| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/03821/И |
| Дугаар | 210/МА2024/01199 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01199
Д.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02787 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 174,157,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч С.О, түүний өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие хариуцагч С.О-тэй 2023 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдэгчид 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээлийг зээлдэгчид олгохдоо 66,105,000 төгрөгийг эхнэр Т.Б-ын эзэмшлийн Х банкны *********** тоот данснаас шилжүүлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу зээлийн төлбөр төлж дуусах хугацаа 2023 оны 03 сарын 10-ны өдөр боловч зээлдэгч нь өнөөдөр, маргааш гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагч С.О-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг, нийт 174,157,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: 2023 оны 02 сарын 08-ны өдөр Р.О, Д.Г нар харилцан тохиролцсоны үндсэн дээр миний Х банкны дансаар дамжуулж 50,000,000 төгрөг, 16,105,000 төгрөгийг миний Х банканд барьцаанд байсан байрыг чөлөөлж авхуулан байрны эрхийн бичгийг Д.Г-д барьцаа болгон үлдээсэн. Би Р.О-т байрны гэрчилгээ авах 16,105,000 төгрөгийг өгсөн, Д.Г-д өргүй тул Р.О-ийг шүүх хуралдаанд оролцуулж, миний эрхийн бичгийг олгуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.О-ээс 174,157,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,028,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс 1,028,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцох зохигчийн эрхээ бүрэн эдлээгүй. Би нэхэмжлэгч Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, мөнгө авсан гуравдагч этгээд Р.О нарт залилуулсан. Хуульч Д.С намайг хуралд оролцуулахгүй хууран мэхэлж өөрөө ч оролгүй зугтсан. Намайг залилсан Р.О нь миний захирал Д.С хийнэ гэсэн зүйлээ хийдэг мундаг гэж үнэмшүүлэн итгэмжлэл өгүүлсэн.
4.2. Таныг хэзээ ч хохироохгүй, би өөрийн өмгөөлөгч Р.О-тэй энэ асуудлыг дор нь шийдүүлнэ гэж хууран мэхэлсээр цагдаад өгүүлэхгүй хугацаа алдуулсан. Би энэ хугацаанд цагдаа шүүхээр гүйсээр эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсоор өндөр настны тэтгэвэр, дансаа хаалгаж орон байраа алдахад хүрээд байна.
Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн бодит үнэнийг тогтоон, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх үндэслэл байгааг хянаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, өгсөн авснаа хүлээн зөвшөөрдөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч өөрөө нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэгтэй танилцаад тайлбараа өгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж оролцуулсан. Бодит байдалд Д.Г нь Р.О, С.О нарыг танихгүй. Хариуцагч орон сууц барьцаалсан, энэ барьцааны төлбөрт 20,000,000 төгрөг төлүүлээд үлдсэн мөнгөө өөрөө хүлээж авсан. Д.Г нь С.О-ийг авсан мөнгөө цааш нь Р.О-т, өөр хүнд өгсөн эсэхийг мэдээгүй, хэнтэй нийлж зээл авч байгааг мэдэхгүй, хэнд өгч юунд зарцуулж байгааг мэдэхгүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Мөн гомдолд намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.С-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан ч өөрөө оролцох эрхийг нь хязгаарлаагүй. Шүүхэд хүндэтгэлтэй хандах иргэний болон шүүхийн шийдвэрээ гардаж авах үүргээ биелүүлээгүй. Гэтэл одоо хохирч байна, тэтгэврийн мөнгөө авч чадахгүй байна, миний эрх ашгийг хязгаарлаж байна, Д.Г, Д.С, Р.О нар нийлж залилсан байдлаар тайлбар хэлж байна. Өөрөө хуулиар хүлээсэн үүрэгтээ хайнга хандчихаад залилуулсан юм шиг үндэслэлгүй зүйл яриад байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 174,157,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15049 дугаар захирамжийн захирамжлах нь хэсгийн 1-д ...шүүх хуралдааныг 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсугай гэж дурдсан нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээс зөрүүтэй байна.
4. Дээрх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.С оролцсон байх хэдий ч дээрх тохиолдолд шүүх 2023 оны 09 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод зохих ёсоор мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, улмаар ...шүүх хуралдаанд оролцох зохигчийн эрхээ бүрэн эдлээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
5. Хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаатай холбоотойгоор хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 1,028,735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР