Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01242

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01364 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О, Ч.Д нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2023 оны 11 сарын 13-ны өдөр D гэсэн хаягийн К маркийн суудлын автомашин зарна гэсэн зарын дагуу хариуцагч Ч.Д-тай холбогдож ямар нэгэн сэв, урьд нь аваар осолд орж байгаагүй биз дээ, хийх юм байхгүй юу гэж асуухад ямар нэгэн будаг замаск байхгүй, аваар осолд орж байгаагүй, хийх юм юу ч байхгүй гэж хэлсэн. Ингээд бид автомашиныг 27,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Машин хариуцагч Г.О-ын нэр дээр байсан бөгөөд Ч.Д-т олгосон итгэмжлэлийн дагуу түүнтэй амаар гэрээ байгуулсан. Ч.Д-ын дансанд 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 11 сарын 16-ны өдөр City car wash гэх угаалгын газарт автомашинаа угаалгаж, дриллэн өнгөлгөөнд ороход угаалгын газрын ажилтан аваар осолд орсон автомашин байна, урд салхины шил сольсон, дээвэр урд хэсгээр замасктай, урд гупер будаг, замасктай, жолоочийн эсрэг талын толь хазаалттай, дотор салон урд хэсгээрээ хяхтнасан дуутай байна гэсэн. Гэтэл би Ч.Д-ын үгэнд итгэж худалдан авсан. Автомашины зах зээлд ийм эвдрэлтэй, аваарт орсон машин 27,000,000 төгрөг хүрэхгүй. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: **-** У** улсын дугаартай, Toyota Camry маркийн автомашинаа 2023 оны 11 сарын 13-ны өдөр М.Б-д зарсан нь үнэн. Уг автомашиныг Да хүрээ захаас худалдаж авсан. Цоо шинэ автомашин биш байсан. 90,000 км-ийн гүйлттэй машин байсан. Би өөрөө жилийн хугацаанд унаад 110,000 км-ийн гүйлттэйгээр М.Б-д зарсан. Авахаасаа өмнө үзэж хараад авсан. Би автомашиныг унаж байх хугацаандаа аваар осолд орж байгаагүй, нэхэмжлэгчийг хуурч мэхэлж зарсан зүйлгүй. Одоо болтол машиныг өөрөө унаад яваад байгаа учраас ямар ч буцаах боломж байхгүй гэж бодож байна. Тэгээд надтай яагаад 7 хоногийн дараа холбогдсон. Энэ хүн өөрөө 2 өдрийн турш ирж үзээд авсан. Би худалдаж ав гэж тулган шаардаагүй гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ын хариуцагч Г.О, Ч.Д нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.

4.1. Маргаан бүхий автомашины одоо байгаа бодит байдлыг Х ХХК-аар үнэлүүлэхэд уг автомашинд биет үзлэг хийхэд орой будагдсан ул мөртэй, будаг энэ тэндээ үсэрхийлж товойж хатсан, зүүн хойд крыло дотор талын төмрийг гагнаж зассан, жолооч болон зорчигчийн талын айрбаг (аваарын дэр) задарсаныг хайчилсан, урд 2 багана будаг хийгдсэн, долгион үүссэн, урд салхины шил солигдсон, зүүн хойд крыло, хаалга замасканы ул мөртэй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ үнэлгээнээс харахад уг автомашин аваар осолд орж засвар үйлчилгээ хийгдсэн гэж үзэж байна.

4.2. Хариуцагч Г.О, Ч.Д нар уг автомашиныг 2022 оны 05 сард Япон улсаас орж ирэхэд нь Да хүрээ захаас 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба ямар нэгэн аваар осолд орж байгаагүй, эвдрэл гэмтэлгүй, нэг гараар өөрөө унаж байсан гэж хэлсний үндсэн дээр нэхэмжлэгч миний бие худалдаж авсан. Мөн Ч.Д шүүхэд өгсөн худал тайлбартаа ...Тэгээд надтай яагаад 7 хоногийн дараа холбогдсон. Энэ хүн өөрөө 2 өдрийн турш хүрч ирж үзээд авсан... гэжээ. Бодит байдалд миний бие уг автомашиныг анх 2023 оны 11 сарын 13-ны өдрийн үдээс хойш буюу 16 цагийн үед үзээд, тэр даруй авахаар шийдээд Циркэд байрлах Автотээврийн үндэсний төв рүү очиж, төлбөрийг шилжүүлэн худалдаж авсан. Мөн хариуцагчийн тайлбарласнаар 7 хоногийн дараа холбогдоогүй, 3 хоногийн дараа холбогдсон талаар дээр дурдсан. Автомашиныг худалдаж аваад 3 хоногийн дотор мэдээд Ч.Д-т мэдэгдэхэд шүүхэд ханд гэж хэлээд холбогдоогүй. Энэ үеэс хойш автомашиныг би унаагүй ба танил хүний гараашийг түрээслэн тавьсан байгаа.

4.3. Шүүгч хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Уг автомашиныг худалдан авахдаа үзэж харж авах эрхээ эдлээгүй байна гэж үзсэн. Миний бие уг эрхээ эдлээгүй байж болох ч хариуцагч Ч.Д аваар осолд орсон машиныг засварлан, энгийн хүний нүдээр хараад мэдэгдэх боломжгүй болгон зарсан гэж үзэж байна. Би шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шинжээч томилолгүй шийдвэр гаргасан. Миний болон хариуцагчийн өгсөн тайлбарын зөрүүтэй байдлыг нягтлан тогтоолгүй, эргэлзээтэй зүйлс байхад миний нэхэмжлэлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий автомашин нь Япон улсад 10 гаруй жил яваад Монгол улсад оруулж ирээд Ч.Д худалдан авч унаж байгаад М.Б-д зарсан. М.Б нь автомашиныг 2 удаа ирж үзээд таалагдсан учир худалдаж авсан бөгөөд осолд орсон талаар баримт хэрэгт байхгүй. Жижиг эвдрэлүүд байсныг үгүйсгэхгүй. Харин ноцтой эвдрэл, гэмтэл байхгүй. Шүүх шинжээчийн дүгнэлт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээгүй учраас хангаагүй. Шинжээчийн дүгнэлтээр тухайн автомашин эвдэрсэн эсхүл эвдрээгүй гэх дүгнэлт гарахаас цаг хугацааны хувьд хэдэн оны, хэдэн сард эвдэрсэн тухай гарахгүй. Үнэлгээний газраар хийлгэсэн үнэлгээний тайлан нь ерөнхий дүгнэлт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Г.О, Ч.Д нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  2023 оны 10 сарын 23-ны өдөр Г.О нь итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай Тоёота К /Toyota Camry/ маркийн автомашиныг бусдад худалдах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг Ч.Д т олгосон;

3.2.  Уг итгэмжлэлийг үндэслэн 2023 оны 11 сарын 13-ны өдөр Ч.Д нь дээрх автомашиныг 27,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг М.Б-той амаар байгуулсан;

3.3.  Мөн өдөр М.Б нь худалдах, худалдан авах гэрээний үнэд 27,000,000 төгрөгийг төлсөн;

3.4.  Улмаар **-** У** улсын дугаартай Тоёота К /Toyota Camry/ маркийн автомашин М.Б-ын өмчлөлд бүртгэгдсэн.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг Г.О, М.Б нарын хооронд үүссэн гэж зөв тодорхойлж, худалдан авагч М.Б шаардлага гаргах эрхээ алдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулжээ.

Х ХХК-ийн үнэлгээний тайланд дурдагдсан орой будагдсан, оройн будаг үсэрхийлж товойж хатсан, зүүн хойд крыло дотор талын төмрийг гагнаж зассан, жолооч талын айрбаг задарсныг хайчилсан, урд хоёр багана будаг хийгдсэн, долгио үүссэн, урд салхины шил солигдсон, зүүн хойд крыло, хаалга замасканы ул мөртэй гэх доголдлууд нь автомашиныг хүлээж авах үед мэдсэн буюу мэдэх боломжтой доголдолд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, автомашины худалдаа, засвар үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэггүй буюу хөрөнгийн үнэлгээ гаргах үйл ажиллагаа эрхэлдэг Х ХХК үнэлгээний тайландаа доголдлын талаар тусгасан, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...2023 оны 11 сарын 16-ны өдөр City car wash гэх угаалгын газарт автомашинаа угаалгаж, дриллэн өнгөлгөөнд ороход угаалгын газрын ажилтан аваар осолд орсон автомашин байна, урд салхины шил сольсон, дээвэр урд хэсгээр замасктай, урд гупер будаг, замасктай, жолоочийн эсрэг талын толь хазаалттай, дотор салон урд хэсгээрээ хяхтнасан дуутай байна гэж хэлсэн... тухай дурдсан зэргээс үзэхэд дээрх доголдлууд нь автомашиныг хүлээж авах үед мэдсэн буюу мэдэх боломжтой доголдол байна.

Иймд нэхэмжлэгч М.Б нь автомашиныг хүлээж авах үедээ доголдлуудын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

4.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулжээ.

Талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан буюу автомашины чанарын талаар тодорхой тохиролцоогүй байх тул зориулалтаар ашиглах боломжтой автомашиныг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

4.3. Нэхэмжлэгч М.Б нь ...автомашин ямар нэгэн будаг замаск байхгүй, аваар осолд орж байгаагүй, хийх юм юу ч байхгүй гэж Ч.Д хэлсэн... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй.

5. Худалдах, худалдах авах гэрээний үнийг талууд харилцан тохиролцож тогтоодог тул Х ХХК-ийн үнэлгээний тайланд ...2012 онд үйлдвэрлэсэн, 2022 онд Монгол Улсад орж ирсэн, 117,715 км-ийн гүйлттэй Тоёота К /Toyota Camry/ маркийн автомашины зах зээлийн үнэ 2024 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаар 18,633,300 төгрөг... гэж дурдсан нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

6.  Нэхэмжлэлд дурдагдсан автомашины доголдлууд нь ердийн байдлаар хүлээж авах үед мэдсэн буюу мэдэх боломжтой доголдолд хамаарч байх тул нэхэмжлэгч талын гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М.Б-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР