүй нүүрс нийлүүлсэн гэх үндэслэлээр ЭТТ-2022/340 дугаартай гэрээг цуцлуулахаар шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч биш этгээд худалдагчийн нийлүүлсэн нүүрс /бүтээгдэхүүн/ гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй /доголдолтой/ гэх үндэслэлээр гэрээг цуцлуулах, чанарын шаардлага хангаагүй 15,570.1 тонн нүүрсийг буцаан авахыг даалгахаар шаардах эрхгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

5.2.  Э ХК нь ажил гүйцэтгэх ЭТТ-2019/863 дугаартай гэрээ болон нүүрс худалдах, худалдан авах тухай ЭТТ-2022/340 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, ЭТТ-2019/863 гэрээгээр уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолтын ажлыг гүйцэтгүүлж, тухайн гүйцэтгэлийг талууд акт үйлдэн баталгаажуулсны үндсэн дээр төлбөрийг төлж ирсэн. Гагцхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор төлбөрийг нүүрсээр төлж барагдуулах тохиролцоог талууд аль аль нь хүлээн зөвшөөрч нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2022/340 дугаартай гэрээ байгуулагдсанаар Э ХК-аас М ХХК-д төлөх төлбөр төлөгдсөнд тооцох гол нөхцлийг гэрээгээр тохиролцож, төлбөр төлөх үүрэг БНХАУ-ын МЛ компанид шилжсэн. Тийм ч учраас экспортод гарсан 22,449.55 тонн нүүрсний үнийг худалдан авагч болох МЛ компани М ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Энэ тохиолдолд М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг МЛ компаниас шаардах, хариуцуулах ёстой байтал худалдан авагчтай хамтарч, Э ХК-аас гаргуулахаар хамтран нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй.

5.3. Нөгөөтэйгүүр дээр дурдсан нөхцөл байдлаас гадна 2023 оны 04 сарын 28-ны өдөр ЭТТ-2019/863 дугаартай Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусаж, тус гэрээг дүгнэж (гэрээний үүрэг дуусгавар болсныг талууд хүлээн зөвшөөрсөн), акт үйлдэн баталгаажуулснаар Э ХК нь М ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар дуусгавар болсон тул төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж үзэх, улмаар алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүх анхаараагүй.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ямар үндэслэлээр биет байдлын доголдолтой гэж үзсэн болох, талуудын хийсэн шинжилгээний хариуг ямар үндэслэлээр нэг баримтыг нь үгүйсгэж, нөгөө хариуг нь зөвтгөж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, МЛ компани нь 2022 оны 05 сарын 09-ний өдрийн ЭТТ-2022/340 дугаартай гэрээний дагуу нийт 38,019.65 тонн нүүрс худалдан авсан бөгөөд үүнээс 22,449.55 тонн нүүрсийг экспортолж, үлдсэн 15,570.1 тонн нүүрсийг борлуулаагүй хугацаа алдсаны улмаас чанар нь муудсаны дараа хариуцагчийг чанарын шаардлага хангахгүй нүүрс борлуулсан гэж буруутгасан. Дээрх гэрээний дагуу тухайн цаг хугацаанд ачилт хийгдсэн 5 овоолгоос зэрэгцэн нийт 24 гэрээний 433,262.95 тонн нүүрс ачилт хийгдсэн ба Монблак лимитэд компаниас бусад худалдан авагчидаас нүүрсний чанартай холбоотой гомдол гараагүй. Энэ баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.

5.5. Э ХК нь олборлож буй нүүрсний чанарын мэдээлэл, борлуулж буй нүүрсэн бүтээгдэхүүний чанарыг нарийвчлан тодорхойлох зорилгоор олон улсын итгэмжлэгдсэн А ХХК-тай хамтран компанийн Нүүрсэнд дээжлэлт хийх заавар-ыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Уг заавар нь нүүрсний мөргөцөг, овоолго болон экспортод гарах нүүрсийг гадаргуугын бохирдол багатай, ширхэглэлийн хэмжээ жигд, дээжийн тоо, дээж авалтын давтамж зэргийг нарийвчлан зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх 15,570.1 тонн нүүрс нь хариуцагчаас 2022 оны 07 сард нийлүүлсэн 23,320 тонн нүүрснээс зарагдаагүй үлдсэн нүүрс гэж тодорхойлсон нь хариуцагчийн 2022 оны 07 сард нийлүүлсэн 19,006.1 тонн өндөр чанар бүхий (G index буюу барьцалдах чадвар нь 91 хүрсэн) нүүрсийг бүхэлд нь доголдолтой гэж үзэж, А ХХК-ийн лабораторийн хийсэн шинжилгээг бүхэлд нь үгүйсгэж байгаа эсэх, тус лабораторийн хийсэн шинжилгээг ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй. А ХХК-ийн лабораторийн хийсэн шинжилгээ нь нарийвчлан зохицуулсан журмын дагуу, хэддүгээр овоолгоос хэзээ ачсан нүүрсний шинжилгээ болох нь дээж хүлээн авсан огноо, дээжийн дугаар, лабораторийн ажлын дугаараар тодорхой харагдаж байхад нэхэмжлэгч талын ирүүлсэн SGS лабораторийн шинжилгээ нь хэддүгээр овоолгоос, хэзээ ачсан нүүрсний шинжилгээ болох нь тодорхойгүй, зарим шинжилгээ нь гэрээ байгуулагдахаас өмнө төдийгүй нүүрсийг ачиж эхэлсэн хугацаанаас өмнө, 2022 оны 04 сарын 08-ны өдөр хийгдсэн зэрэг эргэлзээтэй үйл баримт байхад тухайн шинжилгээнд шууд үндэслэн чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой бүтээгдэхүүн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

5.6.  ЭТТ-2022/340 дугаартай гэрээний 4.1-д заасан чанарын шаардлага хангасан нүүрсийг худалдагч тал нийлүүлсэн болох нь А ХХК-ийн 2022 оны 05 сарын 29-ний өдрөөс 07 сарын 29-ний өдрийг хүртэлх шинжилгээний баримтаар тогтоогдож байхад нэгэнт нүүрсийг ачиж явснаас хойш хийгдсэн нэхэмжлэгчийн шинжилгээний хариунд үндэслэж чанарын шаардлага хангаагүй нүүрс борлуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөр хэлбэл, худалдагчийн нийлүүлсэн нүүрс нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй буюу биет байдлын доголдолтой талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэж маргааны үйл баримтыг зөвхөн нэг талын, А ХХК-ийн лабораторийн нүүрсний шинжилгээний дүгнэлтийг үнэлэхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг илтгэж байна. Мөн анхан шатны шүүх ...нүүрсний чанарын талаар маргаан үүссэн тохиолдолд авах гуравдагч дээжийг одоо авах боломжгүй буюу 30 хоногийн хугацаа өнгөрсөн талаар тайлбарлаж байна... гэж дурдсан атлаа уг 30 хоног өнгөрсөн тохиолдолд хэрхэх талаар дүгнэлт өгөөгүй.

5.7. ЭТТ-2022/340 дугаартай гэрээний 4.3.2-т зааснаар гуравдагч дээж-ийг агаараас тусгаарлан битүүмжилж, дээж авсан өдрөөс хойш 30 хоног хадгалахаар зохицуулсан ба нүүрсний чанарын талаар маргаан гарсан тохиолдолд дээрх хадгалсан дээжээс талууд шинжилгээ хийлгэж, гарсан үр дүнгээр маргааныг шийдвэрлэхээр тохиролцсон байхад анхан шатны шүүхээс ...худалдагч баталгаат хугацаа тогтоогоогүй байна... гэж үзэж, тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй гэж маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн. Нүүрс нь органик үлдэгдэлийн хуримтлалаар даралт, температурын нөлөөнөөс шалтгаалан үүсэх бөгөөд бүрдүүлэгч үндсэн элемент нь нүүрстөрөгч (80% хүртэл), устөрөгч агуулагддаг. Нүүрсийг газрын гадаргад ил гаргах үед хүчилтөрөгчтэй урвалд орох замаар үндсэн шинж чанараа алдаж эхэлдэг бөгөөд шатах, уугих болон коксжих шинж чанарын голлох үзүүлэлтүүд буурдаг зүй тогтолтой. Иймд, ил аргаар олборлосон нүүрсний хувьд чанарын асуудал өдөр хоногоор хэмжигддэг тул дахин шинжлүүлэх асуудалд дээр дурдсан хугацааны хязгаарлалтын зохицуулалт гэрээнд туссан байдаг.

5.8. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн нүүрсний чанарын үзүүлэлтийг харвал коксжих шинж чанарын үзүүлэлт манай компанийн 2 жилийн өмнө нийлүүлсэн нүүрсний чанараас хэт зөрсөн (2022.07.31-ний өдрийн UC003253 дугаартай шинжилгээгээр G index нь 72-той байхад, 2022.09.27-ний өдрийн UC003482 дугаартай шинжилгээгээр G index нь 47 болж буурсан), үнслэгийн хэмжээ өндөр байгаа нь манай нүүрс мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хөндлөнгийн этгээд уг нүүрсийг Э ХК-ийн нүүрс гэдгийг дангаар нотлохгүй юм.

5.9. Анхан шатны шүүхээс худалдсан эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнээс хойш эрсдэл хаана байна гэдэгт зайлшгүй хийх эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй. Э ХК олборлосон бүтээгдэхүүнээ худалдан борлуулахдаа Олон улсын худалдааны Инкотермс 2020-д заасан нөхцөлөөр гэрээг байгуулдаг. ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" нь Инкотермс 2020 FCA4 буюу Уурхайн ам нөхцөлөөр байгуулсан гэрээ бөгөөд талууд гэрээний удиртгал хэсгийн 6-д заасны дагуу худалдан авагчид ачилт хийснээр нүүрсний өмчлөх эрх болон холбогдох бүхий л үр ашиг болон эрсдэл худалдан авагчид бүрэн шилжихийг талууд хүлээн зөвшөөрснийг харгалзаж уг гэрээг байгуулсан. Мөн гэрээний 3.2-д заасны дагуу ачилт хийснээр нүүрсний өмчлөл болон ирээдүйн бүхий л ашиг, эрсдэл, зардал нь худалдан авагчид шилжсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй. Түүнчлэн, гэрээний 5.2-д зааснаар Нүүрс нийлүүлэх цэг дэх нүүрсний хэмжээ болон чанарын үзүүлэлт нь эцсийнх бөгөөд талуудын хүлээн зөвшөөрсөн үр дүн байна. Худалдан авагч нь уурхайн амнаас ачигдаж, зөвшөөрөгдсөн талбайгаар дамжин экспортлогдох нүүрсний хэмжээ, чанарт гарах аливаа өөрчлөлтийг бүрэн хариуцна гэж гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд тохиролцсон байхад нүүрсний чанарын өөрчлөлтөд худалдагч талыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.10. Худалдан авагч нь ачилт хийсэн нүүрсээ тээвэрлэж, Өмнөговь аймгийн Х сумын Ц дахь Р ХХК-ийн талбайд (нэг талбайд бөөндөө буусан) буулгасан, тус талбайд хадгалсан, үүний дараа 22,449 тонн нүүрсийг экспортод гаргасан. Гэтэл худалдан авагч нь экспортлосон нүүрсээ чанарын доголдолгүй байсан, үлдэгдэл 15,570 тонн нүүрс нь чанарын доголдолтой байсан мэтээр худалдагчийг буруутгаж байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 255 дугаар зүйлийн 255.1.3-т заасны дагуу барааг хүлээн авснаас хойших эрсдэл нь худалдан авагч тал буюу МЛ компанид шилжсэн талаар анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй, МЛ компани нь барааг хүлээн авснаас хойш ямар орчинд нүүрсийг хадгалсан болох, тээвэрлэлтэд асуудал гарсан эсэх, нүүрсний чанар муудахад нөлөөлсөн хүчин зүйлс уг хугацаанд болоогүй гэдгийг худалдагчийн зүгээс нотлох, тогтоох боломжгүй байхад 2022 оны 09 сарын 26-ны өдрийн албан бичигт хавсаргаж ирүүлсэн нүүрсний чанарын шинжилгээнд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.11. Нэхэмжлэгчийн чанарын шаардлага хангаагүй гэх 15,570.1 тонн нүүрс нь аль овоолгоос хэзээ ачсан, хэзээ хийгдсэн шинжилгээгээр чанарын шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн нь тодорхойгүй, гуравдагч дээж-ээс шинжилгээ хийх боломжит хугацааг мэдсээр байж, уг хугацааг өнгөрсний дараа чанарын талаар маргаж албан бичиг ирүүлсэн нь худалдан авагч өөрөө бодит нөхцөл байдалд хадгалалтын алдаа гаргасан, хугацаа алдсан гэж үзэхээр байх бөгөөд худалдагчаас анх нүүрсний ачилт хийхдээ Олон улсын худалдааны Инкотертс 2020 FCA буюу тээвэрлэхгүй нөхцлийн үед үндсэн тээвэрлэлтийг худалдан авагч хариуцдаг ба гэрээнд заасан барааг хүргэх цэгт барааг хүргэснээс хойших бүхий л эрсдэл, зардлыг худалдан авагч тал хариуцдаг. Худалдагчийн үүрэг нь барааг тээврийн хэрэгсэлд ачиж өгөх, бараа хүргэх цэгт барааг хүргэх, барааг экспортлохтой холбоотой үүргүүдийг хүлээдэг. Чанаргүй нүүрс нийлүүлсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр худалдан авсан нүүрсний эрсдэл худалдан авагчид шилжсэн, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгчийн тээвэрлэлт, хадгалалттай холбоотой зардлыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй юм.

5.12.  Э ХК нь ЭТТ-2022/340 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ий дагуу 2022 оны 05 сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 сарын 24-ний хооронд нийт 38.019 тонн нүүрсийг Хүснэгт-1-д заасан чанарын үзүүлэлт бүхий дугаар бүхий коксжих нүүрсний 5-н овоолгоос нийлүүлсэн бөгөөд талууд 2022 оны 09 сарын 30-ны өдөр Тооцоо нийлсэн акт-аар баталгаажуулсан болно.

5.13.  Дүгнэж хэлбэл, ЭТТ-2022/340 дугаартай гэрээний 4.3.2, 4.3.4-т заасны дагуу худалдан авагч тал нүүрс ачигдсанаас хойш 30 хоногийн хугацаанд нүүрсний чанарын талаарх шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гуравдагч дээж-ээс чанарын шинжилгээг хийлгээгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д заасны дагуу энэ асуудлаар шаардлага гаргах эрхээ алдсан тул, нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, М ХХК, түүний хамтран нэхэмжлэгч МЛ компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Э ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч М ХХК нь ETT-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцалж 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг даалгах, ЭТТ-2019/863 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,499,774,904 төгрөг, алданги 874,855,741 төгрөг, хохирол 2,606,220,270 төгрөг, нийт 10,980,850,915 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч БНХАУ-ын ML компани нь ETT-2022/340 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцалж 15,570.1 тонн нүүрсийг буцаан татан авахыг даалгах, тээврийн зардал 762,774,388 төгрөг, нүүрс хадгалалтын хөлс 202,647,130 төгрөг, нийт 965,421,518 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э ХК тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Э ХК болон М ХХК (хуучнаар Э ХК)-иуд 2019 оны 12 сарын 31-ний өдөр ЭТТ-2019/863 тоот Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч М ХХК нь 1 м.куб уулсын цулыг олборлох ажлыг 9,427 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон;

3.2.  Улмаар Э ХК /худалдагч/, М ХХК /төлбөр хүлээн авагч/, БНХАУ-ын ML компаниуд /худалдан авагч/ 2022 оны 05 сарын 09-ний өдөр ETT-2022/340 тоот Нүүрс худалдах, худалдан авах тухай гурван талт гэрээ байгуулж, Э ХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 95,328,371,280 төгрөгийн зарим хэсгийг буюу 40,059,654,297 төгрөгийг (105,000 тонн) нүүрсээр төлөх, БНХАУ-ын ML компани нь чанарын шаардлага хангасан нүүрсийг хүлээн авч үнийг М ХХК-д төлөх, уг үнийн дүнг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хасаж тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон;

3.3. Дээрх гэрээний дагуу Э ХК нь нийт 38,019.65 тонн нүүрсийг худалдан авагчид нийлүүлсэн;

3.4. БНХАУ-ын ML компани нь уг 38,019.65 тонн нүүрсээс 22,449.55 тонн нүүрсийг экспортолсон, үлдэх 15,570.1 тонн нүүрс нь Р ХХК-ийн гаалийн талбайд хадгалагдаж байгаа.

4.  Дээр дурдсан 15,570.1 тонн нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангасан эсэх нь маргааны зүйл болжээ.

5. ETT-2022/340 тоот Нүүрс худалдах, худалдан авах тухай гурван талт гэрээний 4.1-д коксжих нүүрсний index-G буюу барьцалдах чанарыг 81.0 (4-р давхрагын), 75.0 (3-р давхрагын)-тай байхаар тусгажээ.

5.1.  Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн SGS IMME Mongolia LLС-гийн шинжилгээгээр index-G буюу барьцалдах чанар нь 47.0 72.0 болох нь, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторын сорилтын тайлангаар index-G буюу барьцалдах чанар нь 61.9 69.5 болох нь тус тус тогтоогдсон.

5.2.  Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн А ХХК-ийн сорилтын үр дүнгийн хуудсаар index-G буюу барьцалдах чанар нь 68.0 91.0-ийн хооронд болох нь тогтоогдсон.

6.  Талууд ийнхүү нийлүүлсэн нүүрсний index-G буюу барьцалдах чанарын талаар харилцан адилгүй нотлох баримтыг гарган маргаж байх боловч нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь:

6.1. БНХАУ-ын ML компани нь гурван талт гэрээг бусадтай байгуулж, уг гэрээний үндсэн дээр тээвэрлээд ирсэн нүүрсийг экспортлохгүй үлдээх нь түүний ашиг сонирхол биш, харин цааш нь худалдаж ашиг олох нь түүний ашиг сонирхол юм.

Өөрөөр хэлбэл, өмнө дурдсанчлан 22,449.55 тонн нүүрс экспортлогдсон, харин үлдэх 15,570.1 тонн нүүрс экспортлогдоогүй буюу Р ХХК-ийн гаалийн талбайд хадгалагдаж байгаа үйл баримтаар чанарын шаардлага хангасан нүүрс зарагдсан, хангаагүй нь зарагдаагүй үлдсэн гэж дүгнэхээр байна.

6.2.  Түүнчлэн, хариуцагч талаас ирүүлсэн сорилтын зарим үр дүн нь гэрээний 4.1-д заасан чанарт хүрэхгүй байна.

Тодруулбал, index-G буюу барьцалдах чанар нь 22Е63-ТТ лабораторын ажлын дугаар бүхий сорилтоор 73.0, 22Е67-ТТ лабораторын ажлын дугаар бүхий сорилтоор 72.0, 22F19-ТТ лабораторын ажлын дугаар бүхий сорилтоор 68.0, 22G24-ТТ лабораторын дугаар бүхий сорилтоор 73.0 байгаа нь тус тус гэрээний 4.1-т заасан чанарт хүрэхгүй байна.

7. Иймд хариуцагч талын гаргасан гэрээний 4.1-д заасан чанарын шаардлага хангасан нүүрс нийлүүлсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 8. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон ... чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан тул гэрээгээр тогтоосон чанар хүрэхгүй байгаа нүүрсийг биет байдлын хувьд доголдолтойд тооцно.

Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар ETT-2022/340 тоот Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, учирсан хохирол, зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 9.  Анхан шатны шүүх нэхэмжлэгч М ХХК-д учирсан хохирол, зардлыг 15,570.1 тонн нүүрс х 139.58 ам.доллар х 3,450.91 (нэхэмжлэл гаргах үеийн ханш) = 7,499,774,904 төгрөг, алдангийг 7,499,774,904 төгрөг (гүйцэтгээгүй үүрэг) х 10% (гэрээгээр тохирсон хязгаар) = 749,977,490 төгрөг, нийт 8,249,752,394 төгрөг гэж, нэхэмжлэгч БНХАУ-ын ML компанид учирсан хохирол, зардлыг 689,939,933 төгрөг (тээвэр) + 202,647,130 төгрөг (гаалийн талбайн түрээс), нийт 892,587,063 төгрөг гэж тус тус тооцсон нь хэргийн баримтад үндэслэгдсэн байхаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

10. ...Талууд гэрээг дүгнэж, акт үйлдсэн үйл баримтаар гэрээний 4.1-д заасан чанарын шаардлага хангасан нүүрс нийлүүлсэн болох нь нотлогдоно... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, нүүрсний чанарын талаарх асуудлаар акт үйлдсэн төлбөр авагч М ХХК бус харин худалдан авагч буюу БНХАУ-ын ML компани маргах эрхтэй юм.

11. Нэхэмжлэгч М ХХК нь Г банк, Х банкнаас авсан зээлээ 2019 оны 12 сарын 31-ний өдөр ЭТТ-2019/863 тоот Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн В хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зарцуулсан гэж, мөн БНХАУ-ын ML компаниас орж ирэх төлбөрийг эдгээр зээлийн гэрээний үүрэгт төлөх байсан гэж тус тус эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

Энэ талаар нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Э ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М ХХК-аас 2024 оны 05 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 13,813,443 төгрөг, хариуцагч Э ХК-аас 2024 оны 05 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 41,441,812 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР