Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                 

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хэц даваа овогт Д-н Цт холбогдох эрүүгийн 1909004120171 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино телевизийн зураглаач мэргэжилтэй, “Сэлнэн” ХХК-нд сийлбэрчнээр ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 5А дугаар байрны 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ИЦ 86020714 / Хэц даваа овогт Д-н Ц нь:

 

- 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 108 тоотод салсан найз охин Л.Дэлгэрмааг “гэрээсээ хөөлөө” гэж маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Дэлгэрмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 06:00 цагийн үед Д.Ц над руу залгаад манайд ирсэн. Д.Ц манайд ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилсон. Би Д.Цыг гэрээсээ явахыг шаардсан боловч Д.Ц явахгүй намайг зодсон. Д.Ц эхлээд миний толгой руу цохиод, үсдэж байгаад миний цээж хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Би Д.Цт зодуулснаас болоод толгой хөдөлж, зүүн чих хүзүү, цээж, 2 гар, уруул зэрэг язарч хөхөрсөн гэжээ. / хх 4-5, 11 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1277 дугаар дүгнэлтэнд:   

1. Д.Дэлгэрмаагийн биед тархины доргилт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, хоёр бугалга, дээд уруулын 2 салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 13 /

 

Яллагдагч Д.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өглөөний 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 9 давхарт байрлах найз эмэгтэй Дэлгэрмаагийн гэрт очсон. Тэгээд Дэлгэрмаа бид 2 маргалдахад миний гутлыг цонхоороо шидсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүрэнд нь 2-3 удаа алгадаад унагаж байгаад үснээс нь зулгаасан. Дэлгэрмаа босож ирээд цагдаа дуудсан. Би эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн. Би Дэлгэрмаагийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна гэжээ. / хх 19-20 /

Шүүгдэгч Д.Цыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 19-20 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 23 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэв. 

 

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 108 тоотод салсан найз охин Л.Дэлгэрмааг “гэрээсээ хөөлөө” гэж маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 06:00 цагийн үед Д.Ц манайд согтуу ирээд толгой руу цохиод, үсдэж байгаад цээж хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Миний толгой хөдөлж, зүүн чих хүзүү, цээж, 2 гар, уруул зэрэг язарч хөхөрсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Дэлгэрмаагийн мэдүүлэг / хх 4-5, 11 /, ...Д.Дэлгэрмаагийн биед тархины доргилт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, хоёр бугалга, дээд уруулын 2 салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1277 дугаар дүгнэлт / хх 13 /, ...Дэлгэрмаа бид 2 маргалдахад миний гутлыг цонхоороо шидсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүрэнд нь 2-3 удаа алгадаад унагаж байгаад үснээс нь зулгаасан. Дэлгэрмаагийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Цын мэдүүлэг / хх 19-20 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ц  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Цыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Хэц даваа овогт Д-н Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Цт оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ц нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

6. Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                    

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ