| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00604/И |
| Дугаар | 151/ШШ2016/00849 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2016/00849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багын 28 дугаар байрны 14 тоотод оршин суух, эмэгтэй, 53 настай, Боржигон овогт Нямын Наранцэцэг /РД:НЮ6303046/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 55 настай, эмэгтэй, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 40 дүгээр байрны 21 тоотод оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн туулын 4-52 тоотод түр оршин суугаа, Боржигон овогт Давгын Цогбадрах /РД:НЭ61012801/,
Хариуцагч: 57 настай, эрэгтэй, Шарнууд овогтой Жанчивын Хадхүү,
Хариуцагч: 26 настай, эрэгтэй, Шарнууд овогтой Хадхүүгийн Олонбаяр нарт холбогдох,
зээл, хүү 5 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Наранцэцэг, хариуцагч Д.Цогбадрах нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 8 сарын 31 өдөр хариуцагч Ж.Хадхүү, Д.Цогбадрах, Х.Олонбаяр нар өөрсдийн биеэр ирж сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, сар бүрийн 1 өдөр хүүд 200 000 төгрөг төлөхөөр тохирч гэрээг бичгээр хийж, надаас 2 сая төгрөг зээлсэн. 2016 оны 3 сарын 1 өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлээ төлөхгүй, холбоогүй алга болцгоосон.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш, 2016 оны 7 сарын 1 өдөр Д.Цогбадрах нь 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн, өмнө нь 2015 оны сүүлээр 200 000 төгрөг өгсөн. Өмнө өгсөн мөнгийг би хүүнд нь тооцож авсан. Одоо үндсэн зээл 2 сая төгрөг, түүний хүүд 1.200.000 төгрөг, бүгд 3 200 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нарт гомдолтой байна гэв.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Наранцэцэгээс 2015 оны 08 сарын 31 өдөр 2 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн.
2015 оны 10 сарын 22 өдөр 200.000 төгрөгийг хүүнд нь төлсөн. 2016 оны 07 сарын 02 өдөр 2 сая төгрөгийн үндсэн зээлийг төлсөн. Одоо гэрээ ёсоор хүүнд нь 1 сая төгрөг төлөх ёстой боловч төлбөр зээл ихтэй, төлбөрийн чадваргүй байгаа болохоор төлөх боломжгүй байна. Үлдэх 2,2 сая төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж зөвшөөрөхгүй байна гэв.
Хуралдаан дээр зохигчдын гаргасан тайлбар хэрэгт авагдсан /хх 13, 15/ нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нар шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчид 2 200 000 төгрөг төлсөн нь /хх 15/ нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас /3 200 000₮-2 200 000₮/ 1 000 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хангаж, 2 000 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь хариуцагч Ж.Хадхүү, Д.Цогбадрах, Х.Олонбаяр нараас зээлийн гэрээний үүрэг 2 сая төгрөг, хүү 3,2 сая төгрөг, нийт 5,2 сая төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр хариуцагч нарын төлсөн 2,2 сая төгрөгийг хасаж, зээл 2 сая төгрөг, зээлийн хүү 1 сая төгрөг, бүгд 3 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн болно.
Зээлийн гэрээ бичгээр байгуулж 2015 оны 08 сарын 31 өдөр 2 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй зээлсэн талаар болон хариуцагч нар 2015 оны 10 сарын 22 өдөр 200.000 төгрөг, 2016 оны 07 сарын 02 өдөр 2 сая төгрөг тус тус төлсөн талаар зохигчид шүүх хуралдаан дээр маргаагүй болно.
Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 281.1, 282.1, зохигчдын байгуулсан гэрээнд заасны дагуу зээл 2 000 000 төгрөг, 6 сарын хүү /200 000₮*6 сар/ 1 200 000 төгрөг, бүгд 3 200 000 төгрөг шаардах эрхтэй.
Хариуцагч Ж.Хадхүү, Х.Олонбаяр нар хаягтаа оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүйгээс тэдэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжгүй байгаа ба нэхэмжлэгч Н.Наранцэцэг болон хариуцагч /Ж.Хадхүүгийн эхнэр, Х.Олонбаярын ээж/ Д.Цогбадрахын хүсэлтээр хариуцагч Ж.Хадхүү, Х.Олонбаяр нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Цогбадрах, Ж.Хадхүү, Х.Олонбаяр нараас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА