Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01241

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 23,698,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие А ХХК-тай 2019 оны 07 сарын 30-ны өдөр Орон сууц захиалах 19073073/5 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүрэг, **-р хорооны нутагт баригдаж буй орон сууцны Б блок (***-р байр) барилгын ** давхрын 49.22 м.кв талбай бүхий ** тоот орон сууцыг захиалсан. Орон сууц захиалах гэрээний 1.2-т орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2022 оны 04 сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. Орон сууц захиалах гэрээний 4.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, 2019 оны 07 сарын 30-ны өдөр төлсөн 59,064,000 төгрөгөөс 0.1 хувийн алданги хоног тутамд тооцвол 59,064 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 695 хоногт үржүүлбэл нийт 41,050,175 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 29,532,000 төгрөгийг нэхэмжилнэ. Алдангийг 2020 оны 08 сарын 31-ний өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийг хүлээн авсанд тооцож 2022 оны 04 сарын 21-ний өдөр хүртэл 695 хоногоор тооцсон. Гэрээний 7.1-д зааснаар хариуцагч бичгээр мэдэгдэж хугацаанд өөрчлөлт оруулах боломжтой байсан ч энэ талаар мэдэгдэж байгаагүй. Цар тахалтай холбоотой хөл хорио 2020 оны 11 сард тогтоосон. Гэрээгээр 2020 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд гүйцэтгэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн Д.С-тай 2019 оны 07 сарын 30-ны өдөр 19073073/5 тоот Орон сууц захиалгын гэрээ-г бичгээр байгуулж, Баянзүрх апартмент төслийн Б блокийн **-р давхрын **** тоот 49.22 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,200,000 төгрөг, нийт 59,064,000 төгрөгөөр захиалсан. Орон сууцыг хариуцагч 2020 оны 1-р улирал буюу 2020 оны 03 сарын 31-ний өдрийн дотор барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч орон сууцны барилгыг 2021 оны 09 сарын 28-ны өдөр захиалагч Д.С-т хүлээлгэн өгч, 2021 оны 08 сарын 31-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, тус комисс нь 2021 оны 10 сарын 27-ны өдрийн БА-215/2021 тоот дүгнэлт гаргасан. Хариуцагч орон сууцыг барьж, ашиглалтад оруулах хүртэл хэд хэдэн давагдашгүй хүчин зүйлд өртсөн болно. Үүнд: А ХХК нь Баянзүрх апартмент төслийн А болон Б блокийг барих зорилгоор тус газрын өмчлөгч С.Н-тай 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 1810 дугаартай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээ-г бичгээр байгуулж, улмаар барилгын ажлыг эхлүүлэх баримт бичгийг бүрдүүлж эхлэн, 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, Баянзүрх апартмент төслийн А болон Б блокийн барилгын ажлыг 2019 оны 04 сараас эхлэн гүйцэтгүүлж эхэлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн **-р хороо, *-*** тоот хаягт оршин суугч иргэн Ч.Н нь 2019 оны 08 сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавырыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 128/Ш32019/6016 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлд А ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгч Ч.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2019 оны 07 сарын 05-ны өдөр ГБМЗХ2019/02-062 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоолгох тухай хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 128/Ш32019/7023 дугаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжаар барилгын ажлыг бүхэлд нь зогсоосон. Улмаар А ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч Ч.Н-тэй тохиролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэргийг шийдвэрлэх хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасны дагуу 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл 112 хоногийн хугацаанд барилгын ажил бүрэн зогссон. Иймд хариуцагч нь 112 хоногийн хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 3.7-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Барилгын норм ба дүрэм Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг Барилгын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ийн 8 дугаар зүйлийн 8.11, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу барилгын чанарт сөргөөр нөлөөлөх тул хүйтний улиралд барилгын цутгалт хийх боломжгүй буюу 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэл 59 хоног ажиллах боломжгүй байсан. Мөн тус норм дүрэмд заасны дагуу 2020 оны 03 сарын 19-ний өдөр буюу 3-р давхрын цутгалт хийсэн өдрөөс хойш 2020 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл техникийн давхрын цутгалт, гадна фасадны ажлыг гүйцэтгэж байх хугацаанд хур тунадастай байсан 59 хоног, бетон цутгаж хийх боломжгүй хүйтэн байсан 58 хоног, нийт 176 хоногийн хугацаанд ажил гүйцэтгэх боломжгуй байсан нь Цаг, уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр нотлогдож байх тул уг хугацааг хүндэттэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй. А ХХК нь Баянзүрх апартмент төслийн Б блокийг барьж байх үед Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Монгол улсын Засгийн газраас бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ кроновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн. Мөн 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл Монгол улсын Засгийн газраас 9 удаагийн тогтоолоор 88 хоногийн хугацаатай бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож, ажилчдын хувьд дотоодын халдвараас үүдэн барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн Монгол улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хамаараагүй нь хариуцагчийг үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нийт 178 хоног болно. Энэ тухай Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ 2022 оны 01 сарын 17-ны өдөр 02/774 дугаартай гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 19073073/5 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 3.7-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан А ХХК-аас 2,303,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,395,004 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 51,805 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхээр заасан байхад анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 09 сарын 28-ны өдөр акт үйлдэж, хүлээлгэн өгсөн гэж буруу дүгнэсэн. Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, **-р хороо, **-р хороолол, ***/*-р байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 04 сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт Д.С нь бүртгэгдэж гэрчилгээ гарсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй, ийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө. Нэхэмжлэгч нь орон сууцыг бодитоор эзэмшиж, амьдарч байгаа боловч хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь орон сууцыг бодитоор шилжүүлэн өгөөгүй нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байна. Эдгээрийг дүгнэвэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-д зааснаар хариуцагч А ХХК-аас орон сууц захиалгын гэрээний 4.2-т заасны дагуу алданги шаардах эрхтэй юм.

4.2. Хариуцагч А ХХК 2019 оны 04 сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ба эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ажлыг явуулж байгаад 2019 оны 07 сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/661 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг, 2019 оны 07 сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг нөхөж авсан. Мөн нэхэмжлэгчтэй 19073073/5 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулах үед барилга 10 давхар болсон байсан нь хариуцагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа хэтрүүлсэн нь харагдана. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 30- ны өдрийн 128/Ш32019/7023 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1.1-д С.Н, П.Б нарын барилгын ажлыг зогсоосон нь дээрх маргаан бүхий орон сууцны барилгын ажлыг зогсоосон эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хэргийг бүрэн дүүрэн бодитой дүгнэж чадаагүй нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 07 сарын 31-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г бичгээр байгуулсан. Уг гэрээний 1.2-т Барилгыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна. гэж заасан. Барилгыг барьж байсан газрын эзэмшигч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбоотой хариуцагчийн барилгын ажлыг бүхэлд нь зогсоосон, барилгын норм, дүрэмд заасан барилгын чанартай холбоотойгоор гүйцэтгэх боломжгүй байсан, Ковид 19 цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас гэрээний зүйлийг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.7, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасны дагуу хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн татгалзалтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх зөв үнэлж, дүгнэсэн. Орон сууцыг 2021 оны 08 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж, 2021 оны 09 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу мэдүүлэг гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 04 сарын 21-ний өдөр авсан. Өөрөөр хэлбэл, комиссын дүгнэлт гарснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ хүсэх нь нэхэмжлэгчийн үүрэг байсан. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч А ХХК-д холбогдуулан алданги 23,698,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...үүрэг гүйцэтгэх хугацаа үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 3.  Талууд 2019 оны 07 сарын 30-ны өдөр 19073073/5 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, А ХХК нь Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Б блок барилгын **-р давхрын 49.22 м.кв талбайтай ** тоот 2 өрөө орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах, Д.С нь орон сууцны үнэ 59,064,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 8-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4.  Хэргийн баримтаар Д.С нь гэрээний үнэ 59,064,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 30-ны өдөр төлсөн, А ХХК нь орон сууцыг 2021 оны 09 сарын 28-ны өдөр эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, улмаар орон сууц 2022 оны 04 сарын 21-ний өдөр Д.С-ын өмчлөлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. Зохигчид энэ талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан Цаг уурын шинжилгээний Улаанбаатар өртөөний цаг агаарын мэдээлэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 128/ШЗ2019/7023 дугаар захирамж, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 128/ШШ2020/0045 дугаар захирамж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 02/774 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон Ковид-19 цар тахлын нийтэд илэрхий үйл баримт зэргийг харьцуулан үнэлж, хариуцагч А ХХК нь 2020 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 сарын 28-ны өдөр хүртэл 485 хоногоор хугацаа хэтрүүлсэн, үүнээс 407 хоног нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж дүгнэж, үлдэх 78 хоногт алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай тус тус нийцжээ.

Иймд ...хариуцагч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа хэтрүүлсэн... гэх нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.   ...Алдангийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан 2022 оны 04 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд тооцно... гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

Учир нь, гэрээний 1.2-т зааснаар хариуцагч нь барилгыг барьж, ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн бөгөөд өмнө дурдсанчлан орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад 2021 оны 09 сарын 28-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн, гэрээний 3.28-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, гэрчилгээ авах, үүнтэй холбогдон гарах зардлыг төлөх нь нэхэмжлэгчийн хүлээх үүрэгт хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

7. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан хугацаа хэтэрсэн 485 хоногоос 407 хоногийг нь хасч 78 хоногт алданги тооцсон атлаа алдангийг дахин 50 хувиар бууруулсан нь үндэслэл муутай болжээ.

8. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 4.2-т заасны дагуу 59,064,000 төгрөг х 0.1% х 78 хоног = 4,606,992 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01336 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...2,303,496 /хоёр сая гурван зуун гурван мянга дөрвөн зуун ерөн зургаан/ төгрөг... гэснийг 4,606,992 төгрөг гэж, ...21,395,496 төгрөгийг... гэснийг ...19,091,508 төгрөгийг... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...51,805 төгрөг... гэснийг ...88,661 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 276,443 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР