| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0215/э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Т.Жавхлантөгс:
шүүгдэгч: О.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгоны Эт холбогдох эрүүгийн 1809056001310 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод терсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, .................оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацагаар хорих ял шийтүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим хэсгийг нэмж, бүгд 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, .............. регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Пүрэв овогт Отгоны Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч О.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтай хотхоны 27-99 тоотод хохирогч Л.Уянгын байнга амьдрах зориулалгтай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Барилгачдын 3-68 тоотод байрлах хохирогч Н.Энхсайханы байнга амьдрах байшингийн хаалганы цоожийг эвдэн эд зүйл хулгайлах зорилгоор нэвтэрсэн,
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурны 15-300 тоотод оршин суух хохирогч Ж.Баярзулын байнга амьдрах зориулалттай орон байр болон байшинд нэвтэрч, хөнжил 1 ширхэг, хуучин Алтанбулаг хивс 1 ширхэг, 40 инчийн Фунай маркийн зурагт 1 ширхэг, толгойн гэрэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Уянгын /хх-ийн 22-24/ мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хх-ийн 25-26, 27-28/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32/, О.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 115-117/, хохирогч Н.Энхсайхан /хх-ийн 102-104/, гэрч Б.Оюунжаргал /хх-ийн 107-108, 109-110/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 95-96, 97-98/, хохирогч Ж.Баярзул /хх-ийн 141-142, 143-144, 145/, гэрч Т.Эрдэнэсүрэн /хх-ийн 150/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 151-153/, О.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06/025 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170-175/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 134, 135-136/ О.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-82/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-99 тоотод ошин суух Л.Уянгын гэрт хүнгүй байгааг далимдуулан монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдэн нууцаар нэвтрэн орж 32 инчийн “Самсунг” маркийн LCD телевизорыг хууль бусаар авч 299.400 төгрөгийн,
мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3-68 тоотод оршин суух Н.Энхсайханы гэрт хүнгүй байгааг далимдуулан гэрийн хаалганы цоожийг нь эвдэн нууцаар нэвтрэн орж эд зүйл хууль бусаар авахыг завдсан,
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-300 тоотод оршин суух Ж.Баярзулын гэрт хүнгүй байгааг далимдуулан гэрт нь нууцаар нэвтэрч хөнжил 1 ширхэг, “Алтанбулаг” хивс 1 ширхэг, 40 инчийн “Фунай” маркийн телевизор 1 ширхэг, толгойн гэрэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авч 594.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Л.Уянгын /хх-ийн 22-24/: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өглөөний 9 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 29-99 тоотод байрлах 4 ханатай Монгол гэрээсээ ажилдаа явсан. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирсэн чинь Монгол гэрийн хаалганы цоож нь байхгүй байхаар нь гайхаад гэртээ орсон чинь 32 инчийн “Самсунг” маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,
“Хэрэг учрал болсон гэх газар нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-99 тоотод байрлах 4 ханатай Монгол гэрт хулгай орсон гэх ба ...Монгол гэрийн хаалганы цоожийг гадны ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэгч багажаар эвдлэн гэрт нэвтрэн орсон байдалтай байсан... Гомдол гаргагч “тавиур дээр байсан хар өнгийн 32 инчийн зурагт алга болсон байна” гэснийг тэмдэглэлд тусгав...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хх-ийн 25-26, 27-28/,
“...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Сөүл” эмнэлгийн зүүн талын Дулаан дамжуулах төв дунд байрлах газар орсон хоосон хашаа харагдах бөгөөд авто замын дагуу баригдсан төмөр хашаа зэрэг харагдаж байна. Ертөнцийн зүгээр баруун талаас гартаа төмөр барьсан шар өнгийн үстэй захтай, хар ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн явж байгаа бичлэг байна...” гэсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-ийн 29/,
32 инчийн “Самсунг” маркийн ЛСД телевизорыг 299.400 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 30-32/,
О.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 115-117/: “... Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хангай хотхоны орцноос ...гараад Шинэ зам руу явсан. Тэгээд Шинэ замын баруун талд байх нэгэн гудамжинд ороод хүрэн өнгийн хашааны хаалгатай айлын хашаанд ороод 4 ханатай бололтой нэгэн жижиг Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрт нь байсан зурагтыг үүдэнд нь гаргаж тавьчихаад буцаж гараад Шинэ замаас такси бариад буцаж очиж зурагтаа авсан. Би зурагтаа 100 айлд цайны газарт явуулын хүнд зарсан... “ гэх мэдүүлгээр,
хохирогч Н.Энхсайханы /хх-ийн 102-104/: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 3-68 тоот гэрээсээ 10 цагийн үед нөхрийн хамтаар гадуур ажлаа хийх гээд гарсан юм... Манай найз Оюунжаргал 13 цагийн үед гар утсаар залгаад “танай гэрт чинь нэг эрэгтэй хүн байна. Та хэд “Хүчит шонхор” явсан юм уу?” гэж хэлэхээр нь гайхаад “манай гэрт хүн байхгүй ш дээ, бид хэд “Хүчит шонхор” яваагүй шүү дээ, наад хулгайчаа бариад ав” гэж хэлсэн. Манай гэрээс эд зүйл алдагдаагүй байна лээ...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Оюунжаргалын /хх-ийн 107-108, 109-110/: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай найз Сайханаа дуудаад “манай гэрт хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би найз Сайханаагийн гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын гудамж 3-68 тоотод 13 цагийн үед хашаа руу нь ороход хашааных нь хаалга онгорхой, байшингийнх нь хаалга хаалттай байсан. Хаалгыг нь татаад орсон чинь Сайханаагийн гэрийн зуухны хажууд 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, хар ноосон өвлийн малгайтай, хар ногоон өнгийн малгайтай, шаргал өнгийн куртиктэй, баруун гартаа төмөр барьчихсан хүн зогсохоор нь уг хүнээс “Сайханаа байна уу?” гэж асуухад “айлынхан байхгүй “Хүчит шонхор” зах явсан” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “юун “Хүчит шонхор” зах вэ” гэж хэлээд Сайханаагийн гэрээс гараад Сайханаа руу гар утсаараа ярьсан, “чи хаана байгаа юм бэ? танай гэрт нэг эрэгтэй хүн байна. Чи “Хүчит шонхор” явсан юм уу?” гэж асуусан чинь Сайханаа “юу яриад байгаа юм бэ, юун “Хүчит шонхор” зах вэ” гэж хэлээд байхаар нь гайхаад буцаад Сайханаагийн гэрт орсон чинь нөгөө хүн байхгүй байсан. ...Монхор хамартай хүн байсан...” гэх мэдүүлгээр,
О.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 115-117/: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Сөүл” эмнэлгийн хажуугийн хашаанд байх эзэнгүй байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгай хийх гээд зогсож байхад гаднаас нэг эмэгтэй орж ирээд “энэ айлын хүмүүс хаана байна” гэхэд “Дэнжийн 1000 руу явсан” гэсэн. Тэгээд тэр эмэгтэй гараад явахаар нь цагдаа дуудах гэж байна гэж айгаад араас нь гараад Шинэ зам руу явсан...” гэх мэдүүлгээр,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хх-ийн 95-96, 97-98/,
хохирогч Ж.Баярзулын /хх-ийн 141-142, 143-144, 145/: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нуурын 15-300 тоот манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан. Манай гэрээс “Фунай” маркийн 40 инчийн зурагт, 150*3 метрийн хэмжээтэй “Монгол Алтанбулаг” хивс, хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан. Смарт худалдааны төвөөс 4-5 жилийн өмнө 780.000 төгрөгөөр зурагтаа худалдаж авч байсан, хөнжил, хөнжлийн давуутай цуг манай эхнэр хулгай орохоос 2-3 хоногийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төвөөс 70.000 төгрөгөөр худалдаж авсан. 150*3 метрийн хэмжээтэй “Монгол Алтанбулаг” хивсийг олон жилийн өмнө хаанаас гэдгийг нь мэдэхгүй худалдаж авч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Эрдэнэсүрэнгийн /хх-ийн 150/: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө нөхөр Баярзул 08 цагийн үед ажилдаа явсан. Би гэртээ хүүтэйгээ байж байгаад 12 цаг 30 минутанд хүүгээ дагуулаад гэрээсээ гарсан. Гэрээс гарах үед манайд хүн үлдээгүй бөгөөд байшингийнхаа хаалга, үүдний амбаарын хаалга хоёрыг түгжээд гарсан. Тэгээд 14:30 цагийн үед манай нөхөр Баярзул гэрт гал түлэх гээд ирсэн чинь хашаан дотор үүдний амбаарын ойролцоо ногоон өнгийн шуудай, байшингийн баруун талын цонх онгорхой, цонхны ойролцоо 2 ширхэг хүүхдийн хувцас байсан гэсэн. Гэрт ороод үзэхэд манай гэрээс “Фунай” маркийн 40 инчийн зурагт, 150*3 хэмжээтэй хивс, хөнжил зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,
хөнжил 1 ширхэг, “Алтанбулаг” хивс 1 ширхэг, 40 инчийн “Фунай” маркийн телевизор 1 ширхэг, толгойн гэрэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нийт 594.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр /хх-ийн 151-153/,
О.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 130-131/: “...Би “Хүчит шонхор” захаас гараад чигээрээ зүүн зүг рүү гудамжаар уруудаад явж байтал онгорхой хашаа байсан. Тэгээд би тэр хашаа руу орсон. Тэгээд тэр айлд хүн байхгүй юм шиг санагдахаар нь байшингийн цонхыг нь түлхсэн чинь цонх нь онгойсон. Тэгэхээр нь цонхоор нь дотогшоо орсон. Ширээн дээр том хар зурагт, зурагтын хажуу талд газар дэвссэн байсан жижигхэн 1,5*3 метр гарантай улаан хүрэн өнгийн хивс, орон дээр байсан цоохор эрээн хөнжил байсныг авч хөнжлөөр зурагтыг ороогоод эргээд цонхоор хулгайлсан эд зүйлээ аваад гарсан. Тэгээд би тэр айлын хашаанаас гараад доошоогоо уруудсан 32-ын тэр хавиас байх такси бариад 100 айлын “Жоби” орсон. Тэгээд тэнд очоод зурагтыг 50.000 төгрөгөөр зарсан. Тэндээс гудамжинд явж байсан хүнд хивсийг 20.000 төгрөгөөр зарсан, хөнжлийг нь “Жоби”-гийн тэр хавьд байдаг хогийн цэг дээр хаясан...” гэх мэдүүлгээр,
“...Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 1, 5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь Папилон санд МГМ000610006346 гэсэн дугааруудаар бүртгэгдсэн Отгон овогтой Эын зүүн гарын алга, ядам хурууны хээний дардастай тохирч байна” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06/025 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 170-175/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 134, 135-136/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч нар гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, авахаар завдсаныг, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй О.Эын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Эын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Н.Энхсайханы гэрээс эд зүйл аваагүй тул түүнийг хохирогч Н.Энхсайханд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 893.400 төгрөгийг шүүгдэгч О.Эаас гаргуулж, үүнээс хохирогч Л.Уянгад 299.400 төгрөгийг, хохирогч Ж.Баярзулд 594.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ............ Эыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эын урьд цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.Эаас нийт 893.400 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.Уянгад 299.400 төгрөгийг, хохирогч Ж.Баярзулд 594.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Э нь хохирогч Н.Энхсайханд төлөх төлбөргүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ