| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00577/И |
| Дугаар | 583 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 583
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, РД:ОЗ56101210, Таргад овогт Риймэдийн Охины ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанцоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Охин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1973 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1989 оныг дуустал хонь, тэмээ маллаж байсан. Одоо нас өндөр болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанцоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Р.Охин нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Хонь, тэмээ маллаж байсан. Түүний нэг хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт, тамга дутуу тул шүүхэд хандсан. Иймд Р.Охины 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Охин нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Риймэдийн Охины Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1973 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Р.Охинд 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сар хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
3. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулгын тодорхойлолт,
4. Р.Охины малчнаар ажиллаж байхдаа 1980 болон 1982 онуудад авахуулсан фото зургууд,
5. Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн зөвлөлөөс Р.Охиныг 1985 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шагнасан “Баярын бичиг”,
6. Гэрч Б.Дүгэрсүрэнгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1971 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар 1990 он хүртэл ажилласан. Р.Охин нь 1973 оноос манай нэгдлийн Улаан-Үзүүр бригадад малчнаар 1990 он хүртэл ажиллаж байсан юм. Бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллага нэг бригадад олон жил хамт ажиллаж байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ. Р.Охины гэр бүлийнхэн, ах дүү нар бүгд “Пионер” нэгдэлд ажиллаж байсан хүмүүс юм. Р.Охин бид хоёр 1985 онд сумын сайн малчнаар хамт шагнуулж байлаа. Тухайн үед “Пионер” нэгдлийн даргаар Т.Цэвээн, Орших гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Я.Нороогийн шүүхэд өгсөн: “Миний бие 1969 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Адуун чулуун бригадын малчнаар 1990 он хүртэл 1991 оноос “Брокер” ХХК болоход 1992 оныг дуустал тус тус ажилласан юм. Р.Охин нь 1973 оноос манай нэгдлийн Улаан-Үзүүр бригадад малчнаар 1990 он хүртэл ажиллаад нэгдэл хувьчлагдсан бөгөөд түүнээс хойш хаана ажилласан болохыг нь сайн мэдэхгүй байна. Түүний эхнэр нь мөн Орлом Улаан-Үзүүр бригадад малчин байсан. Миний санаж байгаагаар 1983-1985 оны хооронд Р.Охин тууварт явж байсан юм. Р.Охин бид хоёр нэг нутагт төрж өссөн хүмүүс учраас нэг нэгнээ эртнээс таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Дүгэрсүрэн, Я.Нороо нарын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Р.Охин нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Р.Охины цалингийн тодорхойлолт, Р.Охины 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сар хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, малчнаар ажиллаж байхдаа 1980 болон 1982 онуудад авахуулсан фото зургууд, ажиллаж байхдаа буюу 1985 оны 7 дугаар сарын 11-ний шагнуулсан “Баярын бичиг”, гэрч Б.Дүгэрсүрэн, Я.Нороо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Р.Охины Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 17 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Охины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогт Риймэдийн Охины Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1973 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 17 /арван долоо/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Охины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР