Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01200

 

Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02286 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 11,846,197 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Г.Т нь 2018 оны 07 сарын 23-ны өдөр ЗГ/2523 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчид зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 2,029,828 төгрөг, хүүнд 2,449,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 154,019 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2021 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,470,171 төгрөг, зээлийн хүү 5,806,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,569,581 төгрөг, нийт 11,846,197 төгрөг болж хуримтлагдсан байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,470,171 төгрөг байгаа гэхээр нэмж 1,500,000 төгрөгийн зээлийг авсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 11,846,197 төгрөгийг нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний зүгээс 2018 онд анх тус хоршооноос зээл авсан бөгөөд албан ёсоор гишүүн болж үйл ажиллагаанд оролцсон зүйлгүй. Зээлийн гэрээг байгуулах үед 2018 онд хэд хэдэн зүйлд гарын үсэг зуруулан авч байсан бөгөөд надад юу гэдгийг нь тайлбарлаагүй. 2018 оны 07 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, 2,000,000 төгрөгийг өгсөн. Г ХЗХ-ны салбарын захирал Т.М нь ажил дээр ирж байнга дарамт шахалт үзүүлж өдөр бүр бэлнээр мөнгө авдаг байсан. Бэлнээр 8,000,000-10,000,000 орчим төгрөг, дансаар 6,474,200 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. 2019 оноос хойш надтай энэ асуудлаар холбогдоогүй, гэнэт шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Т-д холбогдох 11,846,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.  Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.4-д B.H, m гэх гүйлгээний утгатай зээлийн төлбөрийг Г.Т-ын төлбөрт оролцуулан тооцож байгаа нь ойлгомжгүй. Б.Х, н.М нар Г ХЗХ-ны гишүүн бөгөөд тухайн хүнтэй ямар холбоотойг мэдэхгүй ч Х банк-ны ********* тоот дансаар дамжуулан өөрсдийн зээлийн төлбөрийг төлсөн байхад Г.Т-ын төлбөрт оролцуулан тооцсон.

4.2.  Хариуцагч нотлох баримтаар Х банк-ны *********** тоот дансны хуулгыг өгөхдөө өөрийн төлсөн төлбөрийг тодруулан дугаарлан өгсөн байхад тухайн мөнгөн дүнгээс илүү гарган бүх шилжүүлгийг харж үзсэн нь учир дутагдалтай байна.

4.3.Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу хариуцагчийг тодорхойлж, үндсэн мөнгө шилжүүлэн авсан зээлдэгчийг хариуцагчаар шүүхэд татсан байдаг. Г ХЗХ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хариуцагч нь Г.Т ын Г ХЗХ-д гишүүнээр элссэн баримтууд болон Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоолыг гаргаж өгсөн. Уг хэрэгт хамааралгүй, хариуцагч биш Г.Г, Т.Т нарыг гишүүнээр элсүүлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй, хэргийг шийдвэрлэхэд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн тул манай байгууллагаас хувь хүний мэдээллийн нууцтай холбоотой тул шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.4. Нэхэмжлэгч нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг зээлийн үйл ажиллагаандаа тасралтгүй мөрдөн ажиллаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны хэлцэл хийсэн. Манай байгууллага хариуцагч Г.Т-ын хоршоонд гишүүнээр элссэн болон гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад хэрэгт хамааралгүй этгээдүүдийн хоршоонд элссэн баримтуудыг гаргаж өгөөгүй үндэслэлээр 2018 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, хариуцагчид давуу байдал үүсгэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг зээлийн гэрээг 3 зээлдэгч байгуулсан байдаг. Гэтэл 3 зээлдэгчээс зөвхөн Г.Т-ыг хариуцагчаар татан нөгөө 2 зээлдэгчийг хамааралгүй байдлаар нэхэмжлэл гаргасан нь хууль бус гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь зөв. Нэхэмжлэгч тал Г.Г, Т.Т нарыг хамааралгүй гэх боловч тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний зээлдэгч нар байдаг. Нөгөө 2 зээлдэгч хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. 2018 оны 07 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг зээлсэн гэж хүү болон нэмэгдүүлсэн хүү шаарддаг боловч бодит байдалд хариуцагч нарт 2,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг байна гэж заасан атлаа нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг яаж гаргасан нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байна. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.  Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Г.Т-д холбогдуулан үндсэн зээл 4,470,171 төгрөг, үндсэн хүү 5,806,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,569,581 төгрөг, нийт 11,846,197 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...зээлийн гэрээнд заасан хэмжээгээр мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, зээлийг төлж барагдуулсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2018 оны 07 сарын 23-ны өдөр ЗГ/2523 тоот Зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ХЗХ нь 5,000,000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн бол нэг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Г.Т, Г.Г, Т.Т нар зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 сарын 22-ны өдрийн ЗГ/2360 тоот Зээлийн шугамын гэрээ, мөн өдрийн БГ/2360 тоот Барьцааны гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн БГ/2523 тоот Барьцааны гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй.

5. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох...-ыг хориглоно гэж зохицуулжээ.

2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ/2523 тоот Зээлийн шугамын гэрээ-ний зээлдэгч тал болох Г.Т, Г.Г, Т.Т нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Г ХЗХ нь Г.Т, Г.Г, Т.Т нарыг тус хоршооны гишүүн болохыг нотлох учиртай.

Хэрэгт Г ХЗХ-ны гишүүнээр Г.Т элссэн тухай баримт байх боловч хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г, Т.Т нарыг Г ХЗХ-ны гишүүнээр элсүүлсэн тухай баримт авагдаагүй.

6. Иймд Г ХЗХ болон Г.Т , Г.Г, Т.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хариуцагч Г.Т-аас шаардах эрхгүй.

7. Түүнчлэн, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ/2523 тоот Зээлийн шугамын гэрээ-ний дагуу Г ХЗХ нь 5,000,000 төгрөгийн зээлийг Г.Т-д олгосон гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Х банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 07 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 17-ны өдөр 1,485,000 төгрөг, нийт 3,485,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Хариуцагч Г.Т нь 2018 оны 07 сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3,950,000 төгрөгийг g.t fm81121346 гүйлгээний утгатайгаар эргүүлэн төлсөн байх тул нэхэмжлэгч Г ХЗХ-нд төлөх өр төлбөргүй байна.

8. Нэхэмжлэгч Г ХЗХ нь зээлийн мөнгөн хөрөнгийг 2 өөр цаг хугацаанд 2 хувааж шилжүүлсэн атлаа уг зээл тус бүрийн тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн ЗГ/2523 тоот Зээлийн шугамын гэрээ-ний 2.1.7-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүний 0 (тэг) хувь байна гэж тусгасан атлаа нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан тул зохигчдын хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн хууль хэрэглээнд өөрчлөлт оруулна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02286 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэлгүй тул... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г ХЗХ-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 204,490 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР