Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1902000990072 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ханбүрэн овогт Б.А

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.2006 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.   

         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:  Би “Зу” гэх бааранд үйлчлүүлж байхдаа англи хэлний мэдлэгтэй тул Том гэх Канад залуугаас тамхи татах гээд асаагуур асууснаар бид танилцсан. Том гэх залуу намайг хамт гаръя, би чамд гоё юм үзүүлье гэхээр нь бид хамт гарч яваад зогсоол дээр байсан миний машинд суухад Том надад ороосон тамхи өгсөн. Тэгээд надад энийг татаад үз гэхээр нь би татаж үзсэн. Би машины урд хэсэгт сууж байсан ба Том гэх залуу машины арын суудалд сууж байхдаа миний хичээлийн цүнхэнд мансууруулах бодисыг хийсэн байсан. Би энэ талаар мэдээгүй, би хичээлдээ явахгүй байсан тул цүнхийг машины ард хийсэн байсан гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дүүрэнбилэг /хх-ийн 34-35/, гэрч Б.Алтанбагана /хх-ийн 37/, гэрчээр Б.А /хх-ийн 41-42/, Илтгэх хуудас /хх-ийн 3-4/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-23/, Ce multi-screen test хэрэглэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24, 26/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1019 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1020 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 61-62/, Б.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 90-79 УНУ улсын дугаартай Лексус RX450 маркийн тээврийн хэрэгслийг хар тамхи татаж мансуурсан үедээ тухайн улсын дугаартай тээврийн хэрэгсэл явдаггүй өдөр жолоодон явж цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн саатуулагдсан байх ба түүний бие, эзэмшиж байсан автомашинд үзлэг хийхэд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4.2006 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

 

Гэрч Ц.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Монгол улсын Их сургуулийн 1 дүгээр байрны баруун урд уулзварт үүрэг гүйцэтгэж байхад 11:00 цагийн үед цагдаа зохицуулагч а/а Б.Амарбат нь уулзвар талаас ирээд, гэрлэн дохио зогссон 90-79 УНУ улсын дугаартай RX450 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг очоод ёслоод харьцаж байхыг харсан. Тээврийн хэрэгслийн жолооч машинаас буугаад Б.Амарбатын шаардлагыг биелүүлэхгүй байгаа бололтой байхаар нь очоод, тухайн залууг гавлалцсан. Энэ залууг хэн гэдгийг тогтоохоор Төрийн үйлчилгээний Түц машин байхгүй байсан. МУИС-ийн 1-р байрны гадна байрлах хогийн сав руу уг залуу 2-3 удаа хурууны 1 үе шиг хэмжээтэй цаас базаад шидээд байхаар нь “Чи болио наадахыг чинь хүмүүс цэвэрлэдэг юм. Наадахаа очиж аваа хогийн сав руу авч хий” гэж хэлсэн чинь өөрөө очоод газраас авч байсан. Би хогийн сав руу хийж байх үед нь үйлдлийг нь нарийн анзаарч харалгүй тарьсан хогоо хаяж байна гэж бодсон. Би үлдээд Б.Аийг а/а Б.Амарбат дагуулаад Цагдаагийн хэлтэс рүү шалгуулахаар явган явсан. Энэ хоёрыг явснаас хойш 3 орчим минутын дараа Б.А гэх залуутай хамт зогсож байсан хогийн савны хажууд зогсож байсан Приус-11 маркийн машинтай залуу машиныхаа дуут дохиог дараад нааш ир гээд намайг дуудаад байсан. Би яваад очсон чинь “Та хоёрыг урагшаа уулзвар руу харж байх хооронд хоёр ууттай зүйлийг түрүүний гавтай залуу энэ хогийн сав руу хийчихсэн гээд түрдэг дугуйтай том хогийн савыг заасан. Тэр залуугийн заасан хогийн сав руу очиж харахад доор нь хоёр тунгалаг гялгар ууттай зүйл байсан. Уутанд нь ногоон өнгийн навчтай ургамал, нөгөө уутанд нь цаас нугалж хийсэн байсан ба уутны ёроолд нунтаг ногоон зүйлтэй байсан. Би энэ зүйлийг мансууруулах бодис гэдгийг хараад таньсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Гэрч Б.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би машин дотроо түгжрээд 1 дүгээр эгнээнд байх үед цагдаагийн 2 алба хаагчийг цаашаа харах хооронд гавтай залуу нь куртикнийхээ энгэрээс 2 ширхэг гялгар ууттай, дотроо ногоон өнгөтэй зүйлтэй, нөгөө уут нь дотроо цагаан цаастай зүйлийг гаргаж ирээд хогийн сав руу хийчихсэн юм. Би тухайн залуугаас 5 метр хүрэхгүй зайтай зогсож байсан. Би үнийг хараад, машины дуут сигнал дуугаргаад хоёр цагдааг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,    

 

Шүүгдэгч Б.А гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би татсан мансууруулах өвс болон хогийн саванд хаясан мансууруулах өвсийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найзуудтайгаа шоудаж байгаа танихгүй гадаад хүнээс авсан юм. Тэр өдөр би найзуудтайгаа Хүүхдийн 100-д байрлах “ZU” нэртэй бааранд орсон. Уг бааранд найзуудтайгаа согтууруулах ундаа ууж байгаад ганцаараа тамхи татах өрөө рүү орсон юм. Тэгсэн тамхи татах өрөөнд шар царайтай, буржигар бор өнгийн үстэй, 35-40 орчим насны гадаад хүн байсан. Би Англи хэлний мэдлэгтэй. Тэр залуугаас англиар асаагуур асуухад надад өгсөн. Тэгээд тэр залуу өөрөө яриа өдөж эхлээд бид хоёр нилээн ярилцсан. Тэр залуу өөрийгөө Том гэж танилцуулсан. Канад улсаас ирсэн гэж хэлж байсан. Харин Монголд ямар зорилгоор ирсэн, юу хийдэг талаар хэлээгүй. Бид хоёр хамт миний машин руу явсан. Би машины урд, Том машины хойд талын суудалд суусан. Том надад халааснаасаа 1 ширхэг янжуур тамхи гаргаж өгсөн. Тэрийг нь аваад харахад янжуур тамхины дотор талыг нь үүрүүлж асгаад оронд нь өөр нунтаг зүйл хийсэн байсан. Би тэрнээс нь 3-4 сороход надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй, ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, зүгээр тамхи татаж байгаа юм шиг санагдаж байсан. Намайг тэр тамхинаас нь татаж байхад халааснаасаа ууттай, ногоон өнгөтэй өвс гаргаж үзүүлээд “энийг хийсэн юм, наадах чинь хор биш, чамайг гоё болгоно” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1019 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.2.3.4.5. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “RAW natural rolling papes” гэсэн бичиглэлтэй хар өнгийн төмөр сав, “СБД ЦХ-1-ээс мөрдөгч а/д Б.Батчулуун шинжилгээнд хүргүүлэв. №1 2019.01.27” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№2 0638 дугаартай гомдолд шинжилгээнд хүргэв. СБД ЦХ-1 а/д Б.Батчулуун” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

            “RAW natural rolling papes” гэсэн бичиглэлтэй хар өнгийн төмөр савнаас илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/ нь шинжилгээнд ирүүлсэн “СБД ЦХ-1-ээс мөрдөгч а/д Б.Батчулуун шинжилгээнд хүргүүлэв. №1 2019.01.27” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№2 0638 дугаартай гомдолд шинжилгээнд хүргэв. СБД ЦХ-1 а/д Б.Батчулуун” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс адилхан илэрч байна.

            Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1020 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “СБД”-ийн ЗЦХ-ийн цагдаа зохицуулагч а/а Б.Амарбатаас илрүүлж шилжүүлсэн мэдээлэлд Б.Аээс шээлгүүлж авсан 70 мл хэмжээтэй шээс” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн “СБД”-ийн ЗЦХ-ийн цагдаа зохицуулагч а/а Б.Амарбатаас илрүүлж шилжүүлсэн мэдээлэлд Б.Аээс шээлгүүлж авсан 70 мл хэмжээтэй шээс” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

            3. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

            Химийн лабораторын эрхлэгч,  цагдаагийн дэд хурандаа В.Ламчин гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №423 тоот дүгнэлтэд:

  1. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
  2. Одоо Б.А нь сэтгэцийн эмгэггүй байна.
  3. Б.А нь сэтгэцийн эмгэггүй байна.  
  4. Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Б.А нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

Коммисын дарга Н.Оюунчимэг,

Гишүүн Я.Ганхүү,

Илтгэгч Б.Соёлмаа /хх-ийн 61-62/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 31/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг юм.     

 

Өөрөөр хэлбэл дэлхийн хамтын нийгэмлэг болох Нэгдсэн Үндэстний байгууллагаас хориглосон, манай улс энэ төрлийн гэмт хэргийн ноцтой хор уршгийг нь ойлгон, хүлээн зөвшөөрч Олон улсын гэрээгээр үүрэг хүлээн нэгдсэн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шүүгдэгч нь хууль бусаар олж авч хэрэглэх, хадгалах зэргээр ноцтой хууль зөрчсөн үйлдлүүдийг хийж байжээ.                                                             

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.    

 

            Иймд шүүгдэгч Б.Аийг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ад шүүхээс гэмт хэргийн идэвхтэй үйлдэл, оролцоо, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.А энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтын хувьд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4,2006 грамм “өвс” гэх нэршилтэй бодис, хар өнгийн цилиндр хэлбэртэй төмөр сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй болно.