Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 230

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б, /РД:**************/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Б болон Г.Б нарын хооронд байгуулсан гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Б болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших гэрчилгээг Ж.Б-ын нэр дээр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Э.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Алаг адуу овогтой Ж-ийн Б миний бие иргэн Д овогтой Гын Б-аас амины орон сууцны байшин захиалах ба барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу амины орон сууц бариулсан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн хэрнээ газрын гэрчилгээг нь өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Иргэн Алаг адуу овогтой Ж-ийн Б миний бие иргэн Д овогтой Г-ын Баас 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 9600 ам.дөрвөлжин метр газрын 700,0 ам дөрвөлжин метр газрын эрхийг шилжүүлэн авсан.

Дээрх гэрээний дагуу иргэн Г.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө гэж хэлж аргацаасаар өнөөдрийг хүрээд байна.

Миний тухайн газрын гэрчилгээг яагаад шилжүүлэхгүй байгааг газрын албанаас тодруулахад 2014 оны 12 дугаар сард тухайн Г.Б-ын нэр дээр байсан газар өөр хуулийн этгээд рүү шилжсэн байх бөгөөд хэмжээ нь мөн өөрчлөгдсөн байна.

Тус газар дээр миний найз болох Г.Н-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө байсан атал газрын мэргэжилтэн болоод газрын албаны зүгээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3-т заасны дагуу зохих журмын дагуу шалгасан бол иргэн Ж.Б миний эрхийг зөрчихгүй мөн надтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан атлаа тухайн газрын бусдад шилжүүлэх боломж Г.Б-д олдохгүй байх байсан.

Иргэн Г.Бтай удаа дараа холбогдож газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсдэг боловч элдэв тайлбар тавьж цаг авсаар байсан бөгөөд сүүлдээ бүүр газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй гэж хэлэх болсон.

Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандсан боловч өмч, газрын харилцааны албаны дарга Н.Б-ийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №1419 тоот актаар таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж Нийслэлийн Засаг дарга Э.Б 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Б гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар гэрээний нөгөө тал болон хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэний дагуу шүүхэд хандаж байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн гэх боловч гар утсанд ирсэн хариу гарсан мэдээлэл 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирсэнээр хариугаа гарсаныг мэдэж авсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжаар дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амралт сувиллын зориулалтаар 9600 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай Л.Бт олгосон байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн гуравдугаар хавсралтын 51 дүгээрт дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амралт сувиллын зориулалтаар 9600 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай Л.Б-аас Г-ын Б-д шилжүүлж, захирамжийн 5 дугаар хэсгээр дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийн Л.Бт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

Дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Г.Бд олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, хэмжээг 35077 м.кв болгосон байна. Дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Г.Бд олгосон газар эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр Г.Н-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө байсан атал газрын мэргэжилтэн болоод газрын албаны зүгээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу зохих журмын дагуу шалгасан бол иргэн Ж.Б миний эрхийг зөрчихгүй мөн надтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан атлаа тухайн газрыг бусдад шилжүүлэх боломж Г.Бд олдохгүй байсан гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар талууд хүсэлт гаргаж, 38.2.1-3 дахь заалтад заасан баримт бичгийг хавсаргахаар байна. 

Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1418 дугаар албан бичгээр хариуг хүлээн авсан авсан байна. Өөрөөр хэлбэл Г.Б нь “А” ХХК-д эрхээ шилжүүлсний дараа Г.Баас нэхэмжлэгч руу шилжүүлэх хүсэлт гаргасан байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийн нэхэмжлэлд дурдсанаар газар дээр Г.Н-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө байсан гэж байгаа тул энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчих үндэслэл болохгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Ж.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Ж.Б гэсэн нэр тус захирамжид байхгүй байна. Иргэн Г.Б-ын нэрийг андуурсан тохиолдолд түүнд холбогдох хэсэг тус захирамжийн 3 дугаар заалтад зааснаар хүчингүй болсонд тооцогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан байна. Үүнээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус эс үйлдэхүй байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх хууль зүйн боломжгүй тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Харин нэхэмжлэгч нь иргэн Ж.Бтай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжид Ж.Бд холбогдох ямар нэгэн хэсэг байхгүй бөгөөд тус захирамжаас Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бодит үндэслэлгүй билээ. Өөрөөр хэлбэл тухайн захирамжаар Ж.Б-ын хууль ёсны ашиглалт, эзэмшил, өмчлөлд байсан ямар нэгэн газрыг “А” ХХК шилжүүлэн аваагүй, тус газрыг шилжүүлэн авсанаар аливаа нэгэн гуравдагч этгээдийн газрыг хуульд зааснаар эзэмшиж, ашиглах эрхэд нь халдаагүй болох нь хавтас хэргээс тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд тус захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, түүний газар эзэмших, ашиглах хуульд заасан ямар эрх нь зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль, бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Мөн нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, дээд шатны байгууллагад хандаагүй байна. Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад тухайн захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өргөдөл, гомдол гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хоёр: Ж.Б Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай: 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг зохицуулсан байдаг. Тус зүйлийн 38.2-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана. 38.2.1-д “нотариатчиар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “хураамж төлсөн тухай баримт” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл Талууд тухайн хүсэлтийг дээрхи хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй юм. 

Мөн хуулийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2-д шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь  хүчин төгөлдөр эсэх, 38.3.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэжээ. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг шилжүүлэхээс өмнө дээрхи хуулийн заалтын дагуу асуудлуудыг тодруулах учиртай бөгөөд тодруулаагүй байхад шууд шүүхээр түүнийг даалган шийдэх боломжгүй билээ. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...газар эзэмших гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахыг даалгах...” гэжээ. Гэтэл Газрын тухай хуулийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн шатны Засаг дарга газар эзэмших гэрчилгээг гаргахгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-ын нэр дээр гаргахыг даалгах боломжгүй бөгөөд Засаг дарга нь энэ талаар шийдвэр гаргаж харин сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлэн гэрчилгээ шилждэг болох нь харагдаж байна. 

Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  хүсэлт гаргаж дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1418 дугаар албан бичгээр хариугаа хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл Г.Б нь “А” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсний дараа Г.Баас тус газрыг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргасан байх тул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэлд дурдснаар газар дээр Г.Н-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө байсан гэж байгаа тул энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчих үндэслэл болохгүй билээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4-д зааснаар актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэх нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд захиргааны хууль бус эс үйлдэхүй байх, мөн тэрхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх учиртай. Дээр дурьдсаны дагуу нэхэмжлэгчийн нэр дээрх газар эзэмших эрх шилжүүлэх хууль зүйн боломжгүй тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм. 

Харин гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудал нь иргэний эрх зүйн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан бөгөөд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Баас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Ж.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Б болон Г.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Ж.Б болон Г.Б нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Б болон Г.Б нарын хооронд байгуулсан гэрээний дагуу газар эзэмших гэрчилгээг Ж.Б-ын нэр дээр гаргуулахыг даалгах” гэж тодруулжээ .

Шүүх уг хэргийг  шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн “газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйн” талаар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн болно.

1. Маргаан бүхий актад холбогдох уг газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжаар  иргэн Л.Бт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амралт сувиллын зориулалтаар 9600 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байна . Иргэн Л.Б дээрх газраа 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн дагуу иргэн Г-ын Б-д шилжүүлжээ . 

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжаар  иргэн Г.Бд олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, хэмжээг 35077 м.кв болгон өөрчлөлт оруулсан байна . Үүний дараагаар мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар  иргэн Г.Бд олгосон газар эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлсэн байна.

2.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, мөн зүйлийн 38.2-т зааснаар “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд түүнд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо болон хураамж төлсөн тухай баримтыг хавсаргах”-аас гадна уг хүсэлтийг хүлээн авсан тухайн шатны Засаг дарга дээрх хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргахаар хуульчилсан байдаг. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг шилжүүлэх тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон  гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байхад доорх үндэслэлээр хуулиар хүлээсэн үүргээ төрийн захиргааны байгууллага биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Тодруулбал  нэхэмжлэгчээс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээгээр иргэн Г.Бы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан  тохойд байрлах 9600м2 газрын 700м2 газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцжээ .

Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ иргэн Г.Б хүлээхгүй байсан тул  гэрээний нөгөө тал болох иргэн Ж.Б  2016 оны  05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан “...газар эзэмших эрх шилжүүлэн авсан гэрээг үндэслэн миний нэр дээр газар эзэмших эрхийг гаргуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргажээ . 

Энэхүү хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас судалж үзээд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1418 дугаар албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно” гэсэн хариуг хүргүүлжээ .

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсанаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” 38.2.3-т “хураамж төлсөн тухай баримт” зэргийг хавсарган гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс дээрх хууль болон Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар  батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.3-т “...газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх өргөдлийг  талууд хамтран гаргах...”, 3.4.2.1-т “газар эзэмших, ашиглах гэрчилгээ /эх хувиар/, 3.4.2.2-т “  газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/, 3.4.2.5-д “газрыг төлбөр төлсөн тухай баримт”, 3.4.2.6-д “талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар ...” зэрэг баримтуудыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хавсаргаж өгөөгүй байна .

Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...тэр гэрээний үүргийн даалгахаас өөр арга байхгүй. Газрын төлбөртэй холбоотой асуудал, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаад өгөхөд мөнгө өгөхгүй байгаатай холбоотой асуудлууд иргэний журмаар шийдэгдэнэ. Талуудын хооронд хувийн маргаантай асуудал байгаа гэж миний үйлчлүүлэгч хэлсэн ...” гэх тайлбар  зэргээр талууд дээрх хуульд заасан хүсэлтийг гаргаагүй  болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Газар эзэмших эрхийн №0162818 дугаар гэрчилгээ -г хүчингүй болгож,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Г.Бд олгосон 9600м2 газрыг 35077 м2 болгон өөрчлөлт оруулан 000414367 дугаар гэрчилгээг  олгосон байна.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.1, 38.3.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, тодруулсаны үндсэн дээр татгалзсан зөв бөгөөд талуудыг хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлээгүй нь үндэслэлтэй байна. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн захирамжаар тухайн газрын хэмжээ өөрчлөн  “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхдээ  хээрийн судалгаа хийгээгүйтэй холбоотойгоор тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө хэний нэр дээр байсан эсэх, энэ газар нь Г.Бы эзэмших ёстой газар мөн эсэх, хэн нэгэн этгээдтэй хийсэн хэлцэл байсан эсэхийг шалгах ёстой байсан ...“ гэж маргаж байх боловч энэ тохиолдолд нэгж талбар нь бүхэлдээ шилжиж байгаа тохиодолд эргэлтийн цэгийг хийх шаардлагагүй, суурийн судалгааны шатанд шилжүүлэх боломжтой байх тул дүүргийн Өмч, газрын харилцааны албыг буруутгах, хариуцагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй  болгуулахад нөлөөлөхүйц үндэслэл биш байна. 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлий 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан  иргэн Ж.Баас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан  “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/636 дугаар захирамжийн Ж.Б болон Г.Б  нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Б болон Г.Б нарын хооронд байгуулсан гэрээний дагуу газар эзэмших гэрчилгээг Ж.Б-ын нэр дээр гаргуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.БАТБААТАР