Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/134

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал, 

Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1938001340157 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т.

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт иргэн Б.Б-, Б.Б-нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт замын хөдөлгөөнд саад хийлээ гэх шалтгаанаар иргэн Б.Б-, Б.Б-нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед найз болох Б-тай хамт 4 замын уулзвараар зам гарах гэж байсан нэг машин их хурдтай дайрчих шахам явж байхаар нь хүн дайрлаа шүү дээ, галзуу юм уу гэж хэлсэн чинь машинаас үл таних ах бууж ирээд манай найз Б-г цохисон. Тэгээд тэр ах машиндаа буцаж суугаад “50 100”-ийн зогсоол руу ороод наашаа хүрээд ир гэхээр нь бид хоёр араас нь очсон чинь шууд манай найзын цохиж эхэлсэн. Тэгээд би салгах гэсэн чинь намайг бас цохиж зодсон. Машинд нь нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд би цагдаа дуудна гэсэн чинь машинд байсан эмэгтэйг жолооч ах машин бариад яв гээд загнаад машинаа явуулаад өөрөө зугатаагаад алга болсон. Тэгээд бид хоёр өөрсдөө цагдаад ирж гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз болох Б-ы төрсөн өдөр болоод захын “Хатагтай” дэлгүүр дотор 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан. Тэгээд найз Б-тай хамт Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Өсөн нэмэх” пабад хоолонд орчихоод гараад 4 замын гарцаар гараад явж байсан чинь нэг машин сигналдаад “пизда минь зайлалдаа” гээд янз бүрээр хэлээд хараалын үг урсгаад өнгөрөөд явсан. Тэгээд тэр ах машинаа замын голд байрлуулаад бууж ирээд 5-6 удаа миний нүүр рүү цохисон. Тэр ах намайг дагаад ороод ир гээд “50 100”-ийн зогсоол руу машинаа эргүүлж оруулаад дуудахаар нь очсон чинь ахиад нүүр рүү цохиод гуя руу өшиглөөд байсан. Манай найз Б- салгах гээд боль гэсэн чинь манай найзыг “чи одоо юу юм бэ, пизда минь” гээд зөндөө цохисон. Цус нөжтэй холилдсон байсан манай найз. Би машины хажуу тал руу унасан байсан. Чих сонин болоод байхаар нь чихээ ухаад зогсож байх хооронд манай найзыг цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...буудал руугаа орох гэж явахад манай “50 100” зочид буудлын гадаа нэг залуу цус нөжтэй холилдсон байдалтай нэг ахтай маргалдсан зогсож байхаар нь явж очоод та нар байгууллагын гадаа зодолдож болохгүй гэхэд хөгшиндүү ах нь “чамд ямар хамаатай юм бэ, чи цаашаа бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй дуугаа хураагаад л зогссон. Харин тэр хөгшин ах нөгөө хоёр залуутай ална тална гэж маргалдаад Юнителийн байрны тийшээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай: “1. Б.Б-ы биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3. Б.Б-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай: “1. Б.Б-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн доод зовхи, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт, буйлны зүүн хэсгийн салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3. Б.Б-н биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б, Б- хоёрыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгын 2018 оны тооллогын хуулбар /хх-ийн 65-69 дүгээр хуудас/,
  • ... улсын дугаартай Хуандай Соната маркын автомашины техникийн тодорхойлолт /хх-ийн 70 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн огцом түргэн ууртай, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, мөн хохирогч Б.Б-мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс үзвэл “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз болох Б-ы төрсөн өдөр болоод захын “Хатагтай” дэлгүүр дотор 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/-ээс үзвэл хохирогч нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

 Шүүгдэгч Б.Т- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт замын хөдөлгөөнд саад хийлээ гэх шалтгаанаар иргэн Б.Б-, Б.Б-нарыг зодож цохисны улмаас хохирогч Б.Б-, Б.Б-нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Б-, Б.Б-нартай “Б.Т- би Б.Бямба-Очир, Б.Б- нарын үзлэг эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Б.Б, Б.Б- бид цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 80 дугаар хуудас/-г байгуулсан байх тул шүүгдэгч Б.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр....” “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 81/, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналын харгалзан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж буй арга, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэм хор зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Б.Т-гийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ